БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, November 5, 2011

Замын хүн саатмаар Завхан нутаг...

Бор хярын элсэн манхан

Бор хярын их элсэн манхан нь Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг.

Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ.

Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор.

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг.

Өвгөн чулуу 

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төв, Ширээгээс баруун тийш 15 км зайд, Шороотын хөндий гэж бий.

Тэр хөндийн дэх Мааньтын давааны ард, баруун тийш хараад сууж буй өвгөн шиг харагдах хоёр метр өндөр энэ чулууг нутгийнхан Өвгөн чулуу гэж хүндэлнэ.

“Хонио хариулан харж суугаа чулуу тул энэ нутагт хонь өсөх учиртай юм” гэж уг чулуунд хурганы хөгнө, жижиг уурга, шилбүүр, зэл, хурганы уут, хадаг, элгэвч зэрэг эд зүйлийг өргөж байдаг аж.

Уг чулуунд үү, ургацаг зэргийг үрж домноход арилдаг хэмээн нутгийн зон зориуд зорьж очдог бөгөөд Эх нутгийн минь хад чулуу хүртэл эмч, домч хэмээн ярьдаг байна.

Ширээ чулуу буюу сумын сүлд дуу

Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас баруун тийш таван км орчим зайд байх 3x3 м өндөртэй тэг дөрвөлжин чулууг Ширээ гэнэ.



Чулууныхаа нэрээр сумынхаа төвийг нэрлэснээс гадна, урдуур нь туналзан урсах, тунгалаг уст уулын голыг ч Ширээгийн гол хэмээдэг.

Урлагийн гавьяат зүтгэлтэн яруу нарагч Г.Батсайхан байгалийн энэ сайхан өвөрмөц тогтоц, уул ус, голын тухай:


Аавын унаган адууны
Айргийн амтанд сүлэгдээд
Ээжийн цайны цацлын
Сүүн дусалд мөнхөрсөн
Цэцэг аргадан шүүдэр наадуулсан
Цэнхэр нутгийн минь ширээгийн гол оо... хэмээн шүлэглэж "Ширээгийн гол" гэсэн дууг сумынхаа сүлд дуу болгожээ.

Хулгайчийн агуй 

 Завхан аймагт шилийн сайн эрс бие, морио түр амраан орогнодог байсан гэх Хулгайчийн үүр, уяа гэж нэрлэсээр ирсэн 27 орчим агуй бий гэдэг.

Эдгээрээс хамгийн том нь Яруу сумын Өргөн, Жаргалан багийн нутагт байх, Анаг сархиаг хэмээх их хад хавцалтай уул бий.

Энэ ууланд баруун талаас нь хадны үе дамжин ордог нэгэн хавцал байдагт 100 орчим адуу багтах зайтай, асга хаднаас гарсан устай, зэл татаад морио уячихмаар, хоёр ургаа модтой, хүн орогнож болохуйц, дотор нь зориуд хийсэн юм шиг ор, авдар, эргэнэг, тавиур тавцан болмоор хад чулуутай энэ уяаг "хулгайчийн агуй" гэх ажээ.


Нутаг усныхан нь цаг агаарийн гэнэтийн учралд бие, малаа хамгаалчих найдвартай оромж хэмээдэг байна.


Л.Сэлээд http://www.niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment