Дэлхийн аялал жуулчлалын салбарт тэргүүлэгчдийн нэг “Abercrombie and Kent” компани 2012 онд жуулчдын аялахаар хамгийн их сонирхож буй арван газрын нэгээр Монгол улсыг нэрлэжээ. Энэ компани нь тансаг зэрэглэлийн, адал явдалт аялал ихэвчлэн зохион байгуулдаг бөгөөд жил бүр дээрхи жагсаалтыг гаргадаг байна. Энэхүү жагсаалтыг маш өргөн хүрээний судалгаан дээр үндэслэн гаргадаг бөгөөд манай улс энэхүү жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.Жагсаалтыг тухайн газрын онгон зэрлэг байгаль, соёл, ёс заншилаас гадна адал явдал хайгчдын хүсэн хүлээсэн шалгууруудыг харгалзан гаргасан талаар тус компанийн менежмент хариуцсан захирал Сужата Раманы гэгч ярьжээ. Тэгвэл жагсаалтын нэгдүгээрт тэрбум акр талбайг бүрхсэн ширэнгэн ойн дундуур урсдаг дэлхийн хамгийн урт Амазон мөрөн орсон байна. Амазон мөрнийг хэзээч мартагдахааргүй жинхэнэ дурсамжийг үлдээж чаддаг гэсэн үнэлэлт өгчээ. Жагсаалтын хоёрдугаарт Куба улс оржээ. Куба улс нь сонгодог загварын авто машинууд, дэлхийн хамгийн шилдэг тамхи, далайн эргийн наран шарлагын газрууд, уламжлалт хөгжим, бүжгээрээ алдартай гэсэн үнэлэлт өгчээ.Харин жагсаалтын гуравдугаарт Манай Монголыг оруулсан бөгөөд нүүдэлчний уламжлал, дэлхийн мянганы хүнээр тодорсон эзэн Чингис хааны үеэс өчүүхэн төдий өөрчлөгдсөн үзэсгэлэнт байгаль, хүний хөл бараг хүрээгүй онгон зэрлэг уул ус, эрийн гурван наадмыг онцолжээ.Дөрөвдүгээрт Бирм буюу одоогийн Мьянмар улс эртний соёл уламжлал, гайхамшигт хөшөө дурсгалууд, нэхмэл даавуу, гар урлалын баялаг уламжлал, Буддын шашны томоохон наадмуудаараа Монголын дараа жагссан байна. Мөн эдгээр жагсаалтад Балба улс дахь Гималайн үзэсгэлэнт байгаль, Энэтхэгийн эртний сүм хийдийн уран барилгууд, Оросын Кремль,Африкийн ноён оргил, ер бусийн сонирхол татам омог аймгууд, аварга сармагчингууд, хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэн энэхүү жагсаалтанд багтсан байна.
Н. Дагдан
No comments:
Post a Comment