БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, December 23, 2011

Хүндлэм бишрэм Отгонтэнгэр уул


Тэртээх хөх уулсын дундаас нэгэн Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа давхарлан өмслөө. Гадаа  лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.
Маргааш өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж, Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.
Бид ийнхүү хээрийн амт шингэсэн өглөөний цайны дээжээ ууландаа өргөөд Отгонтэнгэр дархан цаазат газрын хаалгаар орж, Хайрханы бэлд босгосон Очирваань бурханд мөргөөд цааш Отгонтэнгэрийн овоо руу чиглэлээ. Энэхүү газраар аялахад монгол хүмүүс 300, гадаад хүмүүс 3000 төгрөг төлдөг. Тус газрын байгаль хамгаалагч Ш.Батмэнд Цагаан уулын орчимд хог тарьж болохгүй, хогоо уутанд хийгээд аваад явах ёстой, идээ будааны дээжээ өргөхдөө цаастай чихрийг цааснаас нь гаргаж тавиарай, Бадархундага нууранд өргөл барьцаа хадганд боохгүй шүү. Хадгаа доорх Очирваань бурханд тавих хэрэгтэй. Мөн бие засаж болохгүй” гэдгийг хатуу анхааруулав. Ийн цааш явсаар Цаст цагаан уулд нэлээд ойртож, “Мэлхий хад” нэртэй газрын орчимд машинаа тавиад хоёр км орчим өгсүүр бас шалбааг намаг, чулуу ихтэй газраар явж овоонд хүрэв. Өнгөрсөн зургадугаар сард Отгонтэнгэр уулыг тахих Төрийн тахилга хэдийнэ болоод өнгөрсөн ч бид өөрсдийнхөө хэмжээнд сүсэгт уулыг тахисан юм. Манай гэр бүлийн найз лам С.Отгонбүрэн маань арц хүжээ гаргаж тавиад, ууланд хүндлэл үзүүлэн уулын лус савдгийг тахисан номнууд уншлаа. Манайхан ч идээ будаагаа өргөж, гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд болон ажил төрлөө даатгаж, эрүүл энх, амжилт бүтээлийн ерөөлийг сүүн цацлын хамт өргөв. Үүний дараа Цагаан уулын яг урд хормойд байх Бадархундага нуур руу эрчүүд маань өргөл барьцаа аваад явлаа.  Нууранд  хүрэхэд мөн л тийм ч амар бус замаар  талдаа нэг цаг гаруй алхдаг гэнэ. Нутгийнхны заншлаар эмэгтэйчүүд нуурыг зүглэдэггүй бөгөөд эрчүүд нь нууранд очиж, өргөл барьцаа өргөж хүндэтгэл үзүүлдэг юм байна. Зарим тохиолдолд эмэгтэй хүмүүс нууранд оччихсон явж байдаг гэнэ. Ёс заншил бол ёс заншил. Отгонтэнгэр дархан цаазат газрын хамгаалагчаар 18 жил ажилласан Ш.Батмэндийн эхнэр Бадархундага нуур руу нэг алхаж ч үзээгүй гэсэн шүү.
Бадархундага нуур бол хөлгүй их усан мандал аж. Монголчууд эртнээс тус нууранд хамгийн үнэтэй цайтай мөнгөн ембүү, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг өргөсөөр иржээ. Харин өнөө жилээс байгаль орчныг хамгаалах асуудлын хүрээнд нууранд хадаг өргөхийг хориглосон байна. Мөнгөн аяганы оронд мөнгөө цулаар нь өргөх нь байгаль орчинд илүү хүндлэлтэй тусах тухайд ч ярих болжээ.
Эрчүүд маань хоёр цаг гаруйн дараа эргэж ирснээр Цагаан ууланд хүндлэл үзүүлэх бидний ажиллагаа дуусч, ургах нарнаар гарсан манай аяллын багийнхан үд орчимд майхан дээрээ эргэж ирсэн билээ.
Отгонтэнгэр уул руу явах замд жуулчны бааз бий. Тус бааз өмнөх жилүүдэд бүр дархан цаазат газрын бүс дотор байрлаж байсан бөгөөд ирж очсон хүмүүсийн архидалтын газар болж хувирсан учраас холбогдох байгууллагаас жуулчны баазыг дархан цаазат бүсээс нэлээд хол буулгасан байна. Ер нь Цагаан ууланд хүндлэл үзүүлэхээр очсон хүмүүс, цагаан хоол идэж, сайн сайхан бүхнийг бодож, сайн үйл хийвэл, Отгонтэнгэр хайрхан буян хишгээ харамгүй хайрладаг гэнэ. Энэхүү том газрын хамгаалагчаар нэг л хүн ажилладаг. Ганц хүнд хэтэрхий ахадсан ажлыг Ш.Батмэнд чадах ядахаараа хийж, хайрхан уулаа хамгаалсаар яваа. Шөнө дунд буугаа үүрээд хулгайчидтай тэмцэх нь энүүхэнд. Дархан цаазат газрын ан амьтныг агнаж, нүгэл үйлдэгсэд бишгүй байдаг байна.
Ингээд Хайрхан уулынхаа бэлд нутаглаж, өглөө бүр цайны дээжээ өргөж, тус бүс нутгийг хамгаалсаар ирсэн Отгонтэнгэр дархан цаазат газрын байгаль хамгаалагч Ш.Батмэндийн эхнэр О.Даваатай цөөн хором хөөрөлдсөн юм.
-Отгонтэнгэр уулын энэ жилийн Төрийн тахилга ямар болов?  Нутгийнхан манай уул тэр хүнийг хүлээж авсан, аваагүй гэж ярих юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хүлээж авсан уу?
-Цагаан уул маань хүссэн бүхэнд зулайгаа харуулаад байдаггүй юм ш дээ. Зарим хүнийг ирэхээр тэнгэрт бүртийх ч үүлгүй байснаа л гэнэт үүлээр оройгоо нуучихдаг юм. Зарим хүнд болохоор гэнэт үүлээ хөөгөөд л зулайгаа харуулна. Энэ жилийн Төрийн тахилга сайхан болсон. Цагаан уул Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хүлээж авлаа гэж нутгийнхан ярьж байна. Тахилгын үеэр бороо хуртай, үүлтэй байсан ч холоос ирсэн хүмүүст буурал тэргүүтнээ харуулаад сүсэг бишрэл дагуулсан. Зохион байгуулалт ч сайтай, хог новш бага тарьсан тахилга болсон. Энэ жилийн тахилгад 1800 гаруй машин 7000 гаруй хүн ирсэн гэсэн. Тэгвэл 2007 оны Төрийн тахилгаар дээрх тоог хэд дахин нугалсан хүн, машин ирснээс их хэцүү болж билээ. Хүн, машины зуд болсноос ч тэр үү өнгөрсөн жилийг хүртэл манай нутагт байнгын зуд, ган гачиг болж, улаан шуурга тавьж, олон ч айл малгүй болсон доо. Харин өнгөрсөн жил манай аймгаас төрсөн Жалханз хутагт Ч.Эрдэнэчулуун нутагтаа ирж, уулыг тахиснаар бороо орж, ган гачиг тайлагдаад иргэдийн магнай тэнийж сайхан жилүүд тохиож байна. 2007 оны тахилгаар энэ хөндий дүүрэн хог новшоор дүүрч, байгаль дэлхийг тахих бус бараг л сүйтгэж хаяад явсан. Тэгээд манай нөхөр Улаанбаатар хотоос ирсэн албаны хүмүүст хэлж ярьсаар өнөө жилийн Төрийн тахилгыг байгаль орчныг хамгаалах талаас бодож зохион байгуулсан байх аа.
-Хүн их ирдэг үү?
-Ууландаа мөргөхөөр зөвхөн завханчууд бус УИХ-ын гишүүд, сайд дарга нар, бизнесмэнүүд бусад аймгийн иргэд гээд л хүмүүсийн хөл зундаа ер тасардаггүй. Жуулчид ч их ирдэг. Зарим жуулчин зураг авах гээд долоо хононо. Манай уул ер оройгоо харуулахгүй шүү дээ. Тэгээд жуулчид хүлээж ядаад явангуут нь тэнгэр цэлмэчихдэг, их сонин ш дээ. Гэхдээ жуулчид их сайн хүмүүс. Хог тарьдаггүй, харин ч монголчуудын тарьсан хогийг түүгээд байгаль орчныг цэвэрлээд явдаг юм.

Отгонтэнгэр уулын тухай
Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жилийн, Гималайн нурууг 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсон гэж үздэг бол Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” нь дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн үед буюу гурван тэрбум жилийн өмнө усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн гэдэг. Ертөнцийн эх газрын анхдагч ч гэж үздэг билээ. Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд-Очирваань хайрханыг тахиснаас хойш жил бүрийн зуны дэлгэр цагт тахиж байхыг зарлигдсан байдаг юм билээ.
Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай. Урд өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрладаг. Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч, хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг. Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.
Монгол түмний сүр сүсгийн дээд энэ их оргилд буга согоо, ирвэс, шилүүс, хойлог, ховор шувуу, ан амьтад нутагшин байдаг. Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан хэдийнэ алдаршсан билээ.
Д.Бэхбаяр
Эх сурвалж: http://www.mongolianeconomy.mn

2 comments:

  1. ¿íýõýýð ãàéõàëòàé. ìèíèé ãàíö äýýäýëæ áèøèð÷ ÿâäàã èæèé óóë ìèíü òà ýíý ìîíãîë ò¿ìíèéã ìèíü ìºíõ õºõ òýíãýðò çàì÷ëàõ ãýãýýðëèéí èõ òýíãýð áàéãààðàé.

    ReplyDelete
  2. Унасан газар, угаасан ус минь, хурай хурай хурай
    Ариун дагшин, хөрстийн диваажин минь, өршөө өршөө өршөө
    Уул хирнээ ухаарал хайрлан хүүрнэдэг өндөр дээдэсийн минь сүр сүлд билээ та минь
    Холхи газраас хөх толбот үрсээ харуулдан сахидаг
    Хөх мөнх тэнгэрийн мэлмий билээ та минь

    ReplyDelete