БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, September 6, 2010

МОНГОЛЫН ТЭНГЭР


Баярхүүгийн Ичинхорлоо
МОНГОЛЫН ТЭНГЭР
Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд будант бадант газар ясаан тавьдаггүй…
…Дээлээ жавхайтал бүсэлж, гэзгээ хоёр хувааж самнасан хөдөөний охин 1990 оны “Болор цом” наадамд энэ л шүлгийг уншиж, хашир хандгай өвгөн найрагчдын толгойд цахиур хагалж явсан байна. 18 жилийн өмнө шүү дээ. Одоо бол тэр үеийн улаан хацартай шүлэгч охин биш, Монголын яруу найргийн ертөнцийн нэгэн хэсэг, нэр хүндтэй уран бүтээлч. Би гайхдагиймаа. Ийм уран тансаг үгс хаанаас нь ургаж гардаг байнаа гэж. Шүлгээр өгүүлэх гэсэн санаагаа үнэхээр донжтой дүрсэлж гаргана шүү дээ. Монгол дуу хуурын тухай нэг 4 мөрт байна.
Алсын цэнхэр уулс нь суудлаа засаж чагнадаг…
Алмайж унасан модод үүл ярж өндийдөг…
Айзам хэмнэлд нь багтсан энэхэн жаахан замбуулин
Ардын дуунд минь жаргаж нараа тойрч эргэдэг…
Энд бас “Эх нутаг” гэсэн шүлэг нь байна л даа.
Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана.
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино…
… Зөнгөөр амьдралын минь бурангуй өдрүүд өөрийн төрхтөй болохоор л
Зүрх сэтгэл минь үгүй мэт хоосровч нутгийн минь нөмөр дулаахан.



О. Дашбалбар – ЭХ ОРОН”

Тэнгэрлэг ЭХ ОРОН минь тандаа мөргөмүү
Тэнд, энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмүү
Амь яваа минь таны таалал гэмүү
Агуаа их тандаа би өдөр бүр мөргөмүү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очмуу
Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймүү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмүү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтганахыг ажмуу
Орчинд минь хичнээн амьтан буй хэмээвээс
Тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг хармуу
ЭХ ОРОН минь!
Таны хүч л надад шингэснээс би хүчтэй явмуу
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурмуу
Аяа ЭХ ОРОН минээ!
Догшин ширүүн галыг ч би таныг л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа ЭХ ОРОН минээ!
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа ЭХ ОРОН минээ!
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмүү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмүү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмүү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холдуулмуу
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таных гэмүү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөгч бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдрөөрөө өөр тэнцэх юм огт үгүй ээ
ЭХ ОРОН минь тандаа би мөргөмүү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгаамуу
Ариутгагч бас аврагч цэг нь
Алтан мутраараа адислаж хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтас дуугарч чадахгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирнэм
Аньсан нүдэндээ ч би таныгаа хармуу
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
ЭХ ОРОН минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ерөнцийн олныг жаргаахад минь надад тусла
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх, би таны гэгээн гэрэлд аж төрмүү.

No comments:

Post a Comment