БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, March 19, 2012

Монгол бөхийн үүсэл, хөгжил

  Суурин иргэншилд нийтийн биен тамир спортууд хувь хүний амьдралын эх үүсвэр, бизнес, мэрэгжил болж хувирсан учраас олон түмэн түүнийг үзэж харж сэтгэлийн тэжээл авхаас биеэрээ оролцохгүй тул өнөөдрийн хүн төрлөхтөн хөдөлгөөний хомстолд орж, элдэв төрлийн шинэ өвчин эмгэгт ороогдоод байна шүү дээ. Тухайбал монгол бөхөөс чөлөөт, жудо, самбо, сумо зэрэг бөхийн төрлүүд үүссэн. Эсвэл эдгээр бөхийн төрлүүдийн цогц нь монгол бөх . Азрага бие биеийнхээ даланг тас хазсан нь ялдаг учир далангаа хамгаалж цоройж ноцолддог, үүнийг дуурайж сагсан бөмбөг, буур бие биеийн өвдөг тойгыг хаг хазсан нь ялдаг учир өвдөгөө хамгаалж сөгөрч ноцолддог, үүнийг дуурайлгаж хөл бөмбөг, хуц ухарч 2-3 м зайнаас давшиж, газраас метр шахуу хөөрч, чөлөөт уналтын хүчний хуулиар бүх биеийн жин, бүх хүчээ духандаа цуглуулж, бие биеийнхээ духыг хаг мөргөж ялах зорилгоор мөргөлддөг бол ухна хуц шиг ухарч давшиж мөргөлддөг боловч хүчтэй мөргөлдөхгүй, сүр бадруулан хойт хоёр хөл дээрээ эгц дээшээ хүн шиг зогсох боловч буухдаа зөөлөн бууж, мөргөлдөх дүр үзүүлнэ. Хуцны мөргөлдөөний онолоор шатар үүссэн, ухнын мөргөлдөөний онолоор даам үүссэн гэх логик сэтгэгдэл төрж байнаа. Шатар нь эр шинжийг агуулсан буюу маш гүнзгий далд олон хувилбартай бол даам нь эм шинжийг агуулсан буюу ил уран, цөөхөн хувилбартай байдаг.
Азарганы ноцолдооны зургыг суурин иргэншлийн залуус хараад нилээд сэргэлэн зарим нь сагсаны шитьнээс бөмбөг булаалцаж байгаа мэт мөн ч сүртэй амьтад гэж бодож байхад зарим нь ямар аймаар тулалддаг байнаа, ямар тарган юм бэ? Арааных шүлс асгарч байж ч мэдэх, гуравдах зарим нь малын ноцолдох, мөргөлдөх талаар ойлтголт ч байхгүй, амьдралдаа огт үзээгүй нь ямар аймаар юм бэ? Цул өөх байна шүүдээ, хар мах алгаа гэхэд ахмадууд нь нүд нь тайлагдсан болохоор аргагүй л хийморьтой мал юм даа хэмээн нүдээ хужирлаж, сэтгэлээ ариусгаж, энэ сайхан байгаль дэлхийн өвс, ургамал, усны шим сүү айрагаар ундаалдаг Монголчууд мөн ч хувьтай төржээ гэж атаархана. Бух уул, ус, газар дэлхий цуурайтуулан урамдан эврээрээ эрэг гуу сэндийчэж, урд хоёр хөлөөрөө ээлжлэн сулласан шороогоо самардаж, нуруун дээгүүрээ төдийгүй, толгойгоо хүртэл шороогоор булж, надтай арсалдах хүчтэн байна уу хүрээд ир, сүлбээд өгөе гэх мэтээр авирладаг нь мөргөлдөхийн тулд эврийн дасгал хийж шороо сэндийчнэ, мөргөлдөхдөө чээжиндээ хамаг хүч, жингээ хуримтлуулдаг учраас урд хоёр хөл дээрээн ээлжлэн зогсож бие халаалт хийнгүүтээ нүдээ улаанаар эргэлдүүлэн сүрдүүлэн айлгаж, газар дэлхий хүртэл миний өмч хэмээн аархаж, таахалздагыг дуурайж, бөхийн ам угтуул, зол хэргэмийг наадамчдийг төдийгүй орон дэлхий, уул усанд дуулгаж, уртаар уянгалуулан цоллодог, сумогийн их аврага Давгадорж яг барилдаанд гарахдаа баруун гараа шувт татан амаараа тарнидан, омогшин махан биеэ чангалж, гэрлэн биеэ ариусган, нүдний цахилгаансоронзон долгионоороо учраа бөхийн сүлд хийморыг үхүүлж барилддаг зан үйлийн нууцыг эхээс нь үүдэлтэй хэмээн бодогдоно. Энэ мэт ухаанаараа ноцолдох учраас эцэг малын ноцолдоон, мөргөлдөөнөөс ялгаж “барилдах” гэж нэрлэжээ. Азрага газар цавчилан самардавч шороогоо гадагш нь цацна, хэрэв биедээн хүрвэл шилгээж ариусгана. Бух хүрээд ир үзэлцэе гэж байхад азрага хүчитний дэргэд хүчгүй буруутай, намайг дүүлэхгүй ээ шороонд булагдана шүү, гэвч өөрөө мэд гэж урьдаас сануулж байгаа нь гэр бүлийн байгалийн загвар нь азрага адуу хэмээх миний таамаглалыг батлана. Үүнийг дуурайж шороотой бөх голдуу хаядаг, хаясан бол тэр наадаманд түрүүлэх магадлал их байдаг нь ариуссантай холбоотой. Адуу хий махбодтой учир шороо тоосноос сэжиглэнэ. Гэтэл бух шороон махбодтой учраас шороонд ариусна. Азарга үүрсэж ижлээ энхрийлэх нь дээрх тэнгэр минийх хэмээн бухтай арсалдаж байна гэмээр. Гэтэл Буур азарга, бух хоёрт аархаж, би та хоёрыг бодвол 12 жилийн амьтаныг шинжийг агуулсан учраас гурван есын хүйтэнд гурван сар мацаг барьж, гэдсээ нуруундаа наадтал татаж, амаараа хөөс сахаруулан, шүдээ тас тас хавиран, шилээрээ бохь цацаж үхэр бүрээ үлээж байгаа мэт хүрхрэн, шээсээрээ хойт бөхөө гуядаж мөс үүсгэн шавж, харсан ингэнүүд шээрч зогсон ээнэгшиж байхад ат болон бусад тэмээнүүд айж сүрдэн ингэнүүдээсээ холдож, зай тавьж өгдөг шиг бөх барилдах болонгуут цугласан олон гадагшаа ярагдан тойрч зогссоныг зургаас хар. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болоод өвлийн хүйтний эрч суларснаас буурын оролтын эрч суларсан хэмээн малчид хүүрнэж байна. Буурын хүрхрээний аяыг гаргахын тулд үхэр бүрээг зохиосон. Буурны энэ зан үйлийг дуурайж бөхийн шаваа дэвээ, урьдчилан бэлтгэл хийдэг зан үйл үүссэн. Бэлтгэлийг хийхдээ уух ундаагаа хасаж судас шөрмөсөө чангалдаг, хоолоо хасаж, дотор эрхтэн, гэрлэн биеэ ариусгаж, цэвэрлэж, гэдэсний булчингаа хөгжүүлдэг, Их аврагын зургийг хар. Харсан хэнгуй ч бахархал төрж, хийморь сэтгэл сэргэж, нүд баясаж, ийм эрчүүд дэлхийг эзлэхгүй ч яахав дээ гэж бодогдоно. Сайн бөх, үнэн бодит түүх, шог инээдмийн хошигнол ярилцаж инээж хөхөрч сэтгэл санаагаа ариусгадаг, хонины мах, хонины шөл уудаггүй, шүдлэн ямааны мах идэж дотоод нуугдмал хуримталсан хий, элдэв бохирдлоо гаргаж, ухаан нь саруулжиж, дотор нь онгойж, амьсгаа нь задарч, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, дотор гаднагүй бүх биеийн алжаал тайлагдаж, бяр тэнхээ сууж, үе мөчний уян хатан чанар хөдөлгөөнт байдалд дасч улмаар тэсвэр хатуужил, эр зориг эрс нэмэгддэг байна. Энэ зан үйл морийг заавал уяж уралддагтай адил бөлгөө. Адууны хурдан эсэх нь удамшлаас хамаардагтай адил сайн бөх төрөх нь эцэг эхийн удамаас хамаарна. Эндээс хүүхдийг эцэг эх дундаасаа хувилдаг учраас гуравдах цоо шинэ хүн төрдөггүй байна. Доорх наадамчдын фото зургаас харахад бөх ч, ард олон ч, төрийн тэргүүн ч нэг л дүр төрхтэй, үндэснийхээ дээл, малгайтайгаа, ёс заншлаа алдаагүй л байсан байна. Нэгч тарган хүн харагдахгүй байгаа нь Монголчууд шинжлэх ухааны үндэслэлтэй хоололдгийг 21-р зуун гарч л хүн төрлөхтөн ойлгож эхлэж байна. Шинэ үеийн Монголчууд нүүдлийн иргэншлээс татгалзаж, суурин иргэншлийг шүтэн биширч өдөр шөнөгүй мах идэж, барьж үзэх биегүй, байцаан шийтгэх эрхгүй ундаагаар сэтгэл мэдрэлээ хордуулж, эрчүүд нь эр биеэ эм биеэр сольж, хоолоо хасаж, өөрийгөө сойж барилддаг заншилаа амаараа гартал хооллох, эрхлэх, унтахыг эрхэмлэх, сэрвэл наймаа хийхээс өөр ажилгүй болтлоо хувирчээ. Азраганы ноцолдооныг дуурайж гар мэх, буурынхыг дуурайж хөл мэх үүссэн тул тохой, өвдөг газарт хүрвэл унасанд тооцдог нь монгол гүн ухааны бүтээл мөн гэдгийг нотлох мэт. Зарим азарга өөрийн төл биш бол төллөсний дараа унага хөл дээрээ тэнцээд ирмэгц шилэн хүзүүн дээрээс нь зуугаад сэгсэрээд чулуудчихна. Энэ зан үйлийг дуурайж сээрэн дунгуй мэх үүссэн, гэвч хийлгэсэн бөх унахдаа нугас нь тасрах магадлалтай учир хориотой. Харин энэ мэхний хувилбар өмсөх мэхийг Булган аймгийн улсын заан Дамдиндорж анх удаа сэтгэж хэрэгжүүлж, Булганы өмсдөг Дамдиндорж цолыг ард түмнээсээ хүртэж, Монголын бөхийн түүхэнд мөнхөрсөн. Хулгар гочоо өмсдөгөөр сольсон Дамдиндорж бидэнд дурсахгүй байхын аргагүй дурсамж үлдээжээ: Дамдиндоржийг дэлээд гараад ирэнгүүт наадамчид нижгэнэтэл алга ташаад л өмсөөрөй өмсөөрөй гэж хашгиралдаад л эхлэтэл Дамдиндорж ч хийморь нь сэргэдэг бололтой, тайлбарлагч ч онгод нь орчихсон өмслөө өмслөө, өмсчихлөө гээд л орон даяар цуурайтуулж байдагсан. Наадамчид ч дахиад л алга нижигнүүлнэ. Аврага Мөнхбат Жанжины талбай дээр барилдаж өмсүүлчихээд 13 дахь удаагаа өмсүүллээ, дараа заавал хаянадаа гэж шүд зуун ярьж байсансан, түүнээс хойш нэг ч унаагүй гэнэлээ. Өмсөхийг хорих барьц олсон байх. Хожим бодоход нарийн тооцоотой байж “аврага” хүртдэг бололтой. Цэрвүү барилдааныг эцэг малын мөргөлдөөн, ноцолдооныг дуурайж үүссэн бол барьж барилдахыг ямар амьтаныг дуурайсан болдоо гэж асуух байх? Тэгвэл ам бүлдээ оруулдагаараа нохойн ноцолдооныг зээлсэн юм. Мэхэн дотроос хамгийн муухай мэх нохой мордох гэдэг, нохой дийлдсэн ч хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэж мэддэггүй, гөлөг ч байсан гэр орон, хоол хүнсээ харамлаж том нохойтой ноцолдож бариулна. Үүнийг дуурайж монгол бөх жин, нас харгалзахгүй барилддаг. Нохой нэг л хэрэлдсэн бол дахин эвлэрэх гэж байхгүй. Эндээс “нохой нохойгоо барихаас, хүн хүнээ барьдаггүй” хэлц үг үүссэн. Гэтэл эцэг мал нэг ялагдвал дахин тэмцэлдэхгүй. Дэлхийн дагуул сар байдагтай адил гэр бүлийн дагуул нохой учраас Монголчууд ам бүлдээ оруулдаг, үхэхэд нь сүүлээр нь дэр тавьж ёслол төгөлдөр оршуулдаг. Нохой эзнийхээ холын хамаатан садныг хүртэл ялгадаг, зөвхөн хөрөнгийг хамгаалах төдийгүй нохой айлын “үүдээс” хамаарч хүн урдаг, урдаггүй, чононоос айдаг, айдаггүй, эзнийхээ заяа тавиланг тодорхойлж байдаг. Энэ нь чоно өөрөөсөө дутуу заяатанд харагддаггүй, адил заяатанд харагддаг, илүү заяатандаа алагддаг гэдэгтэй утга нэг бөлгөө. Ялагдсан азрага, буур урамгүйхэн адуу руугаа, өөрийн тэмээ рүүгээ алхдаг шиг, унасан бөх тахимаа дуртай дургүйн хооронд өгөнгөө гунигтайхан буцна, дийлсэн азрага, буур сүр бадруулан унгалдан баяр хөөр болон тус тусын сүрэг рүүгээн дахиж очдог шиг хаясан бөх шавж дэвсээр тугандаа мөргөж, наадамчдын дээгүүр тэнгэр харах гэсэн шиг нар зөв тойрон харж, олонд түмэнд гайхуулсаар хар гүйхээрээ гарааны байрандаа очих замдаа булчин шөрмөсөө тэнийлгэж, сэтгэхүйн тэнхээ авдаг байнаа. Хаясан бөхөд наадамчид алга таших, дуу авиа гаргаж баярласнаа илэрхийлдэг нь эерэг энерги зарим нь өгч, зарим авч хиймор нь сэргэж баясдаг байна. Тэгвэл хоёр бөх бие, сэтгэхүйгээрээ барилдаж байгаа төдийгүй бүх наадамчид хоёр хуваагдаж, сэтгэхүйгээрээ барилдаж байгаа байх нь ээ та минь ээ гэж бодогдох нь юу билээ. Нэг ёсны дараагийн барилдааны бие халаалт болно. Сэтгэхүйгээр барилдах гэж юу бичээд байнаа хэмээн зарим уншигчид бодож магад, тэгвэл бөхчүүд өөрөө байлдах үедээ эхнэр, эхийгээ үзэхийг цээрлэдэг атлаа эцэг, ах дүү, садан төрлөө үзэхийг зөвшөөрдөг, үзвэл дээлнийх нь захыг байдаг чадлаараа мушгиад, хаяхыг бурханаас гуйх биш, чулуудчих гэж дэргэдэх улс амьтнаас зовох ч үгүй хашгараад байдаг монгол зан үйл юу хэлнэ вэ. Үүнийг л Би сэтгэлээрээ барилдах гээд байгаа юм. Эхний хоёр давааны байдлаас хэн нь илүү сайн байгааг бөх шинжээчид ажиглаад мэднэ, үүнийгээ одтой байна, эсвэл энэ хүүгийн од нь тодорчихжээ гэж ярина. Мөн үүнтэй адил түрүүлэх морьдыг давхилын гараанд нь эсвэл урьд орой нь хараад л мэднэ. Энэ нь монголчууд алсыг харах агуу чадвартайг илтгэнэ. Монголчуудын байгалийн дагуул нохой нь мэдээлэл сонсгогч, хүргэгч, хамгаалагч, эрчүүдийн хоёрдох дагуул морь зөвхөн эзний найдвартай нөхөр, аливаа эрсдлээс аварагч. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдгээ. Маршал Чойбалсангийн үед Монголын ард түмний төрх, аж төрж байсан байдал, төр ард түмний харьцаа холбоо ямар байсныг энэхүү Фото зургаас харж болно. Дашрамд тэмдэглэхэд 3-дах зургаас наадамчдийн газар суух урлагыг хар. Энэ суудал хурдан босох боломжтой, хормойгоо шуусан цэмцгэр сөгдөж сууцгааж байна. Малгайгий нь хар, оройны сампиндаа долоодох хүрдээ залж байдгийг гайхмаар. Бөхчүүдийн биенд ямарч илүү зүүлт алга, чээж гэхэд толгой бөв бөөрөнхий, дух нь малгайны саравч шиг урагшаа түрсэн байдалтай хоёр нүд нь духан дороос цухуйн харагдсан, хоёр чих нь толгойных нь хоёр талд наасан юм шиг ив ил, хамар нь толгойноос ургасан мэт урагшаа түрсэн хоёр нүх нь онгорхой, хоёр хацарын эрүү түүш нь овойсон, хоёр жавж нь хонхойсон, хамрын доорх хөндлөн хагархай нь жимийстэй, төвөнх нь төмбөлзөөд л, хавирга сүврэгдэс нь гүрэлзээд, хоёр мээм нь нүд булаагаад л эхийн цагаан сүүгээр өссөндөө гэж хэлэх мэт, өвчүү хэнхдэг нь түхийгээд л, цорой нь хөвчрөөд, хүйс нь гэдэсгүй юм шиг нуруугаа дэлсээд л, бэлхүүс нь арван зургаатай охиныхыг зээлсэн мэт жавхайгаад, бөгс нь гэхэд өгцөгний хоёр мах нь үхрийн өгцөгний махнаас аваад наачихсан мэт овойсон, тэхдээ гуянд нь хатуу холбосон гэхээр зангирч харагдана. Гар хөлийн булчин, шөрмөс нь зангирсан, ширхэг ширхэгээрээ ялгарч, цусны бүдүүн нарийн судаснууд ил харагдана. Дотор гадны аль ч эрхтэнд өөх байхгүй. Биений өнгө нь ч шар бараан эсэх нь тослог эсэх, мах нь яргай буюу эр эм эсэх, ерөнхийдөө биеийн галбир хийц урлагтай, бартаг эсэх, зан авир нь хатуу зөөлөн эсэх, хүн чанарын хувьд ямар эсэх нь бүгд ил харагдаж байна. Хоёр Мөнхийн үеэр бөхийн энэ чанар дуусах шивдээ. Үгүй байз даа жижиг Сүхбатаар … нээрэн тийм, ямартаа л түрүүлэх зам нь шуудраад ирэхтэй зэрэг наадамчин олныг уйлуулан, өөрөө нулимасаа бөмбөрүүлэн зодог тайлна гэдэг монгол бөхийн жудаг, ёс суртахууныг өвлөж ирсэн ёс жаягыг өөрийн махан биеэрээ төгсгөж, сүнсэндээ мөнхлөж, үүнээс хойш ардчиллын бөхийн үе эхэллээ гэдгийг ард түмэндээ зарлан тунхаглажээ. Бүтэн жилдээ хүрэх сайн энергээ нөөцлөж байсан наадмын гурав дахь өдрийн үдээс хойш их тэсрэлт болж наадамчдын урам зориг унтарч эрийн гурван наадмын эрч суларч Монголчуудад хар энергийн илүүдэл нүүрлэх боллоо. Монголын ардчилсан холбооны дарга, УИХ-ийн эрхэм гишүүн, төрийн сайд Х.Баттулгын айлтгал “ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй, өсөж байгаа шинэ үе маань нь … энэ өдрийн утга учрыг мэддэг, ойлгодог байх ёстой” хэмээн 20 жил бодож боловсруулж өнөөдөр та нарт сургах завшаан олдлоо хэмээн цэцэрхсэн нь: ардын хэллэгээр сайд минь “бяруу болоогүй байж бух болжээ, эсвэл өнгөрсөн түүхээ харааж, өөдөөсөө их буугаар буудуулжээ, эсвэл дутуу боловсрол гэдэг ямар аюултайг, эсвэл монголын ардчилал нэг иймэрхүү л байгаагийн дүр төрхийг үнэнээр харууллаа. Аймшигт нийгмийн морь дээрх наадамчдын ард хоёр хүн сундалсан морь шиг гурван овоо тэгш амаа жимийж, толгойгоо дээш өргөж, тэнгэр харж явдаг юм. Гэтэл Чондон болдгын хөшөөний морийг засуулсан хөгшин орос азарга унасан байна гээд шүүмжлээд байгаа юм. “Аймшигт нийгмийн” бөх ийм байж, ардчилсан нийгмийн бөхийг хараарай уншигчдаа: Ардчиллын монгол эр хүнийг “аймшигт нийгмийн” нүдээр харвал: нүд, чих, хамар, ам нь үзэгдэх төдий, самсай нь шигдчихсэн, хүзүүгүй юм шиг, хавирга сүврэгдэс, булчин шөрмөс, судас бүгд далд бүх биеэр нь хаван гүйчихсэн харагдах юм. Ядахдаа “арван наймтын” бэлхүүсий нь хүртэл хоёр гурван ихэр хүүхэд тээсэн, төрөх нь өнөө маргаашгүй тулсан эхнэр хүний гэдэсээр сольдог нь ч юу билээ. Үлээсэн гүзээ шиг, өөрийн хүнийх нь хамаагүй, хоолоо олж идэж чаддаг чаддаггүй нь хамаагүй, хүн дүрст сармагчин ч байсан хамаагүй эр хүний гэдсэнд хэд гурваар хүүхэд өсгөхийн билэг зөгнөл үү? Хуучин цагын монгол бөхөөс хүн нь бүр мөсөн солигдож, зодог шуудаг, гутал гурав л үлдээ шив дээ. Дэвж байгаа бөхчүүдийг ажиглавал гар нь дээшээ 45 градусаас дээш өргөгдөхгүй, хөлийн өсгийгээрээ өгцөгөө түс түс хийтэл зохих байтугай, газраас хөндийрөх төдий, хан гарьд шиг дэвэх байтугай дэвэх дүр эсгэж байгаа харагдаж байна. Зүүн талаасаа хоёрдох бөхийн дэлж байгааг хараач, бээвийсэн, шартчихаад, хамаг бие нь шархираад байгаа юм шиг. Засуулууд нь сүр сүлдгүй, дээлэндээ үүртчихсэн, цөмөөрөө хар өнгөтэй дээл өмсдөг нь ямар учиртай юм. Нэвсийсэн хар юмнууд л цөм цаашаа харцагаасан, бөхчүүд нь цөм наашаа үзэгчидтэйгээ барилдах гэж байгаа шиг харагдаж байна. Эднийг хараад сэтгэл хөдлөж, хийморь нэг их сэргэхгүй л бололтой Боос гүзээ, мийс гүзээ гэж хоёр янз. Боос гүзээ цүндгэр байдаг бол мийс гүзээ Мэнэнгийн тал мэт хавтгай гэнэ. Орсон буурын гүзээ шиг нуруундаа наалдсан мийс гүзээтэй байсан бөх өнөөдөр, цүндгэр буюу боос гүзээтэй бөхтэй болсон, уначихаад унаагүй гэж засуулаа үл хэрэгсэн заавал төв шүүгчтэй заргалддаг нь бөх хөгжиж байгаа нь тэр гэнэ. Бөхийн өнөө ба ирээдүй нэг иймэрхүү шив дээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Х. Сүхбаатар УБ хот. 2011 он.
  Н. Мөнхгэрэл  Бизнэтворк сайтын Зөвхөн Монголдоо бүлгээс

No comments:

Post a Comment