БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, November 9, 2010

МЭНДЧИЛЭХ ЁС

Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг. Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу? -Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байнаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг.

Хэрэв хоёр хүн өдөр нь уулздаг бол өглөө нь: -Тавтай нойрсов уу? -Тавтай унтлаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байна гэдэг. Орой бол -Тавтай нойрсогтун. Та тавтай сайхан амрагтий. -Баярлалаа. Та тавтай нойрсогтун гэнэ.

Монголчууд дүү нь ахмад хүнийхээ амар мэндийг эхэлж асуудаг юм. Эрдэмтэн мэргэд, эзэн дээдэс, баатар цолтныг эгэл хүн энх амгалангий нь эрдэг ёстой. Олон түмэн мэндлэж золгохдоо насны эрэмбээр нь мэндэлж золгодог учиртай.
Зочныг угтах, үдэх ёс нь уул зочныхоо хүндийн эрэмбээр доорхи хэдэн зүйл болно. Үүнд: Гэрийн эзэн нь зочноо:
1. Гэрийн хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх
2. Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх
3. Дотроос гаралгүй гэр өрөөндөө босож угтаж үдэх
4. Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно.
Тэгэхдээ тэдгээрээс эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёслоно. Ингэхдээ ахмад дүүмэд гэдэг нь ганц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.

Зочноо угтахад: Аян замдаа алжаалгүй тавтай сайханморилж ирэв үү? Сайн явав уу? Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд : -Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг. Зочноо үдэхэд: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой! Алтан шар чинь өлзийтэй болтугай!Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд -Сайн сууж байгаарай гээж хэлэх буюу нийтэд нь : -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэдэг.
Хадаг барьж золгох ёс Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.

Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг.

Ямарч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд очиход цаад хүн тань өврөөсөө юмуу, хажуунаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралтай энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой.

No comments:

Post a Comment