БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, November 12, 2011

АЖ, ТӨРИЙН ШАГНАЛТ Б.НОРОВСАМБУУ: УЛСЫНХАА ТӨЛӨӨ ХУВИЙН АМЬДРАЛАА ЗОЛИОСЛОЖ ЯВСАН Ч ХАРАМСДАГГҮЙ


-Та сүүлийн хэдэн жил эх орноосоо алс хол сууж байгаад ирлээ. Нутагтаа ирэхэд сэтгэл сэргээд сайхан байгаа биз дээ? Энэ хугацаанд ямар орнуудаар тоглолт хийв. Явсан газрынхаа сонин сайхнаас хуучлахгүй юу? 
- Би 4 жил 8 сар Канадын Олон улсын “Нарны цирк”-т ажиллаад ирлээ. Гэрээ маань дуусаад бүр мөсөн ирсэн. Нисэх дээр ирээд цээж дүүрэн амьсгалах мөчийг олон удаа үзсэн ч ийм ихээр догдолж байсангүй. Нас яваад ирэхээр өөрийн эрхгүй нутгаа гэдэг үнэ юм билээ. Тэнд юугаар ч дутахгүй маш гоё орчинд байсан ч нөгөө л нэг хуйсагнасан салхитай Монгол минь зүүдэнд уяатай байлаа. Канадад бид   хоёр унтлагын өрөөтэй тохилог байранд амьдардаг байсан. Өдрийн 3 хоолтой, амралтын өдрүүдээр өөрсдөө хоолоо хийгээд идчихнэ Тоглолтын үед машинаар хүргэнэ хангамж   үнэхээр сайтай. Олон орны циркчид гэр бүлээрээ голдуу ажилладаг болохоор хүүхдүүд нь хамт байдаг. Тэнд ажиллаж байгаа ОУ-ын циркчдийн хүүхдүүд, циркчин хүүхдүүдийг сургуульд үнэгүй сургадаг болохоор 2 шавь маань 6-р сард хичээлээ дуусгаад араас ирнэ дээ. Одоо энэ цирк маань насанд хүрсэн гэр бүлгүй хүмүүсийг ажиллуулах өндөр шаардлага тавьж байгаа.   Хар багаасаа л бусдын нүдэн дээр гарч олон газраар явлаа. Гадаадад их явахаар хүн дэндүү эх оронч үзэлтэй болчихдог юм билээ. Тэр үед сая зургаан зуун мянган хүний нэрийн өмнөөс гээд л шүдээ зуугаад л зүтгэдэг байсан. Нэг үе хөрөнгө мөнгөний гачаалаас болоод би олон оронд ганцаараа ширээгээ чирээд явдаг байсан. Тэр үед улс маань бололцоотой байсан бол миний ачааг зөөх нэг хүн дагуулаад явуулах л байсан байх. Манай цөөнгүй нугараачид Америк, Англи, Франц, Герман, Швецарь гээд олон оронд Монгол гэсэн нэрийг дуурсгаж явна даа.
-Ирсэнээсээ хойш циркээрээ орсон уу? Таны насныхан бүгд тэтгэвэртээ сууж үр ачаа тойруулаад жаргаж суугаа. Тэгэхэд та уран бүтээлээ уйгагүй туурвиж яваа нь ясны уран бүтээлчийн чанар гэж ойлгож болох уу?
 -Миний тайзны арын уран бүтээл эхлээд олон жил болж байгаа. Нэг ёсны нугархаа болиод багш болсон. Урлагт зүрх сэтгэлээ нэгэнт зориулсан хүн хэзээ ч гарч чаддаггүй. Энэ тогоонд орсон хүнийг эргүүлж тавьдаггүй байхгүй юу. Авъяас тэтгэвэрт гардаггүй гэдэг биз дээ. Энэ хугацаанд 30 гаруй гарын шавь бэлдсэн. Циркийн мэргэжил бол бусдаас маш их онцлогтой. Нэг хүүхдийг сайн нугараач болгох гэж 5- 7 жил уйгагүй хичээллэж амжилтанд хүрдэг. Би сая хүний нутагт хэдэн жил болохдоо их юм үзлээ. Шавь нартаа хүртэл загнуулж үзсэн. Өдий хүртлээ сонсоогүй юмаа ээж ааваас нь сонслоо. Үүнд би гомдож эмзэглээгүй. Энэ бол миний туулах учиртай хувь тавилан байж дээ л гэж бодсон. Одоо арай өөр болсон юм шиг байна. Гэхдээ хувь хүний суурь хүмүүжил ээж аавын сургаал их нөлөөдөг юм байна. Тэгээд ч мөнгө хүнийг өөрчилдэг гэдэг   Би өөрийгөө цаг үеэ олж төрждээ гэж боддог. Намайг нугарч эхлэхэд Монголд нугараачид маш ховор ёстой гарын таван хуруунд багтах хүмүүс л байсан даа. Одоо харьцангуй олон охидууд нугарч байна. Сүүлийн үед бараг бүх орныхон нугарч байгаа ч манайхыг арай л гүйцэхгүй байгаа гэж боддог. Ирснээсээ хойш циркээрээ орж сайн танилцаж амжаагүй явна. Энэ байгууллагад би амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан болохоор сэтгэлд байнга уяатай явдаг. Хүмүүсийн яриагаар шоу бизнесийн талбар болсон сурагтай ч дотор орж үзээгүй болохоор бусдын амаар дүгнэж болохгүй байх. Би 10 жил циркийн намын даргаар, 5 жил уран сайхны удирдаачаар ажилласан болохоор уран бүтээлчдийнхээ жаргал зовлон юу хэрэгтэйг маш сайн мэднэ. Надад цирк маань 4-р ангийн сурагч байхад 2 өрөө байр өгсөн. Цаашид энэ урлагт зүрх сэтгэлээ харамгүй өгөхөд ташуур болсон гэж боддог. Сониноос нэг удаа Афганистанд тоглолтоор явж байхад бидний тоглолтыг үзсэн Ерөнхийлөгч нь ирж баяр хүргэхэд хажууд нь байсан шадар туслах нь над руу ойртож гар барих гэхээр нь би шууд гараа татаад ардаа хийчихсэн чинь нөгөө залуу толгойгоо сэгсрээд царай нь хачин болчихсон. Үнэхээр гоё залуу байсан. АЖ бүжиг дэглээч Жамъяндавга гуай намайг хүн эвгүй байдалд орууллаа, эргүү тэнэг гэж зөндөөн загнасан. Гэтэл биднийг нутагтаа ирээд удаагүй байтал нөгөө туслах чинь Ерөнхийлөгчөө хөнөөчихсөн гэж дуулаад хамт явсан хүмүүс намайг “тэр залуу чамд их эвгүй харагдсан уу ?” гэцгээсэн. Ямар нэгэн зөн совингоор бурхан намайг түүнтэй гар бариулаагүй гэж боддог. Анх удаа хилийн дээс алхаад Вьетнам улсад очихдоо ерөнхийлөгч Хо-Ши Мин гуайтай уулзаж зургаа хамт татуулсан. Ертөнцийн 7 гайхамшигаас эхлээд олон сайхан юм үзсэн дээ.
-Таны ээжийг их хатуу хүн байсан гэж циркийнхэн ярьдаг юм билээ. Хөдөөний жаахан охиныг хотод авчирч өдий зэрэгт хүргэхэд тэр хүний ач гавъяа дэндүү их ч хувийн амьдралд чинь багагүй саад хийсэн гэдэг үнэн үү? Аав ээжийнхээ талаар ярихгүй юу?
-     Миний эжий бүхий л амьдралаа зөвхөн надад зориулсан гэхэд хилсдэхгүй байх. Хорвоо дээр цорын ганц охин төрүүлсэн болохоор арга ч үгүй биз дээ. Ээж минь Дамирансүрэн туслагчийн гар дээр гарсан ганц зээ байсан юм. Эхээс төрөхөд нь цагаан сүүг нь амлуулалгүй ханын шийрээр гаргаж аваад үхрийн сүүгээр угжиж хүн болгосон юм гэсэн. Эхийн халуун уургаа хөхөөгүй хүн хатуу сэтгэлтэй болдог гэсэн үнэн байхаа. Ер нь их хатуу дэг жаягаар намайг хүмүүжүүлсэн. Бусдын ээж шиг хошуу дэвсээд өмнүүр гүйнэ гэж байхгүй. Багшийг үгийг хууль шиг дагах ёстой гэж надад сургасан. Хөөрхий дөө нэгдүгээр ангийн ч боловсролгүй хар ухаанаараа амьдралыг үүрч явсан хүн шүү дээ. Гэхдээ ганц охиноо хүний зэрэгт хүргэх гэж зүтгэснийхээ үр шимийг үзэж явна гэж баярладаг байлаа. Би Завхан аймгийн Сантмаргад сумын “ Дэлгэр худгийн эх” гэдэг газар төрсөн юм. Ээж аав хоёрыг тэр үед хүчээр суулгачихсан юм гэсэн. Ээжийн сэтгэлтэй залуу нь цэрэгт очоод байшингийн нурангад даруулаад нас барчихаар нь Сонгино сум руу бэр буулгаж манай аавтай нийлүүлсэн юм билээ. Намайг 5 настай байхад аав   эгчийгээ бараадаж хот руу явахад ээж араас чинь очиноо гэж хэлээд нутаг руугаа намайг авч явсан юм билээ. Би хоёр хойд ээж, хоёр хойд аавын царай харсан. Хүний амьдрал таахын аргагүй оньсого шиг байдаг юм байна. Аав ээжийг ирэхгүй болохоор хотод ирээд ихрийн өрөөсөн хүүхэд гаргадаггүй нэг сайхан сэтгэлтэй хүнтэй суусан. Тэр эгч маань багадаа бас хойд эхийн царай харж явсан болохоор надад их сайн. Хааяа ээжээсээ зөвшөөрөл аваад гэрт гүйгээд очихоор “Миний охин” гээд төрсөн хүүхэд шигээ хөл хөөр болж сүйд болно. Шөнөд би аавынхаа өвөрт унтах гээд нөгөө эгчийг хамт унтуулахгүй гээд хөлөөрөө тийрсээр босгож тусад нь унтуулдаг байж билээ. Зарим үед ээжтэйгээ жаахан зөрөхөөр чемодандаа хэдэн тоглоом, хувцасаа хийгээд аав дээрээ гүйгээд очно. Тэгээд яахав хэд хоноод гэртээ хүргэгдэнэ дээ. Харамсалтай нь энэ сайхан эгч минь өөд болчихсон. Дараа нь аав нутгийнхаа 10 дагавар хүүхэдтэй нэг эмэгтэйтэй суусан ч жаргал үзээгүй өөд болсон доо. Намайг нэг удаа аавтайгаа уулзах гээд өмнөх шигээ санаад очсон чинь эхнэр нь хашааныхаа хаалгыг алдалчихаад хэнийд орох гээд байна гээд оруулахгүй зогсож байтал аав цаанааас нь гарч ирээд “Өө миний охин ирлээ” гээд авч орсон. Сүүлчийнх нь эхнэрээс болоод нэг хэсэг би ааваасаа жаахан хөндийрсэн. Тэгээд ч гадаадад тоглолтоор их явна, дасгал сургуулилт гээд   цаг зав муутай болсон. Харамсалтай нь аавыгаа хүнд өвчтэй болсныг их хожуу мэдэж сайн асарч чадаагүй дээ их харамсдаг. Уушиг нь муудаад 3-р эмнэлэгт хэвтэж байхдаа “Сувилагчид намайг энд бие нь муу хэвтэж байна гээд охинд минь хэл дуулгаад өгөөч. Миний охиныг Норовсамбуу гэдэг циркийн уран нугараач бий гэхэд нөгөөх нь бараг энэ муу өвгөн тэр алдартай хүний эцэг байхдаа яахав. Бараг худлаа донгосч байна” гээд тоогоогүй гэсэн. Азаар намайг мэддэг нэг хүн таарч надад хэл дуулгаж цөөхөн ч гэсэн хэд хоног аавынхаа хүслийг биелүүлж хүссэн болгоныг нь авч өгсөн дөө. Би тэр үед аавыгаа малтай айлтай тохирч мөнгийг нь өгөөд сүү таргаар таслаагүй. Дотор минь цайгаад охиныхоо буянаар сайхан байна” гээд нулмис унагаж билээ. Хүн гэдэг заримдаа маш өчүүхэн бодолтой байдаг юм байна лээ. Эмнэлэгээс гэртээ гарахад эхнэр нь хүнд өвчтэй аавыг минь нэг муу модны пинд оруулаад өөрөө хүүхдүүдтэйгээ гэртээ байдаг байсан. Намайг нэг удаа очиход гэрийн цагаан бүрээс хийдэг манайхны нэрлэдэг бөөстэй цагаан даавуугаар хийсэн тас хар болсон цагаан даавуун хөнжилд хэвтэж байсан. Ёстой гол зураад л явчихсан. Шинэ хөнжлийн даавуу өгчихсэн байхад хийгээгүй байсан. Охин нь намайг үзээд даавууг нь солиод гэртээ оруулсан. Очих болгонд л мөнгө хэрэгтэй гэхээр дургүй хүрээд “энэ хүн чинь тэтгэвэр авдаг юм байгаа биз дээ” гэдэг байсан. Харамсалтай би аавынхаа толгойг түшиж чадаагүй. Чехэд тоглолтоор явах болоод аавдаа хэлэхэд “аав нь алзахгүй ээ охиноо хүлээж байна” гэсэн чадаагүй. Би явахдаа намайг иртэл тэсэхгүй гэдгийг нь мэдэж байсан болохоор ээждээ мөнгө үлдээж миний өмнөөс ажил явдалд нь оролцож бүгдийг хийгээрэй гээд захьсан. Ээж минь бас л хоёр хүнтэй сүуж байсан. Тэд нар нь надад их сайн байсан. Би ээжээсээ болж 3 удаа овгоо сольсон ш дээ. Анх өөрөөрөө овоглож байгаад хойд эцгээр овоглоход би дургүйцэж төрсөн эцгээрээ нууцаар овоглосныг мэдээд “Аав чинь удам муутай” гэхээр би уурлаад эцэгтэй хүн овоглохгүй яадаг юм. Ямар хоноцын хүүхэд биш гээд хэдэрлэж байлаа. Ямар сайндаа циркийн дарга Сосор гуай яагаад овгоо өөрчлөөд байнаа, одоо энүүгээрээ тогтоно биз дээ гэж ээжийг загнасан. Намайг төрийн том тоглолтонд ороход ээж дандаа дагаж явдаг байсан. Тэр нь тоглолт үзэх гэж л хамт явдаг байхгүй юу, тэрнээс байнга цагдаад явдаг юм биш. Багш минь ээжид маш хатуу үүрэг даалгавар өгдөг байсан. Тэрнээс юм болгоныг хориод байдаггүй байсан. Би хийе гэснээ дураараа хийдэг байсан шүү. Үнэнийг хэлэхэд улсын бодлогоор намайг хэдэн нас хүртэл нугарч чадахыг үзэхээр “туршлагын туулай” болгосон тал бий шүү. Ээж минь намайг өдий дайтай явахад их үүрэг гүйцэтгэсэн. Хүүхдийг минь өсгөлцөж байгаад 77 насандаа өөд болсон. Сүүлийн хэдэн жил хүндээр өвчлөөд татаж унадаг болчихсон. Хүн ирэхээр чихэр хайрлаач гээд яг жаахан хүүхэд шиг ухаан санаа нь орж гараад цонхоор үсэрч үхчих гээд хэцүүхэн л байсан. Нэг удаа ажлаас ирэхэд уутанд хүндээр бие засаад цонхоороо шидээд бөөн хэрэг мандуулчихсан сууж байсан. Ганц охин гаргаагүй бол би гэдэг амьтан муугаа үзэх байж дээ гэдэг байсан. Манай ээж зохиолч Төрийн шагналт УГЗ Ванган, циркчин АЖ Нацаг нарын аавтай ойрын хамаатан байсан нь намайг циркчин болоход их нөлөөлсөн юм.
- Таныг дөнгөж 18 настай байхад “гавъяат жүжигчин” цол өгсөн. Их урам орсон байхдаа?
-Намайг дөнгөж 10-р ангиа төгсөөд сар болж байхад 7-р сарын 10-нд “Гавъяат жүжигчин” цол өгсөн. Тэр үед хүүхдийн парк дөнгөж нээлтээ хийх гээд хөл хөдөлгөөнтэй байсан үе. Бушуухан очиж нээлтийг үзэе гээд явах гэж байтал циркийн дарга гэнэт утасдаад “Гоё хувцсаа өмсөөд хүлээж бай. Би машинтай очиж авна” гээд ярихаар формоо өмсөөд цагаан хормогчтойгоо 69-д суугаад Засгийн газрын ордон дээр ирсэн. Шууд Самбуу даргын өрөөнд ортол зарлиг уншиж нэг том улаан хавтас өгсөн. Тэр үед энгэрийн тэмдэг өгдөггүй байсан. Дараа нь нөхөж өгсөн.
-Та нилээд хожуу амьдралаа зохиож хүүтэй болсон. Одоо нөхөртэйгээ холбоотой явдаг уу? Анх яаж танилцсан бэ?
-     Хүүгийн минь аав 10 жилд надаас 2 ангийн дээр байсан юм. Хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салчихсан үед таарч гэр бүл болоод 3 жил хамт амьдарсан. ШУА-ийн биологийн хүрээлэнд ажилладаг хүн бий. Одоо гэр бүлтэй болоод сайхан амьдарч байгаа гэсэн. Хүү маань одоо 22 настай. .Японд сурч байгаад найз охинтой болоод эргээд ирсэн. Бэр маань МУИС-д сурдаг. Намайг хөөрхөн ачтай болгосон. Ачаа ч харж чадахгүй ажил гэсэн хэнхэг эмээ л явна даа.
-Ярилцсанд баярлалаа

No comments:

Post a Comment