БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, October 23, 2010

СОЁМБО


Соёмбо тэмдгийн учрыг тайлбарлавал соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай болно. Энэ нь монголчууд галыг мандан бадрахын утгаар хэрэглэдэгтэй холбоотой юм.

Түүний доор буй нар сар хоёр бол мөнх хөх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд Монгол улс үүрд мандан бадрах болтугай гэсэн утга агуулжээ.

Гурвалжин дүрс бол жал, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош харуулсан нь улс ардын дайсныг дарна гэсэн далд утгатай.

Түүний доорх тэгш өнцөгт дүрс бол хуягны ялтсыг дүрсэлсэн шулуун шударга, бат бөх, журамтай гэсэн утга хадгалжээ. Харин дундах нь орших хос загасын дүрс нь өнөр өтгөн, сонор соргогыг билэгддэг.



Учир нь эртнээс монголчууд загасыг өдөр шөнийн цагт нүдээ аньдаггүй, үр төл ихтэй амьтан гэж үзэж ирсэнтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл арга билэг буюу эр эм гэсэн утгатайн дээр хүн ард нь бүгд сонор соргог сэрэмжтэй байж, өсөн үржиж улс орноо цэцэглүүл гэсэн утга илэрхийлдэг ажээ.

Хоёр тал нь байх босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь монголын бүх ард түмэн эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрмээс ч бат бэх гэх санааг агуулжээ.

Ийнхүү соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн гүнзгий утга санааг агуулсан байдаг юм байна.



/Харин Монгол улсын төрийн далбаа нь1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. 1949 оны төрийн далбаанаас социалист одыг хассанаараа л өөр. Улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.

Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна.

Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

1 comment:

  1. Гоё шүү. Бид ингэж соёл оо мартахгүйн тулд хойч үедээ ийм мэдээлэл их үлдээх хэрэгтэй.

    ReplyDelete