БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, February 13, 2011

XIII -зууны Монголчуудын хотыг дайлах арга




Чингис хааны цэргийн урлагийг хээрийн байлдааны урлаг, хот сууриныг дайлах урлаг хэмээн судлаачид хоёр хуваан судалдаг аж.

Өмнөх дугаарт Чингис хааны хээрийн байлдааны урлагийн талаар танилцуулсан бол одоо хот сууринг дайлах урлагийн талаар танилцуулж байна.

Байлдах арга бодлогоо тодорхойлохдоо Чингис хаан ямагт эвийн замаас эхлэн, мэсийн зам өөд шатлан өгсдөг, тэр зам нь үндсэн дөрвөн шаттай байсан байна.

Нэгд: Зэвсэг хөдөлгөлгүйгээр авах арга

1. Хотын дүүрэгт Монголын жанжид очмогц хот руу элч томилж “эсэргүүцэхгүй бол амь нас, эд хөрөнгөө аварна” хэмээн ятгуулна. Энэ амандаа үнэнч байхыг тэр элчээр тангараглуулна. Үүнд нь хариу өгөхгүй буюу бууж өгөхөө шууд эс илэрхийлбэл хотын дэргэд их хаан биеэр морилон ирснийг уламжлан сонордуулна. Энэ нь нэг талаас, хаан биеэр ирсэн тул хэлсэн амандаа хүрнэ гэсэн найдлагыг бататгахын сацуу, нөгөө талаас, эсрэг этгээдэд үзүүлж буй сүрдүүлэг, сэтгэл зүйн цохилтын чанартай юм. Чингис хаан Дундад Азид дайтахдаа Чернак, Нурата, Самаркандад ингэж байжээ.

2. Ингэж шаардах, ятгахын хамт цэргээ олон болгон харуулах, цуурхах буюу хорогдуулах арга хэрэглэх нь мөн л дайснаа бага хохиролтойгоор буулган авах гэсэн аога чаргын нэг юм.

Нэг түмэн цэргээ арав, арван түмэн цэргээ зуун түмэн, 2 түмэн цэргээ 20 түм гэж алдаршуулан цуурхах явдал түгээмэл байсан аж.

Шихихутаг Афганистанд морин дээрээ мануухай (чүүцэл) босгож цэргээ олон харагдуулах арга хэрэглэсэн.

Чингис хаан 1220 онд “Самарканд руу хөдлөхдөө Бухараас олзлогдсон идэр эрчүүдийг цэргийн зохион байгуулалтад оруулан аравт бүрт нэгэн туг бариулан жагсааж явсан нь цэргээ нүсэр олон болгож харагдуулах зорилго агуулсан байлаа.

Шороо цацаж, мод чирч их тоос босгож байсныг сурвалжид тэмдэглэсэн бий. Энэ бүхэн бол цэргийн ов мэх хэрэглэж, тухайлбал, хуурамч мэдээлэл тараах, дууриалган үзүүлэх зэрэг нь өнөөгийн цэргийн ов мэх, мэдээллийн дайны ууган хэлбэр юм.

З.Цэргийн ов мэх, тухайлбал, хуурамч мэдээлэл тарааж, хуурамч ажиллагаа хэрэглэн хотыг буулган авна.

Мухулай жанжин 1214 онд Дунчан (Ляоян) хотыг дахин эзэлж чөлөөлөх үүргийг Кидан гаралт Сяо Есянь-д 1000 цэрэг өгч манлай болгон ногдуулжээ. Гэтэл Сяо Есянь, “Дайсныг гарамгай уран аргаар дарваас сайн. Олны хэрэг юун” гэжээ.

Тэрээр Дунчан (Ляоян) хотын түшмэл шинээр томилогдон айсуй сургийг сонсоод хэдэн морьтноо дагуулан гарч замыг нь отож түшмэлийг алаад томилолтыг нь авч өвөртлөн Дунчан хот хүрч өөрийгеө шинээр ирсэн түшмэл хэмээн танилцуулж ороод яамлан суужээ.

Тэгээд “Би хааны дэргэдээс ирсэн, гадаад дотоодгүй энх амар болсон. Хулгай дээрэм гарвал би хариуцна” хэмээн ятгаж хотын харуулуудыг буулгаад, цэргийн ангиудыг ийш тийш нь шилжүүлэн, жанждыг сольжээ. Гурван өдрийн дараагаар Мухулайн цэрэг давхин хүрч нэг ч зэв хөдөлгөлгүйгээр хотыг эзлэн авч байв.

Хоёрт: Хэл амаа үл ололцохын цагт зэвсэг зөрүүлэх болно. Монголын морьт цэрэгт сайтар бэхэлсэн хотыг байлдах нь асар их цаг хугацаа, хөлс цус үрэх тул дайсныг хотоос нь гаргаж хээр талд байлдах бүхий л аргыг сүвэгчилнэ. Нисэх сум мэт хурдан маневрлах монголын морьт цэргийн гол нууцыг мэддэггүйгээс хот сахисан олон жанжин энэ аргад унажээ. Ийнхүү хотоос нь өгдөөн гаргах арга барил олон янзын хувилбартай байлаа.

1.Цөөн морьт цэрэг хотын гадуур үзэгдээд айн зугтсан дүрээр хотын цэргийг өгдөөн гаргаж болно. Зэв жанжин 1211 онд Цавчаал боомтод ийм аргаар ялж байв. Мухулай 1221 оны намар Яньань хотоос 30 бээр газар хүрээ буун Бухагийн захирсан 300 цэргийг хайгуулд гаргажээ.

Гэтэл Яньань хотоос зүүн тийш Алтан улсын жанжин Вангин Хада 3 түмэн цэрэг гаргаж буйг Буха хараад Мухулайд ирж, “Дайсан миний цэргийн цөөнийг мэдээд омогшлоо. Маргааш хатгалдахуй дор зориуд дутаан бүгсэн цэргээр дарсугай” хэмээвээс Мухулай зөвшөөрч их цэргийнхээ моринд мод (үүнийг мөхлөг гэдэг ) зуулган шөнө дөлөөр аялаж хотын зүүнтээ 15 газарт хоёр уулын завсар бүгүүлэв.

Маргааш нь Бухагийн цэрэг Хадагийн цэрэгтэй “тулгарч” байлдсанаа хэнгэрэг хиуараа гээж буруулсанд Алтан улсын цэрэг үтэр нэхэхүй дор Мухулайн бүгсэн цэрэг тэднийг хударгалан гарч, хэнгэргийн дуунд тэнгэр газар нүргэлүүлэн гэнэт дайрч түмэн зэв зэрэг харваж, хоёр талаас нь хавчиж байлдаад дайсны цэргийг ихэд дарж 7000 илүүг алж, 8000 морь олзлов хэмээн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байна.

1220 онд Ургенчийн 10 түмэн цэргийг монголын цөөн морьт цэрэг өгдөөн дагуулж хээр гаргаад, отоонд оруулан бүсэлж бут цохисон билээ.

2. Дайсантай тулгараад, эсвэл хотын гадаад үзэгдээд, эсвэл бүслэн авсан хотоо гэнэт орхин алга болно. Хотынхон монголын цэрэг буцан одов хэмээн харуул сэргийлэхээ хураан,хаалга үүдээ нээж тайвширмагц “тэнгэрээс буух мэт” довтолгон ирж гэнэт эзлэн авна. Алтан улсын зүүн нийслэл Дунчан (Ляоян) хотыг анх 1212 онд Мухулай ийм аргаар авсныг сурваглж бичигт тэмдэглэсэн буй.

Мухулай 6 хоногийн алс буюу 500 газар (300 шахам км) ухарснаа хөтөлгөө морьдоор тасралтгүй өргөн ирж гэнэт эзлэн авчээ.

Зарим сурвалжаар бол Мухулай ойр газарт цэрэг бүгүүлээд их цэргээ авч алс гарснаар тэмдэглэсэн буй нь энэ аргаар хот эзлэхэд,

нэгд: Бүх цэргээ авч ацс гараад мөн бүх цэргээрээ эргэн довтолж эзлэх,
хоёрт: ойрхон цэрэг бүгүүлээд үлдсэн цэргээ авч алс гармагц бүгсэн цэрэг гэнэт довтлон авах хоёр хувилбар байсны гэрч юм. Эсвэл хотыг ер хөндөлгүй өнгөрч одсонор гэнэт эргэн дайрч эзэлнэ. Зэв, Сүбэдэй нар Мухаммедийг нэхэн явахдаа энэ аргыг олноор хэрэглэж байв.

З.Дайсны цэрэг өмгөөлөөр ирэх завд нь хээр тосон цохино. 1226 онд Чингис хааны цэрэг Линьчжоу (Түрэмгий балгас) хотыг бүслэн байлдав. Тангудын хаан Линьчжоуд туслахаар арван хэдэн түмэн цэргээ авч Яргай хотоос гарав. Чухам үүнийг л хүлээж байсан монголын цэрэг тэднийг угтан очиж хээр талд хиар цохисон билээ.

Гуравт: Зэвсэг хэрэглэлгүйгээр буулган авах, хотоос цэргийг нь гарган хээрийн байлдаанаар бут цохих дээрхи хоёр аргын аль аль нь бүтээгүй нөхцөлд хотыг бүслэн байлдана.

Ихэвчлэн аливаа хотыг 1-3 давхар бүслэн цэрэг хуарагнана. Богино хугацаанд хотыг буулган авахын тулд дайралт хийнэ. Дайралт нь хотын хэрмийг нэвтрэн орж, хэрмийн доторхи бүхорд харшийг эзлэн, ард иргэдийг буулган авахад оршино.

Үүний тулд:

-Хотын хэрмийн гадуурхи шуудуу даланг мод чулуугаар тэгшилж, цэрэг ороход бэлэн болгох инженерийн цэргийн их ажил өрнүүлнэ.

-Чулуу шидэгч, их буу байрлуулах өндөр тавцан бэлдэнэ.

-Их бууны чулуу, хэрвээ чулуу ховор газар бол хөрөөдсөн модыг усанд сойн хүндрүүлэх зэргээр сум бэлдэнэ.

-Хэрэмд ойртох цэргийг халхлах тэрэг, ширэн халхавч бэлдэж, түүний тусламжтайгаар хотын хэрмийг цоолох буюу газар доогуур ухан нэвтрэхийг оролдоно. Үүндээ ухах, дэлбэлэх зэвсэг хэрэглэнэ. Эдгээр ажилд голдуу олзлогдогсдыг дайчлан зүтгүүлнэ. Ургенч хотын хананы дэргэд Сартуулын үй олон олзлогдогсод ийм ажилд зүтгэж байлаа.

-Хотын дөрвөн талаас үүлэн шатаар нэгэн зэрэг авирч хэрмийг даван орохоор зүтгэнэ. “Тэд бүрээ татан, шоргоолж мэт бужигнан хот руу авирна” Занд мэт олон хотын дөрвөн талаас ийнхүү дайран давж байлаа.

-Хэрмийг цэрэг нэвтрэн орсон тохиолдолд дотор гаднаас нь хүч хавсран байлдаж хотыг эзэлнэ. 1226 онд Тангудын Шачжоу хотыг ийнхүү эзэлсэн зэрэг жишээ олон буй.

-Эсвэл их буугаар хотын хана, хаалгыг нураахаар буудна. Тулуй Нишапур хотын дэргэд 300 чулуу харвагч зоон харваж байсан. Ханыг нураавал цэрэг дайран орж хотыг эзэлнэ.

-Хотын хэрэм дээгүүр чулуу давуулан харвана, мөн гал харван шатаана. Тулуй Нишапурын дэргэд гал харвагч 700-г байрлуулсан баримт байдаг.

-Шувуу, муурны сүүлэнд гал ноцоон хот руу тавьж орон, байшингуудыг нь галдана. Үүндээ газрын тос болон давирхай, шүү, хүхэр гурвын хольц хэрэглэж байжээ. Чингис хаан Тангудад ийм арга хэрэглэснийг сурвалж бичигт тэмдэглэжээ.

-Ойрын ус мөрний голдригийг өөрчлөн урсгаж хотыг усанд авахуулна. 1209 онд Тангудын Яргай хотыг ийнхүү усанд авахуулж байв.

-Байн байн элчээр, эсвэл суманд бичиг уяж хэрмэн дээгүүр нь харван бууж өгөхийг шаардана. 1226 онд Тангудын Ганьчжоу хот руу монгол жанжны бичигтэй сум нисэн бууж байлаа.

-Дайснаа сульдаан сөхрүүлэхийн тулд “цэрэгтээ ээлж зохион байгуулан амруулж өдөр шөнөгүй дайруулна”

-Нэлээд хугацаанд “бүслэн байлдаж байснаа зориуд нэг газраар гудамж гарган зам тавьж өгөөд дайснаа түүгээр гармагц бүслэх юм уу, араас нь хөөн бут цохино”

-Эсвэл удтал буслэн байлдаж байгаад орхин явснаа гэнэт эргэн дайрна.

Дөрөвт: Бүслэн байлдаад эс дийлбэл хотыг боймлон авах эцсийн шатны аргад шилжинэ. Боймлох гэдэг нь хотыг гадна орчноос нь бүрэн тасалж ус ундаа хоол хүнс, эд бараа, зэвсэг хэрэглэл, туслах хүчнээс нь таслан сульдааж буулгаж авахын нэр юм.

Хорезмын Отрар, Ургенч, Алтан улсын нийслэл Жунду Чингис хааны цэрэгт 5 сараас 10 шахам сар боймлуулж байв.

Боймлохын тулд:
-Өөрийн цэргээ ус бороо, шороо салхи, зуны нар, өвлийн хүйтнээс хамгаалан хотын гадуур “хот босгон” удаан хугацаанд хуарагнан суух боломжоор хангана.

-Бүсэлсэн хотоо цөөн цэргээр сахин орхиод ойр хавийн хот, гацаадыг дээрэмдэж, нэг талаас, өөрийн цэргийн хүнс, хувцсаа базаана. Нөгөө талаас, боймолсон хотод ойрын тусламж орох нөхцөлгүй болгоно. Алтан улсын нийслэл Бээжин, Тангудын нийслэл Яргайг Чингис хааны цэрэг ингэж байв.

-Хотыг цэвэр усны эх булгаас нь салгана.

-Хот руу орж болох хуурай ба усан замыг хаан бэхлэлт барьж харуул гарган манана.

-Цэргийн хүчээ хэмнэн амраахын тулд хотыг тойруулан хүн гарахын аргагүй гүнзгий өргөн суваг шуудуу ухна. Түүгээр ус дүүргэж болно.

Эсвэл шөнөд тэр сувгаар өлсгөлөн ноход оруулан суллаж тавиад амарна. 1226 онд жанжин Бор Өмнөд Сүн улсын Циньчжоу хотыг боймлон ийнхүү өлсгөлөн ноход суллан тавьдаг байсныг өмнө дурдсан билээ.

-Өвчилсөн амьтад, муудсан хүнсийг хот руу оруулан тавьж өвчин тахал тараана.

Энэ бүх ажиллагаанд цэргээ удирдах аргад монголын жанжид бүрэн гаршсан байлаа. Байлдааны зорилгодоо хүрэх Чингис хааны цэргийн үзэл баримтлалыг “давшилт-бүслэлт” хэмээн томъёолж болно.

Тухайн зууны дэлхий дахинд хамгийн хурдан унаа одоогийн цэргийн зэвсэг, техникээр бол нисэх онгоц үй түмэн морьдын нуруун дээр суугаа монголчуудад дайснаа хүлээж суух нь яршигтай юм.

Монголчуудын хувьд давшилт нь нэг талаас дайснаа дарах арга, нөгөө талаас, шинэ газар нутаг, эд баялаг эзэмших, боол, цэргийн эгнээгээ өргөтгөх боломж юм.

Хориглоод суувал ирсэн дайсныг дарах боловч ус бэлчээр, мал сүрэг, эд баялгаа дайсан тээж ирэхгүй. Ингэхлээр ашигтай хувилбар нь давшилт юм.
Харин дайсан этгээдээ устгах гол арга нь бүслэлт аж. Энэ нь хээрийн байлдаанд ч, хот сууриныг дайлахад ч гол арга.

“Цацсан одны жагсаалаар” тал тал тийш цахилан арилах морьт цэргийг бүслэхээс өөр бүрэн устгах баттай арга үгүй. Хот цайздаа шурган ороод хэрмэн дээрээсээ харвалдах суурин иргэдийг бүслэн цохихоос өөр шилдэг арга үгүй. Тиймээс монголчууд хот сууриныг төдийгүй бүрэн улсыг ч хагас болоод бүрэн бүсэлж байлаа.

Бүслэхийн тулд дайсны ар талд гарах ёстой. Монголын хурдан морьт цэрэгт энэ нь тийм ч бэрх зорилт байсангүй. Нэг л мэдэхэд ар шилээс нь харваж байдаг байв. Дайн судлалаар нэрд гарсан Английн цэргийн түүхч Лиддел Харт “Монголчууд араас нь довтлох аргын анхдагч байв” хэмээн тэмдэглэсэн нь аргагүй үнэн бөгөөд энэ “урлагийг” 1914-1918 оны дэлхийн I дайны үеэр цаашид хөгжүүлжээ.

Х. Шагдар
Эх сурвалж: “Соёмбо”

No comments:

Post a Comment