БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ
Wednesday, September 28, 2011
ХХ ЗУУНЫ МАНЛАЙ МОНГОЛ БӨХ
Монгол улсын спортын салбараас төрсөн анхны хөдөлмөрийн баатар, Даяар дуурсах Далай Даян Дайчин Дархан аварга, ХХ зууны манлай монгол бөх Хорлоогийн Баянмөнх. Ардын хувьсгалын 42 жилийн ойгоор улсын начин болсноор их аваргын амжилтын түүх эхэлдэг. Барилдах хугацаандаа их бага барилдаанд 250-иад удаа түрүүлсэн байдаг. Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор сумандаа түрүүлж, 50, 60 жилийн ойгоор улсад түрүүлж, 70 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдсэн энэ амжилтыг давтах хүчтэн бараг дахин төрөхгүй байх. Хэрэв төрвөл тэр бөх бас нэгэн цаг үеийг эзэгнэсэн их аварга байх нь хөдөлшгүй үнэн юм. Х.Баянмөнх аварга 48 настайдаа “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойд өөрөөс нь 22 дүү, ид бяр хүч нь тэгширсэн Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүү булаалдаж байлаа.
Бөхийн чөлөөт барилдаанаас олимпийн мөнгө, дэлхийн аваргаас хоёр удаа алт, дэлхийн шилдэг багуудын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Азийн аваргаас хоёр алт, Интернациональ тэмцээнээс гурван алт, улсын аваргад есөн удаа оролцож есөн удаа түрүүлсэн. Самбо барилдаанаар: дэлхийн аваргаас алт, мөнгө, олон улсын тэмцээнээс гурван алт, улсын аваргаас алтан медаль хүртжээ. 1974 онд ганцхан удаа жүдогоор барилдаж улсын аваргаас мөнгөн медаль авсан ба дахиж жүдогоор барилдаагүй. Сонгомол барилдаанаар Азийн аваргаас алт, азийн зуны спортын наадмаас мөнгөн медаль хүртжээ.
Дэлхийн бөхийн холбоо өнгөрсөн зуунд олимп, дэлхийн аваргад оролцсон тамирчдыг чансаагаар нь жагсааж 3000 бөх шилэн авч, түүний дотроос зууны шилдэг 100 бөхийг амжилтаар нь байр эзлүүлсэн байдаг. Шилдэг 100 бөхөд Монгол улсаас цорын ганц бөх багтсан нь Х.Баянмөнх аварга юм. Их аварга маань шилдэг зуун бөхийн 25-д жагсаж дэлхийн хэмжээний бөх болохоо батлан харуулсан. Таван олимпид дараалан оролцож нэг мөнгөн медаль, хоёр удаа 5-р байр, 2 удаа шагналт байр эзэлсэн. Дэлхийн аваргад арван удаа оролцохдоо бүгдэд нь медальт, шагналт байр эзэлсэн амжилтаар нь Х.Баянмөнхийг “Дэлхийн хэмжээний бөх” хэмээн дэлхийн бөхийн холбоо өргөмжилсөн юм. Их аварга өөрийн туршлагадаа тулгуурлан монгол бөхийн барилдааны “666” мэхний тухай судалгааны бүтээл туурвисан эрдэмтэн хүн юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment