ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМЫН УНАГАН ХҮҮ, ЭХ ОРНЫ ХҮҮ, БИДНИЙ ХАМГИЙН ХАЙРТАЙ ХҮН Ш. ОТГОНБИЛЭГ АГСНЫ ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЬЕ.
Монгол орны уул ус, нутгийн нэрийг дуулаад байгалийн ямар гайхамшигт тогтоцтой, юугаараа гайхалтай сайхан билээ гэх бодол төрдөг ч Увс аймгийн Малчин сумын Харгайн зуух гэдэг газрын нэрийг сонсохоор нэг л айдастай. Онгоц осолдсон 2001 оны нэгдүгээр сарын 14- ний тэр өдөр аймшигт явдлын анхны мэдээ 16.00 цагийн үед холбогдох байгууллагад ирсэн. Арван жилийн тэртээ манай улсын баруун аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэн, малчид хүнд байдалд орсон. Завхан аймгийн нийт нутгаар цаг агаар эрс хүйтэрч, зудад нэрвэгдсэн малчид өглөө сэрэхэд гэрийг нь давах шахам цас орж, туйлдаж байсан цаг.
Уулархаг газраараа нэг метрээс илүү, тал газраа 50- 80 см цастай учир хүн байтугай машин ч явах боломжгүй байсан юм. Тэр л цаг мөчид НҮБаас Монгол Улсын Засгийн газар тусламж хүссэнээр тус газраас төлөөлөгчид ирсэн. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ирсэн төлөөлөгчид Зас гийн газраас томилогдсон Ажлын хэсэгтэй хамтран Монголын баруун, зүүн хязгаарыг зорив.
Баруун аймагт ажиллах Ажлын хэсгийнхэн МИАТ компанийн 1025 дугаартай МИ-8Т нисдэг тэрэг УлаангомМалчин- Хяргас-Тосонцэнгэл гэсэн чиглэлээр тусгай үүргийн нислэг гүйцэтгэхээр 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагт Улаангомоос хөөрсөн гэдэг. Ажлын хэсгийнхэн цагийн дараа Малчин сумын Баянхайрханы ойролцоох Харгайн зуух гэдэг газар өвөлжиж байсан С.Зандангийн ойролцоо буулт хийхээр яваад осолдсон юм. Онгоц яагаад осолдов, хэн буруутай вэ гэдгийг өнөөдөр бид ярих учиргүй.
Харин монголчуудын төлөө сэтгэл зүрхээ зориулсан НҮБ-ынхан, өргөсөн тангарагтаа үнэнчээр яваад цаг бусаар амь насаа алдсан тэр хүмүүсийг эргэн дурсан, мөнхжүүлэх ёстой. МИАТ компанийн онгоцонд 23 хүн явсны дөрөв нь багийн гишүүн, бусад нь зорчигчид байсны дотор гадаадын долоон иргэн явсан юм. Ослын улмаас Монголын дөрөв, Япон, Герман, АНУ-ын таван иргэн амь насаа алдсан юм.
Харин хүнд, хүндэвтэр гэмтэл авсан 11 хүн одоо ч сэтгэлдээ гунигтай, айдастай явна. УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, Нисэх тэрэгний техникч Д.Отгон, Германы иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын газрын нэгжийн ахлагч (UNDAC), Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах газрын (OCHA) Ази-Номхон далайн бүсийн гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохицуулах салбарын дарга Сабине Метцнер- Страк, Их Британийн иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын газрын нэг жийн гишүүн (UNDAC), Жерси мужийн Байгаль орчин, төлөвлөлтийн газрын Байгаль орчны үйлчилгээний хэлтсийн захирал Жерард Ле Клэйр, АНУ-ын иргэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн ажилтан Матью Гирвин, Япон улсын иргэн, NHK телевизийн сэтгүүлч Такахиро Като, Япон улсын иргэн, NHK телевизийн зураглаач Минору Масаки нар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдан хорвоог орхисон. Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ынхан эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, бусдын төлөө амьдралаа зориулсан тэдний ар гэр, үр хүүхдэд нь зориулж олон арга хэмжээ зохион байгуулсан юм.
Засгийн газрын комиссын гишүүд, томилогдсон ажлын хэсгүүд нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ослын газарт очиж тухайн цагийн нөхцөл байдалтай танилцах, шүүх эмнэлгийн болон хэрэг бүртгэх, техникийн комисс, ажлын хэсгийг хэргийн газарт хүргэж байлаа.
Мөн осол болсон газар, түүний орчинд тандан ажиглалт хийж, тухайн нөхцөл байдлын талаар видео бичлэг хийх, фото зураг авах зэргээр баримтжуулах ажлыг хийж дуусгасны дараа хэргийн газрын үзлэгийг эхлүүлсэн юм. Комиссынхон талийгаачдын ар гэрийнхний төлөөллийг хүлээж авч, цогцос таниулах ажлыг хийлээ. “Танай хүн Завхан аймаг руу ажлаар явсан уу” гэсэн асуултад “Тийм ээ. Миний хань удахгүй ирнэ гэсэн” гэх тэдний өмнөөс дахиж ирэхгүй гэх үгийг хэлэхээс бэргэж, зугтмаар үе байсан гэдэг.
Гунигт мэдээг дамжуулах харь элгийн нэгэн үг нь эвлэхгүй, юу хэлэхээ олж ядан байхад хамгийн дотнын хүнээ цаг бусаар алдсан гэр бүлийнхэн ямар хэцүү байсан бол. Тухайн үед бүх мэдээллийн хэрэгслээр энэ аймшигт ослын талаар цаг тутам мэдээлэл цацаж, хүн бүр чадах ядахаараа Ажлын хэсэгт тусалж байсан. Байгаль дэлхий аймшигт осол болсон газрыг ариун усаараа угаавч олон аавын хүү, ээжийн охиныг авч одсон аймшигт осол болсныг гэрчлэх хөшөө нар, салхинд гандан Малчин суманд бий.
Таван сарын дараа амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж тэр хөшөөг босгосон юм. Долоо хоногтоо хуваарийн дагуу нэг удаа Завхан аймаг руу нислэгтэй байсан бол ослын маргаашнаас эхлэн өдөрт нэг удаа нислэг хийж эхэлсэн. Талийгаачдын ар гэрийнхэн нь аймшигт осол болж, хамгийн дотнын хүнээ алдсан гэдэгт итгэж чадахгүй байснаас ар гэрийнхнийг нь хэргийн газар хүргэхийг ажлын хэсэг чухалчилсан.
Тэдний хамгийн ахмад нь 52 настай, ажил амьдрал нь ид оргилж байх үе учир энэ аймшигт явдалд итгэнэ гэдэг амаргүй. Тиймээс ч зарим нь “Сайн шалгасан юм уу. Үнэхээр алга байна гэж үү. Амьд байх учиртай” хэмээн өөрсдөө Малчин суманд очихыг хүсэж байлаа.
МИ-8 нисдэг тэрэгнээс 16- 61 насны 11 хүн амьд гарсан байдаг юм. Тухайн үеийн Улсын иргэний хамгаалалтын газрын (УИХГ) дэд дарга ба Улсын Онцгой комиссын нарийн бич гийн дарга Ч.Тогоо, УИХГын офицер Д.Намсрай, ажлын хэсэгт орчуулагчаар ажилласан Ч.Гал, Завхан аймгийн Малчин сумын Засаг дарга З.Баттөмөр, түүний хүү 16 настай Б.Батцэнгэл, Цагаанхайрхан сумын Засаг дарга Т.Болдбаатар, III эмнэлгийн их эмч Б.Мэндбаяр, “Петровис” компанийн орчуулагч Б.Амарсанаа, МИ-8 нисдэг тэрэгний дарга М.БатЭрдэнэ, II нисгэгч Д.Галбадрах, нисдэг тэрэгний борт механик М.Жамсранжав нар одоо эсэн мэнд байна.
Дэлхий нийт ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг дурсан, мөнхжүүлсээр байна. Осол гарсны дараахан амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэх ёслолыг Женев дэх НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн байгууллагын төв байранд, Нью-Йорк дахь НҮБын байранд тус тус зохион байгуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бич гийн дарга асан Кофи Аннан тэднийг хүндэтгэн үг хэлж, ар гэрийнхэнд нь НҮБ-ын далбааг гардуулсан.
Манай улсаас энэ ёслолын арга хэмжээнд Б.Баярмаа агсны нөхөр, хоёр охин, аав, ээж нь оролцсон юм. Өнчин үлдсэн охидод туслах сайн дурын хандивын дансыг Нью-Йоркийн Кредит Юнион банкинд нээж тусалсан аж. Манай улсын Гэмтэл, согог судлалын төв эмнэлгийн багаж, хэрэгсэл ямар байгаа нь Женев дэх НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн байгууллагын анхаарлыг татжээ.
Тиймээс ч тус байгууллагын төлөөлөгчид ирж, эмнэлэгтэй танилцаад 7.5 мянган ам.долларын үнэ бүхий мэс заслын хутга, өвчтөний биеийн байдлыг хянах зөөврийн монитор, зүрхний цахилгаан бичлэгийн болон хүчилтөрөгчийн аппарат, тэдгээрийн дагалдах багаж хэрэгслийг өгсөн юм. Зудын гамшгийг даван туулахад зориулан НҮБ, Монгол Улсын Засгийн газраас уриалга гаргаж байлаа.
Хүмүүнлэгийн ажилд гар бие оролцон, амь насаа алдсан Жарард Ле Клэйрийн дурсгалд зориулан түүний төрсөн арал Жарси мужийн тусламжийн байгууллагаас иж бүрэн тоноглосон эмнэлгийн машин бэлэглэлээ. Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж яваад цаг бусаар амь насаа алдсан НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа агсны ойр дотныхон “Баярмаа” сан байгуулж, эрүүл мэнд, нөхөн үржихүйн салбарт үйл ажиллагаа эрхэлж, төвөөс зайдуу амьдардаг, амьдрал тарчиг иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг.
Мөн ослоор амь насаа алдсан АНУын иргэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн ажилтан Матью Гирвиний нэрэмжит сан Монгол оюутнуудад тэтгэлэг олгон, тусалсаар байна. ”Гамма” агентлагийнхан нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж, түүний нэрэмжит шагналаар гэрэл зурагчдыг урамшуулсаар ирлээ. Бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулж яваад бурханы оронд хальсан тэднийг бид мартах учиргүй
www.Mongolnews.mn
No comments:
Post a Comment