Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар төрсөн нь үнэхээр бахархалтай юм.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу
/1948-2003/ Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. Алдарт малчин, төр нийгмийн зүтгэлтэн тэрээр АИХ-ын депутатаар 3 удаа сонгогдсон, 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон анхны малчин хүн.
Т.Жамц
Манай орны ямаачдаас хамгийн түрүүн Хөдөлмөрийн баатар /1971/цол хүртсэн хүн манай аймгийн Дөрвөлжин сумынх. 1957 онд нэгдэлийн гишүүнд элсэж ямаа маллуулах болсонд нь баярлаж *Түмэн ямаатай болно* гэж амлажээ.
Хөдөлмөрийн баатар Л.Ойдовням.
Ойдовням Завхан аймгийн Идэр сумын нутагт 1938 онд төрсөн. Тэрээр 7-р анги төгсөөд галт тэрэгний машинист болохоор шийдэн туслах машинчийн түр сургуульд оржээ. Ойдовням хүнд ачаатай галт тэрэг жолоодож эхлэнгээ 4-хөн сарын дотор 74 удаагийн явалтаар 16 галт тэрэгний ачааг илүү тээж, 60 мянган төгрөгний хэмнэлт гаргажээ. Удаа дараа ийнхүү амжилт гаргасан учир манай орны төмөр замчдын дотроос хамгийн анх 1960 онд 22 насандаа “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ. Төмөр замчдын дунд “ажил мэргэжилдээ Ойдовням шиг болцгооё” гэсэн уриа гарч, аюул осолгүй ажилладаг, нягт нямбай, нөхөрсөг тусч чанар нь хамт олондоо үлгэр жишээ болсоор байна.
Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очир 1905-1933
Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очир Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд 1905 онд төржээ. Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна. 1925-1928 онд намын төв сургууль, ЗХУ-ын КУТВ-г суралцан төгсөж ирээд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932 он хүртэл Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллажээ. Б.Элдэв-Очир эх орон, ард түмний өмнө байгуулсан гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Б.Элдэв-Очирын гэгээн дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, аймгийн 1-р сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.
МУСГЗ,төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулан
Дорнын их яруу найрагч Б.Явуухулан 1929 оны 03-15нд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Мандаат уулын хормойд эцэг Бэгзийн гэр бүлд төрсөн.Бага ангийн боловсролыг гэрээр эзэмшсэн бөгөөд 1944 онд Улаанбаатар хотод санхүү эдийн засгийн техникумд орж суралцаж төгсөөд 1954-1959 онд Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурагцаж төгссөн.1949 онд анхны шүлгээ бичсэнээс хойш Би чамд хайртай,Зөвхөн Монголдоо,Дуу минь,Завахн нутгийн ая дуу зэрэг шүлгийн бүтээлүүд нь дуу болж олны хүртээл болсон.Б.Явуухулан анхны шүлгээ хэвлүүлсэнээс хойш Цэнхэр мандлын тэнгэр дор,Бидний хүслэн,Мөнгөн хазаарын чимээ,Тэхийн зогсоол,Намрын мөнгөн өглөө,Ээлтэй сэлэм,Дэлхий зэрэг шүлгийн олон арван номын бүтээлүүдээ хэвлүүлсэн.
Аймгийн Төв номын сан 1999 онд Явуухулангийн нэрэмжит болсон.
МУ-ын төрийн шагналт,урлагийн гавьяат зүгэлтэн зохиолч,найруулагч Ламжавын Ванган
БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналт нэрт найруулагч Л.Ванган 1920 оны11-р сарын 25 нд Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Бор эрэг гэдэг газар төрсөн.1931-1935 онд бага сургууль,1935-1938 онд Улаан-үд хотод монгол рафакийн сургуульд суралцаж 1940-1941 онд улсын циркт жүжигчинээр,1945 онд уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад 1946-1951 онд Москва хотод Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийн найруулагч мэрэгжлээр суралцаж төгссөн.1958 онд Соёлын орлогч сайдаар ажиллаж байсан. Тэрээр 1951 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд бид бүхний сайн мэдэх “Сэрэлт”, “Түмний нэг” “Хүний мөр”, “Өглөө”, “Талын цуурай” кинонуудыг зохиосон.Олон арван кино жүжгийн бүтээлүүд туурвиж нам засгаас түний уран бүтээлийг өндрөөр үнэлж 1954 онд УГЗ цолоор шагнасан.
Үргэлжлэл бий.....
No comments:
Post a Comment