БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, December 30, 2011

Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа хамтлагууд


Монголын нэрийг дэлхийд таниулж яваа олон хамтлаг бий. Тэдний талаар танилцуулахыг зорилоо. “Бөртэ”, “Алтан ураг”, “Домог” гээд бүгд л Монголын үндэснийхээ өнгө аясыг шингээсэн нэр хайрласан нь сонирхолтой байв.



10 сая үзэгчдийг гайхашруулсан “ХӨСӨГТӨН”





Ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмий юм. Хөөмийгөөр эх орноо сурталчилдаг залуус бол “Хөсөгтөн” хамтлагийнхан. “Хөсөгтөн” хамтлаг 2009 онд “Хөөмийн олон улсын симпозиум” наадмаас Гран-При шагнал, мөн оны есдүгээр сард БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль хүртсэн юм. Энэ нь Монголын урлагийг дэлхийд таниулж яваа гэдгийг батална. Мөн энэ онд гаргасан тэдний томоохон амжилтын нэг нь Английн хатан хааны ордонд тоглосон явдал байлаа. ВСС телевиз 1895 оноос зохион байгуулж байгаа “ВСС prom” хөгжмийн наадамд “Хөсөгтөн” хамтлагийг урьж оролцуулсан юм. Хатан хааны нэрэмжит 5000 хүний суудалтай энэхүү театрын үзэгчдийг байлдан дагуулахын зэрэгцээ телевизийн 10 сая үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж Монголын ардын урлаг олон улсад гайхагдсан юм.




Монгол туургатнуудын шилдэг хамтлаг “Алтан ураг”



Фолк рок хэмээх өвөрмөц урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан Ураг” хамтлаг яах аргагүй Монголчуудыг дэлхий нийтэд таниулж яваа. Монголын хөгжмийн өв уламжлалыг хадгалахын зэрэгцээ орчин үеийн хөгжмийн аязаар хөгжим сонирхогчдыг баясгаж байна. Олон улсыг дайлаар мордож морин туурайгаараа тамгалсан өвөг дээдсээ залгамжлан дуу хуураараа дэлхий нийтийг байлдан дагуулахаар “Алтан ураг” хэмээн нэрлэсэн гэдэг. Тэд Монгол туургатнуудын шилдэг хамтлаг, 2009 онд Чежүд болсон олон улсын наадмын алтан медаль гээд бүхий л хөгжмийн наадмыг шагналуудыг түүсэн гэхэд болно. Франц, Итали, Герман, Бельги зэрэг Европын 10 гаруй орноор аялан тоглолт хийж, Англи, Хонконгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.



Морин хуурын гайхамшиг болсон “Домог”



“Домог” хамтлаг морин хуурын гайхамшгийг хүмүүст сурталчлан таниулах зорилгоор 2006 онд байгуулагдаж байжээ. Тус хамтлаг нэг, хоёр, гуравдугаар хуурч, их хуурч, цохивор хөгжимчин гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй тоглодог. Хамтлагийн гишүүд хөгжимдөхөөс гадна хөөмийлж дуулдаг байна. Гадаадын олон орноор аялан тоглож ихээхэн туршлага хуримтлуулсан бөгөөд олон улсын ардын урлагийн наадмуудад тогтмол амжилттай оролцоод иржээ. Тус хамтлагийг сонссоноор зөвхөн морин хуур, хөөмийн гайхамшгийг мэдрээд зогсохгүй морин хуураар Yesterday, Bitter­sweet зэрэг гадны сонгодог бүтээлийг хэрхэн тоглосныг сонирхох юм.





Америкийн “Шилдэг киноны хөгжим” шагнал тэднийх



Эх орныхоо нэрийг арван жилийн турш гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа хамтлаг бол 2000 онд Герман улсад байгуулагдсан “Бөртэ” хамтлаг. Тус хамтлаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд анхны бие даасан тоглолтоо Монголын ард түмэндээ толилуулсан юм. “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там”, “Чингисийн хоёр загал” киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхеттэнд болсон “А” зэрэглэлийн олон улсын кино наадмын “Шилдэг киноны хөгжим” шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн “Шилдэг уран бүтээл”-ийн шагнал хүртэж байжээ.

http://zaluu.com/

No comments:

Post a Comment