БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, March 19, 2012

Монгол Гэрийн гайхамшгаас

 Домогт өгүүлдгээр, Бөртэ Чоно Гоо Маралын удамын Алун Гоо хатны хэвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрэлдсэн хүүхэд Чингис хааны тэнгэр язгуурт хуланц гэнэ. Билэг дэмбэрэлийн амьтад Нар шүтэх ёстой ийнхүү уялддагаас монголчуудын гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг. Гэрийн голд багана байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн. Эртний багана эрхэмлэдэг энэ заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр шулам, муу муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг цээрлэдэг. Гал бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ бэрийг галд мөргүүлж өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн онгоо байрлуулдаг байсны үлдэц юм. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийг бөх бат төгс төгөлдөр нь бөмбөрцөг хэлбэр.. Монголчууд мод, малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ хийдэг. Гэр яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ.
Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрдэнэ. Хонины ноосоор гар хийцийн эсгий хийдэг байв. Хонины ноос зунгагтай учир эсгий ямар нэг хэмжээгээр ус даах чанартай ч эсгийг ямааны тосоор тосолж бороо нэвчихгүй болгодог. Өнгий нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийнэ. Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан ноосоор эсгий үйлдвэрлэж байна. Одоо борооноос хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур бүрээс давхарладаг болжээ. Гэрийн модыг мөн үйлдвэрт хийж байна. Гэрийн мод дунджаар 35, эсгий 15 жил хэрэглэгддэг. Гэрийг амархан барьж угсардаг, түүнээсээ амархан буулгаж нүүдэг. Жин нь ердөө 250-270 кг тул хэдхэн тэмээ, сарлагт ачаад нүүчихдэг, цагийн дотор авгай нөхөр, анд нөхөр ч юмуу хоёрхон хүн барьчихдаг, хөнгөн авсаархан ийм сууц нүүдэлд тохиромжтой нь илт. Монголчууд нүүдлийн улсыг зам тосон домботой цай, тавагтай идээ барин угтаж цайлдаг, гэр барихад тааралдсан таних танихгүй хүмүүс очиж тусалдаг заншилтай. Гэрийн их багийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага дөрвөн хант, 16 толгой 6 хант гэрийг их 6 хант гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт тэмдэглэгдсэнээс хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж том Бат-Өлзий гэр. XIII зууны үеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн нүүдэл тухайн үеийн гайхамшиг байв. Хаадын их нүүдэл суурин иргэдийн жуулчин, хэсүүлчдийн нүдэнд талын ингээр алгуурхан хөдөлж яваа хот мэтээр төсөөлөгддөг байжээ. Ийм их гэр тэргэнээс гадна дөрөв, найман үхэр хөлөлсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч бас олон байсан. Ирээдүйн Чингис хаан 1155 онд даруухан нэгэн эсгий гэрт мэндэлсэн. Одоо хэрэглээнээс гарсан унь тооно хоёр нь үргэлж гэрийг сархинаг тоонотой гэр гэх бөгөөд ийм гэр нь ямар ч догшин салхи ширүүн бороонд унадаггүйгээр үл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад үерийн ус дайраад өнгөрхөөс биш аваад явчихдаггүй байжээ. Сархинаг тоонот гэрийн хэлбэр хатгуур тоонот конус хэлбэрийн гэрийг бодвол илүү бөмбөгөр, хожимдоо гэрийн унь тооно саланги болж эдүгээгийн хатгуур тоонот гэр үүссэн. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан ийм гэр өнгөрсөн зууны тавиад он хүртэл говийн малчдын дунд байсаар л байлаа. Унь тооно хаалга хатавчны харьцаа өөр болсон хэдий ч монгол гэрийн үндсэн хэлбэр төрх хийц маяг нь өөрчлөгдөлгүй манай үед хүрч иржээ. Гэрийн одоогийн энэ хэв хийц 16 дугаар зуунаас өргөн дэлгэрсэн сонгодог хэлбэр. Гэрийн хаалга тооно голчоороо тэнцүү ба энэ үндсэн суурь хэмжээ болдог. Баганын өндөр хаалганаас 1,5 дахин өндөр. Шалны голч тоононы голчоос 4 дахин том. Унийн урт тоононы радиусыг 3 дахин авсантай тэнцүү. Европт сүм дугана барихдаа хүний биеийн харьцааг мөрдлөг болгон авсан харьцааны чанарыг мэргэжлийн хэлээр алтан огтлол модул гэж нэрлэгддэг барилга архитектурын арга гэрийн модонд яг ижил мөрдөгддөг болохыг МУИС-ын багш С.Даваажав судалгаагаар илрүүлсэн байна. Монгол гэрийн бат бөх чанар чухамхүү энэ алтан огтлолд л оршино. Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас нэг гайхамшиг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг (бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-могой цаг), гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт. Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн хант билээ. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтдаар нэрлэгддэг. Гэрийн доторхи зайг хоймор, гал голомт, эрэгтэйн тал, эмэгтайн тал гэж ерөнхийд нь хуваадаг. Хоймрын авдар дээр бурхан шүтээнээ залдаг. Гэрийн эзэн хоймор талдаа суудаг ба хамгийн хүндтэй зочноо хоймортоо урьж суулгана. Хоймор талд элбэг баяны билэг тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр жилд тус тус таарна. Хүрээлэн буй орчных нь уул ус, гүвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг ч үүд хоймрынх нь орших зүг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бүү хэл хониных нь хот, үхэр тугал, ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нүүж хаана ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зүг чигийг нь хэзээ ч өөрчилдөггүй. Гэр дотор нүүдэггүйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчноо ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлвэл хэд ч нүүж хаана ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах өөрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч өөрчлөлтгүйгээр аваад яваад байдаг гэсэн үг юм. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эд юмсын байрлал, зүг чигийг хэдэн үеэрээ өөрчлөөгүй айл бишгүй байдаг. Гэрт оруут баруун хаяаны эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс эрэгтэйн тал эхлэнэ. Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй. Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур, ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна. Хөхүүр баруун талд байдаг нь эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэх. Эрэгтэй зочид баруун талд суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг, айлдаа хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьдхан морины уяа хатгаастай. Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эмэгтэйн талд усны болон саалийн сав, гал тогооны эрэгнэг, эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн авдар байна. Эм хүн бард хөөгдсөн туулай мэт аймхай дорой гэсэн санааг илэрхийлсэн мэт эзэгтэйн ор бар туулай жилүүдийн хоорондох зайнд яв цав таарна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй харгалдан үхэр жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн үзлээс улбаатай гэнэ. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг тархсан Монголд гэрт ирсэн хүнийг заавал хооллож ундалдаг, тэр ч байтугай эзгүйд таарсан аянчин жинчинд зориулж идэх уух юм ширээн дээрээ бэлдээд, гэрээ цоожгүй орхиод малдаа явдаг заншил саяхан болтол говийн аймгуудад байсаар байлаа. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах жилүүдийн алдаа оноонд хүний сайхан чанар бүүдийж, залхай өөдгүй улс олширсноор монгол гэрийн үүд түгжээтэй байдаг боллоо. ХХ зууны эхэнд бараг бүгдээр нүүдэлчид байсан монголчуудын 30 хүрэхгүй хувь л одоо нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Гэтэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад гэр орчин үеийн байр сууцтай зэрэгцэн оршсоор, бүхэл бүтэн гэр хороолол хотын энд тэнд байсаар. Аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог өргөн хэрэглэх болов. Ердийн дөрөв таван хант гэрээс гадна тэргэн дээрх эртний гэрийг ч, дээр үед зөвхөн хаад ноёд залардаг байсан олон хант том гэр барьж ресторан маягаар ашиглах боллоо. Гэр хэлбэртэй халаалга, халуун хүйтэн ус, бие засах хорго бүхий тоосгон барилга энд тэндхийн амралт сувиллын газар олноор баригдаж гадна дотны хүмүүсийн талархлыг хүлээж байна. Одоо гэрийн дээвэр дээрээ нарны зайтай, гаднаа телевизийн тавган антентэй айл хот хөдөөгүй олон болж, бага оврын цахилгаан үүсгэгч генератор, хөргөгч, телевизор, радио, компьютер гээд орчин цагийн гэр ахуйн техник монгол гэрт байраа эзэлжээ. Монгол гэрийн тавилга зөвхөн шинэчлэгдэж буй бус гэр өөрөө шинэ орчинд байр сууриа олж, монголын уудам талаас хальж харь холын орнуудад тархаж эхэллээ. Голландын бизнес эрхлэгч жуулчны баазаа нэжгээд монгол гэр барьж үүсгээд, улмаар өндөр нуруутай өрнөдийн улс гэрт орж гарахад хялбар болгох үүднээс гэрийн хаалганы тотгыг өндөрсгөн арк маягийн болгон, гэр үйлдвэрлэдэг цехтэй болжээ. Авхаалжтай голланд эр гэр зохиосон авторын эрхийн гэрчилгээ авах гээд хөөцөлдөөд явж байсан тухай манай сонинд бичигдэж байсан. Би Японд их зургаан хант гэрт монгол хоолны ресторанд орж үзэж байлаа. Чехэд дорно дахин судлаач (иржи) Шима гуайн эрхлэн ажиллуулдаг Ази нөхдийн клуб хоёр ч монгол гэртэй. Жил бүр Чехийн хөдөө нутагт гэр барин, гэрийн баяр зохион байгуулдаг уламжлалтай. Францын морь судлаач эрдэмтэд Монголд тахь эргэн нутагшуулах төсөлд манлайлан оролцож, франц судлаачдын зарим нь нутгийнхаа өмнөд хэсэгт жилийн дөрвөн улиралд гэрт амьдран тахийн зан араншинг судалдаг нь сонин. Парис хотод дуу бичлэгийн студийг гэрт хийдэг моод дэлгэрсэн нь чамирхал төдий биш юм. Дөрвөлжин өрөөнд хана, тааз, шал болон өрөөний булан хүртэл долгион харилцан адилгүй хэмжээний зайг туулах тул зөөлөвч хийсэн ч гажилт үүснэ. Гэтэл дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэр аль ч талаараа дуу бичлэгийн студи хийхэд хамгийн оновчтой байр болох нь ойлгомжтой. XIX зууны эцэст дэлхийн янз бүрийн газар оронд зуу гаруй ястан үндэстэн гэр хэрэглэж байжээ. Хүзүүвчин тоонотой цомцог гэрийг Оросын Холбооны улсын Халимаг, Тува, Башкир, Татар, Курд, Ногай, Хягас, дундад азийн Казак, Туркмен, Узбек, Тажик, Киргиз зэрэг орнууд; түрэг угсааны Юрюкин (Турк), Хазар (Афганистан); Могол; Өвөр Монголд хэрэглэсээр байна. Харин Эвэн, Сагай, Эскимосуудын сууцыг урцнаас гэр рүү шилжих үеийн сууцны хэлбэр гэж үздэг байна. Гэрийн уг язгуурыг оромж гэх ба үүнд урц, овоохой, шовоохой гээд түр зуур толгой хорогдох нэн болхидуу сууц орно. Умард Америкийн индиан, Авсрали, Африкийн зэрлэг омгууд, Сибирийн гүн тайга, Енесей, Амар мөрний сав болон Саяан Алтайн уулархаг нутагт амьдардаг зарим ястан одоо ч урцыг сууц болгон хэрэглэсээр байна. Д.Гангаа

Н. Мөнхгэрэл

No comments:

Post a Comment