БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, September 4, 2010

ЭХ ОРОН МИНЬ ЧИ БҮҮ УЙЛ

ЭХ ОРОН МИНЬ ЧИ БҮҮ УЙЛ
Ээ! Эх орон минь, чиний буян заяа, агуу сүр хүчин дор эгэл нүүдэлчин монголчууд ямар гээч суу жавхлант цадигийг хүн төрөлхтний намтар зузаан түүхэнд сийлэн мөнхлөө билээ.
Орчлонгийн хавтгайн хаанахтай ч зүйрлэшгүй, жишин цэгнэшгүй Монгол хэмээх газар шороонд эзэн бат суух тэнгэрлэг тавилан гагцхүү хөх тамгат нүүдэлчин монголчуудын үе үеийн үр садад л ногдож. Бид нэгэн цагт ертөнцийг эрхшээн бусад улс үндэстнүүдэд хөгжин цэцэглэх, хүчирхэгжихийн ухааныг таниулж, түүхийн агуу өөрчлөлт тэсрэлтүүдийг хийж ирсний утга учир МОНГОЛ ЭХ оронтой минь холбоотой буюу.
Үүнийг өвгөд дээдэс маань ухаарахын дээдээр ухаарч чадсан болоод хүчирхэг байв. Эх монгол нутгийнхаа элэг, газар шороон гишгэхдээ ч эмтэлж, сандчаах вий гэсэндээ этээн хоншоортой гутал жийх ухаантай байж чадсан цорын ганц үндэстэн монголчууд байжээ. Монгол орон өдгөөг хүртэл онгон дагшин, ариун тунгалаг байж ирсний учир ийм агаад үеийн үед, үр сад, хойч хэзээ ч үл мартан санаж явах ёстой жинхэнэ бахархал энэ бөлгөө.
Ийм л бахархлыг бидэнд үлдээж, өвлүүлэхийн тулд халуун амь, бүлээн цусаа ялан дийлж, ядран доройтож явахдаа ч үл хайрласан өвөг дээдэс маань юутай агуу байж вэ. Өндөр уулс, өтгөн хөвч, үржил шимт хөрс шороо болон хувирсан тэд маань ямагт биднийг харж, бидэнтэй хамт оршиж байдаг юм. “Монгол улс мөнхөд оршиг” хэмээн захиж үлдээснийгээ мөнх хөх тэнгэр, газар шорооноос тэд харж, харамсалтай нь эмзэглэж эхэлсэн болов уу.
Ээтэн гутал жийх нь байтугайг мартаж өнөөдөр монгол хүн ЭХ МОНГОЛ газар нутгаа уулыг уул гэхгүй нурааж, усыг ус гэхгүй ширгээж, ургамлыг ургамал гэхгүйгээр устган сөнөөж эхлэв ээ. энэ бол аймшиг. Агуу МОНГОЛ ЭХ орон, монголчууд мөхөж сөнөхийн цондон. Бид өвөг дээдсийнхээ ариун бие цогцсыг алх, сүх, зээтүү, жоотуугаар балбаж, хүрзээр ухаж, техникээр талхилж эхэллээ. Аяа ариун газар шороо минь ээ. Ямар тамлалыг үзэх нь энэ вэ.
Эх орон, газар шороо уйлдаг. Бас өвддөг, үхэж сөнөдөг. Эх орны заяа гомдвоос агуу их хувь тавилан ч мөхдөг бөлгөө. Монголчуудад оройтоогүй дээрээ ухаарах ухаан ядаж үлдсэн гэдэгт итгэнэм.
ЭХ ОРОН МИНЬ ЧИ БҮҮ УЙЛ.
Ш.Даваадорж   "Өнөөдөр" сонины орлогч эрхлэгч

No comments:

Post a Comment