БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, December 21, 2011

Ардын багш, Доктор, Профессор Ш.Шагдар: Монгол орон жуулчдын сонирхлыг татдагийн учир юу вэ?

Монгол орон бол Төв Азийн их цөл, Сибирийн их хөвч тайга хоёрын бие биеэндээ уусан шингэх торгон зааг газарт оршдог учраас байгалийн эрс тэс онцлог бүрдсэн үзэсгэлэнт газар элбэгтэй болсоноос гадна хүн таруу суурьшдаг учраас байгалийн онгон төрх нь хэвээрээ хадгалагдан үлдсэн дэлхийн цөөн орны нэг юм. Үүнд:
Монголын өмнөд хэсгийн говь цөл нутаг, Дорнод хэсгийн хээр тал нутаг, Алтай, Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулсын их тайга эдгээр болно. Хүний аж ахуйн үйл ажиллагаанд өртөөгүй онгоноороо байгаа байгалийн эдгээр гурван төрх байдлыг монгол оронд үзэж болно. Уулын хурдан урсгалт болор тунгалаг гол горхи, рашаан усны амт, цэлмэг тэнгэрийн гайхам, хөх цэнхэр өнгө, уул тал хээрийн агь ганганы анхилуун үнэр, цэн тогоруу, хун, галуу зэрэг түмэн зүйлийн шувуудын шуугиан чимээ, давхиад давхиад барагдахгүй их уул тал, энэ бүхэн мэдрэхүйн таван эрхтэнд нөлөөлөх Монголын байгалийн үнэн төрх болой.



Монгол орон бол тэр аяараа байгалийн музей билээ. Өөр хаана ч үзэж чадахгүй газарзүйн өвөрмөц тогтоцыг, Үлэг гүрвэлийн олборыг та Монголд үзнэ. Монгол орон тэр аяараа амьтан ургамлын хүрээлэн билээ. Дэлхийд өөр газар үзэхгүй ховор ургамал, амьтан, жигүүртэн шувуудыг та Монголд үзнэ. Монголын хээр тал, говь цөлд өдөр нь тарвага, зээр, гөрөөс тоолж, шөнө нь тунгалаг цэнхэр тэнгэрт нь од тоолж болно. Товчоор хэлбэл Монгол орны байгалийн онгон зэрлэг нөхцөл байдал нь хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг юм. Энэ бол Монголд жуулчид ирдэгийн нэгдүгээр шалтгаан, учир холбогдол болно.

Монгол орон тэр аяараа түүхийн музей билээ. Түүх соёлын дурсгалт зүйл тааралдахгүй зам Монголд байхгүй. Гадаад дотоодын хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг 2-р шалтгаан учир холбогдол орших Монголын түүх соёлын дурсгалыг хоёр зүйлээр товч авч үзэж болох юм. Юу гэвэл 1-рт хүн үүсэн бий болсон цагаас хойших бараг бүхий л нийгмийн түүх соёлын дурсгал Монгол оронд бий. 2-рт Монгол орон бол 13-р зуунд тухайн үедээ нээгдээд байсан  Дэлхийн хуурай газрын тэн хагасыг байлдан дагуулж эзэлж байсан эзэн Чингисийн өлгий нутаг билээ. Эзэн Чингисийн өлгий нутгийг үзэхсэн гэж гадаадынхан их сонирхдог юм.

Монгол орон бол бэлчээрийн мал аж ахуйн орон билээ. Мянга мянгаараа сүрэглэн багширах мал сүрэг бол танд үзүүлэх гэж цуглуулсан хураасан сүрэг биш, байгаа нь л энэ. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг Монгол түмний ёс заншил, амьдрал ахуйтай та танилцах болно. Энэ бол гадаад хүмүүсийн Монголд ирэхсэн гэж хүсдэг сонирхлыг нь татах 3 дах шалтгаан болно.

Монгол хүний зочломтгой чанарыг та мэдрэх болно.

Монголчууд таныг найр тавин хүндэтгэн угтах болно.

Монголчууд таныг ерөөл өргөн үдэх болно.

Энэ бүхэн бол Монголын гайхамшгийн зөвхөн нэг хэсэг, та Монголоор аялахдаа биеэрээ мэдрэх учраас олон юм ярих нь илүүц зүйл болох юмаа.
Нэмж хэлэх зүйл нь:

Манай хөтөчүүд гадаад хэлээр гадаадын их гологдохгүй боловч гологдох хэдэн зүйлийг зориуд хэлье.

1-рт: Гадаадын жуулчид Монголын том масштабын газрын зураг бариад явдаг, манай хөтөчүүд газраа мэдэхгүй, газрын зураг ч үгүй, зургаа ашиглаж ч чадахгүй байдаг. Товчоор хэлэхэд газрын зурагны мэдлэг, Монголын газарзүйн мэдлэг дутмаг байна.

2-рт: Манай орон бол чулуун зэвсгийн үеэс хойшхи хүний, улс орны түүхийн дурсгал ихтэй орон. Энэ талын мэдлэг манай хөтчүүдэд үнэхээр үгүйлэгдэж байна.

3-рт: Гадаадын жуулчид манай нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдрах ард түмний амьдрал, амьдрах арга ухаан, ёс заншлыг их сонирхдог. Дэлхий дээр нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг өөр улс орон бараг байхгүй цөөн. Гэтэл манай хөтөчүүд малчин ардын амьдрал мэдэх байтугай, морь тэмээ унаж чадахгүй, морь малтай харьцаж чадахгүй байна. Ийм байж болохгүй.

Эх сурвалж: travelnews.mn

No comments:

Post a Comment