Хорин жилийн өмнө яг өдийд Чингис Хааны төрсөн нутаг Монгол Улсын Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөдөө аралд Монголын түүхийн хамгийн үнэт бүтээл “Монголын Нууц Товчоо” 750 жилийн ойг тэмдэглэх их ёслол хийх ажлын бэлтгэлийг шалгахаар Монгол Улсын Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд “Монголын Нууц Товчоо” 750 жилийн ойг тэмдэглэх Зохион Байгуулах Комиссын орлогч дарга миний бие очиж байсан үе тод санагдна.
“Монголын Нууц Товчоо” бол Монголын түүх, Чингис Хааны түүх мөн. 1990 оноос өмнө Чингис Хааны тухай магтан ярих ч эрх бидэнд байсангүй болохоор энэ сайхан ойг тэмдэглэх ажил албаны хэдэн хүний хэрэг биш ард нийтийн хэрэг болсон юм. Мөдхөн ойн баяр хөдөө хээр болж Чингис Хааны дурсгалд зориулан хөшөө босгоход өглөөний наран мандаж үй түмэн хүн цуглаж хөшөөнөөс хүн бүр адис авах гэж зүтгэцгээнэ. Олон хүний дундаас гишгүүлчихгүй арай ядан гарч ирэх тэр мөчид Mонгол хүн болсондоо, монголчуудаараа бахархах сэтгэл хэзээ ч байгаагүйгээр ундарж билээ.
Бид эрх чөлөөтэй болжээ. Тэнгэр биднийг тэтгэжээ. Энэ хорин жил бид хүүхэд ахуй цагаасаа эрх чөлөөтэй байж ихийг бүтээхээр мөрөөдөж явсан мөрөөдлөө биелүүлэх гэж чадан ядан яаран яаран зүтгэж ирлээ. Цаг хурдан өнгөрөх юмаа. Бид дэлхийн хүмүүст үгээ хүргэх бололцоотой болсон юм. Монголчууд биднийг зөвхөн Чингис Хаанаар төсөөлж байсан дэлхий дахин сонирхож эхэлсэн. Монгол гэдэг нэр дэлхийд бүтэн нэртэй, эрх чөлөөт улс болон улам бүр танигдсаар байна. Хэдий энэ хорин жил эрх чөлөөгөөр амьсгалж сэтгэлийн аз жаргал эдлэж ирсэн боловч бас их ядарлаа.
Бид шинэ нийгэмд бэлэн байж чадсангүй. Төрийн бүхий л өмчийг задаллаа. Улсын гэгдэж байсан малыг малчдын хувьд тарааж өглөө. Байшин барилга, үйлдвэр худалдааг ч хувьчиллаа. Ингэснээр бүх юм сайхан болчих юм шиг бодоцгоосон. Хувьчилсны дараа чухам ямар асуудал бэрхшээл тулгарах байсныг урьдчилан сайн харж чадсангүй. Шинэ үндсэн хуулиа баталлаа. Тэр үндсэн хуулиндаа Монгол хүн Монгол нутагтаа хаана амьдрахаа өөрөө сонгох гайхамшигт эрхийг тунхаглалаа. Бүс нутгийн хөгжлийн ямарч асуудлыг урьдчилан шийдвэрлээгүйгээс болоод үндсэн хуулийнхаа эрхийг эдэлж сайн сайхан амьдралд тэмүүлж Улаанбаатар хотыг зорин хөдөлцгөөлөө.
Хэдхэн жилийн дотор Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын тэн хагас нь амьдрах боллоо. Ийм ачааллыг нийслэлийн аж ахуй, бүтээн байгуулалт, оюуны ямар ч байгууламж даахын аргагүй болж гэрээр хүрээлэгдэж утаанд хучигдсан нийслэлтэй боллоо. Үйлдвэрлэлийн уналт, ажилгүйдлийг гааруулж амь зуулгаа авч явах тэнхээгүй болсон олон мянган хүн гадаадад хөлсний ажил хийхээр гарлаа. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ суларч хүн амын ёс суртахуун, эрүүл мэнд ч доройтлоо. Бидний мөрөөдсөн мөрөөдөл бүтэлгүй мөрөөдөл байжээ гэж эргэлзэх өдөр ч тохиолоо. Үүнээс болж үймээн самуун дэгдэх ч энүүхэнд мэт боллоо.
Гэвч энэ хорин жилд монголчуудад нөхөрлөх нөхөр улам нэмэгдэж бидний азгүйтсэн алдсан бүхэнд чин сэтгэлийн гараа сунгасан олон орон бий боллоо. Ямар ч байсан шинэ үеийн үндэсний сэхээтнүүд өөрийн болоод алс холын оронд эрдэм боловсрол олж үндэсний шинэ соёл урган дэвжиж хүмүүс аль нэг нам аварна, аль нэгэн гадаад гүрэн аварна гэж итгэхээ болиж өөрсдөө өөрсдийн гараар өөрсдийн ухаанаар бусдын дэм тусыг авч өндийн босно гэдэгтээ итгэх итгэл улам бүр нэмэгдсээр байгаа нь бахархалтай.
Монгол орон Азийн цээжинд асар их баялгийг өөртөө агуулсан баян орон. Эзэн нь ухаантай бол хөгжин мандах бүхийл бололцоо бий. Хамгийн гол нь хорин жилийн өмнө олж авсан эрх чөлөө бидний хөгжлийн баталгаа байж чадна. Тэр цагт бид эргээд тэнгэрээ тэтгэнэ. Хөх тэнгэрийн доорх өргөн тал нутагт минь урьхан хонгор салхи өнө мөнхөд элбэн таалах болтугай.
Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Нацагийн ЖАНЦАННОРОВ
Ардын жүжигчин
Төрийн хошоо шагналт
Урлаг судлалын ухааны Доктор, Профессор
/2010.04.25/
Эх сурвалж: http://www.facebook.com/note.php?note_id=108298139215216
No comments:
Post a Comment