БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, July 10, 2012

Халуун элгэн нутаг


Энэ дууг бид  дахиад лав мянган жил дуулах байх аа. Энгийн үгтэй, хоолой авьяас төдийлөн нэхэхгүй, хөгшиддөггүй, залууддаггүй гагцхүү дуулагч нь "Би  монгол хүн" гэдгээ мэддэг  байхад л болоо. Дээд доод өнгө, зөв буруу хоолойн цаанаас "Цэцгийн шимийг тэтгэсэн Цэн­гэлийн хавар айлчлахад Мөрөн голууд минь  дуугаан дуулж Мөнгөн сарьдаг мишээдэг дээ..." хэмээхэд нээх сайхан ирж яваа цаг, жар­галтайн дэлгэр Монгол нутаг минь, өөдрөг ирээдүй сэтгэл зүрхэнд төсөөлөгдөнө. Бадраа гуай, Намс­райжав гуай хоёр социалист нийг­мийн хатуу хяналттай үед яаж ийгээд үзэл суртлын үг оруулалгүй энэ дууг бүтээж олны хүртээл бол­гож чадсан байдаг. Эх орон ард түмнийхээ нэрийн өмнөөс олимп дэлхийн том тэмцээнд оролцох гэж буй манай үе, үеийн тамирчдын хийморийг сэргээсэн сайхан дуу шүү. 2008 оны зун монгол хүн анх удаа олимпийн аварга болсонд баяр хүргэж талбай дээр олуулаа цуглан "Халуун элгэн нутаг"-аа ёстой нэг дуулах шиг болж билээ.  Уг нь бол "Тамирчны алдар хямд­хан олдоогүй" энэ тэр гээд спортын сайхан дуу байдаг л даа. Хүмүүс яагаад ч юм түүнийг биш үүнийг дуулаад байсан нь сэтгэлд үлджээ.
Зуны урин дулаан цаг дундаа орж "Халуун элгэн нутаг"-аараа аялах иржээ. Магадгүй маргааш ч та замд гарах гэж байж мэднэ. Аялж барахгүй эх оронтой ард түмэн гэвэл бид л байх. Манай эх орон мөн ч уудам дэлгэр шүү. Аавын голомт, андын нутаг, ахан дүүсийн минь амьдран суугаа тоонотууд зуу мянган бээрээр хязгааргүй үргэл­жилнэ. Замд адуу мал багширч, айраг цагаа сэн­гэнэж, хичнээн хол явсан ч яг бидэнтэй адилхан монгол хүмүүс тааралдана. Далай ламын "Жил болгон гэрээсээ гарч очиж үзээгүй шинэ газар нутаг үзэж байвал сайн" гэсэн сургаал бий. Тэгэхээр ямар нэгэн ашиг арилжаа наймаа гэхгүй­гээр зүгээр хөдөө явах нь муу биш байх гэж боддог. Одоо цагт дэлхийн хүмүүс ихэвчлэн олсон хуримт­лалаа аялалд гар­лагаддаг болжээ. Үргэлж хотод амьдарсаар байгаад  залхдаг юм байлгүй дээ. Харин бидний хувьд угаасаа хөл урттай, алба амины ажлаар хөдөө гадаа байнга явдаг болохоор тэр нь аялал болчихдог. Ядаж бен­зинийхээ мөнгийг олохгүй юм бол хаа байсан тийшээ явж яах юм гэж гэдийдэг өрхийн тэргүүн олон бий. Энэ нь бас хоёр талтай. Аялна гээд хэтэрхий их бэлтгэл хийж, амьтан ах дүүд өгөх бэлэг, замдаа идэх юм гэхчилэн зөвхөн тэнэхийн төлөө амьдарсан юм шиг зардал гаргаж залхаадаг. За тэгээд ёс юм шиг үнэтэй архи пиво базааж хотоос гарангуутаа нөгөөдөх рүүгээ дайрц­гаан хаа яваагаа мэдэхээ байтлаа согтуурч урам хугална.
Уг нь аялна гэдэг нь маш энгийн хямдхан амьдрал юм. Зун болохоор манай орноор хаа сай­гүй болчихдог гадаадын золбин жуулчид гэхэд л нэгэн зуны амьд­ралаа өргөж даахаар үүргэвчинд багтаагаад, хармаандаа зуун ам.дол­лартай байна уу, үгүй юу. Тэгэхэд эх орондоо яваа бид юу бэлдэх юм. Манай орон шиг аюул­гүй, тайван нутаг гадуур ховор. Хамгийн том гамшиг бол шумуул л байх. Түүнээс элдэв халдварт өвчин, араатан, дээрэмчин, чөтгөр шулмасгүй. Зун­даа цаг агаарын үзэгдэл түгшүүр­тэй биш.
Арга ядахад орсон айл аяга цай үнэгүй өгнө. Өдөр тутмын иддэг хоол өмсдөг хувцсаа базаагаад, ор дэвсгэрээ баглаад л замд гарчихдаг юм. Хоолоо гэрээсээ авч гарсан тогоо шанаган дээрээ хийж иднэ. Ер нь хоолны асуудлыг онцгойлон бэлдэх нь эрүүл мэндэд муу. Харин ч хөдөө явахдаа сайн өлсөж, бага ид. Зун өлсөж үхсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Усны хувьд бол зарим хүн анхаарахгүй бол тохиромжгүй ус манайд их тааралддаг.
Уучлаарай. Таныг "Халуун элгэн нутаг"-аар явуулах гээд  бай­на л даа.
Одоо машингүй хүн ховор боло­хоор хөнжил гудсаа ачаалаад хаашаа ч хамаагүй явж болно. Ихэнх аймаг сумын зам жижиг тэрэг явах боломжтой. Хөдөөнийхөн "портер"-тэй болсноор жижиг тэрэг­ний зам сайжирсан. Улаанбаатар юм уу суурин газраас алсрах тусам шатахууны үнэ сэм сэмхэн тавь зуун төгрөгөөр нэмэгддэг тул ШТС тааралдах бүрд бакаа дүүргээд байвал хэмнэлттэй шүү. Нэлээд хол нутаг руу хүүхдүүдийн хамт яваа бол хонох газраа нар жар­гахаас өмнө товлох нь зохимжтой. Шөнө оройтож буудаллахаар оршуул­гын газар мэдэлгүй хоно­чихсон тохиолдол ч байдаг. Аяллын чухал үе бол майхан саваа бариад тухлан суух юм. Тэр үеэ харанхуйд тав тухгүй бэлдэх их оройтож бусдыг ядраах дэмий. Зун дөнгөж тав өнгөрөөд гэгээ орж нар манддаг болохоор гүйцэд нойроо авч чадахгүй өдөржин үүрэглэж зам туулах болно. Замын буудал, хоолны газрууд хаа ч ялгаагүй санаанд таарсан үйлчилгээ муу. Хүмүүс дамжсаар байгаад дөжир­чихсөн үнэ өндөр, өөх чихсэн цуйван, гурилтай шөл голдуу. Тэр­ний оронд сумын төвийн дэлгүүр ороод шинэ хонины мах "хил"-ээр нь аваад яваад байхад болчихдог.
Шинэ газар нутаг үзсэн хүн дараа нь дурсгал болгож зураг авах байх. Зургийг өглөө оройны нарнаар авбал гэрэл сүүдэр нь тохирч уран сайхан зурагтай бол­но. Түүх дурсгалын газарт очоод голд нь зогсоод нөгөө үзмэрээ таглачихваа. Хажууд нь бүр холхон зогсож тэр уул, тэр бунхныг, бурхныг бүтнээр нь гаргадаг байх­гүй юу. Санамсаргүй тохиолдлоор ховор агшин, онцгой үйл явдал замд их тааралдах магадлалтай. Үргэлж аппарат хажууд бэлэн байх ёстой. Ихэнх хүмүүс "Энэ ямар сонин юм" гэж хоорондоо яриад явчихдаг ба зураг дарахаа мартчихдаг.
Төв замын дагуу явж байгаа бол замдаа түр үдлэх хэрэг гарна. Тэр тохиолдолд Монголын нөх­цөлд зүлэгтэй, модтой устай аятайхан газар сонгоод дэмий дээ. Биднээс өмнө хэн нэгэн түрүүлж очоод архины шил хагалаад, бие засчихсан байдаг. Өөрсдөө харин иргэнийхээ үүргийг биелүүлж үдлээд явсан газрынхаа хог нов­шийг цэвэрлэж уутлаад хүн амьтантай газарт буулгах бусдыг шаардаж сурвал сайн л юмсан.
Хөдөө явж байгаа хүүхдүүд бөмбөг, дугуй  зэрэг спортын хэрэг­лэл авч явах гээд байдаг. Ачааны нэмэр. Тэртэй, тэргүй хотод байд­гаас илүү хөдөлгөөн хийх боломж гарах тул спортоор тоглох зав гарахгүй.
Манайхан хөдөө гарахаараа тэнд амьдрагсдад "Нутгийн индиан" гэсэн дээрэлхүү ч юм шиг араншинтай болчихдог. Аливаа орон нутаг газарт амьдран суугаа хүнтэй хүндэтгэлтэй хандаж дамаа доош нь хийж хэрхэвч болохгүй. Харахад хормойгоо чирсэн халтар жаал харагдаж болно. Яс үнэндээ чи ч тэрнээс нэг их дээрдээд байх юмгүй адилхан гэдгээ санаж яв.
Хөдөө оччихоод хотын соёлтой хүн болох гэж их хөглөцгөөдөг. Намайг хөдөөний хүн гээд андуур­чихвий гэхээс их айдаг хүмүүс олон. Энэ нь зөвхөн сүүлийн үеийн орос монгол хоёрт тохиолддог гажиг ч гэмээр үзэгдэл. Мөн үүний сацуу мал мэддэг хот хөдөөтэй мундаг хүн болох гээд зангий нь мэдэхгүй моринд чихээ тас хазуулсан тохиолдол бий.
Замд тааралдсан малчин айлтай танилцаад сүү цагаан идээ авсан бол зохих төлбөрийг нь заавал хийгээрэй. Сүүлд хотод гэртээ оруулж хонуулахгүйгээс хойш бусдыг монжоод яах юм. Айлын эзэгтэй нь үүрээс үдшийн бүрий болтол хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг хүндэтгэх нь зөв. Манай эх орны хаана ч очсон рашаан сувилал, хүний эрүүл мэндэд хэрэгтэй байгалийн бүтээг­дэхүүн тааралддаг. Тэр болгоныг нутгийн иргэдээс асууж амсаж хүртэж ирвэл их л аятайхан амралт аялал болох юм. Гол ашиг нь ч тэр болов уу.
"Халуун элгэн нутаг"-аараа  аялан туулахад ханашгүй сайхаан. Холын замд машинаа бариад явж байхад ер түгжрэл тааралдахгүй болохоор уур хүрэхгүй. Уурлах бухимдах шалтгаан ард хоцорсон болохоор энд зөвхөн эх орноороо бахархах л үлдэнэ.
Энэ том орон хэнийх ч биш миний гэж бодохоор жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж чаддаг юм. Бүгдээрээ аялцгаая.
Ж.ГАНГАА

Thursday, June 28, 2012

Монголын тас шувуу Солонгост гаргасан өндөгөө хага цохиод нутаг руугаа нисжээ...




Солонгосын хойгийг зөвхөн эр эм залуучууд маань зориод зогсохгүй Монголын жигүүртэн шувууд хүртэл зорин очиж
тэнд өвөлжөөд хавар нь эх орондоо буцаж ирдэг болсон гэнэ. Энэ нь энгийн нэг маазрал, инээдэм наргиан биш бөгөөд сүүлийн үөд Монголын махчин тас шувууд Солонгосын Кёнгиду, Пажүши хэмээх хоёр мужид намар очиж өвөлжөөд хавар нь Монголдоо буцан ирж үр төлөө гаргаад намар нь ахиад л Солонгосыг зорин нисдэг болоод байгаа аж. Тас шувууд дээрхи хоёр мужийг зорин нисэх болсон нь орон нутгийн шувуу хамгаалах нийгэмлэгийнхний хийж буй ажилтай холбоотой юм байх. Тус ; нийгэмлэг нь тэнд очсон монгол тасыг түүхий махаар таслахгүй тэжээдэг учраас Монголын тас бөөнөөрөө сүрэглэн нисч очсоор сүүлдээ 2500 орчим тас цуглардаг болсон аж. Солонгосууд ч үүнийг зүгээр орхилгүй тэр дор нь овжин ашиглаж "Шувуун бар" хэмээх жуулчны бааз байгуулж аварга том биөтэй зэрлэг махчин шувууг үзэх гэсэн хумуүсийн халаасыг сэгсэрч эхэлсэн байна.

Тас шувууг ойроос харж тэднийг хооллох гэсэн жуулчдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа гэсэн мэдээ ч байна. Шувуу хүртэл хоолноос болоод ийнхүү эх нутгаа орхин одож байхад монгол залуучууд маань цалин хөлсөнд нь татагдаад Солонгос руу тэмүүлж элчин сайдын нь яамны үүдэнд өдөржин шөнөжин дугаарлахаас биш яахав. Гэвч Монголын тастай холбоотой нэгэн сонин хэрэг Солонгост гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр Пажуши муж дахь "Шувуун бар" баазын орчимд нэгэн тас шувуу өндөглөсөн нь шувуу хамгаалах нийгэмлэгийнхний анхаарлыг ихэд татсан байна. Учир нь монгол тас бол зөвхөн Монголдоо л ирж өндөглөдөг атал Солонгост урваж байгаа юм шиг хачин үйл явдал болжээ. Тэнд очсон хоер тасын нэг нь бэртлийн улмаас Монгол руугаа нисч чадахаа больж эр тасын хамт тус төвийн хашаанд үлдсэн юм байна. Тэд 2-р сарын эхнээс үүрээ засч, 3-р сарын 19-ний 11 цаг 20 минутанд 6.6 см өндөр, 9.2 см өргөн, 200 гр жинтэй өндөг гаргажээ.
Гэвч маргааш нь буюу 20-ны өдөр тасын гэр бүлийг харж сонирхохоор жуулчид ихээр цугларах үеэр эр тас өндөгөе шүүрэн авч дээрээс шидэн хагалж орхиод эм шувууныхаа хамт үүрээ орхин эх нутгаа зорин нисч одсон байна. Солонгосын хэвлэлүүд "Эр тас их дуу чимээнд цочирдон санамсаргүй өндөгөө хагалж орхиод явчихлаа" гэж байгаа ч үнэндээ тийм явдал биш болов уу. Угаасаа монгол тас эх орондоо ирж өидөгөө гаргадаг заншилтай гэдгийг дээр дурдсан шүү дээ. Түүнээс гадна хүний сүүдэр тусах төдийд л өндөгөө голдог эмзэг монгол шувуу өндөгийг нь хүмүүс гараараа барьж хэмжиж төөлөөд эхлэхээр голж орхисон нь гарцаагүй.
Монголчууд үүнийг сайн мэддэг учраас шувууны үүрэнд ойртох нь бүү хэл салхиных нь дээгүүр гарахыг ч цээрлэдэг билээ. Хүний нутагт гаргасан өндөгөө бүтнээр нь үлдээж түвдэлгүй хага шидэж орхиод хайлан уйлан ганганасаар эх нутгаа зорьсон тас шувууд өдийд Монголынхоо өргөн уудам нутгийн хаа нэгтээ элин халин нисч яваа нь гарцаагүй. 90-ээд оны эхээр гарч ирсэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн "Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын нутагт ясаа тавьдаггүй" гэсэн шүлгийн мөрийг амьдрал дээр бодитой харуулсан ийм нэгэн хачирхалтай үйл явдал Солонгост болж тэдний гайхашийг барсан ажээ. Харийн газар шороон дээр төрүүлсэн өндөгөө хага шидчихээд нутаг руугаа зорин ниссэн энэхүү тас шувууны явдал нь эх орноо умартаж буй залууст сургамж болох амьд бодитой дууль мэт санагдаж байгаа юм.
/www.bolod.mn/

Friday, June 15, 2012


Монголчуудын лимбэ үлээх арга ЮНЕСКО-д бүртгэгдлээ

“Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга-битүү амьсгаа”-ны урлаг нь 2011 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
ЮНЕСКО-гийн уг жагсаалтад бүртгэгдсэн “Батламж”-ийг Монгол Улс албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаа ирэх даваа гарагт болох гэж байна.
Нүүдэлчин Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно.

Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглэгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино.

Энэ үйлдэл (цикл) нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр  хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.

Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулахад  нэрт лимбэч Алдарт гавъяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, МУГЖ М.Дорж нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ахмад үеийн лимбэчдийн халааг авсан дунд үеийн төлөөлөл нь лимбэч багш Д.Энхтайван, МУГЖ М.Бадам, Галсантогтох, Ө.Батжаргал нар юм.

Лимбэний битүү амьсгааг төгөлдөр эзэмшсэн эдгээр лимбэчдийн шавийн шавь нар эдүгээ эл уламжлалыг залган авч яваа болно. Битүү амьсгаагаар лимбэдэх ардын уламжлалыг өвлөсөн эдгээр лимбэчдийн тоо эдүгээ гарын арван хуруунд багтахаар цөөн байгаа нь энэ өвийн ирээдүйд сэтгэл түгших шалтгаан болж байна.

 http://zaluu.com/

Sunday, May 13, 2012

Эх, хүүгийн муми Чингисийн алтан ургийнх бололтой



Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас эх хүүхдийн мумиг олжээ. Энэхүү олдвор нь Монголын археологийн шинжлэх ухаан төдийгүй дэлхийд хосгүй ховор тохиолдол болж байгаа юм байна.
Монголын газар нутаг газрын баялгаас гадна дэлхийд хосгүй өв соёлыг халгалж байгаа гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс иргэд тухайн орон нутагт байгаа олдвор, баялгийн талаархи эдээллийг эрдэмтдэд өгч байхыг хэлж байгаа.
Түүхийн хосгүй өв соёл, олдвор нь мөнгөөр хэмжишгүй зүйл байдгийг МУИС-ийн археологийн тэнхимийнхэн хэлж байна. Муми хадгалагдаж байсан бунхан дотроос олдсон аяга нь Чингисийн алтан ургийн хүн гэдгийг харуулж байгаа гэдгийг ч хэлж байна.


Ц.Ургамал www.times.mn