БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, April 28, 2011

Монголчуудын шивэлгэр гэзэг үс, түүний нууц учир ба ач холбогдол


Та бидний үзсэн, харсан, мэдэхээр их эзэн Чингэс хааны хөрөг зурагт хоёр чихний араар сүлжмэл гэзгээ нугалсан, духны хэсэгтээ хэсэг үс малгайн дороос цухуйсан байдаг нь 13-р зууны үеийн язгууртан монголчуудын үс зассан байдлын гол хэлбэр болж хадгалагдан иржээ. 




Үндэстэн бүхэн өөр өөрийн хэв маягаар үсээ засаж янзлан дадсан байдаг бөгөөд энэ нь угсаатны зүй, билэгдэл, ёс заншил, хүн судлалын талаас өөр өөр учир холбогдолтой байдаг ажээ. Тэгвэл дэлхийн талыг эзэлж алдар суугаа гайхуулж байсан 13-р зууны Монголчуудын үс зассан хэв маягт ямар учир холбогдол, нууц оршин байна вэ? Монголчууд эрэгтэй хүүхдийг сондгой насанд нь үсийг хусаж духны хэсэгт нь гөхөл үс, чихний ард нь хоёр салаа гэзэг үс үлдээн засдаг байсан ба 13 насанд нь ар талын хоёр салаа гэзгийг сүлжиж нугалаад эр хар сураар боодог заншилтай байжээ. Аливаа судар номд бурхдын үс буюу үснирээс гэрэл цацарсан туяа татаж тэд хувилдаг тухай бичиж үлдээсэн байдаг ба домогт бурхад анх хүнийг бүх биеэр нь үстэй бүтээгээд амь оруулж амжаагүй байхад нь чөтгөр ирж шээсэн учир толгой, суга, цавинаас бусад газрын үс бузартсан тухай өгүүлсэн байдаг. Иймээс толгойд үлдсэн ариун үс нь төрсөн цагаас хүнийг элдэв муу зүйлээс хамгаалдаг учиртай юм. Манай ээжийн аав Лхагва тайж гэдэг тав гэзэгтэй төрийн хар хүн байсан бөгөөд нутаг орныхон нь хөлсдөг хүүхэдтэй айлд залж оруулдаг, элдэв осол, эвгүй байдлаар амь насаа алдсан хүн дээр эхэлж очдог, жил тохироогүй хүний яс барихад эхэлж гар хүргэдэг хүн байжээ. Энэ нь Монголчуудын дунд төрийн хар хүн буюу унаган үстэйгээ хүнд муу зүйл халддаггүй гэсэн ойлголт байдагтай холбоотой зан үйл байжээ. Монголчууд эрэгтэй хүүхдийн даахийг үргээхдээ бүх үсийг авахаас цээрлэж тодорхой хэсэг газарт гөхөл үлдээдэг нь хүүхдийг айж цочих, элдэв ад донд хөнөөгдөхөөс нь сэргийлэх зан үйл бөгөөд унаган үстэй хүн сахил хүртээгүй төрийн хар хүн болох тул мал муулах, цэрэг дайны үйл зэрэг үйлсэд төрийн зүгээс дайчлагддаг учиртай юм. Хэрэв үсээ авахуулсан бол сахилтан болж унаган үсний хамгаалах чадвараа алддаг. Өнөө үөд хүмүүс хүүхдэд санчиг үлдээж үсийг нь авах нь элбэг тохиолддог бөгөөд үстэй үлдээсэн газарт яс нь товойж өөрчлөгддөг нь тодорхой ажиглагддаг. Хүүхдийн толгойд үстэй хэсэг үлдээснээр тэр хэсгийн яс зузаарч овойдог бус харин гадагш түмбийж овойдог боловуу гэж би боддог. Ингэж гадагш түрсэнээр дотор эзлэхүүн ихэсч тархины тодорхой төвүүдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байж болох талтай. Хэрэв яс зузаардаг бол ялангуяа бага насны хүүхдийн тархийг дарж оюуны хомсдолтой болгодог байх ёстой. Энэ эмгэгийг орчин үеийн анагаах ухаанд тархи жижгэрэх буюу микроцефали гэж нэрлэдэг. Хүний тархины бор давхрагын хэсэг бүрт оюун санааны өөр өөр төвүүд байрладаг ба духны хэсгийн зүүн талын атираануудад хэл ярианы төв, баруун талын атираануудад сэтгэн бодох төв байрладаг юм. Оюун сэтгэлгээ сайжирсанаар хүн өөрийн биеийн хүчийг зөв удирдах бүрэн ашиглах чадвартай болж уураг тархины хэсгүүдийн хоорондын уялдаа өндөр түвшинд хүрч зургаадах мэдрэхүй зөн билэг үүссэнийг дотоод хүч гэж нэрлэж болох бөгөөд бид өөрийн биеийн хүчийг зөв ашиглаж сурвал одоогийнхоос дөрөв дахин өндөр үсэрч дөрөв дахин хурдан гүйх боломжтой гэж өнөөгийн шинжлэх ухааны дүгнэлт хийгээд байгаа юм.Тэгэхлээр дотоод хүч гэдэг бол бид бие, оюуныхаа нөөцийг илүү ашиглах чадвар эзэмшсэнийг хэлж байгаа юм. Тэгвэл хятадын бурхад, манай Монголчуудын цамын цагаан өвгөн зэргийг зурахдаа духны хэсгээр нь хүчтэй товойсон байдлаар дүрсэлсэн байдаг ба Хятадын зодоон, бие хамгаалах урлагийн сэдэвтэй зохиолуудад духны хэсгээрээ овгор хүмүүсийг дотоод хүч сайтай гэж үздэг тухай бичсэн байдаг бөгөөд олон жил ци-гуны дотоод дасгал хийсэнээс аяндаа дух нь овойдог байна. Яг духны энэ хэсэгт тархины сэтгэн бодох, хэл ярианы төвүүд оршдог бөгөөд энэ хэсэгт үс үлдээж ясыг нь товойлгосноор хүүхэд багаасаа хэл яриа сэтгэн бодох төв нь илүү хөгжилтэй дотоод хүч сайтай болдог байсан байж болох юм. Дотоод хүч сайжирсанаар хүний зургаадахь мэдрэхүй илүү хүчтэй хөгжиж урьдчилан мэдрэх зөн совин нэмэгдэж энгийн хүнээс хэд дахин ил үү хүчтэй болдог байсан байна. Монголчуудын цөөн тоотой ч ялагдашгүй цэргийн нэг нууц энд оршин байжболох юм. Чихний ард чулуулаг хэсэгт хөхлөг сэртэн гэдэг товгор яс байх бөгөөд энд үс үлдээж овойлгосноор хүний дотоод чих, дун, тэнцвэрийн эрхтэнд сайнаар нөлөөлж хөдөлгөөний эвсэл сайтай болгодог бөгөөд уг товгор ясанд трапец булчин, өвчүү, эгэм, хөхлөгийн булчингийн төгсгөл бэхлэгдсэнээр хүзүүний 1, 2-р үеийг гэмтлээс хамгаалж тархи доргилтыг багасгадаг сайн нөлөөтэй юм. Дотор чих, дунгийн эрхтэн нь хүний биеийн тэнцвэр зохицуулалтыг удирдагддаг бөгөөд сууж байгаад эргэж харахаас эхлээд циркийн жүжигчид, спортын гимнастикийн тамирчид, уран гулгалтын тамирчдын эргэлттэй хүнд дасгалууд хийхэд энэ эрхтэн л мэдэрч зохицуулж өгдөг юм. Иймээс тэнцвэрийн тогтолцоо сайтай хүн бүх талаараа давуу чанартай бөгөөд ялангуяа барилдах, тулалдах, уралдах үед бусдаас хол илүү байх нь ойлгомжтой юм. Хүний тэнцвэр алдах өвчнийг Меньерийн өвчин гэж нэрлэдэг бөгөөд энэ өвчинд нэрвэгдсэн хүн хөдөлгөөний ямарч тэнцвэргүй болж толгойгоо дохиход хүртэл нүд эрээлжлэн унах гээд байдаг хүнд зовиуртай болдог юм. Хүний хүзүүний нэг хоёрдугаар үе буюу аман хүзүү, хатан хүзүү нь хамгийн их хөдөлгөөнтэй үе бөгөөд ихэнх гэмтэл энэ хэсэгт учирдаг юм. Хүзүүний трапец булчин, өвчүү эгэм хөхлөгийн булчин сайн хөгжсөн хүмүүсийн хүзүүний нэг, хоёрдугаар үе бэхжиж гэмтэл авах нь бага болдог байна. Дэлхийн хүнд жингийн аварга боксчин Майк Тайсон хүчирхэг булчингаараа хүзүүгээ цаашилбал тархиа хамгаалуулж байдагтаа олон олон өрсөлдөгчдөөсөө илүү их цохилт даадаг гэдгийг анхаарахгүй байж болохгүй юм. Манай алдарт аварга асан Д.Дамдин гуай хүнд , том төмөр бөмбөлгийг өндөрт хөөргөн шидээд мөн л хүзүүгээрээ тосон авдаг байсныг бид мэднэ.Трапец булчингийн дээд төгсгөл бэхлэгддэг хөхлөг сэртэн дээр үс үлдээж товойлгосноор хүзүү бүдүүрч хүзүүний гэмтэл цаашдаа тархины доргилтыг багасгадаг нөлөөтэй юм. Бөөгийн ёсонд амин сүнс зүрхэнд, махны сүнс аман хүзүүнд, ясны сүнс сүүжинд байрладаг гэж үздэг.Үлгэр туульсад гардаг баатрууд арван таван толгойтой атигар хар мангасыг аман хүзүү хатан хүзүү хоёрын заагаар нь цавчин дардаг тухай өгүүлсэн байдаг. Нүүдэлчин монголчууд өвгөдөө нутаглуулсан газраа эргэж очихдоо араг яс, тэр дундаа хүзүү толгой салаагүй байвал цээрлэж салгадаг байжээ. Хүний амьд байхдаа хайрлан хамгаалж байгууштай биеийн нэг чухал хэсэг бол хүзүүний нэг хоёрдугаар үе болохыг дээдэс маань таниж мэдээд энэ хэсгийг хамгаалах бэхжүүлэх арга нь хүзүүг бүдүүрүүлэх тэр дундаа хөхлөг сэртэнд гэзэг тавьж хүүхдийн өсөлт бойжилтын замыг зөв ашиглах аргыг олжээ. Иймээс хөхлөг сэртэн дээр зүгээрч нэг үс үлдээдэггүй байсан нь ойлгомжтой юм. Монголчууд эртнээс нааш билэгдлийн ухаан, байр зүйн ухааныг ихэд нарийвчлан судлаж мэдсэн түүнийгээ ахуй амьдралдаа гүн гүнзгий нэвтрүүлж хэрэгжүүлж ирсэн ба тэр ч утгаараа аливаа зүйлийг материаллаг талаас нь бус оюунлаг талаас нь илүү дүгнэж илүү үнэлдэг нийтлэг сэтгэлгээтэй ард түмэн юм. Энэ байдал ч бидний ярьж байгаа сэдэвтэй холбоо уялдаатай байдаг. Үүнд: Эзэн Чингэс түүнээс өмнө үеэс Мөнхтэнгэрийг дээдлэн шүтэж , аливаа бүхнээ тэнгэрт даатгах, тэнгэрийн хүсэл зоригийг асуух зан үйлийг үйлддэг байсан ба өргөө гэрийнхээ тооноор хөх тэнгэрээ ажин аж амьдралаа зохицуулж, адуу малаа өсгөн, нүүдэл суудлаа хийж явахдаа өөрсдийн толгойтой үсийг өрхийг нь татсан өргөө гэр шигээ хэлбэрт оруулан засаж түүгээрээ хөх тэнгэрт ойртох, Мөнх хөх тэнгэртэй саадгүй харьцахыг бэлэгддэг байжээ. Чингэс хаан улс гэр монгол туургатны өмнө аливаа хүнд бэрх асуудал тулгарах үед малгайгаа авч сугандаа хавчуулаад , бүсээ тайлж хүзүүндээ эгэлдрэглэж сөгдөн суугаад мөнх хөх тэнгэрээс хүч чадал гуйж , арга ухаан заалгаж тэнгэрийн санааг асуудаг байсан тухай Монголын нууц товчоонд тод өгүүлсэн байдаг билээ. Ингэж малгайгаа авдаг нь Мөнх хөх тэнгэртэй шууд харьцах боломжтой болж байгаа ба бүсээ тайлдаг нь өөрийн биеийг Мөнх хөх тэнгэрийн мэдэлд өгч байгаа явдал юм. Ер нь аливаа хэрэг төвөгт орооцолдож төрөөс албадлаганд орж байгаа хүний бүсийг тайлуулдаг болохыг бид бүгд мэднэ. Энэ нь нэг талаас хамгаалах , урьдчилан сэргийлэх агуулгатай боловч нөгөө талаас тэр хүний өөрийн биеэ мэдэх мэдлийг цуцлаж төрийн зүгээс биеийг нь мэдэх болсныг гэрчилдэг байжээ. Эмэгтэй хүнийг бүсгүй хүн гэж ярьдаг нь бусдын мэдэлд өөрийн биеийг тушаасан хүн гэсэн утгатай юм. Монголчууд өөрсдийн үс засалт, сэтгэл санаагаараа Мөнх тэнгэрийн хүчинтэй холбогдоод байгааг мэдсэн манж нар билэгдэл сэтгэлийг нь мохоох, өөрсдийг нь эсэргүүцэх арга замаас нь салгахын тулд дээдсийн минь шивэлгэр гэзгийг тав гэзэг болгон засуулж өрхийг нь бүтээсэн гэр мэт толгойтой болгон мөнх хөх тэнгэрээс нь салгажээ. Энэ үеэс монголчууд үргэлж доройтон буурах замд орсон юм. Манжууд өөрсдийгөө тэнгэрийн хөвгүүн Айсингироогийн хүүхдүүд гэж үздэг атлаа тэнгэрээс нүүр буруулж холбоогоо таслан тав гэзэг тавьсанаар үндэстнээрээ мөхөн зөвхөн түүхийн хуудсанд бичигдэн үлдэх болтлоо устаж үгүй болсон нь маргашгүй үнэн юм. Хүний биеийг олж төрөхөд эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал нийлэлдэх цагт тийн мэдэхүй буюу сүнс ирсэнээр сая амилдаг билээ.Энэхүү сүнс нь үндсэн гурван бүрэлдхүүнтэй байдаг бөгөөд салган үзвэл:
1.Амин сүнс: Сүнсний гол бүрэлдхүүн бөгөөд зүрхэнд оршдог.
2.Үсгийн дүрээр биөд гүйх сүнс: Сүнсний хоёрдахь хэсэг бөгөөд шинийн нэгнээс хөлийн хуруунаас эхлэн өдөр бүр байрлалаа өөрчлөн шилжин явдаг ба хануур, самнуур, хатгуур хийхдээ энэ сүнсний байрлалыг тооцохгүй гэмтээвэл амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг.
З.Амьсгалтай холбоот сүнс: Хүний нас буюу амьсгалын тоог заагч сүнсний хэсэг бөгөөд гарын бугуйд бүлх шөрмөсний завсарт байрладаг. Энэхүү сүнсний судлын цохилтыг зөв тоолж чадвал тэр хүний хэд наслахыг хэлж болох ба энэ судал эс бүрэлдвэл үхэхийн тэмдэг буюу сүнс зайлсны тэмдэг болой. Бөөгийн шашинд ч сүнсийг гурван хэсгээс бүтдэг гэж үздэг байсан ба зүрх, аман хүзүү, сүүжинд байрладаг гэж үздэг ажээ. Сүнс буцахад түүний гол хэсэг буюу амин сүнс биеэс толгойн оройгоор гардаг гэнэ. Бидний өвөг дээдэс “Муу амьд явахаар сайн үх” гэдэг сургаал зарчмыг баримтлан эрэлхэг зоригтойгоор аливаа үйлсэд зүтгэн тэмцэж хэнч байгуулаагүй их гүрнийг нэгтгэх замдаа өөрийн амь насаа алдахад сүнсээ Мөнх хөх тэнгэртээ даатган дараа төрөлдөө энэ нутагтаа эргэн төрөх гэж хэсэг болох амин сүнсийг тэнгэрт гарахад саадгүй болгож амар нас нөгцөхийн үүдийг нээх зорилгоор оройн үсээ хусдаг байжээ. Энэ бүгдээс цааш дүгнэн бодоход эртний язгууртан монголчуудын шивэлгэр гэзэг нь билэгдэл, угсаатны зүй, хүн судлал, хүний эрүүл мэндтэй нарийн учир холбогдолтой анхаарч судлууштай зүйлсийн нэг бөгөөд монголчуудын мандан бадралын билэгдэл их Чингэс хаантай минь үеийн үед хадгалагдан уламжлагдаж ирсэн нэг нууц болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Тайлбар. Шивэлгэр гэзэг нь чихний ард: дагзны чулуулаг хэсэгт байрладаг бөгөөд анагаах ухааны судар номуудад чулуулаг хэсгийн доод хонхрыг гэзгийн хонхор гэж бичсэн байдаг нь үүний баталгаа болж байгаа юм. Хэрэв гэзгийг гавлын ясны чулуулаг хэсэг дээр байрлалтай гэж үзвэл үсний дээд зах нь чихний дээд ирмэгтэй ойролцоо түвшинд байх бололцоотой юм.
Хариад Пүрэвжавын Эрдэнэ-Очир

1 comment:

  1. Ари эгчээ их гоё бичлэг байна. Баярлалаа. Би удахгүй хүүгийхээ сэвлэгийг үргээнэ.
    Та нээрээ бичлэгнийхээ үсгийн фонт жаахан томруулах юмуу зайг холтговол их зүгээр санагдлаа.

    ReplyDelete