БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, June 28, 2012

Монголын тас шувуу Солонгост гаргасан өндөгөө хага цохиод нутаг руугаа нисжээ...




Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очиж
тэнд өвөлжөөд хавар нь эх орондоо буцаж ирдэг болсон гэнэ. Энэ нь энгийн нэг маазрал, инээдэм наргиан биш бөгөөд сүүлийн үөд Монголын махчин тас шувууд Солонгосын Кёнгиду, Пажүши хэмээх хоёр мужид намар очиж өвөлжөөд хавар нь Монголдоо буцан ирж үр төлөө гаргаад намар нь ахиад л Солонгосыг зорин нисдэг болоод байгаа аж. Тас шувууд дээрхи хоёр мужийг зорин нисэх болсон нь орон нутгийн шувуу хамгаалах нийгэмлэгийнхний хийж буй ажилтай холбоотой юм байх. Тус ; нийгэмлэг нь тэнд очсон монгол тасыг түүхий махаар таслахгүй тэжээдэг учраас Монголын тас бөөнөөрөө сүрэглэн нисч очсоор сүүлдээ 2500 орчим тас цуглардаг болсон аж. Солонгосууд ч үүнийг зүгээр орхилгүй тэр дор нь овжин ашиглаж "Шувуун бар" хэмээх жуулчны бааз байгуулж аварга том биөтэй зэрлэг махчин шувууг үзэх гэсэн хумуүсийн халаасыг сэгсэрч эхэлсэн байна.

Тас шувууг ойроос харж тэднийг хооллох гэсэн жуулчдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа гэсэн мэдээ ч байна. Шувуу хүртэл хоолноос болоод ийнхүү эх нутгаа орхин одож байхад монгол залуучууд маань цалин хөлсөнд нь татагдаад Солонгос руу тэмүүлж элчин сайдын нь яамны үүдэнд өдөржин шөнөжин дугаарлахаас биш яахав. Гэвч Монголын тастай холбоотой нэгэн сонин хэрэг Солонгост гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр Пажуши муж дахь "Шувуун бар" баазын орчимд нэгэн тас шувуу өндөглөсөн нь шувуу хамгаалах нийгэмлэгийнхний анхаарлыг ихэд татсан байна. Учир нь монгол тас бол зөвхөн Монголдоо л ирж өндөглөдөг атал Солонгост урваж байгаа юм шиг хачин үйл явдал болжээ. Тэнд очсон хоер тасын нэг нь бэртлийн улмаас Монгол руугаа нисч чадахаа больж эр тасын хамт тус төвийн хашаанд үлдсэн юм байна. Тэд 2-р сарын эхнээс үүрээ засч, 3-р сарын 19-ний 11 цаг 20 минутанд 6.6 см өндөр, 9.2 см өргөн, 200 гр жинтэй өндөг гаргажээ.
Гэвч маргааш нь буюу 20-ны өдөр тасын гэр бүлийг харж сонирхохоор жуулчид ихээр цугларах үеэр эр тас өндөгөе шүүрэн авч дээрээс шидэн хагалж орхиод эм шувууныхаа хамт үүрээ орхин эх нутгаа зорин нисч одсон байна. Солонгосын хэвлэлүүд "Эр тас их дуу чимээнд цочирдон санамсаргүй өндөгөө хагалж орхиод явчихлаа" гэж байгаа ч үнэндээ тийм явдал биш болов уу. Угаасаа монгол тас эх орондоо ирж өидөгөө гаргадаг заншилтай гэдгийг дээр дурдсан шүү дээ. Түүнээс гадна хүний сүүдэр тусах төдийд л өндөгөө голдог эмзэг монгол шувуу өндөгийг нь хүмүүс гараараа барьж хэмжиж төөлөөд эхлэхээр голж орхисон нь гарцаагүй.
Монголчууд үүнийг сайн мэддэг учраас шувууны үүрэнд ойртох нь бүү хэл салхиных нь дээгүүр гарахыг ч цээрлэдэг билээ. Хүний нутагт гаргасан өндөгөө бүтнээр нь үлдээж түвдэлгүй хага шидэж орхиод хайлан уйлан ганганасаар эх нутгаа зорьсон тас шувууд өдийд Монголынхоо өргөн уудам нутгийн хаа нэгтээ элин халин нисч яваа нь гарцаагүй. 90-ээд оны эхээр гарч ирсэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн "Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын нутагт ясаа тавьдаггүй" гэсэн шүлгийн мөрийг амьдрал дээр бодитой харуулсан ийм нэгэн хачирхалтай үйл явдал Солонгост болж тэдний гайхашийг барсан ажээ. Харийн газар шороон дээр төрүүлсэн өндөгөө хага шидчихээд нутаг руугаа зорин ниссэн энэхүү тас шувууны явдал нь эх орноо умартаж буй залууст сургамж болох амьд бодитой дууль мэт санагдаж байгаа юм.
/www.bolod.mn/

Friday, June 15, 2012


Монголчуудын лимбэ үлээх арга ЮНЕСКО-д бүртгэгдлээ

“Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга-битүү амьсгаа”-ны урлаг нь 2011 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
ЮНЕСКО-гийн уг жагсаалтад бүртгэгдсэн “Батламж”-ийг Монгол Улс албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаа ирэх даваа гарагт болох гэж байна.
Нүүдэлчин Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно.

Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглэгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино.

Энэ үйлдэл (цикл) нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр  хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.

Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулахад  нэрт лимбэч Алдарт гавъяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, МУГЖ М.Дорж нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ахмад үеийн лимбэчдийн халааг авсан дунд үеийн төлөөлөл нь лимбэч багш Д.Энхтайван, МУГЖ М.Бадам, Галсантогтох, Ө.Батжаргал нар юм.

Лимбэний битүү амьсгааг төгөлдөр эзэмшсэн эдгээр лимбэчдийн шавийн шавь нар эдүгээ эл уламжлалыг залган авч яваа болно. Битүү амьсгаагаар лимбэдэх ардын уламжлалыг өвлөсөн эдгээр лимбэчдийн тоо эдүгээ гарын арван хуруунд багтахаар цөөн байгаа нь энэ өвийн ирээдүйд сэтгэл түгших шалтгаан болж байна.

 http://zaluu.com/