БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, September 1, 2011

Дува сохрын дөрвөн хөвүүний нэг нь БОДОНЧАР МУНХАГИЙН ЭЦЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны язгуур удам нь дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал хоёроос үүсэлтэй бөлгөө. Гэхүйд Бөртэ чоноос хойш 12 дахь үеийн Бодончар мунхагаас эхлээд Чингис хааны угсаа гарвалд битүүлэг байдал гардаг. Энэ нь Добу мэргэн үхэхэд түүний гэргий Алунгоог Бүгүнүтэй, Бэлгүнүтэй хэмээх хоёр хөвүүнтэйгээ үлдсэнийг “МНТ"-нд бичжээ. Тэгэхээр Добу мэргэнийг үгүйд мэндэлсэн Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурвын эцэг хэн болох нь бүрхэг байдаг. Добу мэргэний хоёр хөвүүн эхээсээ эчнээ “Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл гурван хөвүүн төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц байна. Түүний хөвүүд биз” хэмээн хэлэлцэхэд Алунгоо эх, -Сэжиглэх тань зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй.



Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэнэ. Тэр хүн гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг олно гэж өгүүлдэг. Алунгоо эхийн эр Добу мэргэн нэг ахтай ба түүнийг Дува сохор гэнэ. Тэрбээр дөрвөн хөвүүнтэй. Эцэг Дува сохрыг өөд болсон хойно хөвүүд нь Добу мэргэнийг авга гэж үзэхгүй салж нүүсэн тухай “МНТ”-нд бий. Харин авга Добу мэргэнийг хальсан хойно Дува сохрын дөрвөн хөвүүн буцаж ирсэн байж болох юм. Эсвэл тэдгээр дөрвөн хөвүүний аль нэг нь авгынхаа бэлэвсэн эх Алунгоогийн гэрээр эргэж тойрдог болсон байж мэднэ.

Хэрэв зээ ингэж үзвэл Добу мэргэн үхсэн хойно Алунгоо эхээс төрсөн гурван хөвүүн нь түүний үрс байж таарна. Энэ үнэн байх магадлалтай аваас Добу мэргэний үр биш байлаа гэхэд Дува сохрын дөрвөн хөвүүний хэн нэгний үрс болох нь мэдээж бөгөөд Бөртэ чоно, Гоо марал хоёрын удмын гаралтай нь ч тодорхой. Хүннүгээс эхлээд бүр XIX зууны үеийг хүртэл монголчуудын дунд олон эхнэртэй болдог уламжлал байжээ. Тухайлбал, хойд эх нь бас эцгийгээ эрсэдсэн хойно эсвэл авга ба төрсөн ах, дүү нь элсэн тохиолдолд тэдний эхнэрийг авч суудаг, үр хүүхдийг нь ачлан хамгаалалтдаа авдаг уламжлалтай байв.

Нэг үгээр бэлэвсэрч үлдсэн бэргэн ба бэр, хойд эхийгээ төрхөмд нь буцаалгүй өөрсдийн овог омогтой бүрмөсөн авч хоцордог ёсыг эрхэмлэжээ. Эхнэр гэдэг үгийн үндэс нь эх нар буюу ээжүүд гэсэн утгыг хадгалдаг гэж эрдэмтэд үздэг нь ортой байж болзошгүй. Учир нь нэг эрийн өмгөөлөлд олон эм байснаас үүдэн авгай, гэргий гэдэг утга илэрхийлсэн эхнэр гэсэн үг үүссэн байж магадлалтай. Түүнчлэн эрд гарч, айлын овогт ирсэн бэрүүд хадмын талын эрчүүдийн нэрийг хэлэхээс цээрлэдэг заншил байжээ. Энэ ёс заншлаа хүндэтгэсэн бэр бүсгүй буюу Добу мэргэний бэлэвсэн эм Алунгоо өөрийг нь эргэж тойрч ирдэг болсон нөхрийнхөө ах Дува сохрын хөвгүүдийн (юм уу нэг хөвүүний) нэрийг хоёр хүүдээ хэлэхийг түвдээгүй байж болно.

Түүнчлэн эртний Монголд нэгэн ариун гэж дүгнэмээр сүрхий том ёс заншил байжээ. Тэр нь юу вэ гэвээс эр нь үхэж бэлэвсэн үлдсэн эмэгтэйд малаа адуулж, орон гэрээ авч явах эр хүнийг төрүүлэх, удам судраа өсгөх зорилгоор “Гэрлийн хүн” хэмээгдэн сайн чалх бүхий эрийг овог удмын өтгөс, ахлагчдын хурлаар шийдвэрлэн оноож үдшийн бүрийгээр бэлэвсэн эмийн өвөр рүү оруулдаг ийм ёс байжээ. Тийн бодохул Алунгоо эхийн өвөрт тэрхүү “Гэрлийн хүн”-ийг илгээсэн тул гурван хөвүүн мэндэлсэн нь дамжиггүй. Чингэхдээ энэ гэрлийн хүн нь Добу мэргэнтэй яалтгүй мах цусны барилдлагатай эр байсан байж таарна.

Хэрэв алаг бөөрийн сүлбээгүй өөр мах цусны эр байх аваас нэг эхийн хэвлээс мэндлэх ах дүүсийн дунд хожмын муу үр дагавар үүснэ гэдгийг урьдаас мэдэх нь лавтай. Иймд Добу мэргэний садангийн эр хүнийг “Гэрлийн элч” болгосон байх нигуртай. Бөртэ чоно, Гоо маралаас Добу мэргэн, Алунгоо эх хүртэл 12 үе байх бөгөөд арваннэгдүгээр үеийн Торголжин баян, Борогчингоо хоёроос бусад нь цор ганц хөвүүнтэй хэмээн “МНТ”-нд дурдсан нь үнэмшил муутай. Нэгээс илүү хөвүүн үр төрсөн байх бололцоо хангалттай бөгөөд зөвхөн товчлон базахын шалтгаа наар нэг нэг хөвүүнтэй гэсэн байх. Гэхдээ энд бас өөр шалтаг гарна. Тэр нь яахаараа зөвхөн Торголжин баян хоёр хөвүүнтэй байх ёстой гэж.

Добу мэргэн айлын ганц хөвүүн байлаа ч Бодончар мунхаг төрөх нь л төрөх байсан юм. Тэгэхээр Дува сохор ахыг нь дурдаж түүнийг дөрвөн хөвүүнтэй гэсэн мөрт нэрсийг нь нэрлээгүйн учир нэг л сэжигтэй. Арван хэдэн үеийн урьдах Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал гэхчилэн тов тодорхой оноон нэрлэж дурдсан атлаа багцаагаар гурван зуун жилийн заагтай Дува сохрын дөрвөн хөвүүний нэрийг “МНТ”-нд бичиглэн тэмдэглээгүй нь сонин байгаа юм. Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал гээд бүгдийг нарийвчилсан атал Дува сохрын хөвүүдийг орхисон нь үнэхээр содон авай. Үүний цаад шалтгаан нь тэдний дунд Бодончарын эцэг буй буюу гэсэн таамаг эрхбиш төрүүлнэ.

Тиймгүйсэн бол Чингис хааны язгуур нь Бөртэ чоноос бус Бодончараас л эхлэх учиртай бөгөөд эцгийн яс цус нь тодорхойгүй үлдэх төдийгүй Гоо марал Бөртэ чоно хоёрын тухай ч дурдах шаардлагаг үй болох юм. Ёстой л гэрийн доторх ганц зарц Малиг баяуд овгийн эрээс Чингис хааны язгуур угсааг эхлүүлэх байлаа. Бас түүний талаар “МНТ”-нд заавал бичихийн шаардлага ч байгаагүй. Чингис хааныг гөрөөсний махаар сэлгэгдсэн тэнүүлчин хөвүүний удам гэж хожмын үрс тооцвол яана гэж “МНТ”-г тэрлэн сударлагчид бодох байсан нь лавтай. Тэгээд ч Малиг баяудын зарц энэ алтан сударт ахин дурдагдаагүйг ч санах хэрэгтэй. Иймд Бодончар бас “Гэрлийн элч хүн” буюу Дува сохрын хөвүүдээс олдсон байх магадлалтай санагдах авай.

Мөнхийн АМГАЛАН

5 comments:

  1. Маш энгийн тэгээд үнэмшилтэй байж болохуйц санаа байна. Танд баяр хүргэе. Бид ингэж эх түүхээ үнэнд ойрхоноор тайлбарлаж чадвал бидний түүхийг хэнч гуйвуул чадахгүй. Амгалан та эх түүхээ сайтар судласан чинь эндээс харагдаж байна. Би тань шиг эх түүхээ судалж байдаг нэгэн. Таныг би гүнээ хүндэтгэн өөрийнхөө блогт урьж байна. www.odmandakh.blogspot.com

    ReplyDelete
  2. тийм байна маш сонирхолтой санаа байна. гэрлийн хүнийг оруулдаг ёс заншил байсаныг анх удаа л уншиж байна. монголын минь ёс заншил агуу шүү

    ReplyDelete
  3. Таны нийтлэлийг уншлаа энэ таны санаа юу аль эсвэл түүхийн эх сурвалжаас гаргаж ирсэн үндэслэл үү Тийм бол ямар эх сурвалжуудыг ашигласнаа энд тэмдэглэж үлдээвэл баярлахаар байна Их сонирхолтой санагдлаа

    ReplyDelete
  4. их сонин санаа байна...Тэр "Гэрлийн хүн" гэдэг чинь бүүр сонин байна.....тэгхээр тм нэр томъёо байсан гэх нь хэл яриа..энэ тэр нь хаа байгаа юм бол?

    ReplyDelete
  5. МУИС-ийн түүхийн багш нар ч гэсэн иймэрхүү зүйл ярьдаг юм билээ.

    ReplyDelete