БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, November 5, 2011

Ариун дагшин байгалиараа Монгол улс дэлхийд түүх болон үлджээ

Унаган байгаль, эрдэс баялгаараа дэлхийд алдартай хэмээн омогшиж явдаг Монголчууд бид тэрхүү үнэт баялгаа бүрэн эзэмшиж чадаагүйдээ өөрсдийгөө алтан дээр сандайлсан гуйлгачин хэмээн нэрийдэх нь бий.

Гэтэл ариун дагшин байгалийг нь төрийн сэнтийд заларсан цөөн хэдэн эрх мэдэлтнүүд харийнхантай хамсан цөлмөж, бидний энэ гэнэн бодлыг түүх болгон үлдээхэд ихээхэн хувь нэмрээ үзүүлсээр байгаа билээ.

Үүний нэгэн илрэл болох дараах судалгаанд анхаарлаа хандуулахыг хүсье.

Америкийн алдарт Иел болон Колумбын их сургуулиас байгалийн унаган төрхөө хамгийн ихээр хамгаалж үлдсэн шилдэг орнуудын судалгааг хоёр жилийн турш явуулсан байна.

Тус судалгаанд дэлхийн 163 орон хамрагдсан бөгөөд нийт 25 үзүүлэлтээр шалгаруултыг явуулжээ. Ингэхдээ хамгийн онгон байгальтай улсыг 100 хувь байхаар тооцож үнэлгээ хийсэн аж.

Гэтэл манай улс 100 оноо авахаас ердөө л 42.8 буюу харьцангуй муу үзүүлэлттэй гарчээ.




Энэ жагсаалтанд Хятад /49.8 буюу 121-р байр/, Хойд Солонгос /41.8/, Энэтхэг /48.3/, Арабын Эмират улс 48.7 гэх мэт улс манай оронтой ижил үзүүлэлттэй жагссан байв.

Харин хүрээлэн буй орчиндоо хамгийн их хөрөнгө оруулалт хийж, байгалиа ариун дагшин хэвээр нь хадгалж чадсан шилдэг 10 орны жагсаалтыг 93.5 оноогоор Исланд тэргүүлсэн бол 89.1 оноогоор Швейцарь, 86.8 оноогоор Швед улс тус тус удаалсан байна.

Түүнчлэн хүрээлэн буй орчин нь сүйтгэгдэж, экологийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болох улсын тоонд Төв Африк /33.3/, Серра Леон /32.1/, Туркменистан /38.4/ зэрэг улс тус тус багтсан аж.

Энэ бүхнээс харахад ариун дагшин байгальтай хэмээн шагшигддаг манай улс дэлхийд түүх болон үлджээ.

Г.Од
http://news.gogo.mn/r/94631

No comments:

Post a Comment