БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, June 15, 2012


Монголчуудын лимбэ үлээх арга ЮНЕСКО-д бүртгэгдлээ

“Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга-битүү амьсгаа”-ны урлаг нь 2011 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
ЮНЕСКО-гийн уг жагсаалтад бүртгэгдсэн “Батламж”-ийг Монгол Улс албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагаа ирэх даваа гарагт болох гэж байна.
Нүүдэлчин Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно.

Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглэгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино.

Энэ үйлдэл (цикл) нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр  хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.

Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулахад  нэрт лимбэч Алдарт гавъяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, МУГЖ М.Дорж нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ахмад үеийн лимбэчдийн халааг авсан дунд үеийн төлөөлөл нь лимбэч багш Д.Энхтайван, МУГЖ М.Бадам, Галсантогтох, Ө.Батжаргал нар юм.

Лимбэний битүү амьсгааг төгөлдөр эзэмшсэн эдгээр лимбэчдийн шавийн шавь нар эдүгээ эл уламжлалыг залган авч яваа болно. Битүү амьсгаагаар лимбэдэх ардын уламжлалыг өвлөсөн эдгээр лимбэчдийн тоо эдүгээ гарын арван хуруунд багтахаар цөөн байгаа нь энэ өвийн ирээдүйд сэтгэл түгших шалтгаан болж байна.

 http://zaluu.com/

No comments:

Post a Comment