БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, September 17, 2010

ЮНГЭН ХАТАН


    Монголын баруун гар Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан (1550- 1612) бол ухаалаг, үзэсгэлэн гоо, авъяас билэг төгөлдөр бүсгүй байжээ. Тэр үеэр Алтан хан нэгэнт насан өндөр болсон тул хатан Юнгэн төрийн хэрэгт шамдан оролцож найдвартай түшиг оролцож найдвартай түшиг тулгуур, дотны зөвлөгч нь болж байв. Юнгэн хатан жилдээ нэг удаа явагдах Монгол Хятадын харилцан алба барих ба арилжаа худалдаа хийх ажлыг өөрийн биеэр эрхлэж байсан учир говийн өмнөх Монгол аймгийн ард иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй болсон ажээ.
           Юнгэн хатан үргэлж нэхий дээл, булган малгай өмсөн, морь унаж, саадаг агсан хил хязгаар нутгаар байцааж явах ба Монгол Хятадын найрамдлын хэлэлцээрт тогтоосон зүйлс хэрхэн явагдаж байгааг хянан, ингэснээрээ хязгаар нутаг амар тайван, ард иргэд амар жимэр аж төрөл аюул зовлонд унахгүй болно гэж үзэж байжээ.
           1581 оны 12 сарын 19-нд Алтан хан 75 насан дээрээ өвчнөөр нас баржээ. Түүний орыг ахмад хөвүүн Дүүрэн Сэнгэ хунтайж (өөр хатнаас төрсөн Алтан ханы нэг хөвгүүн) залгамжилжээ. Дүүрэн Сэнгэ хунтайж Юнгэн хатныг өөрийн хатан болгохоор хүсч гуйсанд хатан хэдийвээр дөнгөж гуч гарч явсан боловч бусдын дураар явах эмэгтэй биш байсан учир нас ахисан Дүүрэн Сэнгэ хунтайжтай суухаас татгалзан олон харьяат аймгаа авч одоогийн Хөх хотоос зайдуу нүүж оджээ.
Дүүрэн сэнгэ хунтайж Юнгэнийг хатнаа болгон авах гэсэн нь учиртай ажээ. Тэр хэдийгээр Алтан ханы суурийг залгамжилсан боловч, Юнгэн хатны дэмжлэгийг олохгүй бол аймаг угсааны дотоодод их зөрчил тэмцэл гарах бололцоотой гэдгийг тодорхой мэдэж байв. Тэр үед Мин улсаас ноёд түшмэд томилон ирүүлж Юнгэн хатныг ятган сануулж, монгол Хятадын харилцааг бодолцож хунтайжийн хатан болбол, мин улс сая түүний байр суурийг дэмжинэ гэдгийг илэрхийлж байжээ. Ухаалаг сэргэлэн Юнгэн хатан энэ байдлыг тунгаан бодож Дүүрэн сэнгэ хунтайжийн хатан болжээ.
          1587 онд дүүрэн Сэнгэ хунтайж 65 насандаа нас барсны дараа, дотоодын хямралдаан үүсч хагацал задрад үүсэх болсонд Юнгэн хатан Дүүрэн Сэнгэ хунтайжийн орыг залгамжилсан Амудай сэцэн хунтайжийг хавсарч, төрийн явдлыг шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Хятад эв найртай оршин суухад таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө зүтгэл чармайлт гаргажээ. Мин улсаас Юнгэн хатны нөхөрсөг сэтгэлийн хариуд түүнийг: (Үнэнч шудрага хатан) – аар өргөмжилсөн байдаг. (алтан хааны намтар. Эрдэнэ тунамал нэрт судар оршвой. Хөх хот.)
          Тэрээр 1612 онд 63 насандаа таалал төгсжээ. Үүнийг соссон Монгол Хятадын маш олон бичгийн мэргэд түүнийг дурсан санагалдаж шүлэглэж магтаж, уран зураачид түүний хөрөг зургийг олонтаа зурж мөнхөлсөн байдаг ажээ. Юнгэн хатны алдар гавъяаг дурсахын тулд түүний амьдарч байсан Хөх хотыг нэгэн үе (Юнгэн хатны хот) хэмээн дурдаж байжээ.
Тэрчлэн Юнгэн хатан Монгол оронд шарын шашин дэлгэрүүлэхэд ч мөн их хувь нэмэр  оруулжээ. Алтан хан шарын шашныг Түвдээс оруулан авчирахад Юнгэн хатан ихэд дэмжин тусалсан тухай сурвалж бичигт тэмдэглэн үлдээжээ. 1586 онд Далай лам Юнгэн хатанд зарлиг буулгаж (Балбын оронд алтан титэм хийлгэж, дээд зуу Шигэмуни (Шагжамуни) бурханд өмсгөөд... хутаг оршуулсан) гэсэн мэдээ Монгол судар бичгүүдэд буй ажээ.
        Юнгэн хатан Амудай сэцэн хан, Бодашир хунтайж нартай хамтран ширээт гүүш, цорж Аюуш, Анад, Манчир болон баруун гурван түмний хэлмэрч мэргэдийг зохион байгуулж 1602-1607 онд зургаан жилийн турш “Ганжуур”-ыг монгол хэлнээ орчуулсан ажээ. Үүнээс үзэхэд Юнгэн хатан Монголын соёлын хөгжилд гавъяа зүтгэлээ зориулсан хатан болох нь маргашгүй юм.     
Зохиогч deegii   ЭХ СУРВАЛЖ- ЭСГИЙ ТУУРГАТНЫ ТӨВ

No comments:

Post a Comment