БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, September 23, 2011

Ханиад хүрвэл хонины сүүлтэй "найзал"

Зөв хооллолтын талаар байнга санаа зовж явдаг нэгэн эрхэмтэй ярилцлаа. Түүнийг Л.ӨЛЗИЙЖАРГАЛ гэдэг.
-Эрүүл амьдаръя гэвэл нэн түрүүнд хоол тэжээлдээ анхаарах хэрэгтэй. Ингэхэд манайхан зөв хооллож чадаж байна уу?
-Бидний хувьд Таны хэлсэнчлэн нэн түрүүнд хоол тэжээлийн асуудалд анхаарах учиртай. Манайхан үүнийг анзаардаггүй. Зүгээр л гадны халдлагад өртөж байна.
-Юу гэнэ ээ?
-Гадны халдлага гэхээр Аль-Кайда орж ирээд бөмбөг дэлбэлээд байгаа юм биш. Бид өөрсдөө энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Зарим дарга, урлагийн од гэх хүн гадаадад аялж ирээд хоол ундыг нь сурталчлах юм. Рекламдаад байгаа тэр хоол нь тэндээ л сайн байдаг юм биз. Монголчуудад хор болно. Тэгээд ч муу хүн идсэнээ гэдэг дээ.

-Тухайлбал ямар хоол сурталчлаад байна?
-Чинхай гэгээн гэх хүн тэндээ бурхан байж болно. Гэтэл манай ард түмэн “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг. Эрс тэс уур амьсгалтай хүмүүсийг толгой дараалан цагаан хоолтон болгоно гэж эр, эм дарга, цэрэггүй хуйларч байгаа нь нууц биш. Тэр гэгээнтнийг дагаж гүйгээд тоглолт хүртэл хийж байна. Ингэж аяглах нь өөрсдийгөө л баллаж байна гэхээс өөр хэлэх үг алга. Үнэхээр л цагаан хоолтон хүнийг шүтэх гээд байгаа юм бол Гитлер ч гэсэн цагаан хоолтон байсан. Цагаан хоол идсэнээс болж XIY Далай лам бие нь тавгүйтэж өвдөж байсан талаар ном зохиолд хүртэл бичсэн шүү дээ.
-Гадны хоол сурталчлах юу нь буруу гэж?
-Хоол үндэстний хувь заяатай шууд холбоотой. Колумб Америкийг нээхэд тэнд зуугаад сая улаан арьстан индианчууд байсан. Гэтэл одоо хоёр гурван зуун индиан үлдсэн. Цагаан арьстан шиг талх идүүлж, махнаас гаргаснаас болоод. Ийм бэлэн жишээ олон байхад цагаан хоолтон болно гээд байгааг юу гэж үзэх вэ. Хоол өөрчлөгдсөнөөс болоод улаан арьстнууд өлсч үхэхээс гадна янз бүрийн өвчинд нэрвэгдсэн. Манайд ч мөн адил онош нь тодрохгүй өвчлвл их. Бид өвдөх өвчнөө өөрсдөө бий болгож байна. Долоон жилийн өмнө SARS гэх аюулт өвчин дэгдэж дэлхий нийтийг цочоосон. Энэ өвчин монголчуудыг яагаа ч үгүй. Өвөрмонголд хэдэн мянган хүн туссан гэх боловч нэг ч өвөрмонгол хүн үхээгүй гэж сонссон. Гэтэл хэдхэн жилийн дараа манайд дэгдээд байгаа H1N1 вирусээс болж 40-50 хүн амь насаа алдлаа. Энэ нь дархлаа суларсантай холбоотой. Гадны хоол зооглоод буй бидний үр хүүхдийн биеийн эсэргүүцэл муудаж байна аа гэсэн үг.
-Ханиадаас гадна төрөлтөд өөрчлөлт орлоо гэх юм билээ. Энэ нь хоол хүнстэй холбоотой юу?
-Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэд бий. ШУТИС-ийн багш, доктор Мягмарсүрэн сүүлийн үед хүүхэд яагаад гажигтай төрөөд байгаа талаар судалгаа хийсэн, Тэр хүн гажигтай төрсөн хүүхдийн эхэд судалгаа хийхэд ихэнх нь өөх, мах иддэггүй цагаан хоолтон болох нь судалгаагаар нотлогдсон. Хачирхалтай нь түүний үгийг манайхан огт тооддоггүй.
-Төрөлтийн гажиг мэдээж агаар, хөрсний бохирдол гээд олон зүйлтэй холбоотой. Та цагаан хоолыг хэтэрхий үзэн ядаж туйлширч байгаа юм биш үү. Цагаан хоолонд тустай зүйл их бий?
-Цагаан хоол идэхэд муугүй л дээ. Монголчууд мах их идээд байгаа нь үнэн. Өөхтэй махны өөхийг идвэл хүн мах их идэх шаардлагагүй. Зуун грамм махаар л өдрийн хэрэгцээгээ хангадаг. Монголчуудын баримталж байсан зарчим энэ. Хүүхэддээ ганц хэрчим өөхтэй мах өгдөг. Өөрсдөө ч ингэж иддэг байв. Гэтэл монголчууд Европынхныг дууриагаад өөхийг нь авч хаядаг болж. Үүний уршгаар хоол их идэж байгаа хэрнээ цаддаггүй. Өөхгүй мах идэж байгаа юм чинь гэдэс яаж цадах вэ дээ.
Түүнээс болоод дотор эрхтэн муудаж байна. Тэр дундаа манайхан уламжлалт анагаах ухаанаа ойшоож үзэхгүй юм. Европын эмнэлэг бүх талаараа туйлдаа хүрсэн гэж андуураад байна.
-Одоо ихэнх эмнэлэг европ, уламжлалт эмчилгээг хослуулдаг болсон байна билээ?
-Саяхан хүртэл европ эмчилгээ эхийн сүүг хортой гэж үздэг байсан. Хүүхдийг төрснөөс хойш гурван хоног хөхүүлдэггүй байлаа. Гэтэл тэр алдаагаа хоёрхон жилийн өмнөөс засч залруулсан, дэлхий нийтээрээ. Тэгэхээр европ анагаах ухаан шүтэн бишрээд байх зүйл биш гэдгийг өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрч байгаа нь энэ. Тиймээс бид ардын уламжлалт эмчилгээгээ мөрдөж байх учиртай. Түүнчлэн эрүүл аж төрье гэвэл яс сайн мөлжих хэрэгтэй.
-Тойгийг ч мөн адил уу. Үнэхээр тойг мөлжихөд хүүхэд хөөрхөн төрдөг болов уу?
-Залуус та нар ингээд л уламжилж ирсэн зүйлдээ үл итгээд байх юм. Манай ард түмэн уураг А, С, Е аминдэм гэж хэлээгүй хэрнээ үүнийг тойруу замаар шинжлэх ухааны хэлээр биш ч гэсэн ерөнхийд нь ойлгуулсан. Тойг сайхан мөлжвөл хөөрхөн хүүхэд төрдөг гэж ярьдаг. Тойг мөлжинө гэдэг жирэмсэн эх аль болохоор яс сайн мөлжиж, махыг нь идэж бай гэсэн утгатай. Хүүхэд хөөрхөн төрнө гэдэг нь эрүүл саруул төрөхийг хэлж байгаа хэрэг. Гэтэл европ анагаах ухаан махны аль болох зөөлнийг сонгож идэж бай гэх. Маханд хальс, шөрмөс гээд их зүйл байгаа. Холбох эд гэж ярьдаг. Гэтэл энэ бүхнийг авч хаяад байдаг. Яг үнэн хэрэгтээ гадаадаас өндөр үнээр авдаг амин дэм орлох чанартай зүйлүүд тэр бүхэнд агуулагддаг. Энэ бүхнийг идэхгүйгээс болж хүүхдүүд сайхан битгий хэл эрүүл төрөхгүй байна.
Түнхний төрөлхийн гажигтай хүүхдүүд төрнө гэдэг бол үнэн хэрэгтээ холбох эд дутагдаж байна гэсэн үг. Солонгост ажиллаж байгаа залуу номыг маань уншаад надтай утсаар холбогдсон. Солонгосчууд үхрийн булууны шулсан ясыг 100 ам.доллараар худалддаг гэж хэлсэн. Үүнийг ядуухан айлууд нь авч чадахгүй болохоор таллаж авдаг аж. Саяхан телевизээр гарсан Солонгосын “Эхнэрийн урхи” кинонд хүртэл энэ талаар гардаг. Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй барилгын компанийн эзэн тэр айл гэхэд бүхэл махтай хоол хийхдээ ховор сайхан тохиолдол, үүнийгээ хүндтэй зочноо дайлж байна гэж үздэг гээд л. Тойг, үхрийн булууг байнга хэрэглээрэй гэж хэлмээр санагддаг.
-Ясны чөмөгт хүүхэд их дурладаг. Дурласных нь хэрээр өгвөл сайн уу, аль эсвэл?
-Чөмөг идсэн хүүхэд нусгай болдог гэдэг. Цаагуураа нэг юм хэлээд байгаа биз дээ. Энэ нь батлагдсан. Чөмөгт бүх төрлийн бодис агуулагддаг. Гэхдээ үүнийг хүүхдэд их өгвөл хүүхдийн бэлгийн бойжилт нь хурдасдаг. Тиймээс чөмгийг хүүхдэд өгдөггүй, өөрсдөө иддэг.
-Солонгост 100 ам.доллараар үнэлэгддэг үхрийн булууны ясыг манайхан хог дээр хаясан харагддаг?
-Гадаадынхан булууг хаягдал гаргахгүй хэрэглэж байна. Манайхан үнэ цэнийг нь мэдэхгүй хаядаг. Хамгийн хэрэгцээтэй юмаа хаяж байна гэдгээ төдийлөн ойлгодоггүй. Тэгсэн атлаа гадаадаас янз бүрийн кальци, амин дэм өндөр үнээр авдаг. Гадаадад үйлдвэрлэсэн тэр бэлдмэл монгол хүний биед шингэхгүй ээ. Энэ бүхнийг орлох булууны ясаа эрхэмд үзэж хэрэглэе гэж уриалья.
-Нөгөөтэйгүүр та өөх ид гэж байнга хэлдэг?
-Одоо ч хэлмээр байна. Монгол хүн хэдэн мянган жил өөх, мах идэж ирсэн. Танай сонинд Америкт амьдардаг зуун настай ламын тухай ярилцлага гарсан. Тэрбээр Дилав хутагттай хамт Америкт очсон гэдэг. Зуун настай ламын урт насалсан учир нь өөхөн бууз иддэгт байсан аж. Ийм бэлэн жишээ байхад манайхан гадаадынхныг дууриах хэрэггүй. Тэгээд ч цагаан хоолтон болсон хүмүүсийн гунигт түүх олон бий.
-Та дандаа өөх иддэг юм биш биз дээ?
-Өөх ихтэй махан хоол иддэг. Өөхтэй хавирга хоёр гурав огтлоод идсэн байхад өдрийн өл даадаг. Харин мах идсэнийхээ дараа ус сайн уугаарай. Өвөг дээдэс маань бидэнд сайхан өв үлдээсэн. Үүнийг би нээсэн юм биш. Өвөг дээдсийнхээ сургаалыг авч явах гэж зүтгэж байна. Энэ бүхнийг залуу үе ойлгоосой. Өөхтэй махаа сайн идэж дархлаагаа сайжруулаарай. Дархлаа суларсан хүн өвдөмтгий байдаг. Өөх дархлааг сайжруулаад зогсохгүй мэдрэлийн системд сайн. Өөхийг манай өвгөд шүтдэг байсан. Үүнийг монгол хүн мартаж болохгүй.
-Нярай хүүхэд гутлын ул долоож, шороо идэх нь холгүй байдаг. Энэ ямар учиртай юм бол?
-Үүнийг хорих хэрэггүй. Зөн совингоороо дархлаагаа сайжруулж байгаа нь тэр.
-Та өвлийн улиралд ханиад томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө хэлж өгнө үү?
-Ханиад хүрсэн үед нэг халбага шар тос халуун цайндаа хийгээд уувал эдгэнэ. Саяхан надаас танил маань “Ханиад ужгирч ер эдгэхгүй байна. Олон эм ууж үзлээ. Үр дүн алга” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Сүүлний өөх нимгэн хэрчээд хайруулын тавагт халаасны дараа эрээн булчин дээрээ тавь. Мөн тослохоо мартав аа” гэж зөвлөсөн. Удсан ч үгүй гайгүй боллоо гэсэн. Хэрэв ханиад хүрсэн бол энэ аргыг хэрэглэ. Сүүлний тосоор үр хүүхдээ болон өөрсдийгөө ч тословол сайн. Манай уулчин эмэгтэйчүүд өндөр ууланд авирахдаа сүүлний тосоор нүүрээ тослоход хагардаггүй гэж баталсан. Тиймээс ханиад хүрвэл хонины сүүлтэй “найзал”. Хонины сүүл идсэн хүүхэд ханиад хүрэхгүй байх бүрэн боломжтой. Сүүл дархлаа сайжруулдаг юм.
-Манайхан өглөө хоол орохгүй байна гээд өлөн шахам гэрээсээ гардаг. Энэ Талаар юу хэлэх вэ?
-Хүн бүр өглөөний цайгаа сайн уух хэрэгтэй. Өглөө хоол, цайгүй өлөн гарч болохгүй. Үүнээс болж өвдөнө. Өглөө цай, хоолоо идсэн хүн өдөр тэр бүр өлсөөд байхгүй. Наад зах нь ажилдаа ядарч толгой өвдөхгүй. Үнэнийг хэлэхэд үдийн цайнд ач холбогдол өгдөггүй. Хүүхдүүдэд өгөөд байгаа “Үдийн цай”-г дэмждэггүй. Яагаад гэвэл хүүхдүүд хичээлдээ очоод “Үдийн цай”-гаа ууна гэж ихэнх нь өглөөд хоосон гарч байна. Үүнийг эрүүл мэндэд тусгүй гэж үзэж байгаа юм.
-Уучлаарай, үүнтэй чинь харин санал нийлэхгүй юм байна?
-Хоол судлаач хүний хувьд хэлье гэж боддог миний л бодол. Харин залуус Та нар цайгаа сайн ууж байгаарай.
Б.Даариймаа

http://zaluu.com/

No comments:

Post a Comment