БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, October 26, 2010

ЦАГААН УУЛ

Монгол оронд Цагаан-Уул цэцэг элбэг ургадаг ажээ. Тиймээс түүнийг зарим нь хаа сайгүй ургадаг гээд тоохгүй байх нь ч бий. Энэ цэцэг элбэг ургасан газар малчид малаа бэлчээхээс жийрхдэг ч гэх. Учир нь түүнийг их хэмжээгээр идвэл малын гэдэс дүүрч үхэх аюултай гэлцдэг. Ой хээр, чулуурхаг, хуурай газар ихээр ургах Цагаан-Уулыг дөнгөж ургасан үед нь хонь, ямаа бага зэрэг иддэг. Харин бусад нь түүнийг тоодоггүй юм байх. Гэвч нийлмэл овогт олон наст Цагаан-Уул цэцэг элдэв төрлийн өвчин анагаах увидастай.



 
Тухайлбал, цусны даралт бууруулдаг учир хүмүүс дэр хийж дэрлэхээс гадна гутлынхаа уланд ч дэвсч болдог аж. Цагаан-Уул анхилам үнэртэй бөгөөд дэрлэхэд зөөлөн аж. Хижиг өвчин болон цус алдахад Цагаан-Уул нэн тустай. Мөн жилийн дөрвөн улиралд цасан цагаан өнгөө гээдэггүй учраас энэ цэцгийг үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэл хэмээн европчууд магтан дуулдаг. "Edelwiss" хэмээх тэр дууны монгол хувилбар манайхны дунд ч өргөн түгсэн.
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Үхэлгүй мөнхийн бэлгэдэл Цагаан-Уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
хэмээн Дорнын их яруу найрагч Б.Явуухулан "Би хаана төрөө вэ" шүлэгт нэгэнтээ магтсанаас эхлээд түүний анхилам үнэр, өнгө төрхийг биширсэн монгол дуу, шүлэг нэлээд бий. Уг нь Цагаан-Уулын жинхэнэ нэр Цагаан ул юмсанж. Хүмүүсийн дунд хэлэгдэх явцдаа өөрчлөгдсөөр өдгөө уул болон хувирсныг ургамал судлаачид тайлбарладаг юм билээ. Зарим нутагт түүнийг Цагаан түрүү гэж нэрлэх нь ч бий. Эрт үед Цагаан-Уулын цахиурын үсэрхэг, ноосорхог хэсгээр хүмүүс гал гаргадаг байжээ. Зуны улиралд бусад цэцгийн адилаар цэцэглэж, намар нь гандаж хатдаг ч гэлээ цагаан өнгөө өөрчилдөггүй. Манай оронд энэ цэцгийн 2-3 зүйл ургадаг бөгөөд гаднаас нь хараад хооронд нь ялгах аргагүй. Тэд үндэслэг ишин дээрээ олон удаа цэцэглэдгээрээ бусдаас онцлог. "Эделвайс"-ыг тасалгаанд тарьж болдог гэнэ. Жилийн дөрвөн улиралд хөрс, үрээр үндэслүүлнэ. 15-25 см хүртэл өндөр ургах энэ цэцгийн дагавар навчис нь сагсны гадуур нийлж цасан ширхэг хэлбэр үүсгэдэг аж. Үүнийг дуурайлган бэлэг дурсгалын зүйл хийх нь элбэг. Ер нь дэлхийд 40 гаруй төрөл зүйлийн Цагаан-Уул байдаг бөгөөд тэднийг Альпийн, Сибирийн хэмээн хоёр ангилдаг байна. Альпийнх нь 6-8 дугаар сарын хооронд цэцэглэнэ. Харин Монгол, Манжуур, Солонгост ургадаг нь Сибирийнхэд хамаардаг аж. Монголын Цагаан-Уул цэцэг Альпийнхыг бодвол тэжээл сайтай хөрсөнд бүлэглэж ургадаг гэнэ. Сибирийн Эделвайс ганц ганцаараа цэцэглэдэг байна. Эделвайс нь Leonpodion буюу арслангийн алга гэсэн грек хэлнээс гаралтай үг аж. Цагаан-Уулыг олон улсын хэллэгт ингэж нэрлэдэг гэнэ.

No comments:

Post a Comment