БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, August 9, 2011

Ц.Цэрэнчимэд: Шатар Монголоос үүсэлтэйг хөлөг, дүрснээс нь харж болно


Насан балчраасаа эхлэн шатрын спортоор хичээллэж, уг спортынхоо үүсэл хөгжлийн талаар сонирхон судалж яваа настан буурлыг та бүхэнтэй уулзуулъя. Шатрын спортын дэд мастер, шатар-даамын улсын шүүгч Ц.Цэрэнчимэд гуай Увс аймгийн Малчин суманд төрсөн ч ихэнх амьдралаа Улаанбаатар, Налайх, Дорнодооp өнгөрөөж яваа гэнэ. Би 70 жил шатар тоглож байна. Үүний 50-аад жилд шатар мэндэлсэн түүхийг сонирхож байгаа хүн. Тэр сонирхсон судалсан материалаа нэгтгэн сүүлийн хоёр жил шахуу хугацаанд “Монгол шатар мэндэлсэн түүх” гэдэг ном тэрлээд үндсэндээ дуусч байна. Ном маань наадмын үеэр хэвлэлтээс гарчих байх. Энэ ном бичих санааг төрүүлэгч хүн бол их ухаантан, бичгийн суут хүн Бямбын Ринчен. Аз завшаанаар бид 1960-аад онд дотно танилцсан, миний багш. Олон удаа уулзаж, олон сэдвээр ярилцаж байсан. Мэдлэгээ шалгуулж, итгэл олсон учраас гэх юм уу даа. Багшаасаа маш олон зүйл сонсч үлдсэнээс шатартай холбоо бүхий зүйлсийг би үргэлжлүүлэн судалж явна. Гэхдээ шатрыг 70 шахам жил тоглоод сурч дуусаагүй.


Харин шатар тоглосон хүн урт насалдаг гэх домогтойг багш маань хэлж билээ. Багшийн айлдварыг хойч үеийнхэн, ялангуяа ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжинов тодорхойлон гаргаснаар бол манай гариг дээр 600 сая хүн шатар тоглодог. Тэр олон хүний сонорт Монгол оронд шатар мэндэлснийг хүргэхээр 80 настай өвгөн оролдож байна. Шатрын талаар бичдэг 80-аад хүний ном материал уншиж, 50 гаруй хүнтэй уулзлаа. Дандаа баримтаар юм хийж байгаа. Ингэхдээ хаана хэзээ үүссэн гэдгээс үзсэн. Эрдэмтдийн судалгаа, хүмүүсийн бичсэнээс үзэхэд шатар гэдэг энэ гайхамшигт тоглоомын эхийг Хүннүгийн үеэс хайгаарай гэж Ринчен багш хэлсэн. Багшийн хэлснийг гаргаж тавихаар ажиллаж, Хүннүгийн их гүрний 2220, Улс хувьсгалын ойнууд, Дорнод аймгийн 80 жилийн ой, Нийтийн шатрын 125 жилийн гэхчилэн олон ойд зориулан хийж байна гэсээр яриагаа эхэлсэн юм.

Шатрын Хүннүтэй холбогдох баримт олдож байна уу?

Энэ тоглоомыг анх Хүннү, Киданчууд тоглож байсан гэх баримтууд байна. Түүхийн шарласан хуудас ч үүнийг гэрчилж байгаа юм. Түмэн-Өлзийгийн номонд манай оронд 138 хөлөгт тоглоом байсан тухай бичжээ. Хуучны олон хөлөгт тоглоомын дунд шатар нэртэй нэгэн тоглоом уламжлан үлдсэн байна. Буган шатар ч гэж нэрлэдэг. Ийнхүү хөлөгт тоглоомын улбаагаар монгол шатар үүссэн хэрэг. Шатар бол Монголын өвөг дээдсийн их бүтээл, оюуны спортын тоглоомын загалмайлсан эцэг нь мөн гэдэг дүгнэлт гаргаж ирлээ. Багш маань “Хүннү гүрэн тарж бутрах үед ард иргэд нь ийш тийш яваад Энэтхэг, Орос руу дамжин шатар тархсан гэж хэлсэн”. Шатрын хөлөг, дүрс нь ч Монгол гаралтайг харж болно. Монгол ахуйн дөрвөн улирал, найман зовхисоор хөлгөө хийсэн бол дүрс нь тэр чигээрээ монгол.

Нийтийн шатар гэж юуг хэлээд байна?

Монгол шатар, нийтийн шатар гэж хоёр ялгадаг боловч энэ чинь нэг л зүйл. Эхнээс нь төөрөгдүүлж явсны гай л даа. Шатрын зохиогч, эх барьж авагч нь Монголын алтан үеийн дээдэс. Харин Орос, Энэтхэг, Дундад Ази, Перс гэх мэт нь түүнийг баяжуулагчид. Хамгийн ихээр хөгжүүлсэн нь Орос гэж хэлж болно. Бид харин өөрийнхөө юмыг хүнийх мэт ойлгоод иржээ. Европийнхон баяжуулахдаа XVIII зууны үед хөлөг дээр найман үсэг, найман тоог нэмжээ. Өргөө бичиж үлдээхийн тулд ингэсэн байна. Харин Чингисийг нас эцэслэсний дараа урамтай шатар, урамгүй шатар гэж гарч ирсэн нь түүхэн баримт. Тэрэг, бэрсний голчилсон нүүдлээрээ энэ хоёр ялгаатай.

Дүрсний талаарх таны бодлыг дэлгэрүүлж сонирхвол?

Дүрсийг Монгол амьдралаас гаргаж тавьсан. Гол дүрс нь хүн, тэр тусмаа зэрэг зиндаа өндөртэй ноён хүн байгаа юм. Бэрс гэж нэрлээд буйг монгол шатарт анх хийморийн дээд-чоноор орлуулж байж. Дараа нь гэрийн хамгийн ойр амьтан-нохой, тайгаар төлөөлүүлж байсан. Хүүг бэлтрэг, хонь, хурга, ямаа, туулай зэрэг олон янзаар нэрлэж иржээ. Морь, тэмээ ойлгомжтой, яг хэвээрээ. Харин үхэр тэрэг нь одоо зөвхөн тэргээр үлдэж дээ. Гэтэл бэрс гэж байхгүй амьтныг гаргаж иржээ. Монгол бичгээр бэр, бар 2-ын бичлэг адилхан байдгийг их мэдэгчид будилуулан барсыг бэрс болгосон гэж Ринчен багш хэлж байсан. Багшийг үгүйсгэх аргагүй, бас яг зөв гэхгүй. Тэр ч байтугай өнөө хэр нохой хэмээн нэрлэж тоглодог хөгшид бас байна. Өвөг дээдсийн шатарч өв уламжлалыг залгамжлан аврагч нь хуучны Сэцэн хан аймгийнхан буюу өнөөгийн Дорнод аймаг. Энэ дотроо Булган сумыг шатрын голомт гэж хэлмээр санагддаг.

Чухам ямар шалтгаанаар ингэж хэлэх болов?

1948 онд Монгол Улсын анхны аварга болсон Дамдины Намсрай энэ нутгийнх. Хоёрт орсон зохиолч Ц.Цэдэнжав бас л Сэцэн ханых, Хэнтийн хүн. Уран бэрийн нүүдэл ч энэ хавиас гарсан байж таарах юм. Эмэгтэй шатарчдын анхны УАШТ 1954 онд болоход Чойбалсан сумын Д.Бямбаа түрүүлж байв. Ер нь Булган сумаас И.Ёндон-Осор, Ц.Жүгдэр, Намсрай, Ш.Пүрэвжав нар улсын аварга бөгөөд спортын мастер. Ёндон-Осор 60 хэвийсэн насандаа 1930-аад онд анхны тэмцээнд хоёр шатраар (нийтийн болоод монгол) аварга болж, нийтдээ 13 тэмцээнд түрүүлсэн байгаа юм. Түүнйи багш Цагаанчойдор 14 нүүдлийн дараах мадыг урьдчилан харсан тухай дурсамж бий. Мөн 1960, 1970 оны үед утсаар шатар тоглох явдал их түгээмэл байжээ. Тийм нэгэн тэмцээнд Ёндон-Осор гуай олон улсын мастер Т.Үйтүмэнг, Булган сумын Ж.Далхаа гэх буурал анхны аварга Д.Намсрайг хожсон гэдэг. Харамсалтай нь сүүлийн үед энэ нутгийнхан сайхан уламжлалаа жаахан алдаж байгаа санагддаг. Гэхдээ л айл бүхэнд хуучны шатрууд бий болохоор амархан сэргэх биз ээ.

Ярилцсан М.Бүүвэй

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

Түгээх

No comments:

Post a Comment