Ая нь аргадаж үг нь зэмлэсэн сайхан монгол аялгуугаа сонсож ухаарч амьдарцгаая.
Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг,хотгойд,баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий, Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй, Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ. Зуун лангийн жороо луусыгаа Жуузан дунд нь заллаа хө Зураг болсон Богд ламыгаа Зонхов ширээнд нь заллаа даа хө" хэмээх "Зуун лангийн жороо луус" дуу нь нь Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөхөд төрийн дуулал болж байсан гэдэг. Ардын богино дуу үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй, ая үг, агуулгын донж маяг яв цав таарсан. Ардын богино дууг олон зууны туршид ардын ухаан бодол, авъяас билгээр тунгаагдсан "шижир алт" гэмээн Монголын ард түмэн биширдэг билээ.
Данзанравжаа : Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Говийн ноён хутагт Данзанравжаа /1803-1856/
No comments:
Post a Comment