БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, September 5, 2010

Дахиад л Норовбанзад агснаа дурсацгаая,


Норовбанзад: Над шиг унаа морины нуруун дээр хугас өдөр явж чадахгүй, дөрвөн хананы дунд хашигдсан хүн өөдтэй дуу төрүүлэхгүй л дээ

Дурсамж
Норовбанзад гуай жиг жиг хөхөрснөө больж, бодлогширон азнаад гэнэт тачигнатал хөхрөв. “Гайхамшигтай хүний хөх инээдийг хүргэж, доог тохуу болох болчимгүй үг хэлчихэв үү” хэмээн санаа зовохдоо дэмий л ийш тийш харав. Норовбанзад гуайн ухаан санаанд нь дэлбэрэлт үүсэх мэт тас тас хөхөрснөө гэнэт таслан над руу гэмшсэн мэт зөөлөн харц илгээгээд хоолойгоо засав. Миний санаа зовсныг мэдээд түүний санаа бас зовж инээдээ барин зогсоожээ. Норовбанзад гуайтай би олон удаа уулзаж дотносоогүй, энгийн нэгэн танил. Тэднийх дөчин мянгатын арктай байрны урдхан гурван давхар байранд байдгийг мэддэг ч урд өмнө орж ирэх шалтгаан гарч байсангүй. Сая гадаа тааралдаад ярилцан явж орж ирсэн минь энэ л дээ. Зочны өрөө нь ч эгэлхэн даруу, гадаад улс орноор олон явсан хүмүүс гял цал зүйлсээр өрөө сууцаа чимсэн байдаг атал эднийх тиймгүй ажээ.
-Юу л даа, хэн минь… гэж алдарт дуучин аядуу зөөлөн дуугарсан нь миний сэтгэлийг зассан, зөөлөн аяст яриа үүдэх гэсэн байдал илт ээ.
Гэвч түүний санаанд миний нэр орж ирсэнгүй бололтой түгдрэв. Норовбанзад гуайн махлаг шарангуй нүүрэнд цайлган инээмсэглэл илэрч байна. Тэгээд миний өгсөн хуудас цаасыг ширээн дээрээс авч чимээгүй тогтоон уншаад. Уртын дуу болгооч гэнээ. Чаддагсан бол утга санаа өргөн дэлгэр, сайхан үг байна л даа. Даанч уртын дуу болгож ая зохионо гэдэг над шиг хүнд санашгүй хэрэг гэвээ. Би уртын дуунд зориулсан шүлгээ алдарт дуучинд барихдаа “Та үүнийг ая данд нь зохируулж засаад, нэг сайхан уртын дуу болгохгүй юу” гэх маягийн үгийг сандруу, эвгүй хэлсэн л дээ. Тэгээд л миний их санаалсныг дооглож хөхрөв үү, яав гэж эргэлзэж бодсон билээ. Сая хэлснээс нь үзвэл өөрийгөө голж хөхөрсөн болж байна уу. Норовбанзад гуайн угийн зан чанарыг бодвоос хэн хүнийг шоолж хөхрөх, инээдэм болгох хүн биш санагдана.
-Одоо санахад намайг дуу зохиож дуулаач гэж санаа өгсөн хүн байхгүй юм гээч… Үгүй ээ, энүүнд хачирхах ч юу байх вэ дээ. Би ямар хөгжим бичдэг хүн биш. Зохиож чадах байсан бол манай Банзрагчаас авахуулаад санал хэлэх хүн байлгүй л яахав. Би уртын дуугаа зөв сурч, сайхан дуулах юмсан гэж л хичээж явснаас биш, дуу зохиогоод дуулчих юмсан гэж бодож явсангүй. Дэмий л уртын сайхан дуунуудаа дуулах, мэдэх хүнгүй болчих вий гэж санаа зовж, дотроо шаналж явдгийг маань яана… хэмээгээд гуниглангуй санаа алдав.
-Олон арван сайхан дуу, сайн дуучин байна. Таны шавь гээд… өсч, төрж л байгаа шүү дээ гэж би хэлж байвч “Нээрээ л шинэ дуу төрж нэмэгдэх нь бүү хэл, байгаа дуунуудаа дуулах хүнгүй болж байгаа нь үнэн шүү дээ. Гурав хоногийн найранд нэг дуугаа давтан дуулдаггүй алдартай дуучид байсан гэдэг. Найр эхлүүлдэг, төгсгөдөг дуу нь хүртэл тусдаа байсан ардын маань сайхан уламжлал ч мартагдах , тийшээ…”гэхчилэн бодлоо.
-Олон сайн дуучид байна гэнээ. Үгүй ээ, харин ч тиймгүй цөөн байна. Тэгээд дуулдаг дуу нь бүр ч цөөн. Хэдхэн дуунд эргэлдэж, бусад нь мартагдаж байна. Шинэ дуу гарахаа байг гэе. Ядахдаа хуучнаа мартагдуулахгүй авч явахсан. Дуулахад ч учир бий. Хөдөөгийн сэлүүн сайханд морь унаж явдаггүй хүн ардын дууг, тэр дундаа уртын дууг яаж сэтгэлийн гүнээс ундрааж сайхан дуулж чадахав дээ. Ухаандаа “Ар хөвч” л гэхэд
Ар хөвчийн унага
Агсамхан болоод жороо доо
Амрагжаахан хүүтэйгээ
Аашинд нь болоод даслаа даа
гэсэн энэ дөрвөн мөрөнд дэлгэр сайхан хөвч, хангай нутаг, агсам хөнгөн мөртлөө бөмбөрсөн жороо морьтой, сэргэлэн залуу эр эелдэг дөлгөөн, ялдам ааштай бүсгүйд сэтгэлийн жолоо алдсан тухай бодол санаагаа дуундаа зураглан гаргаж цээл сайхан хоолойгоор дуулж явна шүү дээ. Энэ дууг дуулж байгаа хүн өөрийгөө сайхан нутгийн цээлд сайн морьтой бөмбөрүүлж, сайхан бүсгүйгээ бахдан мөрөөдөн явна гэж бодож, итгэж дуулахгүй бол өөдтэй дуулж чадахгүй. Дуу гэдэг оргилсон сэтгэлийн илрэл тийм биз дээ.
-Тийм ээ, яах аргагүй гэж би зөвшөөрөв. Ээ ий эй, ээ ээ ий ээн гээ… Үсэг, үгээр байтугай нотоор тэмдэглэхийн аргагүй яруу авиа гэнэт түүний хоолойноос цангинаж эхлэхэд би гайхан биширч суулаа. Монголдоо байтугай хорвоод хосгүй гайхамшигт дуучин ингэж аялгуулан дуулж эхлэхэд нь балмагдсандаа бараг л өндийгөөд ирж билээ. Норовбанзад гуай удиртгал өргөн аялгуулснаа залгуулаад “Уяхан замбуутивийн наран…” хэмээн улам улмаар ундраан өргөж ирэхдээ нүдээ хагас анин сүүмийлгэж, налайн шаргалтах нарны ивээлт илчийг тосон таалах мэт амгалан таалалтай харагдах бөгөөд ангайтлаа гайхсан намайг анзаарсан шинж алга аа.
Энэхэн дэлхий даяар
Мөхдөл үгүй мандсаараа…
Тэрээр над руу инээмсэглэн харж суух нь “Чамд энэ дуу юу бодогдуулнав” гэж асуух мэт. Дууны сайханд автсан би нарлаг замбуутивийг тойрон гайхамшигт сайхныг нь үзэн бишрээд ирэх мэт болж, өндрийн өндөрт өргөгдсөн дуун магтаалын цуурай, эгшигодоо л замхарч байх мэт болохуйд их л дороос татаж гүн амьсгал авлаа.
-Хоёр гуравхан мөр, хэдхэн үгнээс бүтсэн энэ бадгийг дуулахад орчин үеийн бүхэл бүтэн нэг дууг дуулаад өнгөрөх хугацаа, тэгээд бас… гээд над руу энэ нөхөр ойлгоно уу, үгүй юу гэх шиг хянамгай харсанд би яаран толгой дохиж, ойлголгүй яахав гэдгээ мэдүүлэв. Над уртын дууны учрыг мэдүүлэх гэж дөрвөн хананы дунд зайд тохируулан нам доогуур аялсан ч гэлээ дуу болоод дуучны гайхамшгийг үүнээс илүүгээр үзүүлэх аргагүй. Амь амьдралыг мөнхөд тэтгэгч наран хэмээх ачлал гэрэлт гарагийг амьдралын сайхантай холбон ухааны гүн, хоолойн цээлээр эрхэс огторгуйн хязгааргүйд хүргэн магтах үүнээс илүү арга, чадвар боломж үгүй гэдгийг би шулуухан хүлээн зөвшөөрч билээ.
-Гуниг мөрөөдөл, баяр баясгалан зэрэг сэтгэлийн бүх хөдлөлийг орчин үеийн дуунд ихэвчлэн үгээр илэрхийлж, аяар хүч оруулдаг бол уртын дуунд үгээр гаргаж боломгүй нандиныг цээл уужим аялгуу, шуранхай, уянга аялгуугаар илэрхийлж байгаа юм л даа. Тиймээс л хүн ямар нөхцөлд юу бодож, хэнд юунд зориулж дууг анх зохиож дуулав, тэр бүхнийг ойлгон мэдэж, өөрийн бие дээр ургуулан итгэж дуулахучиртай. Зөвхөн морин уналгатай байсан цагт мориор алс хол явж, ажил үйлсээ бүтээж, ахуй нутаг, аав ээж, амраг хүнээ санаж, эзгүй хээрийн эрхэм хань хүлэг мориндоо хандаж, түүнийгээ дуундаа оруулж, санасан хайрласан сэтгэлээ дуу болгон аялж… Дуу ингэж төрдөг байсан байж таарна. Хонины хотон дунд, тугалын зэлэн дээр хэн хоолойныхоо цар хэмжээгээр хадаан дуулж, дуу зохиох билээ дээ. Орчин цагт техник хөгжөөд аянжин, алс у ртын ажилд морь малаар явах нь хумигдаж, адуу малдаа хүртэл мотоциклээр явах болж шүү дээ.
-Та тэгэхээр уртын дуу төрөх хөрс хумигдсан гэж бодож байна уу?
-Яг тэгж хэлэх нь хаашаа юм бэ дээ. Авто хөсгөөр алс холд аажуу тайвуу явдаг ч юм уу, авъяаслаг зарим хүн зориуд оролдоод уртын дуу төрүүлэх боломж байж ч магадгүй. Аль ч талаар үзэхэд уртын дуу бол монгол хүнээс, морин дэл дээр төрдөг бүтээл юм даа. Над шиг унаа морины нуруун дээр хугас өдөөр явж чадахгүй, дөрвөн хананы дунд хашигдсан хүн өөдтэй дуу төрүүлэхгүй л дээ. Би тавагтай жимснээс ганц хоёр усан үзэм тасалж амандаа хийсэн шиг, зууны манлай алдарт дуучныг цааш юу ярих бол гэж хүлээж суув.
-Над та их чухал санаа авахууллаа шүү. Норовбанзад гуайн энэ үгэнд урамшин юу хэлэхийг чагнан чихээ сортолзуулах дөхөв.
-Уртын дуунд сургаж байгаа хүүхэд залуусыг хөдөөгийн сэлүүхэнд морьтой дагуулан явж дуулуулж зүгшрүүлбэл жинхэнэ дуучин төрнө дөө. Тэгээд найран дээр дуулуулдаг бол бүр ч… гээд намайг хянамгай харлаа. Дууны тухай яриа шивхэрч буйг ойлгосон би уран бүтээлч хүний ахуй амьдралын тухай яриа өдсөнд тэрээр урамшин хөгжиж, хол ойр урлагийн бригад, тоглолтоор аялсан тухайгаа, тохиолдсон сонин үйл явдал зэргийг хуучилж, би ч бас савыг нь хоосон буцаахгүй гэсэндээ өөрт тохиолдсоноос ярьж, инээд наргиан хандивлаж билээ.
-Би жаргалтай хүн. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай гээд төр түмнээс хайрладаг алдар цол бүхнийг үлдээж тунгаалгүй бүгдийг хүртлээ. Би ер нь хаанахын ч бай хүн зонд дуугаа зориулж явахдаа жаргалтай байдаг. Ард олныхоо хайр ивээлийг өдөр тутам хүртэж явна. Тэр дундаа “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа. Дахин эс олдох эгэлгүй авъяастай заяаж, түмний сэтгэлийн зул болсон тэр хүн ийн бахдалтайяа хэлээд зүйрлэшгүй сайхнаар мишээж билээ.

Зохиолч Г.Жанчивдорж

No comments:

Post a Comment