БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, October 17, 2010

МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСОН БУЮУ АМАН ХУУЛЬ


Монголчуудын аман хууль нь зүгээр нэг улиг болсон учирлал биш. Эдгээр цээр ёс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд ертөнцийн учир шалтгаан хийгээд энергийн урсгалыг билэг оюунаараа танин мэдсэн ард түмний хууль болно.


- Аав, ээжийнхээ өөдөөс хялайн харах, хэдэрлэх, хараал хэлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амьтны амь бүрлэгснээс дутуугүй нүгэл хилэнц болно.


- Жигнэсэн битүү хоол идээд даруй гадагш явахыг цээрлэнэ. Учир нь жигнэсэн битүү хоол идсэний дараа хий дарагдаж, хөлс гарч болзошгүй тул хүйтэн сэрүүний улиралд гадаа гарч явбаас салхи цохиулна, өвчин олно хэмээн сэрэмжилдэг бөлгөө.


- Айлын гадаа очоод гэрт орохоос өмнө биеэ хөнгөлөхийг/морь харахыг/ цээрлэнэ. Хэрэв үл цээрлэн тийн үйлдвээс дээрэлхэн доромжиллоо гэнэ.


- Айлд ороод баганын хоорондуур гарах, цай идээ авч өгөлцөхийг ёс журамгүй хэмээн цээрлэнэ.


- Ална гэдэг үгийг хамаа бус хэлэхийг цээрлэдэг. Хонь мал муучлах, гаргах, махлах, төхөөрөх хэмээн цээрлэн хэлдэг ёс буй.


- Ам хамхилгүй, ам уралдуулан хүнээс өрсөн ярихыг ухаан мунхаг чалчаагийн шинж хэмээн цээрлэнэ. Мөн ёс журамгүй гэнэ. Чалчаа хүн хүндгүй болно.


- Амар мэнд асууж байхад хариу эс дуугарахыг цээрлэнэ. Эс дуугарваас ихэрхэг, мулгуу, ёс үл мэдэгч гэгдэнэ.


- Ахмад настны дэргэд хүндлэхийн учир элдэв хараал, зүхэл алиа шалиг үг хэлэхийг цээрлэнэ.


- Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Зохист нийцүүлэн насных нь намба төлөвт тааруулж хүндлэн гуайлж дуудна. Жишээ нь: өндөр уулыг харвал хайрхан гэж дууд, өвгөд настантай золговол аав ээж гэж дууд хэмээн сургадаг.


- Аяганы амсар эмтэрхий бол алив хүнд цай унд хийж барихыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс үл хүндэлсэн болно.


- Аяга шаазангаа хөмөрч тавихыг цээрлэнэ. Хишиг буянаа хөмөрлөө гэх буюу “саалийг нь уувал /идвэл/, савыг нь хүндэл” гэхийн учир тэр болой.


- Гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулахыг хориглоно. Зөрчвөөс гараар дамжин хишиг буян зайлна гэнэ. Мөнгө зоосыг алга, өвөр дээр нь чулуудаж өгнө, хүнс эд зүйлсийг шанага аягаар уут саванд нь хийж өгдөг заншилтай.


Гуйлгачин ядуу хүнийг ядуу хоосноор нь дайрч доромжлохыг цээрлэнэ. Урьднасны лай ланчиг, энэ насны үйлийн үрээр зовж яваа хүнийг дайрч доромжилвоос өөрийн чинь хар толгой дээр хожим тэрхүү зовлон бууна, ядарсан амьтныг гомдоох их нүгэл болно гэнэ.


- Ёргио ааш зан, сагсуу эрэлхүү авир гаргахыг цээрлэнэ. Монголчууд эртнээс нааш даруу дөлгөөн ааш занг эрхэмлэж ирсэн учраас ёргио сагсуу авирлахыг жигшин зэвүүцдэг бөлгөө.


- Ёс төр, хууль цаазыг үл дагахыг цээрлэнэ. “Ёс алдвал хүндгүй, хууль сөрвөл толгойгүй” гэх буюу “Ёс ёмбогор төр төмбөгөр” гэхийн учир заавал дагаж мөрдөхийг хичээнэ.


- Малгайгаа буруу харуулан өмсөхийг цээрлэнэ. Золигт гаргах хүний малгайг тийнхүү буруу харуулан өмсүүлдэг байжээ.


- Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморио сольсноос өөрцгүй гэнэ. Мөн хүний хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.


- Малгайгаа газар хаях буюу хамаа бус тавихыг цээрлэнэ. “Хоёр хүн явахад нэг нь ахалдаг, ганцаараа явахад малгай нь ахалдаг” гэх буюу малгай сүлд хийморийн бэлэгдэл тул хүндэтгэн үзнэ.


- Могой ороолдон хурьцан буй тохиолдохыг цээрлэнэ. Тохиолдвоос дээр нь алчуур, бөсөөр бүтээгээд эргэн харалгүй явна. Могой ес нь хор, хорлолтой гэх тул гай хараал нь бэрх гэдэг.


- Могой алахыг цээрлэнэ. Зөрчвөөс амь насанд аюултай, газар усны эзэн хилэгнэнэ гэнэ. Гэрт могой орвол мод, галын хайчаар хавчин толгой дээр нь сүү дусаагаад хол хаяна.


- Нар сар хиртэх үед найрлан цэнгэх хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Ийнхүү үйлдвээс их нүгэл хилэнц болно гэх буюу хэрэв найр цэнгэл давхацваас завсарлаж түмпэн нүдэн дөрвөн нүдтэй улаан халтар нохойгоо турхирч боргуулна.


- Ном бичгийг хүндлэхийн учир дээд талыг нь буруу харуулах, дорогш хандуулахыг цээрлэнэ. Зөрчвөөс алдас болно.


- Ном судрыг сэвтээх урахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс эрдэм ном сурах заяа буян зайлна гэнэ.


- Ном бичиг хүнд өгөх, урилга заллагын бичиг гардуулахдаа толгой талыг нь авч буй хүний өөдөөс хандуулахыг цээрлэнэ. Заавал өөрийн бие өөдөө хандуулж өгдөг нь цаад хүнээ хүндэлж буйн тэмдэг бөлгөө.


- Ном бичиг үзэж байгаад дэлгээтэй орхихыг цээрлэнэ. Зөрчвөөс мартамхай болно гэх буюу ном муу сурна гэнэ.

No comments:

Post a Comment

Post a Comment