БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, October 1, 2010

УРТЫН ДУУЧИД /ҮРГЭЛЖЛЭЛ/

Уртын дууны эх болсон хvн нь Шvхэрийн Дамба (1846-1924). Энэ хvн уртын дууны Хэнтий чигийн “Хар Дэл” аялгууны гол төлөөлөгч нь байжээ. Тvvний хоёр шавь нь хожмоо уртын дууны ноён оргилууд болсон Майдарын Мөрринчин (1881-1926) болоод Лувсангомпил (1870-1967) гуай нар. Мөрринчин буюу Дашринчин нь арван засгийн наадмын аварга цолтой хvн байжээ. Сvжигт вангийн хатан байсан Лувсангомпил гуай бол Хэнтийн Хэрлэн чигийн хvн бөгөөд Их Дууч Дорждагва гуайд 3 жил уртын дуу заасан багш нь, олноо Чуганц багш гэж алдаршжээ. Дорждагва гуай зvvн чигийн маш олон дуу мэддэг байсан Чуганц багшаасаа бараг бvх л дууг нь заалгаж сурчээ.
Магсархурцын Дугаржав (1893-1946) бол Их Дуучны хамгийн гол багш нь байлаа. Дугаржав гуай Мөрринчин гуайн шавь нь байсан болохоор багшийнхаа болоод өөрийн мэддэг бvхнээ Дорждагва гуайд болон тухайн vеийн бусад дуучдад харамгvй зааж байжээ. Жишээ нь “Дөрвөн Цаг” дууг Мөрринчингийн аяар, Дугаржав гуайн зааснаар Дорждагва гуай сурчээ. Их Дууч Дорждагва гуай анхны багш Чимэдцэрэн (1885-1937)-гээ уртын дууг хоёр өөр хувилбараар дуулдаг байсныг онцолсон байна. Тухайлбал “Хар Дэл” аялгуунаас гадна Баянбараат аялгуугаар Чимэдцэрэн гуай бас дуулдаг байжээ. Энэ бvхэн нь Дорждагва гуай Засагт ханы, Тvшээт ханы, Сэцэн ханы, Бараатын, Боржигоны, Хурх Биндэр буюу Хар Дэл, Дарьгангын зэрэг нутаг нутгийн олон өөр хувилбар аяар, олон дуунуудыг дуулж чаддаг болоход нь нөлөөлжээ.

Алдарт уртын дууч Дорждагва гуайн дөрөв дэх багш нь Самын Гомбо гуай юм. Уртын дууны бас нэгэн ноён оргил Лувсанбалдан гуайн шавь Гомбо гуай нь Хурх Биндэр чигийн аялгуугаар дуулдаг хvн байсны дээр уртын дууны vгийг тод хэлдэг, сэтгэлгээтэй дуулдаг хvн байсан гэж Дорждагва гуай тодотгосон байна. Гомбо багш нь Их Дуучид “Хоёр Бор”, “Цэвцгэр Хурдан Шарга”, “Урт Сайхан Хvрэн”, “Тvмэн Эх”, “Гайхамшигт” зэрэг дуунуудыг зааж, өөрийн болгуулжээ.

Дорждагва гуай баруун чигийн аятай, баруун нутгаас гаралтай дуунуудыг Засагт ханы Гэлэнхvvгийн Поврон гэдэг хvнээр заалгасан нь Их Дуучийн тав дахь багш нь болж байна.

Ингэхлээр Алдарт Дууч Дорждагва гуай бол уртын дуу мэддэг, дуулдаг, тухайн нутаг хошуундаа хvндлэгдсэн, Монголын уртын дууны эх, оргил болсон бvх л хvнтэй багш, шавийн шижимээр холбогдож, Монгол уртын дууны хөгжлийг зангидсан хvн нь, нэг ёсны Монголын уртын дууны “Загалмайлсан Эцэг” болсон хvн билээ. Дорждагва гуайтай зэрэг болон тvvнийг залгамжилж Дамчаа, Цоодол, Долгоржав, Лхамжав, Нямлхагва, Шархvvхэн, Норовбанзад нарын зэрэг алдартай уртын дуучид төрөн гарчээ.

No comments:

Post a Comment