БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ
Saturday, October 1, 2011
Экологийн ололт: Биологийн ухааны доктор, профессор академич Аюурын Дулмаа "Нууруудыг загасжуулсан".
1958 он ЗХУ-ыг Байгал нуурын загас үржүүлгийн үйлдвэрээс 14 сая орчим омуль загасны авгалдай авчирч Хөвсгөл нуурт нутагшуулснаас эхлээд загсгүй байсан 21 нуурыг загасжуулах ажлыг биечлэн хийсэн.
ШУА-ийн Биологийн хvрээлэнгийн Загас vржvvлгийн эрдэм шинжилгээний тєвийн судлаач, академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Аюурын Дулмаа гуайг мэдэхгvй, танихгvй хvн ховор биз ээ.
Тvvнийг Ерєнхий сайд С.Баярын ээж гэдгээс нь илvv "загасны" Дулмаа гэдгээр нь хvмvvс андахгvй. Шинжлэх ухаанд 50 гаруй жил чин сэтгэлээр зvтгэж яваа энэ хvн эдvгээ Завхан аймгийн Улаагчны хар нууранд загас vржvvлж байгаа гэнэ. А.Дулмаа гуай нийт загасгvй байсан 25 нуурыг загастай болгосон хvн. Голдуу омоль, цагаан зарам буюу пельд загас vржvvлдэг гэнэ билээ, Тvvнээс гадна тэрбээр дунд сургуулийн зургадугаар ангиас шууд л МУИС-д элсэн суралцаж байсан юм байна.
-Би 1956 онд Их сургууль тєгссєн. Сvхбаатарын нэрэмжит II арван жилийн дунд сургуульд сурч байлаа. Зургадугаар ангиасаа Их сургуульд шалгалт єгч орсон. Хvмvvс гайхдаг л даа. Миний дунд болон их дээд сургууль тєгссєн нас таардаггvй учир гайхдаг. Яахав, би зарим нэг нууцаа дэлгэчихье. Би Их сургуульд дєрвєн жил сураад, 19 настай хvvхэд Багшийн дээд сургуульд багшлахаар очиж байлаа. Тэндээ хоёр жил ажиллачихаад аспирантурт явсан. Тэгээд ШУА-ын Биологийн хvрээлэнд ажиллаж эхэлсэн дээ. Одоог хvртэл тэндээ л ажиллаж байх шив. Яахав, дунд нь зарим vед Их сургуульд багшилдаг л байсан. 25 жил багшилсан юм байна шvv гэж А.Дулмаа гуай єгvvллээ.
УИХ-ын гишүүн С.Баярын ээж, доктор А.Дулмаа:
Хүн болж төрснийх эх орондоо заавал хэрэгтэй зүйл бүтээх ёстой
Эзгүй хээр, нуурын дэргэд майхан, эсвэл эсгий гэрт хаягдчихаад олон сараар судалгааны ажил хийдэг эрэлхэг эмэгтэй байдгийг өнөөгийн бүсгүйчүүд байтугай залуус нь ч төсөөлөхгүй.
Тэгвэл Завхан аймгийн Улиастай хотоос цааш 150 км явж байж хүрдэг Эрдэнэхайрхан суман дахь Хар нуурын хаяанд Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, биологийн ухааны доктор А.Дулмаа гуай амьдарч байна. Эдүгээ 80 насыг шүргэж яваа тэрээр өөрийн шавь Н.Алтанцэцэгийн хамт загас үржүүлэг, судалгааны ажлаа хийж байхад нь бид очиж таарсан юм.
Говь, хангай хосолсон уулсын дээгүүр төмөр хүлэгтэй хурдалсаар доктор А.Дулмаа гуайг зорьж очиход “Монгол Улсын шинжлэх ухааны академи, Биологийн хүрээлэн” гэсэн пайз бүхий төмөр хашаа биднийг угтав. Самбарыг лавшруулан харвал “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв” гэж тодотгон бичжээ. Хашаан дотор “Загасны үрийн сан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв” гэсэн гуншинтай улаан дээвэр бүхий цагаан модон байшин, бас зургаан ханатай гэрийг илүү гэрийн хамт барьж, төвхнүүлсэн байв. Тэдний цаана малчин Н.Цэдэндамбаагийнхан өвөлжихөөр буусныг эс тооцвол ёстой л эзгүй хээр талд УИХ-ын гишүүн С.Баярын ээж, доктор Аюурын Дулмаа амьдардаг аж.
Оройн 17 цагт биднийг очиход нуураасаа дөнгөж буулаа гэсээр А.Дулмаа гуай гэрээсээ гарч ирэв. А.Дулмаа докторын шавь болох шавилхан бүсгүй Н.Алтанцэцэг завинд суугаад 25 литрийн усны цэнхэр торхонд нуураас ус юүлж харагдсан юм. А.Дулмаа доктор гэрээсээ гарч ирсэн даруйдаа бидэнтэй мэндэлж, хэрэг зоригийг маань асуучихаад том саваа усаар дүүргэсэн шавьдаа туслахаар нуур руу алхав. Хамт явсан жолооч ах ч “А.Дулмаа гуай та яах вэ, би очоод аваад ирье” гээд өмнө нь ороод гүйж харагдлаа. Аргагүй л загас үржүүлэгч, судлаач хүн гэсэн шиг А.Дулмаа доктор, түүний шавь хоёроос загасны үнэр ханхийж байв. Гэрт нь ч мөн загасны үнэр нэвт шингэжээ.
Товчхондоо Монгол Улсын биологийн шинжлэх ухааныг хөгжүүлж, байгаль орчныг хамгаалахын төлөө бүх амьдралаа зориулсан хүн бол А.Дулмаа доктор билээ. Намаг балчиг болох шахсан олон нуурыг сэргээж, өөрчилсөн энэ эмэгтэй цөлжилт, усгүйдлээс эх орноо хамгаалаад зогсохгүй Монгол Улсын 25 загасгүй нуурыг загастай болгож, загас үржүүлснээрээ хүнсний нөөцийг ч бүрдүүлж чадсан юм.
А.Дулмаа доктор 1982 оны гуравдугаар сарын 28-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суман дахь Хар нуурт омель, пельд загасны анхны өндгөн эсийг Байгал нуураас Алтайн хязгаарыг дамжуулан авч ирж, үржүүлжээ. Түүнээс хойш 28 жилийн амьдралаа Хар нууртай холбосон тэрээр Монгол Улсын шинжлэх ухааны салбарт үндсэндээ 50 гаруй жил чин сэтгэлээсээ зүтгэж явна. Голдуу омель, цагаан зарам буюу пельд загас үржүүлдэг тэрээр хийсэн бүтээснээрээ дэлхийд данслагдсан эмэгтэй юм.
Завхан аймгийн Хар нуурт үржүүлсэн загасныхаа ашиг шим буюу ажлынхаа үр дүнг 1993 онд анх үзсэн гэж тэрээр ярьдаг юм билээ. Нуурын хүчтэй давалгаанаар эрэг дээр шидэгдсэн загасыг харсан танил нь Халх голд ажиллаж явсан А.Дулмаа доктор руу сайхан мэдээтэй шуудан илгээсэн аж. Хар нуурт ирээд өөрийн өсгөж, үржүүлсэн загасыг хэмжиж үзэхэд хоёр кг 300 грамм хэмжээтэй том загас гарч ирсэн тухай А.Дулмаа гуай тодхон дурсч байв. Харамсалтай нь төд удалгүй буюу 1995 оноос Хар нуурын загас хулгайн анчдад цөлмүүлж эхэлсэн байна. Бүр тонн тонноор нь хулгай хийдэг загасчид Завханы захыг омель, пельд загасаар хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар, ОХУ руу ч нийлүүлэх болжээ. Энэ утгаараа Завхан аймгийн ажилгүй, санхүүгийн боломжгүй олон иргэн, гэр бүлийг А.Дулмаа доктор тэжээж ирсэн гэж болно. Амт сайтай, жин ихтэйгээрээ алдартай А.Дулмаа гуайн үржүүлсэн омель, пельд загасыг тонн тонноор нь зарж, борлуулсныхаа хүчинд амьдрал нь подхийж, бүр хөл залгах үнэтэй машин хөлөглөсөн хүн ч байна. Ийнхүү хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан доктор маань хулгайн анчидтай ганцаараа шахуу тэмцэж ирсэн гэж болно. Энэ бол бүсгүй хүнд баймгүй тун их зориг билээ.
Тэрээр “Би зодуулахаас наагуур юм болж байж энэ нуурын загасыг харж, хамгаалж, хайрладаг. Заримд нь хараалгаж, ерөөлгөж, бүр алгадуулж явсан түүх ч надад бий. Нэг удаа би Эрдэнэхайрхан сумын Засаг даргыг алгадаж байсан удаатай. Нуурын захад хүн загас бариад байна гэхээр нь яваад очтол Эрдэнэхайрхан сумын Засаг дарга бүсэлхийгээ хүрсэн усанд том тор тавьчихсан зогсч байна. Тэгэхээр нь чи төрийн ажил хийж байгаа хүүхэд байж ийм болчимгүй үйлдэл хийж болохгүй гэтэл би энэ сумын Засаг даргын хувьд нуураасаа ганц удаа загас барих эрхтэй хүн гэсэн. Би ч тэсэлгүй тэр хүүг алгадаад авсан. Намайг алгадлаа гээд та нар цагдаадаа өг. Хаа ч явсан би загасаа харж, хамгаалах ёстой хүн гэж хэлсэн. Төрийн хүн төрийн хууль, ёсоо баримтлах л ёстой. Ядаж 2015 он хүртэл хулгайгаар загас агнахаа больчихооч ээ гээд байхад хүний үг огт авахгүй юм. Уг нь 2015 оноос Хар нуураас зөвшөөрөлгүй загас агнах тухай захирамж хүчингүй болох юм шүү дээ. Эсвэл энэ хүмүүс тонн тонноор нь загас барьсныхаа төлөө татвар төлөх хэрэгтэй. Энэ чинь бусдын малтай хотноос хулгай хийж байгаагаас огт ялгаагүй зүйл” гэж тайлбарлаж байв.
А.Дулмаа гуай загас үржүүлэхийн зэрэгцээ цөлжилтийн эсрэг насаараа тэмцэж яваа хүн. Энэ утгаараа нуурын эрэг дээрх 0.4 га газартаа улиас, улиангар, чацарганы мод, аньс, үхрийн нүдний бут гээд говьд ургаж болохоор бүхий л ургамлыг тарьжээ. “Элсэн дээр мод тарьж болдгийг би батлахын тулд анх 500 ширхэг суулгац авч ирсэн. Заримыг нь үрээр тарьсан. Энэ жил миний ихэнх мод их сайхан ургасан. Үхрийн нүдний бутнаасаа ганц нэг жимс хүртэл авсан. Цөлжилтийн эсрэг хийж байгаа миний энэхүү ажлыг аймгийн Тамгын газарт ажилладаг нэг залуу их үгүйсгэж, шоолж байна гэнэ лээ. А.Дулмаа доктор элсэн дээр мод тарих юм гэнэ, илүү ажил байгаа даа гэж ярьсан залуу миний тарьсан модыг ирж хараасай гэж боддог юм. Элсэн дээр эдгээр модоо тарихын тулд би малын бууц, аргалын үнсээр борддог. Нэлээн хойшоо явж байж аргалаа түүж ирдэг л дээ. Манай энэ хавиар аргал олон байдаг ч өвөлжөө рүүгээ нүүсэн айлууд хавар ирэхээрээ хэрэглэг гээд холоос аргалаа авч ирдэг. Аргал байлаа ч гэсэн бусдын юмыг дураараа авч, хэрэглэж болохгүй шүү дээ. Юутай ч таван жилийн дараа Хар нуурын эрэг дээр их сайхан ойн төгөл бий болсныг та бүхэн харах биз ээ. Ер нь хүн болж төрснийх эх орондоо хэрэгтэй нэг ч гэсэн зүйл хийх ёстой. Миний ээж ч гэсэн ийм л зарчмаар намайг өсгөж, хүмүүжүүлсэн” гэж ярих А.Дулмаа докторыг ажих зуураа аргагүй л аугаа эмэгтэй юм даа гэж бахархаж суусан юм.
Хүний юмыг дураараа авч болохгүй гээд аргалыг хүртэл хаа холоос зөөж ирдэг А.Дулмаа гуайн ярианаас үнэхээр зарчимч, шударга эмэгтэй болохыг нь мэдэрсэн ч ингэж өөрийгөө зовоох хэрэг юу байна даа гэж бодогдсоныг нуух юун. Хичнээн сайхан боловч амар хялбар, ёс суртахуунгүй амьдралыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрдөггүй тэрээр хулгайн загасчдыг үзэхгүй байх нь аргагүй юм.
Жилийн дөрвөн улиралд Монгол орны томоохон нуур, гол мөрнөөр явж, судалгааныхаа ажлыг хийдэг А.Дулмаа гуайн ажил, амьдралыг уул, уснаас салгаж ойлгох аргагүй. Магадгүй лусын амьтан үржүүлснээрээ их буян үйлдсэн сүрхий эмэгтэй гэж нутгийн олон ч хэлж, ярьдаг байх.
Өвөлдөө 42 градус хүртэл хүйтэрч, цасанд хучигддаг Хар нуурын хөвөөнд Монгол Улсын XXV Ерөнхий сайд С.Баярын ээж тэсгим хүйтнийг эс ажран амьдардаг гэхэд итгэмгүй. Байгуулсан гавъяа, зүтгэлээ бодсон ч, эсвэл төрийн мундаг түшээг төрүүлсэн ээж гэдэг утгаараа паартай байшинд тухтайхан аж төрж болох л байсан. Нэг ёсондоо амин хувийн жаргалаа хөөсөн бол чөмөг царцаам хүйтэнд нуурын хөвөөнөө загас үржүүлэх, судалгааны ажлаа хийж суухгүй нь ойлгомжтой. Асарч, хамгаалах үр хүүхэд байхгүй гэх биш, өлсөхийн эрхэнд ажил хийх болсон ч биш дээ, ганц хүүгийнхээ буяныг эдлээд жаргаж сууж болох л байлаа. Болчимгүй байдлаар ингээд хэлчихвэл А.Дулмаа доктор “Чи яасан бэртэгчин, амиа хичээсэн, унхиагүй, залхуу, дорой сэтгэлгээтэй хүүхэд вэ” гэж намайг загнана гэдгийг анх уулзаад л мэдэрсэн юм. Зүгээр суух, цагийг дэмий өнгөрөөх, эх орондоо хэрэгтэй зүйл нэгийг ч бүтээхгүй яваа хүмүүсийг нэг нүдээрээ ч үздэггүй болов уу гэмээр төлөвшил, ёс суртахуунтай түүнээс боломж олдвол сурч, мэдэх, ухаарч, ухамсарлах зүйл олон байлаа.
А.Дулмаа доктор дан гэрт даарсан шинжгүй амьдарч байна
Монголчууд бид буруу ярьж, зөв ойлгоно оо гэдэг. Тэгвэл үгний өө анддаггүй, хурц, ширүүн, шулуун шударга яриатай түүнтэй буруу ярьж огт болохгүй.
Ямар сайндаа л холын замд хань, түшиг болж явсан “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэнг “Би тантай таван жилийн өмнө “Улиастай” зочид буудалд уулзаж, хамтдаа зургаа авахуулъя гэтэл та муухай хувцастай явж байгаа болохоор зургаа авахуулахгүй гээд татгалзсан” гэхэд нь шууд л “Битгий худлаа хэлээд бай. Таван жилийн өмнө “Улиастай” зочид буудал ч байгаагүй. “Завхан” сонины эрхлэгч Б.Идэртэй л уулзаж байснаа санаж байна” гэж балмагдуулав. “Тийм ээ, тэр үед эрхлэгч нь Б.Идэр байсан. Харин би сэтгүүлчээр ажиллаж байсан юм” гэхэд нүдний шилээ хуруугаараа дээш түлхэж бодолхийлснээ “Аан тийм, саналаа” гэж хэлээд сандарсан биднийг амраав. Энэ мэтчилэн ой санамж нь ихэд сайн ажилладаг А.Дулмаа доктортой буруу ярьж, зөв ойлголцохын аргагүй аж.
Гал хөс муутай, зүгээр л зүлгэн дээр нимгэн шал тавьж, хоймортоо жижигхэн хивс дэвссэн А.Дулмаа докторын гэр өвлийн дулаалгагүй байсныг бид анзаарав. Намрын адаг сар дуусах дөхөж, энэ жилийн анхны цас нуурын ойролцоо хялмаалан, хаялчихаад байхад хаяавчаар нь салхи сийгсэн хүйтэн гэрт А.Дулмаа гуай амьдарч байгаа нь үнэндээ сэтгэл эмзэглүүлж орхисон.
Миний ээж, эсвэл надад хамаатай хүн байсан бол загнаж, гуйгаад ч болтугай хот хүрээ рүү дөхүүлж, дулаахан байшинд халуун хоол, цайтай амьдруулах юмсан гэж бодогдсон авч УИХ-ын гишүүний ээж эдээр дутсандаа энд зовж амьдраагүй нь ойлгомжтой. Бидэнд хэцүү, зутруу санагдсан ч өөрийнхөө дуртай ажлыг хийж байгаа А.Дулмаа гуайд хамгийн сайхан амьдрал нь нуурын дэргэд л буцалдаг бололтой. Угаасаа л хүйтэнд хөрж, халуунд халж сурсан болохоор энэ мэтийн зовлонг зовлон чинээ боддоггүй тэрээр ийм л ясны чанга бие, сэтгэл, тэсвэр тэвчээртэй, зөвхөн ажлын төлөө төрсөн хүн аж.
Хар нуурт нутгийн иргэн эндсэнээс хойш доктор А.Дулмаа хэдэн өдөр уйлж өнжив
Сэтгүүлчдийн хэлдгээр мөлжүүргүй болтол нь ярилцлага хийж, Монголын бахархал болсон эмэгтэйн түүхэн амьдралыг сурвалжилъя гэж бодсон авч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр биднийг очих үед Хар нуурт нутгийн иргэн эндсэн байв. Иймээс ихийг асууж, олныг яриулахаар очсон зорилго минь жаахан хзайж, А.Дулмаа гуай ч ажил явдалтай байхад би ярилцлага өгөх нь зохимжгүй гэснээр бидний амыг тагласан юм.
Өөрт нь огт хамаагүй, хөндлөнгийн хүн эндсэн ч сүүлийн 20 гаруй жил амь, амьдралаа холбосон Хар нуурт нууцаар загасчилж явсан нутгийн иргэн амиа алдсан нь А.Дулмаа докторт хүндхэн тусчээ. Холоос айлчилж ирсэн биднийг угтаж, хуучилж суусан А.Дулмаа гуай “Энэ нууранд хүн орж үхэг гэсэндээ би загас үржүүлээгүй шүү дээ. Сайн сайхан зүйл бодож, хүсч мөрөөдсөндөө Хар нуурыг загастай болгосон. Гэтэл өнөөдөр надад их хүнд байна. Би сүүлийн гурван өдөр хэлэн дээрээ юу ч тавьсангүй. Бас зөндөө уйллаа. Сүүлдээ зүрх ч өвдөж байна. Амиа алдсан тэр хүүтэй би өмнө нь уулзаж байсан. Нууцаар загас агнадаг залуу байсан юм. Битгий загас хулгайгаар агнаад бай гэж олон удаа хэлж, анхааруулсан. Харамсалтай нь миний үгийг авсангүй.
Энэ хүн ч яах вэ, явчихдаг юм байж. Үлдэж байгаа ар гэр, эхнэр хүүхэд нь л хэцүү байна. Би их зовлон амссан хүн” гээд л эхэр татан уйлахад бид ч нулимсаа барьж чадсангүй.
“Энд хүн эндчихнэ гэж яаж мэдэх билээ. Би Тайширын усан цахилгаан станцын хиймэл нуурт загас үржүүлж байгаа юм л даа. Загасаа очиж үзчихээд буцаж ирсэн даруйдаа Мэргэжлийн хяналт болон Цагдаагийнхантай уулзаж, нууранд хүмүүс хамаагүй ан хийгээд байна, ингэж байгаад золгүй юм болох вий гэж хэлж, хэлж явсан. Ингээд гэртээ иртэл аль хэдийнэ хэрэг болчихсон байсан.
Завханы Онцгой байдлынхан хоёр, гурван хоног талийгаачийн цогцсыг хайсан байна лээ. Намайг үүрээр 05 цагийн үед нууранд ирэхэд яг уснаас гаргаж таарсан. Сураг сонсох нь ээ, загасчилж байгаад тороо нуур руу шидэхдээ ороогдоод унасан гэнэ. Гэхдээ би сайн мэдэхгүй. Энэ хүмүүс л тэгж ярьсан.
Нуурын занг мэддэггүй хүн загас барих хэцүү шүү дээ. Нуур нэг долгилохоороо хэд хоногоор долгилдог. Тиймээс бүр толь шиг долгионгүй болсон хойно нь нууранд гарч бай гэж би энэ хүмүүст учирлаж хүртэл явсан. Даанч дээ” гээд л уйлж байсан А.Дулмаа гуайн сэтгэл ихэд шаналж, зовсон аж.
Ийнхүү Монгол байтугай дэлхийн бахархал болсон А.Дулмаа гуайн талаар шинэ мэдээлэл цацаж байгаа мэт бичлээ гэж зарим хүмүүс шүүмжилж болох юм. Сэтгүүлзүйн салбарт сүүлд орсон 20 гаруй насны над мэтийн бүсгүйчүүд, ер нь бидний үеийн залуус түүхэнд нэрээ үлдээсэн ийм үнэ цэнэтэй ахмадуудаа бага сагахан мэддэг болохоор А.Дулмаа гуайн ажил, амьдралаас жаахан ч болов хүргэе гэж бодсоноо нуух юун. Ний нуугүй хэлэхэд А.Дулмаа гуайн аж амьдрал юм үзэж, нүд тайлсан гэж өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хэвлэлийнхэн биднийг мэл гайхуулж, цэл хөхрүүлсэн болохоор ийнхүү аяны жаахан богцоо шүлс асгаруулан байж задлахаар шийдсэн билээ.
Уг нь Хар нуурт золгүй явдал болоогүйсэн бол бид А.Дулмаа докторын ажил, амьдралыг уншигчдадаа илүү дэлгэрэнгүй, маш сонирхолтойгоор хүргэе гэж бодож байлаа. Хямдхан үзэл бодол, амархан амьдарчих хүсэл сонирхолтой залуус, бүсгүйчүүдэд ухаан өгөхүйц ярилцлага хийж, олон хүний амьдралын философийг өөрчлөх болов уу гэж найдаж байсан. Учир нь хүн ажилдаа дуртай л бол ямар ч хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч чаддаг, бас сэтгэл, зүтгэл гаргасан тохиолдолд ялалт, амжилт хүссэн, хүсээгүй хүрээд л ирдгийг А.Дулмаа гуайтай уулзсан хэдхэн хором надад улам илүү мэдрүүлсэн юм. Бэлэн амьдрал хүсч, мөрөөдөж явдаг, ажилдаа хумсын төдий зүтгэл гаргачихаад уулын чинээ хариу нэхдэг, бодсонооор нь бүтэхгүй бол амархан шантарч, зовсон хүн гэж өөрийгөө өрөвддөг, сэтгэлийн бяд, тэнхээ муутай залуус элсэн дунд, нуурын эрэг дээр майхан, эсвэл эсгий гэрт хаягдчихаад огтхон ч гудайлгүй ажилласаар ирсэн А.Дулмаа гуайн амьдралыг очиж хараасай гэж хэлэх байна. Хамгийн гол нь “Хүн болж төрснийх эх орондоо нэг ч гэсэн хэрэгтэй зүйл бүтээх ёстой” гэж зүрхнийхээ гүнээс хэлсэн А.Дулмаа гуайн үг бидний зүрхэнд ч цог бадраасан юм.
80 шахаж яваа А.Дулмаа гуай хүртэл ингэж өөрийгөө шахаж ажиллаж байхад ихэнхдээ цагийг дэмий өнгөрөөдөг залуус бид эх орноо гэсэн халуун сэтгэлээр өөрсдийгөө цэнэглэж, “Эх орон минь” гэсэн үнэ цэнийг өдөр тумын амьдралдаа төлөвшүүлж яагаад болохгүй гэж. Завгүй байж, залуу насыг үр бүтээлтэй өнгөрөөе, тэр тусмаа эх орондоо үнэлүүлэх үнэтэй ажлыг хийх хэрэгтэй юм байна гэдэг урам, зориг, бахархлыг доктор эмэгтэйгээс бид олж авсан юм.
Энэ бүхнийг тоть шиг давтаж хэлэхийн учир нь хүн бүхэн эх орноо гэсэн чин хүсэл, эрмэлзэлтэй явдаг мэт харагдавч уншигч та сэтгэлээ чагнаад үзээрэй, өнөөгийн ихэнх залуус амин хувиа хичээх, маргаашаа биш өнөөдрийг л бодож амьдардаг явцуу, ядуу сэтгэлгээтэй болсон нь туйлын үнэн билээ.
“Одооны залуус их хачин болсон. Бидний үеийнхнээс тэс өөр хүсэл сонирхол, сэтгэлгээтэй болжээ. Ёс суртахуунгүй, шударга бус араншинтай энэ залуусыг би ойлгохгүй юм” гэдэг үгийг А.Дулмаа доктор ийм л утга, агуулгаар бидэнд хэлсэн биз ээ.
С.Баяр гишүүн ээ, ээждээ очиж үнэрлүүлээч
“С.Баяр бол тусдаа хүн, би ч гэсэн тусдаа ажил, амьдралтай хүн. Би С.Баярын үгийг УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь сонсч, хүндэтгэдэг” гэж ярих А.Дулмаа гуайн үзэл бодол их л сонирхолтой санагдав. Улстөрд орсон бол С.Баяр гишүүнээс дутахааргүй амжилт үзүүлж чадах хүн гэж А.Дулмаа докторыг сэтгэлдээ дүгнэж явсан юм. Мундаг аав, ээжийн мах цусны тасархай юм чинь С.Баяр гишүүн ч гэсэн мундаг байхаас өөр яах билээ гэж бид буцах замдаа ам уралдан ярьж билээ. Бас залуухнаараа А.Дулмаа гуайд шавь орсон н.Алтанцэцэг бүсгүй ч гэсэн эрдэмтэй, чадалтай хүн болно доо гэж баярлах, бахархахыг зэрэгцүүлэн уртаас урт замыг хугасалж буцсан даа.
Мэдээж “С.Баяр бол тусдаа хүн” гэж эхнээсээ хатуухан байр суурьтай байсан А.Дулмаа гуайгаас бид ганц хүүгийнх нь талаар үг алдуулж зүрхэлсэнгүй. Харин нутгийн иргэд болоод олон жил айлсч буусан Н.Цэдэндамбаа гуайн гэргийгээс “С.Баяр дарга үүгээр үзэгдэх юм уу” гэж асуухад “Үгүй ээ. Нэг ч удаа ирж байгаагүй” гэж санаандгүй хэлэв. Тиймээс бие нь жижигхэн ч бэлчээр нь том, далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн ээждээ С.Баяр дарга очиж үнэрлүүлээсэй гэж илүү дуугармаар санагдлаа. Наанаа хүүгээ ирсэнгүй гэж гомдоллоогүй ч цаанаа үгүйлж, бэтгэрч л яваа бололтой юм билээ.
А.Дулмаа доктор загасыг үр хүүхэд шигээ хайрладаг
А.Дулмаа доктор загасыг үр хүүхэд шигээ хайрладаг тухай Завханд газардсан даруйдаа сонссон би гайхаж бас бахархав. Анх А.Дулмаа гуайн үржүүлсэн Хар нуурын загасыг хулгайгаар агнаж байсан “Тэсийн гол” компанийн захирал Н.Хүрэлбаатар өдгөө А.Дулмаа гуайг ихэд хүндэтгэж, хайрладаг болжээ. Тэрээр ярихдаа “А.Дулмаа доктор их мундаг хүн. Анх би амьдралаа залгуулахын тулд олон ажил хийж явлаа. Тэгж явахдаа А.Дулмаа гуайн үржүүлсэн Хар нуурын загасыг зөвшөөрөлгүй агнаж, чамгүй юм ч олж байсан. Тэгтэл нэг өдөр эхнэр над дээр сандарчихсан гүйж ирээд “За баларсан. Цаана чинь А.Дулмаа доктор ирчихээд чамайг асуугаад байна” гэв. Аргагүйн эрхэнд хөлсөө гоожуулаад очиход А.Дулмаа гуай нүдний шилээ хуруугаараа дээш түлхсэнээ их аяархан “Чи нөгөө хулгайч уу” гэж хэлээд намайг ихэд балмагдуулж билээ. Ингээд би хэдэн цаг загнуулсны эцэст “За А.Дулмаа гуай манайд очиж хоол идье. Сайхан ярьж, хөөрье” гэтэл аз болж зөвшөөрсөн. Тэгээд манайд очлоо. Ганц улаан вино задаллаа. Гэтэл манай ах хөргөгчнөөс өөрийнх нь үржүүлсэн омель загасыг гаргаад ирсэн чинь хараад л хошууг нь үнсээд уйлаад эхэлсэн. “Би энэ загасыг та нарт агнуулах гэж үржүүлээгүй шүү дээ. Өндөг, авгалдай байхад нь хаа холоос зөөж авч ирэхдээ сайхан зүйл бодож ирсэн” гээд л уйлахад нь пал хийгээд явчихсан. Түүнээс хойш А.Дулмаа доктор загасаа үр хүүхэд шигээ хайрладаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон” гэж байв. Үнэхээр ч “Тэсийн гол” компанийн захирал Н.Хүрэлбаатарын ярьсан нь батлагдаж, надтай уулзсан нутгийн хүн бүхэн А.Дулмаа гуай загасаа үр хүүхэд шигээ хайрладаг юм гэнэ лээ гээд л хуучилж байв.
Бас нэг сонин зүйл нь А.Дулмаа гуай өөрийгөө эмээ гэж хэлүүлэх огт дургүй аж. Эмээ гэж хүндлэх, эсвэл насны талаар яриа өрнөвөл шууд л уурлачихдагийг нутгийн иргэд аминчлан захиж байв. Докторын тухай сурвалжлагыг үргэлж “Энэ эмэгтэй, бүсгүй эсвэл А.Дулмаа доктор, А.Дулмаа гуай гэдэг үгээр илэрхийлж байсан нь ийм учиртай билээ. Завхан аймгийн иргэдээр өөрийгөө А.Дулмаа доктор, А.Дулмаа гуай гэж хүндлүүлж сурсан тэрээр бүсгүй хүний үнэ цэнийг сайтар мэдрүүлж, үнэлүүлж чадсан нь надад ч таалагдсан юм.
42 градусын хүйтэнд усан дотор гурван сар ажиллаж, амьдарч байлаа
Юутай ч УИХ-ын гишүүн С.Баярын ээж, доктор А.Дулмаа гуайтай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Та Завхан аймгийн Хар нуурт анх хэрхэн загас үржүүлэх болсон юм бэ. Загас үржүүлгийн анхны ажлаасаа бидэнд сонирхуулаач?
-Завхан аймгийн нутгаарх судалгааг анх 1966 оноос эхэлсэн юм. Тэгж явахдаа би Монгол оронд цөөрмийн аж ахуй бий болгох зорилготай байсан. Европын орнуудын цөөрмийн аж ахуй, Монгол орны цөөрмийн аж ахуй хоёр бол тэс өөр зүйл. Эрс тэс уур амьсгалтай манай оронд таван метрээс доошгүй гүнтэй хиймэл нуур хийчихвэл жижиг цөөрөм байгуулж болмоор байгаа юм. Тэр цөөрмийг байгуулахад маш их хөрөнгө орно. Иймээс би Монгол орондоо цөөрөм маягийн, усны элдэв янзын ургамал, амьтантай, өөрөөр хэлбэл загасны тэжээлтэй атлаа загасгүй нууруудыг судалсан. Үүний тоонд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хар нуур, түүний залгаа Багануур багтсан.
Завхан аймагт олон нуур бий л дээ. Тухайлбал Бүснуур, Баяннуур гэж байдаг ч дандаа Алтайн загастай. Харин Хар нуур 1966-1970 оны үед загасгүй байсан.
Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын дэргэд Загасны нөөцийн газар гэж байгуулагдсан юм. Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч Рагчаа даргын толгойлсон махны нөөцийг нэмэгдүүлэх комиссын даалгавраар би анх удаа 1977 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын найман нуурыг загасжуулах даалгавар авч байлаа. 1978 онд анхныхаа өндгийг Байгал нуураас авч ирж амилуулаад найман хэсэг нуурт хийсэн. Ингээд 1978 оны намар есөн сард таван жижигхэн жарамгай барьснаас хойш тэжээлтэй атлаа загасгүй нууранд пельдийн ийм л авгалдайг өсгөж, үржүүлж болох юм байна гэсэн санаа төрсөн.
Тэгээд Завхан аймагт судалж явсан нуураа санаад Сайд нарын зөвлөлд асуудал тавьсан. “Би Завхан аймгийн Хар нуурыг дахин судалж үзсэний эцэст найман нуур шиг загастай болгох санаа төрлөө” гэж Рагчаа даргад илтгэсэн. Харин яг энэ мөчтэй давхцаад Алтайн хязгаарын Бийск хотын загасчид манай Баян-Өлгий аймгаас загас агная гэдэг асуудлыг тавьсан юм. Иймээс Баян-Өлгий аймгийн загасны нөөцийг судалж, тогтоогоод өг гэдэг давхар даалгаврыг тэд авсан. 1981 онд нөөцийг тогтоосноор Бийск хотын загасчид Толбо нуурын загасыг агнасан. Загас агнасны төлбөрт юу авах вэ гэж Рагчаа дарга надаас асуухад нь пельд загасны үр тогтсон өндгөн эс авъя гэдэг саналыг хэлсэн. Яаж авах юм бэ гэхэд нь Алтайн хязгаарыг дамжуулж авъя гэсэн. Тэгээд 1982 оны гуравдугаар сарын 28-нд анхны үр тогтсон эсийг Баян-Өлгий аймгийн Цагааннуураар дамжуулаад Улаанбаатарт онгоцоор буулгасан. Улаанбаатараас Завханы Улиастайд буулгаад, Улиастайгаас Эрдэнэхайрханд ногоон онгоцоор хүргэсэн. Эрдэнэхайрханаас ус зөөдөг цистернээр 100 шуудай, 100 сая түрсийг одоо Ерөнхийлөгчийн толгой гэж нэрлэгддэг газарт буулгаж, авгалдайг нь тараасан шүү дээ. Ингэхдээ нуурынхаа мөсийг цоолж өндгөн эстэй уутаа суулгасан. Харин хажуухан талд нь буюу арай өөр газарт мөс цоолж, тусгай тороор нүдэнд үл харагдах янз бүрийн амьтан шүүж аваад авгалдайгаа тэжээдэг байлаа. Бага зэрэг хөдөлж, биеэ хамгаалдаг болохоор нь гялгар уут бүхий шуудайнд хийгээд явган явж авгалдайг нь нуурандаа тараасан. Хамгийн хол газар нь Жаахан нуур болохоор эндхийн малчин айлын хүүхдийн мотоциклийг гуйж байж авгалдайг нь тавьсан. Анх өндгөн эсээс авгалдай гаргаж авахад Ерөнхийлөчийн буланд эсгийгээр гэр хийж амьдардаг байлаа. Тэр үед нэлээн ч хүйтэн байсан юмдаг. 1982 оны ажлыг ингэж л дуусгасан даа.
-Ингээд л загас үржүүлэх ажилдаа улам амташсан байх нь?
-Тийм ээ. 1983 онд дахиад Алтайн хязгаарыг дамжуулаад арван сая омель загасны өндгөн эсийг авч ирүүлж, амилуулсан. Тэр жилдээ багтаж Байгал нуурт өөрөө очиж, үр тогтоолгоод 50 сая өндгөн эсийг УАЗ-469 машинаар Улаанбаатарт авч ирж байлаа. Улаанбаатараас Улиастайд Иргэний онгоцоор зөөгөөд, Хар нуур руу мөн УАЗ-469-ээр авч ирсэн. Тэр үед авч ирсэн үрээ авгалдай болгоод, авгалдайгаа бас цистернээр Бэрхийн уулны наад талын бүсэд тарааж, загас болгож авсан. Хөдөө аж ахуй эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, одоогийн гавъяат зоотехникч Лхагвасүрэн надад маш их тусалсан юм шүү дээ. Ингэж анхны туршилтын ажил амжилттай болсон доо.
-Тэгээд үр дүнг нь яг хэдийнээс амссан юм бэ?
-1990 оноос эхлээд загас томорч, нуурын хүчтэй давалгаанаар гадагшаа хаягдаж эхэлсэн юм билээ. Намайг анх цистернээр загасаа зөөж байхад Эрдэнэхайрхан сумын жолооч Аюур гэдэг хүн тус болсон. Түүнтэй энэ их элсийг давж, Багануурт авгалдайгаа тавихаар явах зуураа бид хоёр их будилж билээ. Замдаа машинаа суулгаж, тэр маань надад бухимдахдаа “Та одоо энэ хачин юм авч ирээд машин элсэнд суулгалаа” гэж ирээд л загнаж гарсан. Дараа нь 1993 онд намайг Халх голд ажил хийж явахад радиогоор “Нэг нуур загастай боллоо” гэсэн тасархай мэдээг хальт сонссон юм. Утсаар ярих гээд хүлээх зуураа энэ мэдээг сонссон болохоор “Сая юу ярьчихав аа” гэж холбооны хүүхнээс асуутал “Мэдэхгүй ээ, баруун аймагт л нэг нуур загастай болсон тухай ярих шиг боллоо” гэсэн. Ингээд Улаанбаатарт иртэл миний шуудангийн хайрцагт нөгөө Аюур “Загас чинь гарлаа, ирж үз” гэсэн цахилгаан илгээсэн байсан. Тэгээд л би замын унаанд сууж аймагт ирээд, аймгаасаа нааш машин гуйж ирсэн. Ирсэн даруйдаа хоёр кг, 300 грамм том загас барьж байлаа. Миний анхны том загас барьсан жил бол 1993 он юм шүү дээ.
-Ингэхэд Хар нуурын дэргэд Загас үржүүлгийн лабораторио хэзээ байгуулсан юм бэ?
-Бид Хар нуураа түшиглээд “Загас үржүүлгийн лаборатори” байгуулъя гэдэг асуудлыг аймгийн ИТХ-аар 2007 онд оруулсан. Эндээс загасаа аваачиж үзүүлээд ийм тос, өөхтэй загасыг ашиглая, өөхийг нь тос болгоод, тосыг нь витамин болгоё. Шинжилсэн загасаа таваар болгоё гэдэг асуудал тавьсны эцэст 2009 оны есдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч, “Загас үржүүлгийн төв” байгуулагдсан. Түүнээс хойш хөл дээрээ зогсох гээд л оролдож байна даа.
-Загас үржүүлэг, судалгааны ажил гэхээр их сонин санагдах юм. Загасан дээр тухайлбал яаж ажилладаг юм бэ?
-Бид хүн амын бүртгэл шиг загасныхаа бүртгэлийг явуулдаг. Загасныхаа бүх л биеийн хэмжээ, урт, эр, эм, хичнээн түрстэй вэ, элэг, зүрх нь хичнээн грамм юм, хэдэн грамм өөх загаснаас гарч байна вэ гэдгийг нэгд нэгэнгүй шинжилж, тэмдэглэдэг. Загасаа судлахдаа бүгдийг нь бүртгэж авна. Тухайлбал энэ дэвтэрт бичсэнээр 2009 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр, 15 цаг, 05 минутанд загасаа барьжээ. Загас барихдаа 35 мм-ийн нүхтэй, 100 метр тороор барьсан гэж тэмдэглэсэн байна. Энэ өдөр 27 загас судалж, боловсруулснаас 10 нь эм, 17 нь эр байжээ. Эр загасны булчирхайн хэмжээ 365 грамм, өөх нь 100 грамм, бэлэг нь 415 грамм, зүрх нь зургаан грамм, ходоод нь 200 грамм, гэдэс дотрын үлдэгдэл нь 490 грамм байв. 10 ширхэг эм загаснаас хоёр кг 920 грамм түрс гарчээ гэж тэмдэглэсэн байна. Энэ мэтчилэн ажлаа хийнэ дээ.
-Өө, их нарийн тооцоо, судалгаа гаргадаг юм байна. Ер нь ийм хүнд нөхцөлд эмэгтэй хүн ажиллахад хэцүү байх. Дандаа бүсгүйчүүд ажилладаг бололтой?
-Бүс нуурын судалгааг дандаа усан дээр явуулахаас өөр аргагүй. Өвөл мөсөн дээр, бусад улиралд усан дотор ажилладаг. Бид алс хол ажилладаг болохоор төмөр завь авч яваад байж чаддаггүй. Тиймээс резинен завьтай л замд гардаг. Заримдаа завь маань чулуу мөргөж цоорчихоор усанд орно. Ингээд л ихэвчлэн усан дотор ажилладаг эмэгтэйчүүд энд байдаг юм шүү дээ.
Эрэгтэйчүүд загасны мэргэжлээр суралцах нь их ховор. Голдуу эмэгтэйчүүд энэ мэргэжлээр суралцдаг. Эмэгтэй хүн, эх хүн учраас эрүүл мэндээс авахуулаад элдэв асуудалтай тулгарах нь дамжиггүй. Тэгэхдээ яах вэ, манай эмэгтэйчүүд энэ салбарт ажиллаад л байна. Зарим өвөл манай энд 42 градус хүртэл хүйтэрдэг. 42 градусын хүйтэнд ажиллах үед гар, хуруу хөлдөх зэргээр багахан хэмжээний мэргэжлийн бэрхшээл тулгарна. Нэгэнт бид ийм мэргэжил сонгож авсан учраас шантарч болохгүй, ажиллах хэрэгтэй гээд л зүтгэдэг юм.
-Энэ газрыг их цэвдэгтэй гэж сонссон юм байна. Танай байшин хүртэл доороосоо усанд нэвчсэн юм билээ?
-Тэр үнэн. Энэ газар цэвдэгтэй учраас гал түлэхээр байшингийн доороос ус гардаг юм. 2008 онд 50 см ус гарсан ч 42 градусын хүйтэнд хоёрдугаар сарын 15 хүртэл усны гуталтай л усан дотор ажиллаж байлаа. Тэр жил би нуруугаа хугалж, гурван сар эмнэлэгт хэвтчихээд аравдугаар сарын 15-нд таягаа тулж ирээд усан дотор ажилласан. Одоо бие маань эрүүл байна. Усан дотор ажилласан болохоор чийрэгжиж, эдгэсэн болов уу гэж боддог юм.
2010 оны нэгдүгээр сарын 12-нд мөн л ус гарсан. Түрүүчийн удаа ус гаргахгүйн тулд сая гаруй төгрөгөөр засуулсан ч дахиад л ус гарсан. Сая дахиж сая төгрөгөөр байшингийнхаа доод талыг хөндийлж заслаа. Дахин ус гарах юм уу, бүү мэд. Мэдээж байгалийн бэрхшээлтэй бид хичнээн тэмцээд ч нэмэргүй шүү дээ.
-УИХ-ын гишүүдээс эхлээд нутгийнхан та бүхнийг дэмжиж, ажилладаг байх?
-Биднийг дэмжиж ажилладаг хүмүүс их бий л дээ. Тухайлбал 2008 онд Эрдэм шинжилгээний төвийг байгуулах гээд ирэхэд “Тэсийн гол” компанийн захирал Хүрэлбаатар бүрэн тоногтой, жижиг гэрийг бэлэглэсэн. 2009 оны эхээр биднийг усан дотор ажиллаж байхад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ирж үзээд зургаан ханатай энэ гэрийг явуулсан байсан. Иймэрхүү маягаар олон түмний тусламжтайгаар ажлаа хийж л байна.
-Энд хулгайн анчид их байдаг гэсэн. Та хэдэн жилийн өмнөөс тэмцэж эхлэв ээ?
-1995 оноос л хулгайн анчид цугларч, ямар ч зөвшөөрөлгүйгээр загас барьж эхэлсэн. Загасыг маань хамгийн анх зөвшөөрөлгүй барьж эхэлсэн хүн бол “Тэсийн гол” компанийн захирал Хүрэлбаатар. Эхлээд зөвшөөрөлгүй барьж байхад нь би бага зэрэг торгож барьсны эцэст Байгаль орчны яамнаас гурван тонн загасны зөвшөөрөл аваад оросуудын хамт агнасан. Тэгэхээр нь би оросуудыг нь загас агнахыг зогсоосон л доо.
Ер нь 1995 оноос хойш манай энд олон хүн загасчилсан. Завхан аймгийн Цаг уурын газрын дарга Самдан гэдэг хүн хулгайгаар загасчилж, нэлээн ч юм олсон. Мөн зуух ажиллуулдаг Цэеэрэгзэн гэгч загас агнаж байсан бол дараа нь түүний хүү Энхээ дөрөв, таван жил хулгайгаар ажилласан. 2005 он хүртэл 600 гаруй хүнтэй, 60-аад гал энд ажилласан юм шүү дээ. Эдгээр хүмүүсээс анх л загасчилж, мэргэжилтэн болсон хүн бол Дэрэнгийн Ганбат гэж нөхөр бий. Одоо нуурын урд жуулчны бааз байгуулчихсан байгаа.
Тэгж байтал 2005 онд Эрдэнэхайрхан сумын уугуул иргэн “Сонор трейд” компанийн захирал Энхболд гэдэг хүн намайг дэмжиж, санхүүжүүлснээр 25 хүний хамт би Хар нуурт ирж ажилласан. Гэхдээ л ганцхан сарын дотор 140 тонн загас агнаж байсан нь надад дэндүү харамсалтай санагддаг. Аргаа барахдаа тэр үеийн аймгийн орлогч дарга Батмөнх, Завханы иргэн, Шинжлэх ухааны академийн сэргээгдэх хүчний корпорацийн захиралтай хамт явж “Та нар ингэж хамаагүй агнаж болохгүй” гэж хэлж, ярьж ч байлаа. Ингээд 2006 оноос загас зөвшөөрөлгүй агнахыг зогсооё гэсэн ч чадаагүй. Намайг 2006 оны 11 дүгээр сард ирэхэд дахиад олон хулгайн загасчид энд ажиллаж байсан. Эхлээд сумын захирамж, дараа нь аймгийн ИТХ-ын захирамж гаргаад ч дийлээгүй. 2007 онд ч хорьсон. Харин 2008 онд БОЯ-ныхан бидний судалгаан дээр түшиглэн, мөн өөрсдөө ч биологийн төрөл зүйлийг явуулсны эцэст 2015 он хүртэл хориглох тогтоол гаргачихаад байгаа юм.
Ер нь Загас үржүүлж ядаж байхад малын хулгайч шиг хулгайч нар зөндөө. Заримтай нь зодолдоно. Заримд нь доромжлуулна, заримд нь алгадуулж, зодуулна. Элдэв янзаар доромжлоод, болохгүй бол шөнө ирж айлгадаг. Эсвэл биднийг байхгүй байхад ямар нэгэн аргаар гэрээс юм хулгайлна. 2009 оны хавар бидний бүх зүйлийг хулгайлчихсан байсан. Нарны энергиэр ажилладаг толь, хөнжил, дэвсгэр, тогоо шанага гээд л бүгдийг хулгайлсан. Энэ байшингийн цонхнуудыг хэд дахин хагалсан. Хамгийн сүүлд 2010 оны дөрөвдүгээр сард чулуу шидээд бүх цонхыг хагалсан шүү дээ.
-Нэг нь бүтээгээд байхад бусад нь устгаад байж болохгүй л дээ. Таны хийж, бүтээх ажил үргэлж ундарч байдаг бололтой. Хашаан дотроо, элсэн дээр хүртэл та мод тарьсан юм билээ. Энэ чухал ажлыг тань анзаарахгүй байж чадсангүй. Яаж ингэж чадав аа?
-Тийм ээ. Бид элсний нүүдлийг хэрхэн сааруулж болох вэ гэдгийг судалсан. Гадныхан ямар туршлагатай байна вэ гэдгээс эхлээд чамгүй судалгаа явуулсны эцэст 0.4 га жижиг газартаа мод тарья гэж шийдсэн. Ингээд 2008 оны аравдугаар сард Завхан аймгийн Мод үржүүлгийн газраас 500 ширхэг суулгац авч ирж, суулгасан. Хүйтэн байсан учраас ихэнх нь амьдарч чадаагүй ч 100-аад нь амьдарсан. Одоо манай хашаан дотор ургаж байна л даа.
2009 оноос бид нэлээн өргөн хүрээтэй ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн хувьд 3000-аад мод, сөөг, бут тарьсан. Манай хашаан доторх өвс 20-50 см өндөр ургаж байна. Энэ судалгааныхаа үр дүнд элсний нүүдэл ирсэн тохиолдолд мод тарьж, сааруулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Зарим улсууд намайг та загас үржүүлэхээс гадна мод ургуулах гэж байгаа гэл үү хэмээн цаашлуулж байна лээ. Би тэднийг ирээд элсэн дээр мод ургаж болдог юм байна гэдгийг хараасай гэж боддог юм.
-Модоо зүгээр л услаад байдаггүй байх. Хэрхэн арчилж, борддог юм бэ?
-Модоо ганц элсэн дотор суулгасан юм биш. Нутгийн бордоо буюу малын бууц, аргалын үнсээр бордож, моднуудаа ургуулсан. 2003 оны тавдугаар сараас Биологийн ухааны дэд эрдэмтэн, Эрдэнэхайрхан сумын уугуул иргэн Отгонбилэгийг урьж, 2009 оны 12 дугаар сард лабораторио танилцуулсан. 2010 оны тавдугаар сарын 12-ноос энд ирж, ажиллахдаа үр яаж суулгах вэ, хэрхэн арчлах вэ гэдгийг манай ажилчид, Эрдэнэхайрхан сумын залуучуудад зааж сургасан. Манай хуучин хашаа бол 0.4 га, шинээр барьсан хашаа маань 0.8 га газар юм шүү дээ. Энэ газартаа 30 төрлийн, 100 гаруй зүйлийн ургамал тарилаа. Таван жилийн дараа Улаагчны хар нуурын эрэг орчимд ойн төгөл бий болсныг та бүхэн харах биз ээ.
С.Бэлэгмаа "Өглөөний сонин" http://mongolnews.mn/baldorj%20san/buteel/material/42.html
Subscribe to:
Post Comments (Atom)
БААТАР ГЭЖ ЭНЭ ХҮНИЙГ Л ХЭЛЭХЭЭР ЮМ БАЙНА,ИЙМ ХҮНЭЭС Л ҮЛГЭР ДУУРАЙЛ АВЦГААХ ХЭРЭГТЭЙ ЮМ..
ReplyDeleteТийм ээ. Үнэхээр бахархмаар эмэгтэй.
ReplyDeleteЭнэ өдрийн мэнд дэвшүүлэе.Энэ эрэлхэг,агуу Монгол эмэгтэйн талаар сэтгэл хөдлөм,дотор огшоосон сайхан сурвалжлага бичсэн сэтгүүлч Бэлэгмаа танд их баярлалаа.Бид хүнд тусалж чадахгүй бол ядаж гай болохгүй байж сурахсан.Одоо цагын бахархал болсон буурал эгч тань дээр заавал биеээр очиж талархал илэрхийлнээ. Дулмаа доктор таньд ажил тань амжилттай байж, бие тань эрүүл байгаасай гэж хүсэе.
ReplyDelete