Зөвхөн Монголдоо бүлгийнхэн Цэцээ гүний оргилд
Гангар гунгар дуугарсаар галуу шувуу нислээ
Ган халуунаас зайлж сэрүүн уулыг зорьжээ.
Газрын холоос гарч усны уртыг замнасан
Галуу шувууг харсаар нэг юм бодогдлоо
Зуны дулаан цагт хотод даанч бөгчим
Зунгаг хөлсөө арчиж лаглайн суух буруу.
Зуслан газар гарч салхинд явж сэрүүцье
Зугаа цэнгэл хийж хөдөө гадаа явъя гэж
Хүлэг сайхан морио барьж аваад уналаа.
Хүүхэн хонгор түүнийгээ дагуулж аваад гарлаа.
Хүүрнэн элдвийг ярьж газар усыг сонирхсоор
Хүсэн зорьсон газраа хүрэлцэн ирж буулаа.
Маргааш өглөө нь эрт нар гарч байхад
Маш өндөр уулын мөрөн дээр нь гараад
Мандах байгалийн өнгийг харан харан сонирхож
Магтаж бичсэн шүлгээ та бүхэнд толилуулъя.
Цав цагаан үүл хөх тэнгэрт хөвөлзөнө.
Цаст цагаан уул түүний дотор сүндэрлэнэ.
Цалгих булгийн ус уулын хормойд сүрчигнэнэ.
Цагаан хөх цэцгүүд алтан дэлхийг бүрхэнэ.
Үүл уул сүндэрлэн ус ургамал жигдрэн
Үзэсгэлэнгийн охь болж баясгалангийн цог нээгдэж
Үнэхээр сүр жавхлан гуа гайхамшиг бүрджээ.
Үнэн хайртай нөхөр минь тавтай сууж хараарай.
Үүл
Хөх мөнх тэнгэрийн ариун хүрээлэнгийн дунд
Хөвөн цагаан үүл мөнгөн цагаан үүл
Хөх огторгуйн мандалд чимэг болон хөвсийж
Хөх агаарын төвд цэцэг болон мандаж байна.
Цав цагаан үүл цааш нааш давхцаж
Сүлжин ороон тогтоод цаадах хөх огторгуйд
Цасан угалз болж цагаан луу хээтэй хөх торгоны адил.
Эрэвгэр цагаан үүл эрдэнийн цагаан үүл
Энэ үүл эвхрэн тэр үүлтэй давхцаад
Элдэв зүйл юмны дүрс болон сүглийгээд
Эргэцүүлж сайн харвал амьд амьтны адил.
Амраг хөөрхөн бүсгүй минь ажигла тэр үүлсийг.
Арслан барс хоёр ноцолдож байгаа ч юм шиг
Ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа ч юм шиг
Араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа ч юм шиг
Хувилгаан цагаан үүл хурмастын цагаан үүл
Хуурмаг өнгө гаргаж гэгээн наранд гялбалзан
Хуурай янз гаргаж уул мэтээр сүндэрлэвч
Хурамхан зуур хувилж хурын ус болно.
Хонгор хайртай хүү минь цув юугаа авсан уу?
Хоймор байгаа үүлний хормой бие нь бараалж
Холын өндөр ууланд бороо орж эхэллээ.
Хоёр нэг цаг болоод үүгээр орох ч болзошгүй.
Уул
Цагаан үүлний дунд цаст уул сүмбэрлэж
Цангам зуны халуунд цасан хүрэм өмссөн
Цавчим цахир хаднаас хүйтэн булаг урсгасан
Цардмал мөнгөн өнгөт гантиг чулуун уул байна.
Зуны дулаан цагт өвлийн шинжийг хадгалсан
Зуурам балчиг халуунд сэрүүн салхийг сэнгэнүүлсэн
Зугаалах баярлах ардын санаа зоригийг сэргээсэн
Зуун бээрийн газраас гялалзан харагдах уул байна.
Мөнгөн дээд орой нь мөс цасанд хучмал
Мөнх хөх тэнгэрийн мөнгөн цагаан багана
Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргил
Мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил
Мөрөн гол горхинууд ам бүрээс нь асгарсан
Мөндөрт хур бороо өдөр бүр цутгасан
Мөлт мөчид харвал үүл гэмээр уул байна.
Мөшгөж сайн харвал үүлнээс ч өндөр уул байна.
Элгэн их хаданд нь бүргэд шувуу хальсан
Эрэг жалга бүгдэд нь араатан гөрөөс шивээлсэн
Эелдэг уужим тохойд нь айл малаар дүүрсэн
Элдэв жимсний модоор эгэл бие нь хучигдсан
Энгүй их бартаатай сүртэй сайхан уул байна.
Эргэн тойрон явахад сэтгэлийг баясгах хангай байна.
Эртний өвгөдийн үед мөргөж биширсэн хайрхан байна.
Энэ бидний үед шинжиж үзэх нуруу байна.
Ус
Өндөр уулын оргилд үүл манан тунарна.
Өндөр түүний хавцлаас түргэн мөрөн урсана.
Өнөө бидний харахад үүл манан, цас мөс
Өнгөнд ялгавар олон ч чанартаа ганцхан ус.
Хамаг амьтныг ундлах тунгалаг хар ус.
Халуун зуны цагт сэрүүцүүлж өгдөг ус.
Халдсан буртаг хирийг арилгаж өгдөг ус.
Ус шингэн боловч мөс болон хатуурна.
Ус хар боловч цас болон цайрна.
Ус хүнд боловч уур болон дэгдэнэ.
Ус шимгүй боловч түмэн бодисыг тэжээнэ
Цас мөс хайлж бороо манан бууж
Царгих ус болж цаашаа хэлхээ нийлж хоорондоо холбоо нэгдэж
Цалгин долгих их мөрөн болоод явчина.
Улаан хадны ёроолоор ногоон модны дундуур
Урсаж байгаа мөрнийг уулан дээрээс харахад
Ургамал сайхан мод мэт мөчирлөн салбарлан харагдана.
Урт хөх могой мэт мурилзан мушгиран үзэгдэнэ.
Газрын өндөр оргилоос хөх усан могой гарч
Гадаад их далайд шунган орж наадахад
Гадаад тэр далайгаас цагаан үүлний луу гарч
Газар дээгүүр дүүлж усаар хүрхрэн наадна.
Ургамал
Нарны гэрэл агаар газрын шим, ус
Найрамдлын зохицсоны хүчээр шалтгаан нөхцөл бүрдэж
Нарт энэ ертөнцөд ургамал дэлгэрсний дотор
Навч цэцэг хоёрын уран нарийн нь жигтэйхэн.
Малтаад үзэхэд газраас шороо чулуу гаравч
Мандаад ургах зүйл нь уран сайхан ургамал.
Манай бүтээсэн юм хэдий уран нарийн гэвч
Магадалж сайтар үзвэл цэцэг навчинд хүрэхгүй.
Жижиг ногоо үргэлжилж ногоон хилэн дэвсгэр шиг
Жимс амттан бөнжигнөж эрдэнэт сайхан унжлага шиг
Жигдэрсэн нарс зэрэглэж жагссан олон багана шиг
Жигтэй болоод сонин түмэн бодисын жам юм.
Уул нуруу хэдийгээр өндөр сүртэй боловч
Ургамалгүй бол хувхай юу нь сайхан билээ?
Ус урсгал хэдийгээр найртай тунгалаг боловч
Ургамалгүй бол хоосон юу нь аятай билээ?
Газар дэлхийн чимэг нь ганган сайхан ургамал
Гайхаж сонирхож суугаа нь чи бид хоёр.
Гайхаж харж суухаар түүгээд авбал яана вэ?
Гал улаан өнгөтэй энэ цэцгийг харав уу?
Залгах үртэй цэцэг дурлуулах өнгөтэй цэцэг
Зандны үнэр анхилсан цэцэг түүнийг авч
Залуу нөхрийн энгэрт чимэг болгон хатгая.
Завсаргүй сэтгэлийн тэмдэг болгож саная.
Цагийн байдал
Алтан нар гийсэн мөнгөн сар мандсан
Ариун салхи сэнгэнэсэн зөөлөн хур шивэрсэн
Амьсгал уур тэгширсэн цэцэг навч дэлгэрсэн
Аливаа зүйл нь бүрдсэн аятай сайхан цаг байна.
Урьхан хонгор салхи уулын хөндийд сэнгэнээд
Ундрах мөрний ус хажуу эргээ цохилоод
Улиасны навч чичрэн чимээ анир гаргаад
Уужим агаарын хязгаарт шонхор шувуу халиад
Хөх сайхан тэнгэр цагаан үүлтэй хосолж
Хөх цэнхэр мөрөн ногоон ойтой сүлжиж
Хөх шар цэцэг алаг эрээн харагдаж
Хөхөө гургалдай хоёр ээлж дараагаар донгодож
Түмэн зүйлийн аялгуу чихний ойр сонсдоход
Төгс үзэсгэлэнгийн байдал нүдний өмнө жигдрэхэд
Төрж өссөн биед минь баярын совин татлаа.
Төөрч эргэсэн ухаанд минь солонгын зам гарлаа.
Ертөнцөд гайхамшиг юм их байх бололтой.
Ерөнхий учрыг мэдвэл юм бүгд сонинтой.
Есөн сард эхлэх сургууль номдоо үзэлтэй.
Ер нь тэгээд хэлэх үг цөөрч байх төлөвтэй.
Богд ууланд ниссэн бор шувуу цуцлаа.
Болох болохгүйг чалчсан богино хэл минь цуцлаа.
Хангай ханд ниссэн хараацай шувуу цуцлаа.
Хамаагүй үгийг чалчихад хэмжээ гэж бий, зогсъё.
1936 он.
No comments:
Post a Comment