Хүн төрөлхтний эв нэгдэл, хүч чадлын билэгдэл Олимпын наадам хоног хоногоор ойртсоор байна. Олимп хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй болгож, хүний хүчин чадал, нөөц бололцоо хязгааргүй гэдгийг харуулдаг, нэг ёсондоо эх дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ. Анхны олимпийг түүхэнд МЭӨ 776 онд болсон гэж үздэг ч тодорхой баримт сэлт ховор байдаг. Эртний Грекийн домогт өгүүлснээр Геркулес цэнгэлдэх хүрээлэнг байгуулан наадмыг дөрвөн жилд нэг удаа явуулахаар тогтоожээ. Мөн тэрээр спортын төрлүүдийн дүрэм, уралдах зай зэргийг зохиосон гэдэг. Ийнхүү эртний олимп дөрвөн жил тутам амжилттай явагдсаар улам бүр дэлгэрч оролцох төрлүүд нь ч олширч боловсронгуй болсоор олон олон жилийг ардаа үджээ.
Гэвч манай эриний 393 оны үед ид хүчээ аваад байсан Ромын эзэнт гүрний захирагч Теодосиус-I өөрийн харанхуй бүдүүлэг бодолдоо хэт итгэн олимпийг хэрэггүй, цаг барсан ажил гэж үзсэнээр барахгүй цаашдаа энэ наадмыг зохион байгуулахыг хориглосон байна.
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Ромын ноёрхол нуран унасан ч дахин энэ наадмыг зохион байгуулах сэтгэлтэн олдохгүй байсаар 19-р зууны дунд үе хүрэв. Дундад зууны үед спортын наадмууд зохиогддог байсан боловч цөөн орныг хамарсан, багахан хэмжээний тэмцээн болдог байсан тул томоор нэрлэх аргагүй юм. Орчин үеийн олимпыг эцэг бол Францын Пьер де Кубертен. 1863 онд Францад төрсөн язгууртан угсаатай Кубертен өөрийн бүх амьдралаа энэ үйлсэд зориулсан бөгөөд эцэст нь тэр Хүн төрөлхтний одоогийн танил олимпыг наадмын үндэс суурийг баттай тавьж өгч чадсан билээ.
Афин -1896
1894 онд хуралдсан Олон улсын олимпыг хорооны анхдугаар хурлаар Шинэ үеийн олимпийн анхдугаар наадмыг эртний түүхт Афин хотноо зохион байгуулахаар тогтсон билээ. 1932 оны Олимп хүртэл тамирчдын байрлах тусгай байр буюу олимпийн тосгон гэж байгуулдаггүй байсан учир тамирчид өөрсдийн авчирсан майхандаа л хоноглодог байжээ. олимпыг Грекийн хаан нээж үг хэлсэн бөгөөд 150 орчим найрал дуучид олимпыг сүлд дууг дуулжээ. Орчин үеийн анхны Олимпод 14 орны 241 тамирчин 9 спортын 43 төрлөөр тамирчид хурд хүчээ сорьжээ. Үүнд нэг ч эмэгтэй тамирчин ороогүй.
Медалиар тэргүүлсэн орнууд (албан ёсоор медаль гардуулаагүй, тэргүүлсэн орнууд)
1. АНУ – 11 алт ,7 мөнгө ,2 хүрэл
2. Грек – 10 алт ,17 мөнгө ,19 хүрэл
3. Герман – 6 алт ,5 мөнгө ,2 хүрэл
Парис 1900
олимпыг хоёрдугаар наадамд 24 орон оролцож 997 тамирчин 20 спортын 95 төрлөөр өрсөлдсөн. Энэ олимпыг Парист явагдсан олон улсын үзэсгэлэн яармагтай хамтруулан зохион байгуулсан нь нэг талаас нэр хүндийг ахиулсан нөгөө талаасаа зохион байгуулалт муутай болсон гэж үздэг. Олон хоног үргэлжилсэн энэ наадмын дунд үеэс ОУОХ, өөрсдийн хяналтаа бараг алдаж, хаана ямар тэмцээн зохион байгуулагдаж, хэн түрүүлж байгааг нэгтгэн дүгнэхэд тун хүндрэлтэй байсан гэж, тэр үеийн удирдлагууд дурсчээ. Мөн энэ наадмаас бүсгүйчүүд олимпод оролцох болсон юм. Парисын олимпод спортын 13 төрөл нэмэгдэж зарим төрөл нь хасагдаж эзэн орон Франц 26 алт шүүрч бусад орнуудыг тэргүүлээ.
Сэнт Луйс- 1904
АНУ-ын Миссури мужийн Сэнт Луйс хотод зохион байгуулагдсан Зуны гуравдугаар олимпод ердөө л 12 орны 651 тамирчин оролцжээ. Энэ нь тухайн үед дэлхийн хүн төрөлхтнийг түгшээж байсан Орос Японы дайнаас болоод олон тамирчин олимпыг наадмыг зорьж чадаагүйтэй холбоотой. Уг нь АНУ-гийн Чикаго хот авсан ч шилжүүлсэн гэдэг. Сэнт Луйсын олимп жинхэнэ эмх замбараагаа алдаж, боломж л гарвал заль булхай хэрэглэж байжээ. Жеимс Салливан гэж АНУ-ын нэр нөлөөтэй бизнесмен уг үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцсон гэгддэг ба өдөр болгон ямар нэгэн спортын тэмцээнийг явуулж, үүнийгээ олимп гэж нэрлэж байв. Харин дараа нь ОУОХ хуралдаад энэ олон замбараагүй тэмцээнүүдээс 94-ийг нь албан ёсоор бүртгэсэн ажээ. АНУ-чууд 79 алт 83 мөнгө 82 хүрэлтэй байхад ард нь орсон Германчууд 13 хан медальтай байсан гэхээр зохион байгуулалт нэлээд тааруу байсны гэрч болов уу
Лондон – 1908
Энэ жилийн Олимп хуваариар бол Италийн Наполи хотод зохиогдох ёстой байлаа. Италичууд ч олимпыг наадамд сайтар бэлдэж байсан боловч хотын ойр оршдог Везуви галт уул сэргэсэн болохоор зохион байгуулагчдад хотоо шилжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Ингээд Английн нийслэлд энэ удаагийн Олимп зохиогдох болжээ. Английн хаан ҮII Эдвард Олимпийг нээж 22 орны 1971 эрэгтэй, 37 эмэгтэй тамирчин 22 спортын 110 төрлөөр өрсөлдөж зохион байгуулагч Англичууд 56 алт, 51 мөнгө, 39 хүрэлтэй бүх орныг хол тасархай хошуучиллаа.
Стокхольм- 1912
Шведийн нийслэлд энэ удаа таван тивийг төлөөлсөн 28 орны 2407 тамирчин хоёр сарын турш өрсөлдөж АНУ, Швед, Английн багууд тэргүүллээ. Гэхдээ энэ удаа АНУ Шведийн медалийн тоо тун ойролцоо байсныг хэлүүштэй. Анх удаа таван тивийн төлөөлөл орсон бөгөөд үүнээс улбаалж бид бүхний сайн мэдэх таван цагариг бүхий Олимпийн гол эмблем урлагджээ.
Антуэрп – 1920
Дэлхийн нэгдүгээр дайны улмаас завсарлаад байсан Олимп энэ удаа Бельгийн Антуэрп хотод эргэн ирлээ. Өмнөх дайнд голлох үүрэгтэй оролцсон Герман зэрэг орныг энэ олимпод орохыг хориглсон бөгөөд 29 орны 2626 тамирчин 22 спортын 154 төрөлд өрсөлдөж АНУ-чууд 41 алттай бүх орныг хошуучлахад 19 алттай Швед ард нь бичигдэж байлаа. Сонирхуулахад Бельгийн энэ хот Олимп зохиогдох болсноо нэг жилийн өмнө мэдэж өмнө тун шаргуу бэлдэж зохион байгуулалтын хувьд нэлээд хүндрэл учирсан гэдэг. Гэхдээ хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл Олимп нь эргэн ирлээ.
Парис – 1924
Францын нийслэлд 1924 оны 5-р сарын 4-нд 44 орны 3089 тамирчин цуглаж 18 спортын 126 төрлөөр өрсөлдөв. Энэ удаа 135 эмэгтэй тамирчин оролцсон нь урьд урьдынхаас өндөр тоо юм. Олимпыг үеэр тамирчид, дасгалжуулагчид болон албаны хүмүүсийн байрлах “Олимпыг тосгоныг” энэ наадмаас анх байгуулах болжээ. АНУ-чууд 45 алт, 27 мөнгө , 27 хүрэл нийт 99 медаль цуглуулж спортын хүчирхэг гүрэн болохоо харуулав.
Амстердам- 1928
Энэ удаагийн зуны Олимпыг наадам Голландын Амстердам хотод болж 46 орны 2883 тамирчин оролцож мөн л Америкчууд 22 алттай тэргүүлэв. Энэ наадамд анх удаа Олимпын бамбарыг асаасан түүхтэй. Нээлтээсээ хойш олимп хоёр сар сунжирдаг байсан явдлыг энэ удаа цэглэж 16 хоногт багтаан дуусгасан бөгөөд одоо ч энэ журам хэвээр үргэлжилж байна.
Лос Анжелес- 1932
Олон жил Олимпыг наадам зохион байгуулах хүсэлт гаргаж байсан АНУ энэ удаа Лос Анжелес хотдоо дэлхийн шилдгүүдийг цуглуулах эрхтэй болов. 37 орон оролцсон бөгөөд Хятад улсын анхын олимп нь энэ юм. 14 спортын 116 төрлөөр хүч чадал авхаалж самбаагаа сорьж мөн л зохион байгуулагч АНУ 41 алттай хол тэргүүлж, Италичууд 12 алттай аман хүзүүдэв.
Берлин -1936
Германы Берлин хотод 1936 оны наймдугаар сарын 1-16-ны хооронд болсон. Уг наадамд 49 орны 4066 тамирчин оролцож, 20 спортын 130 төрөлд 390 медалийн төлөө өрсөлдсөн байна.
Зуны олимпийн XII, XIII наадам
1940, 1944 онуудад дэлхийн 11 дайны үеэр таарсан учир олимпийн наадмууд болоогүй байна.
Лондон - 1948
Английн Лондон хотод 1948 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын-14-нд болсон байна. “Энэ нь Англи улсад зохион байгуулагдсан байгаа хоёр дахь Олимпыг наадам юм. Мөн л дайны дараах олимп гэдгээрээ алдартай. Энэ наадамд 59 орны 4099 тамирчин 18 спортын 136 төрөлд 408 медалийн төлөө өрсөлдсөн ажээ.
Хельсинк-1952
Финляндийн Хельсинк хотод 1952 оны долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын гуравны хооронд зохиогджээ. Энэ олимпт 69 орны 4925 тамирчин 17 спортын 149 төрөлд 457 медалийн төлөө хүч чадал, хурдаа сорьсон байна.
Мельбурн - 1956
Австралийн Мельбурн хотод 1956 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын наймны хооронд болж 68 орны 3184 тамирчин оролцсон байна. Тэд 18 спортын 154 төрөлд 472 медалийн төлөө өрсөлдсөн.
Токио - 1960
Японы Токио хотод 1964 оны аравдугаар сарын 10-24-ний хооронд болсон. Уг наадамд 93 орны 5140 тамирчин 20 спортын 163 төрөлд 503 медалийн төлөө өрсөлдсөн гэнэ. Харин манай улсаас анх удаа энэхүү олимпт оролцож хөнгөн атлетик, спортын гимнастик, чөлөөт бөх, буудлага, дугуйн спорт гэсэн төрлүүдээр 21 тамирчин оролцоод ирсэн юм.
Мехико - 1968
Мексикийн Мехико хотод 1968 оны аравдугаар сарын 12-27-ны хооронд болж 112 орны 5531 тамирчин 19 спортын 174 төрөлд 533 медалийн төлөө өрсөлдсөн байна. Монголчууд 16 төрлөөр оролцож Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхэн болох Ж.Мөнхбат мөнгө, Т.Артаг хүрэл, Д.Сэрээтэр хүрэл, Ч.Дамдиншарав хүрэл тус тус хүртэж чөлөөтийхөн багаараа гуравдугаар байрт бичигдэж байлаа.
Мюнхен -1972
ХБНГУ-ын Мюнхен хотод 1972 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 10-ны хооронд болсон. Баруун Германы энэ олимпийн наадамд 121 орны 7123 тамирчид оролцож, 23 спортын 195 төрөлд 602 медалийн төлөө өрсөлдөж байжээ. Манай улс чөлөөт бөх, сонгомол бөх, байт харваа, хөнгөн атлетик, жүдо, бокс, хүндийн өргөлт, буудлага гэсэн найман төрлөөр оролцсон бөгөөд чөлөөт бөхийн 100 кг-ын жинд Х.Баянмөнх мөнгө, 68 кг-ын жинд Ц.Нацагдорж дөрөвдүгээр байрт орж өмнөх Олимпыг амжилтаа бататгасан юм.
Монрейль - 1976
Канадын Монрейл хотод 1976 оны долдугаар сарын 17-ноос наймдугаар сарын нэгний хооронд болжээ. Үүнд 88 орны 6189 тамирчин 21 спортын 198 төрөлд 611 медалийн төлөө өрсөлджээ. Зөвлөлтийн “эзэнт гүрэн” 49 алт 41 мөнгө 35 хүрлээр тэргүүлж Зүүн Герман хоёрт, АНУ гуравт тус тус бичигдэв. Манай улсаас чөлөөт бөх, жүдо бөх, байт харваа, бокс, буудлага гэсэн төрлүүдээр 33 тамирчин оролцсон юм. Чөлөөт бөхийн 62 кг-ын жинд З.Ойдов мөнгөн медаль авчээ.
Москва - 1980
ЗХУ-ын Москва хотод 1980 оны долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын гуравны хооронд болж, энэхүү наадамд 81 орны 5503 тамирчин 22 спортын 203 төрөлд 628 медалийн төлөө хүч чадлаа уралдуулжээ. Хүйтэн дайны үед болсон энэ олимпод зөвхөн Социалист лагерийн орнууд орсон түүхтэй. Дэлхийн олон шилдэг тамирчид энэ олимпод орж чадаагүй нь харамсалтай бөгөөд дараагийн Лос Анжелесийн олимпод мөн л энэ түүх давтагдаж энд оролцсон орнууд оролцолгүй “Найрамдал-84” зохион байгуулсан билээ. Манай тамирчдаас чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Ж.Даваажав мөнгө, 57 кг-ын жинд Д.Оюунболд хүрэл, жүдо бөхийн 65 кг-ын жинд Ц.Дамдин мөнгө, 71 кг-ын жинд Р.Даваадалай хүрэл медалиар тус тус энгэрээ мялаасан байна.
Лос-Анжелес- 1984
АНУ-ын Лос-Анжелес хотод 1984 долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 13-ны хооронд болсон юм. Энэ нь АНУ-д зохиогдож байгаа гурав дахь Олимпыг наадам болжээ. Үүнд 141 орны 7078 тамирчин 22 спортын 224 төрөлд 692 медалийн төлөө өрсөлдсөн байна. Монголчууд энэ наадамд оролцоогүй билээ.
Сөүл - 1988
БНСУ-ын Сөүл хотод 1988 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын хоёрны хооронд зохиогджээ. Энэхүү наадамд 160-аад орны 8465 тамирчид оролцож 24 спортын 237 төрөлд 734 медалийн төлөө өрсөлдсөн юм. ЗХУлс задрахаасаа өмнө орсон сүүлчийн олимп бөгөөд 55 алт авч тэргүүллээ. Харин манай улсаас чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа гэсэн төрлөөр 33 тамирчид оролцсоноос боксын 60 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл медаль хүртжээ.
Барселон – 1992
Зуны Олимпыг 25-р наадам Испанийн Барселон хотод 1992 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есний хооронд болсон. Энэ наадамд 172 орны 9364 тамирчид оролцож, 27 спортын 258 төрөлд 810 медалийн төлөө өрсөлджээ. Манайхаас чөлөөт бөх, бокс, жүдо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, дугуй, байт харвааны төрлөөр 32 тамирчин оролцож спорт гар бууны төрөлд Д.Мөнхбаярт хүрэл, харин боксоор 60 кг-ын жинд Н.Баярсайхан хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
Атланта - 1996
АНУ-ын Атланта хотод 1996 оны долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын дөрөвний хооронд болж, уг наадамд 197 орны 10310 тамирчин 26 спортын 264 төрөлд 818 медалийн төлөө хүч чадлаа уралдуулжээ. АНУ-чууд 44 алт 32 мөнгө 25 хүрэл нийт 101 медаль авч Оросуудаас илүү байж чадлаа. Манайхнаас 17 тамирчин оролцож одоогийн аварга Д.Сумъяабазар тугаа барьж жагсаж байсан юм. Харин жүдо бөхийн 60 кг-ын жинд Д.Нармандах хүрэл медаль авч элэг нэгтнүүдээ баярлуулж байлаа.
Сидней 2000
Австралийн Сидней хотод 2000 оны есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын нэгний хооронд болсон. Уг наадамд 199 орны 11352 тамирчин 28 спортын 298 төрөлд 928 цогц медалийн төлөө өрсөлдсөн. АНУ-чууд дахин нийт дүнгээр Оросуудын өмнө гишгэж 37 алт авчээ. Манай улсаас 20 тамирчин оролцож олон жилийн медалийн буухиа тасарсан бөгөөд дуудлагын тамирчин О.Гүндэгмаа шагналт тавдугаар байрт орсон нь Монголчуудын дээд амжилт байлаа.
Афин - 2004
Грекийн Афин хотод 2004 оны наймдугаар сарын 13-29-ний хооронд болсон. Уг наадамд 201 орны 10500 тамирчин 28 спортын 38 төрөлд 301 цогц медалийн төлөө өрсөлдсөн. АНУ 37 алт, Хятад 35 алт, Орос 28 алт тус тус зүүлээ. Манай улсаас 20 тамирчин оролцсон. Жүдо бөхийн 60 кг-ын жинд 20 настай X.Цагаанбаатар хүрэл медаль хүртжээ.
Бээжин - 2008
Урд хөршийн нийслэлд болсон олимпийг манай уншигчид мартаагүй байгаа. Учир юу гэвээс Монголчуудын, монголын тамирчдын олон жилийн мөрөөдөл Олимпыг аварга энэ наадмаас төрсөн. Төрөх төрөхдөө хос аварга өлгийдсөн нь энэ олимпын онцлог билээ. Бээжийнгийн олимпод нийт 10,500 тамирчин 28 спортын 302 төрөлд өрсөлджээ. Хятадууд энэ удаагийн олимпод зохион байгуулалтын хувьд ч тамирчдаа ч сайн бэлдсэн байсан юм. Тэд спортын нэгэн хүчирхэг гүрэн болж яваагаа дэлхийд зарласан бөгөөд 51 алт 21 мөнгө 28 хүрэл нийт 100 медалийг нутагтаа авч үлдсэн. Монголын тамирчин Найдангийн Түвшинбаяр, Энхбатын Бадар-Ууган нар аваргалж, П.Сэрдамба, О.Гүндэгмаа нар мөнгө зүүж гайхам сайхан амжилтуудыг гаргасан билээ. Ирэх жилийн 7-р сарын 27 нд Олимпыг бамбар гурав дахь удаагаа Английн нийслэл Лондонд ирнэ. Хүн төрөлхтний эв нэгдлийн баталгаа болсон их наадамдаа Дэлхийн шилдэг тамирчид энэ цаг мөчид шаргуу бэлдэж байгаа биз ээ.
http://zindaa.mn/8cy
goi yumaa tnx
ReplyDelete