БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, September 4, 2010

Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам / үргэлжлэл 1/ Академич Ж.Болдбаатар

Монголчууд бид эдүгээ даяаршлыг сөрөх биш эх оронч үзлийн үүднээс тосон авч, улс орныхоо хөгжил цэцэглэлд өгөөжтэй ашиглах хэрэгтэй болж байна. Энэ нь сайн даяаршигч байхын тулд эхлээд ухаалаг эх оронч байх нь чухал гэсэн үг. Үүний тулд:
1. Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг даяаршлын шинэ нөхцөл байдалд зохицуулан шинэчлэн боловсруулах шаардлагатай болж байна.
2. Үндэсний боловсролын тогтолцоог улам төгөлдөржүүлж, дэлхийн шилдэг ололт, үндэсний үнэт зүйлсийг хослуулан бүрэлдүүлэх нь чухал юм. Үндэсний боловсролын хамгийн боловсронгуй тогтолцоо нь хүчирхэг үндэстнийг өөрийг нь бүтээж үйлдвэрлэж байдаг. Эдүгээ хөгжлийн шалгуур нь дээд боловсролтой хүмүүсийнхээ оюун тархийг хэр ашиглаж байгаагаар тодорхойлогдох болж байна. Хэн илүү мэдлэгтэй, хурдтай ажиллана тэр өрсөлдөөнд ялж дийлнэ. Хамгийн гол нь тухайн мэргэжилтэний гүн гүнзгий мэдлэгт суурилсан хурд, ямар ч нөхцөлд шийдэх, хийх, бүтээхийг дараа, маргааш, нөгөөдөр хэмээн хойш тавихгүй байх нь амжилт олохын нэг нууц юм.
3. Нийт ард түмэнд зориулсан, сонирхолтой, уншууртай Монголын түүхийн ном, нийтээр дагаж мөрдөх монгол үгийн зөв бичих толь, Үндэсний бахархлын ном бүтээж, “Ном дор мөргөм үү” уриан дор бүгдээрээ хэрэглэж сурах нь нэн эрхэм.
4. Монголын цөөхөн хүн амын дотор гарч буй баян, хоосон, хот, хөдөө, ахмад, залуу зэрэг нийгмийн том бүлгүүдийн ялгаа, төрөл садан, нэг ангийнхан, нутаг усны холбоо, харьцамжыг эерэг чиглэлээр дэмжин, хууль эрх, шударга ёсыг умартах хүчин зүйл болгохгүй байх чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй юм. Иймд энэ тухайд нарийн судалгаа явуулж, түүний дагуу тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.
5. Удмын сангийн бодлогоо гүнзгийрүүлэн, гарвал зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, судлах шаардлага хүчтэй тавигдаж байна. Монголчууд дэлхийг шинэ утгаар “нээж”, дэлхий дахин Монголыг өөр нүдээр харж буй өнөө үед монгол үндэстэн “цус сэлбэх” нь гарцаагүй болж, энэ үйл явц хэдийнээ эхэлжээ. Эрдэмтэн Ж.Батсуурийн үзэж байгаагаар хүн амын 0,08 хувиар цус сэлбэж болох ажээ. Цоо шинэхэн гаднын цус юүлэгдэх нь гоц авъяастан, сод хүмүүс төрүүлэх увидастай. Тухайлбал, негрийн цус оросын цустай холилдсоноор Пушкиныг, шотландын цус оросын цустай холилдсоноор Лермонтовыг, орос, монголын /халимаг/ цус хололдсоноор Плевеко хэмээх Москвагийн алдарт дуучныг, орос, татаарын цус холилдсоноор их найрагч Анна Ахматова, түүний хүү цуут Лев Гумилёвыг, оросын цус монголтой холилдсоноор Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийг тус тус заяасан шүү дээ. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл монгол хүмүүсийн гадаадад ажиллах, цагаачлах, тэдний иргэний асуудал, мөн дианетикийг /сэтгэлийн эрүүл мэнд/ сурталчлах, хэрэгжүүлэх, Ургийн Криобанк байгуулах зэргээр нухацтай бодлого боловсруулах цаг болоод байна.
6. Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, бизнес хийж суурьшсан эх орон нэгтгүүддээ Элчин сайдын яамаараа дамжуулж болон тусгайлан улс орныхоо хөгжил, бэрхшээл, сорилтын тухай тогтмол мэдээлэл өгөх, улс орондоо эргэж тус нэмэр болох ямар боломж, механизм байгааг судлан боловсруулах нь чухал юм.
7. Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн удаа дараа санал дэвшүүлснээр Төв Азийн усны болон салхины хагалбар, мөнх цэвдэгийн урьд үзүүр, хулан тахийн уугуул нутаг усных нь хувьд Монгол оронд ахимсын /хор үл хүрэх/ эрх дарх олгох асуудлыг олон улсын хэмжээнд судалж хөөцөлдөх шаардлагатай байна.
8. Нүүдлийн соёл иргэншлийн тухайд нүүдлийн амьдрал, бэлчээрийн мал аж ахуйн нөөц хүч хараахан бүрэн шавхагдаагүй бөгөөд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, экологийн давуу талыг зохистой хосолж чадвал бүр илүү үр өгөөжтэй амьдралын хэв маяг, аж ахуйн тогтолцоог /фермерийн аж ахуй мэт/ бүрэлдүүлэх боломжтой юм.

1 comment:

  1. mash saihan blog baina.hajuu taliin arhiv-in usgiin ungiig solihgui bol unshihad mash hezuu uma.amjilt husie! mongolchuudaa@yahoo.de messengertee nemeerei.

    ReplyDelete