БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, March 19, 2012

Хүн чулууны хонхорт "хүрээ" төвлөрсөн нь

    Хүн чулууны хонхорт Анх хүрээ хотоо өнө мөнхөд суурьшуулахаар нэгэн өвгөн шинжээчээр ахлуулсан баг гаргаж газар шинжүүлэхээр явуулсан гэдэг. Тэд Тамирын бэлчир Тогтохын талд ирэхэд энэ газар Хүрээ хот барихад тохиромжтой газар байна гэхэд өвгөн шинжээч өөрөө үзэн байж болъё гэж хэлээд хэд хоног унаа морьдоо амраах болжээ. Маргааш нь өвгөн шинжээч эртлэн, нар битүү урд уулын орой дээр гарч нар шингэтэл сууж өдрийг барж үдэш ирээд зуун зул хийж тавь гэж бусаддаа хэлчихээд унтаад өгөв гэнэ. Өвгөн маргааш өглөө нь эрт босч нартай уралдан зуун газар зулуудаа асааж зул жаргатал тойрон үзэж, эргэж явсаар үдэш ирээд адууны зуун хөх хомоол түүж бэлтгэх үүрэг өгөөд хооллож аваад унтав гэнэ. Цуг яваа хүмүүс нь ийм сайхан газар хот хүрээ барихад болохгүй юм юу байгаа юм бэ зуун зул зуун газар асааж биднийг өдөржин сахиуллаа. Аягүй бол маргааш зуун хөх хомоол асааж биднийг утаанд суулгах нь өвгөн багш зөнөжээ гэж ярилцан баахан хомоол түүцгээж гэнэ. Өвгөн шинжээч өглөө босон түүсэн хомоолыг нэг бүрчлэн ялган дан хөх хомоолуудыг авч товгор гэсэн зуун газар хомоолоо тавьж тойруулан газар зурж тэмдэглэн сууж гэнэ. Тэр өдөр нь сэвэлзүүр салхитай өдөр байж. Өвгөн шинжээч үдэш ирээд унтаж гэнэ. Маргааш нь шинжээч судар ном дэлгэн, зурж өдөржин суужээ. Орой нь нар шингэж cap гарахын өмнөхөн баруун уулын оройд гарч шөнөжин сууж өглөө ирээд Хоёр тамирын билчэрт Хот баримаар сайхан газар гэлээ ч Ус нутагт нь шилжиж удаан суух бүр Удаан суух бүр Нарны хишиг буурсан Нарийн өвс ургасан нутаг гэлээ ч Зундаа бүгчим халуун Өвөлдөө хүйтэн нутаг байна Урд уулыг нь удаан харах бүр Араг үүрч хүүхдээ хөтөлсөн Гуйлгачин бүсгүйн дүртэй уул байна энд хүрээ хийд баривал алсдаа ядуурна гэж айлджээ. Тэд тэндээсээ явсаар Хүйн мандал дайрч одоогийн Дамбадаржаалин хийдийн байгаа газар ирж улмаар Улаанбаатарын төв хэсэг Туул голын хөндийгөөр явж Хүн чулууны хөшөөтэй тааралдаж өвгөн шинжээч ихэд бэлэгдэж тойрч харж, босч сууснаа энэ хүн чулууны хонхорт хүний мөр тасрах ёсгүй их хөлийн газар баймаар юмсанжээ гэж хэлээд саатан хоногложээ. Тэр хүн чулуу нь одоогийн Гадаад явдлын яамны орчим байсан аж. Өвгөн шинжээч Туул голыг өгсөж уруудаж, цэцэг навч түүж Хүрээг тойрсон дөрвөн уулын оройд гарч хэдэн өдөр саатан шинжсэний эцэст Өвгөн барын ходоод хэлбэртэй энэ хөндий Өлзийтэй сайхан нутаг байна Урд уул нь мөнгөн ембүү хэлбэртэй Номин ногоон хүрэмтэй Урсгал ус нь хадаг мэт Мөнхийн цэнхэр хадган дээр Мөнгөн ембүү тавьсан хэлбэртэй энэ ууланд хулгай тогтохгүй, хүрээ хотын зарлага гарлагын үүд хаасан босго мэт Монголын буян хишиг тогтох уул байна. Энд хот хүрээгээ барьж суурьшвал сайн гэж айлдсан түүхтэй. Ийнхүү Хүн чулууны хонхорт Нийслэл хүрээний суурь тавигдаж өнөөдрийн Улаанбаатар хот цэцэглэн хөгжиж байна. Н.Лхагва

  Н. Мөнхгэрэл 

No comments:

Post a Comment