БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, October 6, 2010

Дэлхийн чинээ дэлгэж, дэрний чинээ эвхэгдэх дээлтэй монголчууд

Дээлтэй Монгол дэлхийг гоёно





Уран нарийн, чамин тансаг хийц, хараа булаам чимэг, зүүлт бүхий хувцастай үндэстэн Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ. Монгол хүний ур ухаан, өв соёл шингэсэн дээл, хувцасны талаар Монголын Үндэсний музейн захирал, Урлаг судлалын ухааны доктор Ж.Саруулбуянтай ярилцлаа.


-Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн үндэсний нэгэн бахархал бол яах аргагүй Монгол дээл. Хүннүгийн үе, дундад зууны үед монголчуудын өмсөж байсан дээл хувцасны хэв загвар ямар байсан талаар яриагаа эхлэх үү?
- Монгол хүний ур ухаан шингэсэн чимэглэлүүдтэйгээрээ монгол дээл бусад үндэстнүүдийн хувцсаас ялгардаг. Манай өвөг дээдэс 100 гаруй төрлийн дээл хувцас хэрэглэж ирсэн түүхтэй. 13 дугаар зууны үеийн дээл хувцас ямар байсныг манай музейн үзмэрээс харж болно. Ястан үндэстэн болгон өөр өөрийн гэсэн хэв маяг , ёс заншлыг харуулсан хувцастай байсан. 13 дугаар зууны үед барга, захчин, өөлд, торгууд, урианхай, баяд, халхчуудыг хувцасаар нь ялгадаг байж. Тэд үндэстэн ястныхаа онцлогыг харуулсан хувцас өмсөж байсан. Нэг ёсондоо үндэстэн ястны дээл хувцас бол түүх, соёл, зан заншлыг шингээснээрээ аугаа юм. Өнгөц харахад хувцас амьдралын нэгэн хэрэглээ мэт боловч цаанаа түүх, соёлыг хадгалж байдгаараа онцлогтой. Монголчууд найр наадам, мал хуй хариулахад, аян замд ямар хувцас өмсөх вэ гээд дөрвөн улиралдаа зохицуулж хувцасладаг байж. Эхэс дээдэс, энгийн ард, хүүхэд багачуудын хувцас өөр өөрийн гэсэн хэв маягтай байсан. 17 зууны дунд үеэс гүн, тайж, ван зэрэг дэвээс шалтгаалан өмсөх дээлний хэв загварыг тогтоож өгсөн байдаг. 20 дугаар зууны эхэн үеэс төрийн ёслолын хувцас нэлээн өөрчлөгдөж эхэлсэн. Түүнчлэн Монгол үндэсний хувцасыг бэлэгдэл, зөн бэлэг дагаж явсан байгаа юм.


-Манжийн үед “манж хувцас” орж ирсэн гэж ярьдаг. Судлаач хүнийхээ хувьд та үүнийг судалж үзэв үү?
-Тухайн үед манж хувцасны хэв маяг орж ирсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ монголчууд үндэснийхээ хувцсыг хөгжүүлж ирсэн байдаг юм. Манжийн үед язгууртан, дээдэс янз бүрийн хэргэм цол авч байсан. Тэр үед зэрэг дэвийг малгайн чимэг, отог жинсээр нь илэрхийлдэг байсан учраас манжийн хувцас орж ирсэн гэж үздэг. Сүүлд Богд хаант засгийн үед эрэгтэй, эмэгтэй хүн ямар хэв маягтай хувцас өмсөх вэ гэдгийг зааж өгснөөр манж хувцасны хэв маяг халагдсан түүхтэй. Нийгэм цаг үеэ дагаад Монгол дээл өөрчлөгдөн хувьсаж ирсэн. Тухайлбал ардын хувьсгалын үед партизанууд дөрвөн талтай жанжин малгай, хантааз өмсөж байсан хувцасны улбаа өнөө хүртэл явж байна шүү дээ. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхлэнгүүт нударгагүй дээл гарч ирсэн. Эндээс үзэхэд Монгол дээл маань хувьсаж, хүмүүс биед эвтэйхэн загвар хийцийг сонгож ирсэн нь харагдаж байгаа юм.


-Дээр үед эхнэр хүний эдэлж хэрэглэж байсан хувцасны хэв маяг маш өвөрмөц. Гадныхан байтугай монголчууд өөрсдөө гайхаж шагшдаг аа. Эхнэр хүний хувцасны зүүлт хэрэгсэл гэхэд нэлээн жин дардаг байсан гэлцдэг. Энэ тухайд?
- Маш өвөрмөц хувцас. Толгойн гоёлыг алт, мөнгөн эдлэл, шүр, сувдаар маш нарийн урлаж хийсэн. Эхнэр хүний хувцасны гоёл хэрэгсэл нь 5-8 кг байсан гэдэг. Энэ дээлийг олон жил өмссөний дараа духны арьс суларчихдаг юм гэж эмээ маань ярьж байсан. Халх эмэгтэйчүүдийн хувьд эхнэр хувцас нь эвэр үстэй түнтгэр мөртэй байсан. Өөлд эхнэр хүний өмсдөг байсан гол хувцас бол ууж юм. Ууж нь урд хэсгээрээ богино хойд хэсгээрээ урт байсан гээд угсаатны хувцас өөр өөрийн гэсэн онцлогтой.


-Ингэхэд эхнэр хүний дээлний эвэр үсийг юугаар хийдэг байсан юм бол оо?
-Эвэр үс нь хангарьд шувууны далавчийг илтгэдэг байж. Эхэн үедээ жонхуу буцалгаж өөрсдийнхөө үсээ хэлбэрт оруулдаг байсан гэдэг. Харин сүүл үедээ морины дэл сүүлийг ашиглан эвэр үсийг хийдэг болжээ.


-Манай үндэсний хувцас маш олон зүйлийг илтгэдэг. Эмэгтэйчүүдийг нөхөрт гарсан гараагүйг нь хүртэл өмссөн хувцасаар нь мэддэг байсан гэдэг ? -Баруун монголчууд нөхөрт гараагүй эмэгтэй хүнийг сэвгэр гэж хэлдэг байсан. Сэвгэрүүд дээлээ бүсэлж байсан. Харин нөхөрт гарсныхаа дараа бүсгүй дээл өмсдөг. Тэр байтуйгай үсээр нь хүртэл ялгаж байсан гэдэг шүү дээ. Сэвгэрүүд үсээ олон салаа сүлждэг байсан бол нөхөрт гарсан эмэгтэйчүүд үсээ хоёр салаа сүлждэг байж. Яриад байх юм бол маш их түүхийг өгүүлнэ.


-Үнэндээ монголчууд бид үндэсний хувцасаа бараг өмсөхөө болилоо. Үндэсний дээл хувцасыг ямар хүмүүс чиглүүлэх ёстой вэ? -Урлагийнхан, бөхчүүд болон олны анхаарлын төвд байгаа хүмүүс үндэсний хувцаснй хэв маяг загварыг чиглүүлж явах ёстой. Ерөнхийлөгч хүртэл үндэсний дээлний хэв маягийг ард түмэндээ харуулах ёстой хүн шүү дээ.


-Өнөөдөр Монгол дээл бол баяр ёслол, цагаан сарын гоёо болсон гэдэгтэй та санал нийлэх үү? -Суурин иргэншил давамгайлсан энэ цаг үед Монгол дээл үргэлж өмсөнө гэдэг бол түүртээд хэцүү л дээ. Яг үнэндээ ажлын өрөөнд үстэй дээлтэй суугаад байх нь зохимжгүй юм. Орчин үеийн хүмүүс бол аль болох хөнгөн, нимгэн, биед эвтэйхэн хувцас өмсөхийг эрхэмлэдэг болсон. Тийм учраас Монгол дээлийг сонгодог, ёвроп тал руу нь хэлбийлгэлээ. Үнэндээ хөдөө ч бараг монгол дээл өмсдөг хүн ховор болж байна. Мал хуйдаа явж байгаа хүмүүс куртка өмсөөд явдаг болсон. Нэг ёсондоо хятадуудтай адил болж байгаа юм уу даа. Хаяа л баяр ёслолоор үндэсний дээл хувцасаа өмсөж буй нь хэрэглээнээс холдож байгаагийн л нэг илрэл юм. Дээл бол нүүдэлчин ард түмэнд зориулагдсан хувцас. Уг нь хөдөө байгаа малчид болж өгвөл дээлээ өмсөж байх хэрэгтэй. Би нэг зүйлийг яръя л даа. Зүүн аймагт болсон шуурганд /5 дугаар сард/ 10 гаруй хүн осгосон байсан. Тэндээс судлаад үзэхэд дээлтэй, морьтой явсан хүмүүс нь үлдсэн байсан шүү. Их сонин. Харин мотоциклтой, орос хувцастай явсан хүмүүс осгож нас барсан эмгэнэлтэй түүх бий. Тэгэхээр Монгол дээл үнэхээр цаг агаартай зохицсон хувцас байгаа биз.


-Цагийн элээнд монгол дээлний хэв маяг маш их өөрчлөгдөж байна. Жирийн амьдрал дээр эртний үед өмсөж байсан дээл хувцасыг өмсдөг хүн гэж байдаггүй?
- Үнэндээ олон ястны хувцас бол бараг хэрэглээнээс гарчихлаа. Өөлд эмэгтэйчүүд уужаа өмсөхөө больж үндсэндээ үндэстэн ястны хувцас нэг загварт орчихсон. Ястны хувцасыг хэн авч үлдэв гэсэн чинь урлагийнхан буюу тайз дэлгэцийнхэн авч үлдсэн байдаг юм. Үнэндээ баруун монгол, зүүн монгол, халхын бүжгүүдээр дамжуулж ийм хувцас өмсдөг байж гэдгийг бид мэдэж байгаа. Хамгийн гол нь үндсэн хэв загварыг нь гээлгүй орчин үедээ нийцүүлж цог золбоотой болгож ирсэн. Уг нь ард түмэн урлагийнхнаас дээл хувцасныхаа загварыг авч байх ёстой юм шүү дээ. Гэтэл өнөөдөр урлагийн хувцас шиг дээл өмсчихөж гээд нэгнийгээ хэлдэг. Энэ бол буруу. Тэр чинь урлагийн хувцас биш юм шүү дээ. Эсрэгээрээ тэр дээл хувцас чинь ард түмнийх юм шүү гэдгийг ойлгох ёстой. Эрт дээр үед өмсөж байсан үндэсний хувцас бол музейд л байдаг. Гагцхүү үүнийг түүчээлэх хүмүүс нь урлагийнхан, бөхчүүд, улс төрчид. Гол нь тайзнаас тэр дээл хувцасыг буулгаж ард түмэн хэрэглээгээ болгох ёстой. Цагийн аясаар монгол хувцасыг ёвроп хувцастай зохицуулан өмсөж ирсэн. Тухайлбал Их Зохиолч Д.Нацагдорж хүртэл Монгол дээлийг хромон гутал дээр өмсөж дэлгэрүүлсэн байх жишээтэй.


-Дуучин С.Жавхлан Солонгос улсад Монгол дээл өмсөөд явж л дээ. Өмнө нь энгийн хувцастай явахад хэн ч анзаарч хардаагүй аж. Гэтэл монгол дээлээ өмсөөд гарсан чинь хүмүүс гайхаад зургаа хүртэл авахуулсан гэж ярьж байсан. Тэгэхээр монгол дээл бол биднийг гадаадад таниулах нэрийн хуудас юм уу даа?
- Гадныхан монгол дээл өмсөөд явахад бүр гайхдаг шүү дээ. Гол нь монгол хүмүүст дээл маш сайхан зохидог. Үндэсний хувцас маань баатар болгодгийн нэг жишээг та ярилаа. Хуучин үед дипломат ёсонд гадагшаа явахад үндэсний хувцсаа заавал авч явж өмсөх ёстой гэдэг байсан. Энэ бол маш зөв зүйл. Ямар дээл өмсөхийг нь хүртэл зааж өгдөг байсан. Зарим хүмүүст нь дээл хүртэл хийж өгдөг байлаа шүү дээ. Харин одоо манай томчуул хэр дээл өмсдгийг сайн мэдэхгүй байна. Их л ховор байх даа. Үнэхээр Монгол дээл бол үндэсний бахархал юм. Тиймээс монгол хүн бүр гадагшаа явахдаа заавал дээл өмсөх хэрэгтэй. Үүнийг бүр хуульчлаад өгөхөд ч гэмгүй. Монгол дээл хувцас бол биднийг дэлхийд таниулах сурталчилгаа гарцаагүй мөн.


-Сүүлийн үед хүмүүс хятадаас дээлний загвар буулгаж дууриалаа гэх болж. Энэ тухай та юу гэж бодож байна вэ?
-Ёстой би үүний эсрэг байна шүү. Харин ч өвөрлөгч орныхон манай дээлний загварыг дууриаж байгаа. Үнэндээ Өвөр монголын дээл хувцасны хийц маяг маш болхи шүү дээ. Тэд бол дээлээ ч сайхан хийж чаддаггүй. Яг үнэндээ өвөр монголчууд манай хамгийн уран оёдолчдыг авч явж дээл хувцасаа хийлгэдэг шүү дээ.


-ЮНЕСКО-гийн соёлын өвд Хятад улс манай дээлийг бүртгүүлчихлээ хэмээн манайхан нэг хэсэг шуугилаа?
-Үүнийг бас хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Хятадууд Монгол дээл манай юм гэж ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлээгүй шүү дээ. Өвөрмонголчууд монгол дээл устаж үгүй болох нь ээ. Тиймээс хамгаалуулах шаардлагатай гээд биет бус соёлын өвөөр бүртгүүлж байгаа хэрэг. Биет бус соёлын өвд бүртгүүлнэ гэдэг маань тухайн дээл хийх арга техникийг хэлээд байгаа юм.


-Тэгвэл монголчууд бид дээлээ яаж хамгаалах ёстой юм бол оо?
- Монгол хувцасаа авч үлдэхийн тулд дунд болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт дээл яаж хийдгийг оруулж өгөх ёстой. Өнөөдөр дээл оёдог хүн ховордсон шүү дээ. Цөөн тооны оёдолчид байна. Нэг ёсондоо дээл хийх бол бараг мэргэжил болоод хувирчихлаа. Торгоо эсгээд дээл хийх хүн ховор. Ялангуяа залуу үеийхэнд бараг байхгүй дээ.


-Ингэхэд чи дээл оёж чадах уу? -Чадахгүй ээ.
-Одооны хүүхдүүд үнэхээр ийм л байгаа. Тэгэхээр хөх зүү хөндлөн барьдаг эмэгтэй ховордсон энэ үед хүүхдүүдэд багаас нь зааж өгөх ёстой. Ядаж л таван охины нэг нь дээл оёдог байвал бид дээлээ авч үлдэнэ. Дээр үед бол эмэгтэй хүн бүр дээл оёдог байсан. Харин одоо дээл оёж эсгэдэг хүн үгүй болж байна. Дээл оёх ажил хэдхэн хүний гарт орчихлоо.
-Үнэндээ өнөөдөр бид үндэснийхээ хувцасны түүхийг мэдэхгүй явна.Дээл хувцасны түүхийг өгүүлсэн бүтээл хэр байдаг юм бол оо?
-Бараг байхгүй дээ. Ядамсүрэн, Амгалан гуайн хэдхэн альбом л байна даа. Үнэхээр хувцасныхаа түүх соёлыг хэлэх хүн ховор. Тэгэхээр угсаатны зүй гэдэг хичээлээр хүүхдэд багаас нь монгол дээлний онцлог хэв маягийг зааж өгмөөр байна.
-Танай музейд Н.Багабанди ерөнхийлөгчийн дээл байсан нь сонирхол их татсан?
-Анхны ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд үе, үеийн ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр өмссөн дээл хувцасыг музейд авсан. Түүнээс гадна манай музейд маршал Х. Чойбалсан. Ю Цэдэнбал даргын хувцас бий. Энэ нь Монголыг удирдаж явсан хүмүүс ямар дээл хувцасаар гоёж байсан юм бэ гэдгийг харуулах гэсэн хэрэг л дээ.


-Ингэхэд эртний үеийн дээл хувцас хэр байгаа вэ. Танай музейн үзмэрт байгаа дээл хувцас эх хувиараа байгаа юу?
-Үзмэрт байгаа дээл хувцасны ихэнх нь эх хувиараа байгаа. Бүр эртний үеийн дээлүүдийг л орлуулж хийсэн. Зарим алт мөнгөн чимэглэл, эдлэл дууриамал юм. Бүр эртнийх гэх юм бол Хэнтийн аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас 13 дугаар зууны үеийн булшнаас олдсон эртний үеийн дээл байгаа. Уг дээлийг манай соёлын өв төвөөс сэргээн засварласан. Язгууртан хүний хэрэглэж байсан шаглаж хийсэн нарийн хийцтэй дээл бий.


-Дээлтэй монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
- Монгол дээл бол хаана ч байхгүй сайхан хувцас. Тиймээс хүн болгон Монгол дээлээрээ гоёж өв соелоо хадгалаарай л гэж хэлье дээ.





No comments:

Post a Comment

Post a Comment