Ш.Чоймаа: Монгол бичиг сэргэхэд үндэсний ухамсар л хэрэгтэй
- Хүүхдэд 13-аас дээш насанд нь гадаад хэлийг эзэмшүүлэх хэрэгтэй – Ардчилсан хувьсагалын дараа үндэсний ухамсар сэргэж монгол бичиг, соёлоо сурах гэсэн иргэдийн идэвх зүтгэл эрчимжсэн билээ. Үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан хүний нэг нь Ш.Чоймаа багш юм. Монгол телевизээр хичээл зааж олны талархал хүлээж явсан төрийн соёрхолт, гавьяат багш доктор Ш.Чоймаа багштай ярилцлаа.
-Таныг цэнхэр дэлгэцнээ хичээл заадаг байхад, монгол бичгээ сурах гэсэн иргэдийн хүсэл, эрмэлзлэл их байсан. Гэтэл иргэдийн энэ хүсэл юунаас болоод суларч явсаар 20 жилийг ардаа үдэх болов?
-Монгол бичгээр төрийн хэргийг хөтлөх тухай асуудал хэдэн эрдэмтний сэтгэлийн хөөрлийн асуудал төдий өнгөцхөн зүйл биш л дээ. Монгол Улсын түүх, хэл соёл, угсаатны зүйг хадгалан үлдсэн 1500 жилийн өв, хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг нь монгол бичиг юм. Үндэсний сэргэн мандалтын салхи сэвэлзсэн ардчилсан хувьсгалын дараа 1991 оны тавдугаар сарын 30-ны өдөр “Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, бэлтгэл ажлыг хангах тухай” улсын бага хурлын тогтоол гарсан. Түүний дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан УИХ-аар батлуулсан юм. Ард нийтээрээ үүнийг талархан хүлээж авч хүн бүхэн монгол бичгээ шамдан сурч байлаа. Хамгийн их эсэргүүцэн хүмүүс, мэдээж сандал, ширээ, албан тушаалтайгаа зууралдсан дарга нар байсан. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг хойно. Үндэсний бичгээ мэдэхгүй дарга нар албан тушаалаасаа салахгүйн тулд монгол бичгийн дэлгэрч байсан хурдыг сааруулж санасандаа хүрсэн. Тэр үеийн хурдаар явсан бол 20 жилийн энэ хугацаанд бүх нийтээрээ монгол бичгээ сурч чадах байлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Хос бичигтэн” болно гэснээс болов уу. Одоо энэ алдааг засч болно биз дээ?
-Ерөнхийлөгч асан Н.Багабанди руу бүх бурууг түлхээд яахав. Ургашгүй ноёнд ухаангүй албат гэдэг дээ. Энэ сайхан үйлсийн эрчийг сулруулсан буруутай олон хүн бий. Алдааг засч болно. Дахин тэр алдаагаа давтахгүй байх нь чухал. Монгол бичигт шилжих бэлтгэл ажил удаан ч гэсэн явж л байна. Монгол бичгийг дэлгэрүүлэх явцыг хааж боогдуулсан зүйл бол огт байхгүй. Монгол бичиг сэргэхэд үндэсний ухамсар л хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 2”-ыг баталсан байгаа. Энэ хөтөлбөрийг 2008-2015 оны хооронд хэрэгжүүлэхээр заасан. Хөтөлбөрийн 7.3-т заахдаа “Төрийн захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагад монгол бичгийн орчин, хэрэглээ бүрдсэн байна” гэсэн байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ардын багш Чойжилсүрэнгийн нэрэмжит “төрийн албан хаагчдын монгол бичгийн анхдугаар олимпиад”-ыг зарласан байгаа. Энэ уралдааны эцсийн дүн ирэх сард гарна.
-Монголчуудыг гадны хүмүүс их хатуу, хахир яриатай гэх болсон нь кирил бичиг үсэгтэй холбоотой юу?
-Тэгэлгүй яахав. Кирил үсгээр бид бичихдээ давхардсан гийгүүлэгчийг их хэрэглэж байна. Мөн гадаад үгийг монголчилж бичихгүй шууд авч хэрэглэж байгаа нь аман болон бичгийн хэлний дархлааг сулруулж, монгол хэлний аялгуут эгшгийн зохицлыг алдагдуулаад байгаа юм. Олон давхардсан гийгүүлэгч нэг дор орохоор хатуу сонсогдох нь аргагүй. Б.Ринчен “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт өвөг дээдсийн минь өв их соёл” гэж шүлэглэсэн байдаг. Тэр сайхан аялгуутай бичиг үсэг, өв соёл алдагдаад байна. Монгол бичигт гийгүүлэгч урдаа буюу ардаа заавал эгшигтэй бичигддэг дүрэмтэй. Энэ дүрэм шинэ үсэгт бараг хэрэглэгдэхгүй байна. Орчуулгын модон хэлээр бид бодож, сэтгэж, ярьж, бичиж байна. Гадны бичиг үсгийг авсан ард түмэн өөрсдийн үндэстний сэтгэлгээгээ мартдагийн нэг жишээ нь энэ л дээ. Өнөөгийн хүүхдүүд монгол бичгээр бичигдсэн эртний сонгодог бүтээлийг шууд уншиж чадахгүй байна. Кирил үсэг рүү хөрвүүлэн дамжуулж уншихаар чинь яаж хэл хөгжих вэ дээ.
-Гадаад үгийг шууд авч хэрэглэх нь хэлний хөгжилд муугаар нөлөөлж байна уу?
-Үгийн санд гадаад үг монголчлогдон орж ирэх нь нэг их том аюул биш. Харин шууд авч хэрэглэх нь маш буруу. Жишээ нь бид граш, радио гэдгийг шууд хатуу гадаад үгээр нь хэрэглээд байна. Гэтэл хөгшчүүд маань зөөлрүүлж монголчилон гарааш, ражав гэж хэлдэг. Хэлтэй хүн болох гэж хэт чамирхаж гадаад үгийг шууд авч хэрэглэх нь хэлний хөгжилд маш муугаар нөлөөлдөг. Нэг хэсэг орос үгийг ихээр авч хэрэглэдэг байсан бол одоо англи үгийг хэрэглэх боллоо. Удахгүй нийтээрээ хятад үг хэрэглэхийг үгүйсгэх арга алга. Үндэсний бичиг соёлтой ард түмний хэлний дархлаа нь илүү сайн байдаг.
-Монгол хэлний дархлааг хэрхэн сайжруулж болох вэ?
-Үндэсний бичиг үсгээ сайн сурч чадвал хэлний дархлаа аяндаа бий болно. Сүүлийн үед эцэг, эхчүүд багаас нь хүүхдээ гадаад хэлтэй болгох гэж мэрийх боллоо. Хэлтэй хүн, хөлтэй гэдэг нь үнэн боловч, багаасаа гадаад хэл сурсан хүнд үндэсний хэлний дархлаа суудаггүй юм. Тийм хүүхэд тухайн орныхоо хэлээр сэтгэн бодож, тэр улсын соёл, дуу хөгжим, хоол хүнс, ард түмэнд нь илүү дуртай болдог. Ийм хүнд үндэсний эх орон үзэл ч байхгүй болно. Тийм учраас хүүхдэд эхлээд монгол бичиг үсгийг нь сайн эзэмшүүлэх нь чухал. Болж өгвөл 13-аас дээш насанд нь гадаад хэлийг эзэмшүүлэх хэрэгтэй. Үндэсний бичиг үсгээ л сайн эзэмшиж чадвал монгол хэлний дархлаа аяндаа бий болно. Мөн гадаад үг хэллэгээс төрийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхэн татгалзаж чадвал аяндаа хэлний дархлаа сайжирна.
-Гудамж, талбай, дэлгүүр,үйлчилгээний газрууд хаяг, сурталчилгааны самбарыг гадаад үсгээр бичсэн байдаг. Энэ бүхэнтэй хэн тэмцэх ёстой вэ?
-Үүнийг хуулиар хориглосон заалт байхад л болно шүү дээ. Хятадын хуульд ӨМӨЗО нь үндэсний монгол бичгээрээ гудамж, талбай, байгууллагын хаяг, сурталчилгааг бичих ёстой. Харин хятад болон гадаад үсгээр бичихдээ тодорхой хэмжээ баримтлан монгол бичгээс жижиг хэмжээтэй байхаар хуульчилсан байдаг. Манай улсад гадаад хэлээр бичсэн самбар, хаягуудыг нийслэл, дүүргийн тохижилтын газрууд буулгаж, шинээр байрлуулахгүй байхад болоод явчихна.
-Уйгаржин монгол бичиг гэж яриад байдгийн учир юу вэ?
-Одоогийн Тажикуудын дээд өвөг Согдууд монгол бичигтэй төстэй бичгийг хэрэглэж байсан. Согдоос Уйгарууд авч хэрэглэж байсныг Найман аймгийн монголчууд санаа аван улам боловсронгуй болгон өөрийн бичиг болгож чадсан байдаг. Тийм болохоор уйгаржин монгол гэдэг. Гэтэл Согд, Уйгар хоёр лалын шашинд орж хэл, соёл, бичгээ хаяж мартсан. Үндэсний бичиг соёлоо мартаж, гээсэн ард түмэн бусдад уусан бүдгэрэн устдаг түүхтэй. Монгол бичиг аль ч нутгийн аялгуунд тохирсон байдаг. Ярианы хэлээр ойлголцохгүй байгаа монгол ястнууд бичгийн хэлээр ойлголцож чаддаг нь гайхамшигтай байгаа юм. Энэ нь ижил дуудлагатай үсгийг аль ч хэлбэрээр уншиж болдог дүрэмтэй холбоотой. Цагаан гэдэг үгийг зарим ястангууд чагаан гэж дуудаж уншдаг. Тийм болохоор “Д, Т”, “Ц, Ч”. “О, У”, “Ө,Ү”, гэх зэрэг үсгийг нутгийн аялгуунд тааруулж дуудаж болдог. Дээрээс доош үзэг, бийр салгахгүй хурдан босоо бичигтэй ард түмэн дэлхийд монголоос өөр хаана ч байхгүй.
-Зарим хүмүүс монгол бичгийг хоцрогдсон бичиг гэж ярьдаг. Одоо монгол бичгийг монгол хэлтнүүд хэр өргөн хэмжээгээр хэрэглэж байна вэ?
-Үнднсний бичиг, соёлоо мэддэггүй тэр хүмүүс өөрсдөө хоцрогдсон хүмүүс байхгүй юу. Гадаад хүмүүс монгол бичигт санаа тавьж, дэлгэрүүлэх гэж сонирхож, сурч болоод байна. Гэтэл бид яагаад хөшүүн хойрог хандаад байна вэ. Энэ бүхэнд дүгнэлт хийх цаг болсон. Өвөрмонголчууд монгол бичгээр бичиж байна. Манжууд хэрэглэж байгаад болиод хятад ханз аваад өнөөдөр бичиг, хэл байтугай энэ үндэстэн ч байхгүй боллоо. Буриадууд бага зэрэг хэрэглэж сэргээх гэж байна. Халимагууд тод бичигтэй хамт сэргээх гэж оролдож байгаа. Аливаа байсан юмыг устгах амархан буцааж сэргээх л хэцүү байдаг. Бидний өвөг дээдэс оюуны асар их чадвартай хүмүүс байжээ. Дэлхийн түүхэнд монголчууд эртний зургаан бичиг үсгийг зохиосон байна. Нэг үндэстэн ийм олон бичиг үсэг зохиож чадсан гэдэг гайхамшигтай зүйл шүү.
Н.ОТГОНБААТАР
“Нийгмийн толь” сонины сайтаас
No comments:
Post a Comment