БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, August 22, 2011

Монгол хүн монголоороо бахархах ёстой

Монголын урлаг тэр дундаа киноны хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров юм. Аугаа хөгжмийн зохиолч маань хөгжим хэмээх гайхамшигт зэмсэгтэй холбогдсоноор 500 гаруй уран бүтээлээрээ бэлэг барьж, тэдгээр уран бүтээл нь Монголд төдийгүй дэлхийн олон оронд гайхан бишрэгдэн тоглогдож байна. Энэ эрхмийг “Кино код” энэ удаагийн дугаартаа урьлаа. 



-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олон болон үзэгчиддээ энэ өдрийн мэнд хүргэе.
-Монголын киноны хөгжмийн хөгжлийн тухай таны бодол?
-Монголын киноны хөгжмийн хөгжлийн тухай асуудлыг ярихын тулд эхлээд дэлхийн киноны хөгжмийн төлөв байдал хэрхэн өрнөсөн талаар ярих нь зүйтэй байх. Бид хоосон газар том урлаг бүтээсэн хүмүүс биш шүү дээ. 1900-гаад оны үед дуугүй кинонд хөгжим хэрэглэж байхдаа урьдаас зориулан хөгжим зохиох бус кино гарч байх үед үйл явдалд нь тохируулан хөгжим тоглодог байсан. Энэ нь өөрөө киноны агуулгыг илэрхийлэхэд нэмэр болсон. 1908 онд “Гейрцэг Гейдын үхэл” бүтээлд тусгайлан зориулан хөгжим бичээд, дэлгэцэнд гарах үед найрал хөгжимчид тоглосон.
Ийнхүү хөгжмийн зохиолч ухамсартайгаар киноны дүрсэнд тааруулаад хөгжим бичсэн эхлэл бол 1908 оны энэхүү “Хун” бүтээл юм. Анх дүрсээ дагуулж хөгжим тоглодог байсан бол сүүлдээ дуу хөгжим хоёрыг бичдэг болсноороо киноны хөгжмийн эхлэл тавигдсан. Монголын киноны бие даасан анхны хөгжим бол хөгжмийн зохиолч Н.Гончигсумлаа гуайн бичсэн “Сэрэлт” киноны хөгжим. Сайн сонсох юм бол Монголын орчин цагийн киноны сонгодог суурь тавигдсан гэж болно. Мөн Монголын киноны хөгжмөөс Л.Мөрдорж, З.Хангалын хөгжмийг сайн сонсох хэрэгтэй гэж боддог.
-Та анх ямар киноны хөгжим дээр ажиллаж байсан бэ?
-Би сургууль төгсөж ирээд анх Б.Балжинням найруулагчийн “Гарын таван хуруу” киноны хөгжмийг бичиж байсан. Тухайн үед хөгжилтэй зүйл их тохиолдсон. Яагаад гэвэл мэргэжлийн зохиолч болчихлоо гээд киноны хөгжмийг сайн хийе гэж бодоод нэлээн зузаан зохиол бичсэн. Тэгээд удирдаач Ц.Намсрайжав гуайд үзүүлтэл намайг өрөвдөх, шоолох, дургүй нь хүрсэн байдалтай хүлээж авсан. Учир нь киноны хөгжим их байх тусмаа муу болох төлөвтэй. Намсрайжав гуай миний хөгжмийг хасахын нь хасаад оруулахын оруулсан даа.
-Кино гэдэг хамтын бүтээл учир найруулагчийн болон бусад хүмүүсийг санааг тусгадаг. Тэгвэл та “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийн бүтээлийг бүтээхэд яг өөрийнхөөрөө байж чадсан уу?
-Найруулагчийн зохиолыг үзээд өөрийн саналаа хэлдэг. Жишээ нь “Мандухай би Батмөнх хааны хатан нь болно гээд цэцэг самарддаг” хэсгийг та нар хоёр минут зургийг нь авна гэж байсан. Гурван минут аваад өгөөч би хөгжим бичих гэсэн юм” гэхчилэн захиалга өгөөд монтаж нь дээр нь хамт суугаад дараа нь хөгжмөө бичдэг. Бид хөгжим их шаардлагатай гэж үзсэн учраас хөгжимлөг кино болсон. Киноны үйл явдлыг хөгжмөөр илэрхийлэх нь зарим талдаа давамгай байсан. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржтой би их нөхөрлөдөг байсан.
Тухайн үед уг хөгжмийг сонсоод надад “Чи энэ хөгжмийн дараа үхнэ, үгүй бол сэхнэ” гэж хэлсэн удаа бий. Өөрөөр хэлбэл, би их дураараа явсан хэрэг. Дэлхийн хөгжмийн стандартаас гажсан хөгжим бичсэн. Ер нь аливаа том юм хийнэ гэдэг эрсдэлтэй байдаг. Гэхдээ бага ч гэсэн шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурладаг байх хэрэгтэй л дээ.
-Таны олон бүтээл “Морин хуурын чуулга”-д тоглогдсон. Энэ талаар?
-Морин хуурын чуулга үргэлж цоо шинэ өөрийн гэсэн урын сангаар баяжиж байх хэрэгтэй. Үгүй бол тогтож чадахгүй. Ийм учраас би дуурь, симфони, сонгодог балет бичихээ хаяад энэ хорин жил морин хуурын чуулгын гол бүтээлүүдийг хийсэн. Үнэн чанартаа би морин хуурын чуулгаар алдарших гэсэндээ биш монгол үндэсний соёлыг тогтоон барих зорилготой, иргэн хүний зүтгэл гэж ойлгох хэрэгтэй.
Өнөөгийн хүмүүс нэг сувгаар олон мэдээлэл хүлээж авах сонирхолтой болсон. Үүнд нь тохирч байгаа зүйл бол кино. Яагаад гэвэл кино бол бүх урлагийг нэг дор дамжуулж чаддаг. Бүх хүн цаг хорин минутыг симфони үзэхэд зарцуулж төдийлөн чаддаггүй. Хөгжмийн зохиолчид энэ мэдээллийн зарчмыг ойлгоод сайн бүтээлээ киноны уран бүтээл рүү хийх хандлага нь илүү болсон. Тийм учраас киноны хөгжим чадамжаараа бусад төрлөөсөө дээгүүр гарч ирээд байгаа юм.
-Монголын киноны өнөөгийн түвшин ямар байна вэ?
-Зарим нэг зураглаачийн ажил их сайжирсан байна. Хүмүүс нь нээлттэй ертөнцөд амьдарч байгаа учраас гадны ололтууд шингэж байгаагаас зураглаачид, жүжигчид, хөгжмийн зохиолчдын чадвар үнэхээр сайжирсан. Нөгөө талаасаа уран бүтээлч ажиллагаа нь доошилсон.
-Ард түмний сонголтоор “Шилийн сайн эрс”-ийн тухай түүхэн кино бүтээхээр зорьж байна. Таны бодлоор монгол эр хүн гэж хэн бэ?
-Өнгөрсөн жил Далай багштай Токиод зургаан сар байх ажил гарсан юм. Тэгээд уулзаад ярьж байхдаа “Монголчуудад би хэдэн жилийн өмнө “Архиа бага ууж, айргаа тааваараа уу” гэсэн үг хэлж байсан. Харин одоо би нэг үг хэлмээр байна гээд “Чингис хаанаа сайн шүтээ” гэсэн. Үүгээрээ монгол хүн Монголоороо бахархах хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Монгол хүн аливаа зүйлд дасах чадвартай байдаг. Олимпийн аварга болж байгаа нь ч аливаад хатуужилтай, дасан зохицож байгаатай холбоотой. Мөн ямарваа нэг юманд дүн шинжилгээ хийх, ганцаарчилсан сэтгэлгээ өндөртэй.
-Сүүлийн үед “Монгол омогшил” гэж их ярих болсон. Та энэ тухай юу гэж боддог вэ?
-Өөрийгөө илэрхийлж чадалгүй олон арван жил болсноор гэнэт хүчтэй дэлбэрэлт болж омогшил гэдэгт өндөр сэтгэгдлээр хандаж байгаа. Гэхдээ ийм омогшил байх хэрэгтэй. Монголд байгаа монголчууд бусад оронд тархсан монголчуудаасаа нэг дахин илүү омогшилтой, Монголоо гэсэн сэтгэлгээтэй, чадамжтай байх ёстой.
-Хэрвээ “Ганган Төгс” киноны хөгжим бичих санал танд тавьбал хүлээн авах уу?
-Мэдээж саналыг хүлээн авахад татгалзахгүй. Эхлээд зохиолын уншиж, найруулагчийн төлөвлөгөөтэй танилцана. Найруулагч энэ зохиолдоо ямар зорилго тавьж байгаагаас шалтгаална. Тухайн зорилгод нь тохируулан хөгжмөө бичнэ гэсэн үг шүү дээ. Мөн ямар хугацаанд ямар бүтээл шаардаж байгаа нь тодорхой байх шаардлагатай.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: http://free.zaluu.com/index_med.php?id=133

1 comment:

  1. Сайхан ярилцлага байна, Жанцанноров гуай нэгэн удаа ярилцлага өгөхдөө Мандухай сэцэн хатан кино хөгжмөө бичүүлэхээр намайг олсон нь их аз гэж хэлсэн байдаг, үнэхээр энэ үг үнэн, хэрэв өөр хөгжмийн зохиолч киноны хөгжмийг бичсэн бол кино хүнд хүрэхдээ арай өөрөөр хүрэх байсан ч байж магадгүй, ямар ч хөгжмийг нь сонсоход хүний зүрх сэтгэлд хүрдэг гайхамшигтай хөгжмийн зохиолч, биширч хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.

    ReplyDelete