БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, November 5, 2011

Чи Булаг: Морин хуур өвөг дээдсийн минь үлдээсэн бурхны хөгжим


БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч Чи Булагийг Олон улсын хөгжмийн өдрөөр СУИС дээр зохиогдсон ''Гала" хөгжмийн концертод уригдан оролцож явахад нь таарч багахан хугацаанд ярилцснаа уншигчиддаа хүргэж байна.

-Та сайн явж байна уу. Сайхан намаржиж байна уу гэж монгол ёсоороо мэндлэх нь зөв биз дээ. Монгол нутгийн намар сайхан байна уу?
-Сайн явж байна. Үнэхээр сайхан намар тохиож байна. Манай Өвөр Монголд мөн л ийм гоё байгаа ш дээ. Энэ жил бүүр сайхан байгаа. Сэтгэл уужуу гоё байна. Би Улаанбаатарт ирээд хэд хоночихлоо. Найз нартайгаа уулзаад гоё байна даа.

-Та Монголд олон ирдэг байх. Энэ удаад ямар ажлаар ирэв?
-Би Ар Монголдоо олон ирсэн дээ. Эзэн Чингис хааны 800 жилийн ойгоор ирж байлаа. Харин сүүлийн хэдэн жил ирж амжаагүй. Танай соёлын сургуулийн урилгаар ирлээ. Наашаа явах хүсэл байвч ажил их байдаг даа. Найз нартайгаа уулзах гол хүсэл байлаа.


-Найз нар гээд байна. Тэд чинь хэн бэ?
-Олон шүү дээ. Танайд том том хөгжимчид олон бий. Тэд бүгд миний найз шүү. Морин хуурын чуулгын дарга Батчулуун миний найз. Бас Жанцанноров, Пүрэвхүү байна. Тэдэнтэй уулзаж барахгүй буцах байхаа. Монгол нутаг уудам, хүмүүс нь хол хол нутагладаг болохоор явж барахгүй байх аа./ инээв/ Морин хуураа тоглох бүрдээ Монголчуудтайгаа уулзах шиг болдог оо. Тийм биз дээ. Танай Жанцанчой гэж сайн морин хуурч байсан, би тэр хүнийг шүтдэг байсан. Анх Японд явж байгаад тоглолтынх нь бичлэгийг олж авч үзээд биширч байсан шүү. Алдарт хуурч Жамъян гуай байна. Тэр хүн миний багш байлаа. Том зэргийн хуурчид олон шүү дээ.

-Энэ зун манай улс Сүхбаатарын талбайдаа 1000 морин хуурч тоглуулсан та сонссон биз дээ.
-Их сайхан юм зохион байгуулсан байна билээ. Би байсан бол тоглох байсаан. / инээв/ Морин хуурыг бүх дэлхийд сонсгох хэрэгтэй байгаа юм ш дээ. Манай Өвөр монголд морин хуурчид олон бий. Ингэхдээ танайх шиг нэгэн зохион байгуулалтад орж тоглож байгаагүй. Хөдөөд морин хуургүй айл байхгүй шүү. Харин танай ерөнхийлөгч морин хуураа залах болсон нь их гавъяа гэж боддог. Манай Өвөр Монголд тийм биш ээ. Монгол хүн морин хуур сонсохгүй байж болохгүй. Сонсох бүрд сэтгэл огшоод юм юм бодогдуулдаг эгшиг яруу сайхан хөгжим. Монгол хүн бүр хуураа тоглодог байгаасай. Гадныханд сургахдаа биш, сонсгох хэрэгтэй байна. Морин хуурыг өвөг дээдсийнхээ үлдээсэн бурхны хөгжим гэж хүндэтгэх хэрэгтэй юм шүү.

-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Хятадад Чи Булагийн нэрэмжит дээд зэргийн хөгжмийн их сургууль байгуулагдсан. Би тэнд багшилдаг. Өөр олон ажил байна. Олон залуучууд морин хуураар хичээллэж байгаа. Мөд бүр олон болно байх аа. Танай соёлын сургууль том болсон байна. Том мэргэжлийн багш нар зааж байгаа юм чинь сайн хөгжимчид олон гарна аа. Монгол хүүхдүүд бүгд авъяастай байдаг.

-Танд манай орон тэр тусмаа Улаанбаатар хот ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Монгол нутаг сайхан даа. Намайг ирэх болгонд танигдахгүй болчихсон байх юм. Энэ нь сайн хэрэг ээ. Үнэнийг хэлэхэд энэ удаад Улаанбаатараас монгол улсыг олж харсангүй. Яагаад гэхээр монгол бичгээрээ бичсэн нэг ч юм алга байна. Дандаа өөр гадны хэлээр биччихсэн байна шүү дээ. Би очоод Өвөр монголчууддаа юу гэж хэлэх юм бэ. Энэ үнэн биз дээ. Та өөрөө монгол хүн байж мэдэж байгаа. Босоо монгол бичиг чинь монгол хүний сүлд юм шүү дээ.

Бид энэ бичгээрээ гайхуулж бахархаж явах ёстой биш үү. Одоо энэ бичгийг бидний хэдэн Монголчуудын цөөхөн хэсэг нь мэдэж байна. Манай Өвөр Монголд гудамжинд хаяг, ямар нэгэн юмыг хятадаар бичсэн бол доор нь заавал монгол бичгээрээ давхар бичсэн байдаг. Бид хэл соёл нэг монголдоо ирчихээд юугий нь мэдэхгүй байж болохгүй биз дээ. Тэгэхээр бид та нараас илүү соёлын том өвөө хадгалж явж байгаа. Монгол бичиг, морин хуур хоёр бидний том өв соёл юм шүү. Хоёр хоногийн өмнө намайг танай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээж авч уулзсан.

-Та юу ярив?
-Би энэ байдлаа хэлсэн. Үндэсний асуудалд намын бодлогоор явж болохгүй гэж хэлсэн. Зөвшөөрч байна билээ. Тэрээр надад Монголчууд бид сэтгэл нэг байх хэрэгтэй гэж хэлсэн. Манай Өвөр Монголчууд уламжлалын олон юмаа авч хадгалж яваа шүү. Ерөнхийлөгч бид хоёр сайхан элэгсэг дотно ярилцсан. Тэр хүн их юм хийнэ байх аа.

Н.Лхагва
http://news.gogo.mn/r/95209

No comments:

Post a Comment