БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, November 8, 2011

Эх орон минь


Эх орон минь
Эх дэлхий минь
Түнэр дунд эрчлэн хуйсч өрсөлдөх
Түм буман эрхсээс чамайг л таалсан
Хорол чагт тайлж үүдээр чинь орохдоо
Хойморьт нь хайр хайж ирсэн юм. Би алдаагүй
Сүүтэй бүүвэй амлуулж ижий минь тэвэрч
Сүжиг тэнгэртэй аав үнэг хайчилж угтсан
Амтлах ус, алхах шороо минь өлгийдөж
Аль амтлаг тансагаараа дайлж хайрласан
Мандах жаргах нарны хооронд өсөж
Манцуйтай, таягтай насны дунд ухаажиж
Эрлийн үзүүрт буцахын цагт хорогдох
Эх орон минь ээ
Алсын холыг харахдаа аавуудын харц сүрлэг
Ашид нутаг минь амгалан оршиг гэж манадаг
Үндэс үндэсээ тэтгэх зөөлөн ээжийн сэтгэлээр
Үр жимс үржиж дуусахгүй нутаг аа
Сүүлт од шиг харвахын өмнө элгэнд тань
Сүүлчийн амьсгалаа сүүдэргүй нуугаад
Элсний ширхэгээр хайртай гэж шүлгээ үлдээн
Эгэл найрагч мөнх нойрсох нутаг минь
Хадган тэнгэрийн дор бөхийж
Хайр цацах эрх сонгож төрсөнийх
Асгарсан сэтгэлийнхээ дээжээр
Амиа дэвсэж чамд шингэх минь үнэн

2011
П. Надалаа

No comments:

Post a Comment