БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, October 8, 2010

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ


Гүрбазар гэдэг нэрийг сонсохоор, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй гэдэг үгээ хэлээд наадмын ногоон дэнж дээр хурдан морьдын тоосон дунд зогсож байгаа нь нүдэнд харагдах шиг   .....

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж

Ганц яваа насаараа би монголоороо гоёно.

Би

Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараа нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тиймээ би монголоороо гоёдог

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог

Аяганд нь үдийн нар далбисан өвгөдөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би монголоороо гоёдог

Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог

Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би монголоороо гоёдог

Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог

Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би монголоороо гоёдог

Алган дотор өчүүхэн цагаан чулуу ташчихад

Ангаахай гардаг болов уу гэж томоогүй нас минь үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээ гэх энэ чулууг шувуу амиар хайнссан

Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь мөргөж залбирнаа эх орон минь

Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарнаа эх орон минь
Буйрын чинээх уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирнаа

Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан

Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омгийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш

Би ямар дээлтэй Цахиур шиг явлаа гээд галын хиртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар үнэн худлын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдрээ гатлаж чадах биш дээ

Гэхдээ би агтны морьтой монголдоо

Амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа
Эх орон минь
Би Монголоороо гоёдог.

Ш.Гүрбазар







Өвөг дээдэс минь бидэнд Монголоороо гоёж Монголоороо бахархах агуу бүхнийг үлдээжээ. Тэгвэл Бид хойч үедээ юу үлдээх бол...??????????

ИРЭЭДҮЙ БИДНЭЭР БАХАРХАХ БОЛОВ УУ????

No comments:

Post a Comment