БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, January 21, 2012

П. Тэмүүжин: Гадаадад тоглохдоо эх нутгийнхаа сүрлэг уул нуруудыг төсөөлдөг

Оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг алдарт хуурч Пүрэвхүүгийн хүү морин хуурч, хөөмийч Тэмүүжин хүртсэн билээ. Тэрбээр 2007 ощ Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон мэргэжлийн морин хуурчдын улсын уралдаан болон 2009 онд болсон алдарт хуурч Г.Жамъяны нэрэмжит олон улсын морин хуурчдын уралдааны тэргүүн байрын эзэн бөгөөд 2009 онд Солонгосын Чэжү аралд болсон дэлхийн урлагийн анхдугаар олимпиадын алтан медальт аж. Түүнийг “Сайн өдрийн зочин”-оор урилаа.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Нэр хүндтэй шагнал хүртсэнээр уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
-Төр, түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэндээ баяртай байгаа. Цаашдаа олон зүйл хийхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгч жилд нэг удаа зургаан салбараас тус бүр нэг хүнийг сонгож урамшуулдаг. Хамгийн анх энэ шагналыг Г.Жамъян багш маань хүртэж байсан. Мөн Морин хуурын чуулгын хамт олон болон хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Д.Нацагдорж нарын алдартнууд гардаж байсан юм. Харин намайг морин хуурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн ес дэх хүнээр өргөмжлөн шагнасанд баяртай байна.
Одоогоор мэргэжлийн төвшний морин хуур, хөөмий хосолсон хос цомог гаргахаар ажиллаж байна. Өмнө нь “Тэнгэрлэг аялгуу” морин хуур, хөөмийн аялгуутай цомог
гаргасан.
-Төрийн өндөр шагнал хүртэхэд юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Миний аав. Мөн ээж, ах, эгч, гэр бүл минь. Манайхан гэр бүлээрээ хөгжмийн хүмүүс. Би эдээ орсон цагаасаа л орин хуурын аялгуу сонсч өссөн. Цагаан сар болоход бүх хамаатан садан маань манайд цуглаад аавын хуурдахыг сонсдог байлаа. Энэ бүхэн намайг морин хуурт дуртай болгосон. Гурван настайдаа хуур татаж сурсан. 2002 оноос Жөгжим, бүжгийн коллежид Батбаяр багшийн удирдлага дор суралцан, 2009 онд улсынхаа түүхэнд анх удаа дээд мэргэжилтэй хөөмийч, морин хуурч болж төгссөн. Одоо сургуульдаа багшилж байна.
-Та оюутан байхдаа Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаанд түрүүлж байсан санагдана?
-Г.Жамъян багшийн нэрэмжит уралдаанд оролцож байгаа хуурчид гадаадын сонгодог хөгжим, өөрийн сайн чадах бүтээлээ тоглож, гурван үе өрсөлддөг. Хуурчдаас жинхэнэ авьяас чадвар шаарддаг уралдаан. Өнгөрсөн жилийн наа-дамд олон орны хуурч оролцсон нь сайн хэрэг. Би оюутан байхдаа энэ том наадамд түрүүлснээрээ бахархдаг. Гэсэн ч урлаг хатуу. Тайзан дээр тоглож, аливаа уралдаан тэмцээнд орохдоо алдах эрхгүй. Намайг оюутан байхдаа энэ тэмцээнд түрүүлэхэд зарим хүн магтаж, зарим нь муу хэлсэн. Сүүлдээ ч тоохоо больсон доо.
Тэдний ярьснаар би муу болчихгүй учраас ардын хөгжмөө хөгжүүлэх, суралцахын төлөө зүтгэж явна. Морин хуур татна гэдэг тийм ч хялбар зүйл биш. Хөгжимчин хүн тоглож байгаа хөгжмийнхөө утга санааг ойлгох учиртай. Хөгжим, хөгжимчин хоёр нарийн холбогдож байж сайхан аялгуу гарна. Хөгжмийн өндөр боловсролтой гэгддэг Герман, Итали, Оросын хөгжимчид морин хуурыг монгол хүн шиг тоглож чаддаггүй. Гэхдээ Монгол оронд төрж, монгол ахуйг мэдрээгүй ч тэд морин хуур сонирхон дэлхийн хөгжим болгоход тус болж байна.
-Хилийн чанадад монгол аялгууг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Гадаадад доод тал нь 1500 хүний суудалтай театруудад тоглодог. Японы эзэн хааны ордон буюу одоогийн Ерөнхийлөгчийн зуны харшид бие даасан хоёр цагийн тоглолт хийж байлаа. Мөн Солонгос, Англи, Турк гээд олон оронд тоглож байв. Гадаадад мэргэжлийн өндөр төвшний тайзан дээр гараад тоглоход үзэгчид дуу алддаг. Бүр уйлж харагддаг. Хуурын гайхамшигтай аялгуунд уусч байгаа нь тэр. Би гадаадад тоглохдоо эх орныхоо байгаль, сүрлэг уул нуруудыг төсөөлөн тоглодог. Гэвч гадны үзэгчид манай үзэсгэлэнт байгалийг мэдэхгүй болохоор илүү хичээх хэрэгтэй болдог. Тэд манай орны тухай сайхан төсөөлөлтэй болж чадвал миний тоглосны хэрэг бүтлээ гэсэн үг.
Ер нь хилийн чанадад ардын хөгжмөө сурталчлахдаа “миний уран бүтээлийн цаана улс орны нэр хүнд байгаа” гэж үргэлж бодох ёстой. Хөгжим бол дэлхий нийтийн хэл.
Морин хуурыг икэл гэдэг байсан тухай домог бий. Монголчууд хөгжмийн зэмсэг зохион бүтээчихээд юу гэж нэрлэхээ мэдэхгүй байж л дээ. Тэгээд нутаг нутгийн мэргэн хүмүүсийг цуглуулан зөвлөлдсөн байгаа юм. Мэдээж янз бүрийн нэр дурдагдаж. Гэтэл нэгэн өвгөн “Бидний ярьж байгааг орос хүн ойлгохгүй. Орос хүний яриаг америкчууд ойлгохгүй. Тэгэхээр хүний хэл нь бага хэл юм. Харин хөгжмийг хаана ч ойлгоно. Тэгэхээр хөгжим их хэл болно. Тиймээс их хэл гэж нэрлэе” гэснээр икэл болсон гэдэг. Ийм сайхан түүхтэй үндэсний хөгжмөө бид сайн тоглож сурах хэрэгтэй.
-Сүүлийн үед морин хуураар дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглох болсон. Ер нь хөгжмийн томоохон бүтээлийг морин хуураар тоглож болох уу?
-Ийм оролдлогууд хийж байгаа. Хүмүүс ч морин хуурыг өөрөөр харж, хүндэлдэг болж. Гэхдээ том хэмжээний симфонийг дан морин хуураар тоглох боломжгүй. Дөхүүлж л болох юм. Хийл, босоо ятга, төгөлдөр хуур гээд олон төрлийн хөгжмийг морин хуур орлоно гэдэг хэцүү. Эдгээр зэмсгээр морин хуурын аялгуу тоглоход сайхан сонсогдохгүйтэй адил юм. Харин жинхэнэ ардын язгуур татлага, үндэсний сонгодог гэгддэг З.Хангал, Л.Мөрдорж зэрэг хөгжмиин зохиолчдын бүтээлийг тоглоход морин хуур гайхамшигтай тохирно.
-Морин хуурд зориулсан хөгжмийн бүтээл хэр олон бол?
-1970 оноос хойш сайн хөгжмийн зохиолч олон төрсөн. Олон  зохиол бичсэн. 2007 онд төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багш маань надад морин хуур, хөөмийн концерт бичиж өгч байв. Урьд нь морин хуур, хөөмийн концерт бичиж байсан хөгжмийн зохиолч Монголд байгаагүй. Ганцхан морин хуурт зориулсан концерт л байсан юм. Хөөмийчид зохиолгүйн улмаас ардын дуугаа л хөөмийлдэг байлаа. Харин энэ концерт зохиогдсоноор хөгжмийн урлагт том шинэчлэл болсон. Тухайн үед би оюутан байсан ч багш маань надад итгэж, зохиол бичиж өгсөнд талархаж явдаг.
-Хөгжимчин хүнд гарт орсон хуур гэж бий байх. Таны хуур ямар урлаачийн бүтээл вэ?
-Би анх төрийн хан хуур урлаач Уламбаярын хийсэн шар халзан хуураар тоглодог байсан. Тэр хуурандаа ёстой их дассан. Сүүлд 2007 онд Уламбаяр гуай гараа гаргаж, 2000 ам.долларын үнэтэй мастер хуур урлаж өгсөн юм. Одоо энэ хуураараа тоглож байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш айл бүр гэртээ морин хуураа залах болсон. Гэхдээ бид хуураа аваад тоглочихдог болмоор байна. Ер нь монгол хүн бүрт хуураа тоглож сураад гэрийнхээ жаврыг үргээдэг болохсон гэсэн хүсэл байдаг гэж би боддог.
-Та Монголын язгуур урлагийн ирээдүйн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай үндэсний урлаг цаашдаа энэ чигээрээ хөгжөөд, үндэс сууриа алдахгүйгээр яваасай гэж хүсдэг. Бид өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газар Шороо, үнэт урлагт эзэн нь байх хэрэгтэй. Манай үзэгчдийн хөгжмийн боловсрол янз бүрийн төвшинд байгаа. Үндэсний урлагаа ойлгох нэг нь байхад үгүйсгэж, гадны соёлыг дууриагч ч олон. Гэхдээ монгол хүн байх, монголоороо үлдэхийн тулд бид үндэсний соёлоо хүндэтгэх хэрэгтэй. Гадны соёлыг илт сонирхдог залуус солонгосчууд шиг хувцасладаг болж. Гэтэл монгол хүн байхын үндэс гэж бий.
Хотын ихэнхи хүүхэд морь унаж чадахгүй байх шүү. Энэ бүхэнд санаа зовж явдаг. Харин нэг үеэ бодоход ардын хөгжмийн хамтлаг олон гарч, уран бүтээл туурвиж байна. “Алтан ураг” хамтлаг рок стилиэр тоглодог. Тэднийг залуус монгол рок гэж сонсч байна. Энэ нь нэг талаар үндэсний хөгжмөө сонирхож байгаа хэрэг. Тэгэхээр би язгуур урлагийнхаа алс ирээдүйд сэтгэл хангалуун байгаа.

М. Хангал
Эх сурвалж: “Монголын үнэн”

No comments:

Post a Comment