БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, February 11, 2011

Ш.Гүрбазар

Ханьдаа

Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Үнэндээ  би
Нүд бүдрээсэн орчлонгийн сайханыг зөрүү харж яваагүй
Нүүрээ сэтгэл гэж боддог хүүхнүүдийг ч зүхэж байгаагүй
Эр хүн гэдэг чинь
Эмзэгхэн учралыг даадаг амьтан биш шүү дээ
Энхрийхэн инээд хүртэл санаа хагаслан саатуулж
Эелдэгхэн ярих ч гэсэн янзын л байдаг юм даа
Бүсгүй хүнтэй би морины сайн, бодлын холыг ярьж явсан гэж чамдаа худал хэлэхгүй
Бүүр наанадаж, хэрэггүй яриандаа хүртэл инээд хавчуулж явснаа чамаасаа нуугаад яах юм бэ
Ааль сурсан хүүхэн эргэж харсаар харсаар буцахад
Аясын гэнэн шохоорхол хаалга хаагаад түдгэлзүүлж
Гуйж учраагүй төрх ааш шиг олон учрал гэдэг
Туулж өнгөрөх насанд олон л байх юм байна шүү дээ хань минь

Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Чинийхээ хайр чинийхээ үнэн хоёрыг
Чамаас биш бусдаас л харин ухаарсан байвал яах билээ
Жаргалтай ханийхаа дэргэдээс саравгас холдоход
Жавартай үдшийн сэрчигнээнд өврийг нь хүртэл санах юм
Дурлаж догдолсон тэр жилийн
Дутуу нойртой олон шөнөөр бол
Инээхэд нь сормуус нь будардаг харцаа л
Илүү их мөрөөддөг байсан байх даа
Одоо тэгэх нь ээ
Зүс ааш хоёрыг нь зүүдлэж догдлоогүй ч гэсэн
Зүгээр жирийн тохиолдол сэтгэлийн дэмээр чинь л өнчрөх юм
Үгүй дутуугаа хуваалцаж өчнөөн жил ханилсан чамайгаа
Үнсье гэж бодохгүй ч санаад л байх юм даа

Хайрын таталбар

Та миний тэмдэглэлийн дэвтрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хичнээн ч их хайрын шүлэг бичив дээ
Ханьдаа байтугай, үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтрээ танд үзүүлж
Олон янзын хайр сэтгэлийн шүлгээсээ танд дуулгая Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь
Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ
Үдшээр хөөрөлдөх яриа нь туурга нэвт ойрхон ч
Үе үенийх нь дэрний нь дэргэд жаргалтай ч
Үрээ энхрийлж ханиа аргадахыг нь сонсоод
Үүрстэл санаа алдахад нүүгээд явчих шиг ээ
Хар торгон хамжаарыг чинь боржгонд харлаа, Хандармаа
Үзтэл хөөрхөн царайг чинь үзэмчинд үзлээ, Хандармаа
Ангир цагаан цээжийг чинь эр болохдоо тэвэрлээ, Хандармаа
Ардын дуу гэж бодоод хэсэгтээ мартлаа, Хандармаа
Хандармаа, ханиасаа нуусан харцны минь жаргал нь юм билээ, Хандармаа
Үрдээ ч яриагүй үнэний зовлон нь юм байна лээ, Хандармаа
Явах мөчөөр дөхөхөд ярилцах маань улам цөөрч
Хөөрхөн цээжинд чинь цохилох зүрхний чимээ л харин
Хэлж амжаагүй үг бүхний амьд халуун гэрч мэт
Үдэхдээ үхэхийн хэртэй цовхчих зүрхний чинь чимээнээс
Надад хайртайгий чинь наслахын хэртэйд үнэн байгаад би итгэж байна
Яалтай ч билээ дээ миний нууцхан хайр минь
Салхи салхиндаа туньсан цэцэгс хүртэл буруутай
Санаад л байхаа мэдсэн бол сэтгэл минь хүртэл буруутай
Буцаад ирдэг шувууд нь нуураа орхисон нь буруутай
Бодоод байхаа мэдсэн бол өөрөө өөртөө би буруутай
Шивэрч л байг бороо юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан хань минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Яв даа чи минь яв даа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг л дагъя даа хоёулаа
Гунихдаа уншдаг эссэний шүлэг худлаа
Гуравхан хоноод ирэх гэрийнхэн минь худлаа
Дуулж хүртэл үзлээ ая нь нэг л худлаа
Дурсаж хүртэл бодлоо хэлсэн нь нэг л худлаа
Салхинд нь сэмэрдэг сэтгэлтэйг минь
Тэнгэр нь яаж үгүйших вэ дээ
Санахдаа гуньдаг хайртайгий минь
Тэр минь яаж мэдэх вэ дээ
Ханьдаа ч яриагүй үнэнээ чамд хэлсэн
Хэлсэн үнэнээр минь чи намайг чөдөрлөсөн
Чөдөртэй санаанд чинь сэтгэл догонцохдоо
Чөтгөрт итгэсэн өөрийгөө зэмлэсэн
Чамайгаа би чинь хаашаа ч явуулмааргүй санагдан хорогдоод байна
Хажууд эрхэлсэн сайхан инээдийг чинь
Хаанаас ч ахин сонсохгүй юм шиг санагдаад байна
Хойд уулын солонго урд хөндийн салхи нь
Хүний л юм шиг бодогдон бодогдоод горьгүй нь ээ
Бороотой шөнийн гудамжаар чамруугаа яаран алхахдаа би дуртай
Болор мөнгөн дуслаар нь сормуусаа үнсүүлэн эрхлэхдээ би жаргалтай
Одоохон, одоохон чамтайгаа уулзна гэхээр очих газрын холыг яана
Бие биедээ тэмүүлэн очтол борооны чимээ зогсвол яана
Шөнөөр шивэрсэн бороо үүрээр татрах болов уу
Чиний манасан зүүдэнд саран түрүүлж гийх болов уу
Орой бүүдийсэн тэнгэр нь үдшээр цэлмэх болов уу
Очоод үнсэхээр чамтайгаа өглөө хурдан учрахсан
Баруун баруунаас саатан жаргах нарны цоохор гуниг сарниж
Бадаг санаанд минь өөрөө шивэрсэн бодлын бороо ороосой
Үг үнсэлт хоёрын халууныг санаач
Уул үүл хоёрын ижилсдэгийг санаач
Энэ л хайр чамгүй байвал
Хорин хавар эзгүйрнэ
Догдлон байж үнссэн уруулд минь чи итгэхгүй юм
Долоон уулын цас ханзарна шүү дээ хонгор минь
Сартай шөнө чамтайгаа чингэлэг дээр унтахсан
Унтчихсан юм шиг чимээгүйхэн дугжрахсан
Дугжрах амьсгааг чинь аргадан амьсгалсанаа
Дуугүйхэн эргээд харахад
Гэзгийг чинь илбэхсэн
Үрийнхээ нэрийг марттал уймарсан эх ч гэсэн
Өвөр цөмөлж учирсан анхны хүнээ санадаг л юм даа
Ингээд уншаад байвал хайрын тухай хичнээн олон бадаг шүлгийг би танд уншиж болхоор байна.
Зүгээр би бодоход хүн гэдэг үхэн үхтлээ дурлаж явдаг амьтан шүү… Дараа уншъя хүн ирж байна…

No comments:

Post a Comment