БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, September 5, 2010

Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадыг дурсахын учир


    
            Эгэлгүй цэнхэр бөмбөрцгийг талын нүүдэлчин монголчууд чухам юугаар хөглөн мялааж ирэв. Энэ бол дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уртын дуу хэмээх гайхамшигт суут бүтээл болой.
            Yүнийг түгээн дэлгэрүүлж, монгол үндэстний оюуны чадварыг дэлхийн сонорт хүргэхэд бие, сэтгэл, оюун юугаан зориулсан цөөн их хүмүүсийн нэг бол Монгол Улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад билээ. Тэрээр уртын дууны өлгий нутагт Сэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Сүүдэртийн улаан овоо гэдэг газар XҮI жарны төмөр хонин жилийн зул сарын 25 (1931 оны арванхоёрдугаар сарын 10)-нд Дамдингэцэл гэдэг хүний охин болж төржээ.
          Нутгийн сайн ламаас Норовбанзад гэдэг нэр хайрлуулж, төөрөг заяаг нь үзүүлэхэд “Амны хишигтэй, олон нөхөдтэй, урт настай, дуу хуурт сайн, зуун хүн баясгаж явах ерөөлтэй өвдгөн одонд төрсөн тул нэг газар тогтож суухгүй, ийш тийм их явах юм байна” гэж айлдсан ажээ. Ламтны зурлага мэргэн байв. Н.Норовбанзадын төрсөн нутагт Их газрын чулуу, Өрлөг Баянзүрхийн уулс, Хайлаастын ногоон төгөл, Наранмодонгийн урт хяр, Давст дөхөмийн говь гээд монгол хүний оюун бодлыг нээж, тэлж, уудам их тэнгэрт тэмүүлэх их хүслийг бадраасан өлзийт орон орших бөлгөө. Уртын дуу сайхан дуулна гэдэг сайхан хоолойтой байхын сацуу оюуны ертөнц нь өргөн тэнүүн байхыг шаарддаг урлаг.
       Нутгийн өвгөн Тавхай 1938 онд төвөөс эгшигт хайрцаг авчирч, их дуучин Дугаржав, Төмөр, Ичинхорлоо, Дорждагва нарын дуулсан пянзыг хөдөөгийнхөнд сонсгосон нь Норовбанзад охины оюуны ертөнцийг нээсэн хэрэг болов. 1961 онд гавьяат, 1969 онд ардын жүжигчин болж, 1984 онд төрийн шагнал, 1993 онд Японы Фукуокогийн Азийн соёлын шагнал, 1997 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэв. Ламтны шоо зөрөөгүй байгаа биз. Дэлхийг тойрон уртын дууны шуранхайг олон үндэстэнд хүргэж явсан тэрээр аугаа дуучин төдийгүй Япон, Герман, Франц гээд олон улсын эрдэмтэн, мэргэдтэй нөхөрлөн, монгол үндэстний өв соёлыг түгээн дэлгэрүүлж байв. Н.Норовбанзад агсны дуулдаг уртын дууны урын сан асар өргөн.
          Монголын уртын дууны их оргил болсон “Өвгөн, шувуу хоёр”, “Дуртмал”, ”Цэвцгэр хурдан шарга”-аас авахуулаад дунд гарын ”Алтан богдын шил”, “Урьхан хонгор салхи” бэсрэг дуу, ”Зээргэнэтийн шил”, ”Хүрэн толгойн сүүдэр” гээд нэг дуучин байтугай нэгэн үеийнхний дуулдаг ихэнх дууг өөрийн ид шидэт хоолойгоор өргөн түмний сонорт хүргэжээ. Гэхдээ түүний “Сэрүүн сайхан”, “Уяхан замбутивийн наран” дуу нь давтагдашгүй урлаг болсныг манайд төдийгүй дэлхийд ч гайхан биширдэг. Эдгээр дуугаараа Н.Норовбанзад давтагдашгүй дээд амжилт тогтоосон хэмээн ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров тэмдэглэсэн нь бий.

          ”Гоолингоо шиг яндаж дундаршгүй соёл урлагтай ард түмний хүү болж, Норовбанзад гуай шиг ертөнцөд шагшигдсан их дуучинтай Монгол нутгийн газар шорооноо аавын буянд адууны захад хүн болсон дээд заяандаа бахархана” хэмээн төрийн шагналт зохиолч Б.Догмид 1994 онд бичиж байлаа. Түүний тухай гадаад, дотоодод гарсан өдий төдий үнэлэлт дүгнэлтийг жагсааваас Монголын тал шиг эцэс төгсгөлгүй бичиж болно. Уртын дуу Н.Норовбанзадыг дэлхийн дэвжээнд гаргав.
Норовбанзад ч уртын дууг дэлхийн дэвжээнд гаргав.

No comments:

Post a Comment