БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, October 21, 2011

“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ.Ш.Отгонбилэг




“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр та тайван, чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохын өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэн дурсаарай. Танд эрүүл энхийг ерөөе!”


Нийгэм, улс төр, бизнесийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг Завхан аймгин Дөрвөлжин сумын нутаг Өндөрцахир гэдэг газар 1952 онд мэндэлжээ. Уулын инженер, маркшейдерийн мэргэжил эзэмшиж, техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэмтэн болсон тэрээр манай орны хамгийн чухал салбар болох уул уурхай, өнгөт металлургийн үйлдвэрлэлтэй амьдралаа холбосон байна. Манай орны хамгийн том үйлдвэр Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн үеэс түүний нэр алдар улс орон даяар цуурайтах болсон билээ.
Тэрээр амьдралынхаа богино хугацаанд их зүйлийг амжуулж Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн нэр төр, бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулж, хөгжлийн шинэ шатанд гаргасан билээ. Нэгэн үе Монгол орныг бараг дангаараа тэжээж байсан Эрдэнэт үйлдвэр, түүний захирал Ш.Отгонбилэгийн гарыг улс орон даяар харж байсан гэхэд хилсдэхгүй юм. Тэрээр уул уурхайн үйлдвэрийн нэртэй мэргэжилтэн, авъяаслаг зохион байгуулагч, амьдралын баялаг зам туулсан эх орондоо төдийгүй хилийн чанадад ч ихээхэн нэр хүндтэй, төр, олон нийтийн зүтгэлтэн байв.
Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн зэрэг өөрт ноогдсон өндөр хариуцлагатай албан үүргийг нэр төртэйгээр хашиж байв. Ш.Отгонбилэг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, олон улсын хэд хэдэн байгууллагын гишүүнээр сонгогдож, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж явсан, улс даяар алдар нь цуурайтсан, түмэн олондоо Шо гэж хүндлэгдэн дуудуулсан ёстой л шоо шиг арван хуруу тэгш төрсөн содон хүн байв. “Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр та тайван, чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохын өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэн дурсаарай. Танд эрүүл энхийг ерөөе!” гэж Монгол түмэндээ хандан тэрбээр хэлсэн билээ.

No comments:

Post a Comment