Монгол Улсын Их Хурлын 1995 оны
43 дугаар тогтоолоор батлав.
МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг зүйл
Монгол улс бичиг үсгийн мянган жилийн түүхтэй эртний соёлт улсын нэг билээ. Монгол бичиг нь монголын ард түмний соёл, мэдлэгийн санг олон үеийн турш тээж ирсэн бичиг юм.
Монголчууд эртний монгол бичгээ монгол хэлнийхээ авианы тогтолцоонд тохируулан, тодотгож, сайжруулснаар ирсэн бөгөөд сүүлийн 300 жилд үгсийн сан, хэлний зүйн дүрмийн хувьд улам боловсронгуй болж уг бичгээр иргэний ба орчуулгын олон зохиол гарч бичгийн сонгодог хэлбэр бүрэлдэн хөгжсөн түүхтэй билээ. XIII зууны үеэс 1946 он хүртэл Монгол улсад албан хэргийг монгол бичгээр хөтөлж иржээ. Сүүлийн 40 гаруй жилд улсын албан хэрэг, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, хүн амд боловсрол олгох ажлыг үндсэнд нь шинэ үсгээр явуулж байгаа боловч монгол бичгийг ахмад үеийнхэн маань хэрэглэж, олон эрдэмтэд соёлын үнэт бүтээлийг хэвлэн нийтэлж, ерөнхий боловсролын сургуулийн 7,8 дугаар анги, их, дээд сургуулийн мэргэжлийн ангиудад зааж байв.
1991 онд Улсын Бага хурлаас “БНМАУ-д төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэлийг хангах тухай” 36 дугаар тогтоол гаргасан байна.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн дээр бүх шатны сургуулийн сурагч, оюутнууд, нийт иргэдэд монгол бичгийг зааж сургах, багш бэлтгэх, ном, сурах бичиг зохион хэвлүүлэх, заах арга боловсруулах, зөвлөлгөө өгөх, хяналт шалгалт явуулах зэрэг нэлээд далайцтай ажил зохиогдов.
Монгол бичгийн сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан Улсын Их Хурал 1994 оны 7 дугаар сард Улсын Бага Хурлын 36 дугаар тогтоолын биелэлтийг хэлэлцээд гаргасан 66 дугаар тогтоолдоо албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдаагүйг тэмдэглээд албан хэрэг болон сургалтыг кирилл бичгээр явуулахаар заасны дээр, монгол бичгийн талаар сүүлийн 3 жилд хийсэн ажлыг улам эрчимжүүлэх зорилгоор “Уйгаржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр” боловсруулан батлуулахыг Засгийн газарт даалгасан байна.
Монгол Улсын Их Хурал үндэсний соёлын баялаг өвийг танин мэдэх, судлан дэлгэрүүлэх, ардынхаа ёс заншлыг уламжлуулах нэг нөхцөл бол монгол бичиг мөн гэж үзэж монгол бичгийн үндэсний хөтөлбөр /цаашид “Үндэсний хөтөлбөр” гэх/-ийг дэвшүүлэн тавьж байна.
Хоёр. Үндэсний хөтөлбөрийн бүтэц
А.Үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт
Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн зорилго нь монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах, монгол бичгийг хэрэглэх орчин бий болгоход оршино.
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
1.Монгол бичиг сурах идэвхийг өрнүүлж албан ба албан бус сургалтад бүх нийтийг хамруулах,
2.Бүх шатны сургуульд монгол бичиг заах багш бэлтгэх, давтан бэлтгэх, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, монгол бичгийг телевиз, радио, хэвлэлээр заах болон насанд хүрэгчид, түүний дотор төрийн албан хаагчдад зааж сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах,
3.Төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрийг компьютержүүлж, тэдгээрийг монгол бичгийн хөтөлбөр, түүнийг эзэмшсэн боловсон хүчнээр хангах, монгол бичгээр сурах бичиг, гарын авлага хэвлэж буй аж ахуйэн нэгжийн үйл ажиллагааг төрөөс дэмжин туслах,
4.Монгол бичигт бүх нийтийг сургах, түүнийг өргөн хэрэглэх хэрэгцээ, орчин бий болгоход, чиглэсэн санаачилга, ажиллагааг бүх талаар дэмжих.
Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар монгол бичгийн сургалтыг бүх шатны сургуульд тасралтгүй байх зарчмаар зохион байгуулж, иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшинд хүргэх бодлогыг баримтлана.
Б.Үндэсний хөтөлбөрийн бүрэлдэхүүн
Үндэсний хөтөлбөр нь энэ бүлгийн А хэсэгт заасан зорилтуудыг шийдвэрлэх арга хэмжээг багтаасан дараахь хэсгээс бүрдэнэ.
1.Монгол бичгийн сургалтын удирдлага, зохион байгуулалт,
2.Монгол бичгийн бүх нийтийн сургалт,
3.Монгол бичгийн орчин бүрдүүлэх,
4.Хэвлэх үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх
“Монгол бичгийн сургалтын удирдлага зохион байгуулалт” гэсэн хэсэгт монгол бичгийн бүх нийтийн сургалтыг зохион байгуулах асуудлыг хариуцах, үндэсэний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хамаарна.
“Монгол бичгийн бүх нийтийн сургалт” гэсэн хэсэгт бүх шатны сургуулийн оюутан, сурагчдыг албан ёсны сургалтын хүрээнд, нийт хөдөлмөрчдийг албан бус сургалтын хүрээнд хамруулан монгол бичгийн сургалт зохион байгуулахад чиглэсэн арга хэмжээ хамаарна.
“Монгол бичгийн бүх нийтийн сургалт” гэсэн хэсэгт бүх шатны сургуулийн оюутан, сурагчдыг албан ёсны сургалтын хүрээнд, нийт хөдөлмөрчдийг албан бус сургалтын хүрээнд хамруулан монгол бичгийн сургалт зохион байгуулахад чиглэсэн арга хэмжээ хамаарна.
“Монгол бичгийн орчин бүрдүүлэх” гэсэн хэсэгт бүх нийтийг монгол бичигт сургах, монгол бичгийг хэрэглэх орчин бий болгоход чиглэсэн арга хэмжээ хамаарна.
“Хэвлэх үйлдвэрийн техник, технологийг шинэчлэх” гэсэн хэсэгт төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрүүдэд монгол бичгээр хэвлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хамаарна.
В.Олон улсын хамтын ажиллагаа
Хөрөнгө санхүүгийн нөөц, үндэсний эдийн засгийн чадавхи, хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг үндэс болгон олон улсын байгууллага, дэмжигч зарим улс оронтой хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх тодорхой чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.
Үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж, хандив, хөрөнгийг зохистой хуваарилан, оновчтой зарцуулахад онцгой анхаарна.
Г.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Үндэсний хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлнэ.
Гурав. Монгол бичгийн сургалтын удирдлага, зохион байгуулалт
А.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах
байгууллага, түүний үүрэг
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцан зохион байгуулна.
Засгийн газар нь Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулахдаа дараахь үүрэг хүлээнэ:
1.Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, боловсрол, соёлын үндэсний бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, Засгийн газрын шийдвэрт тусгах.
2.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох, үндэсний хөтөлбөрт тодотгол, өөрчлөлт оруулах санал бэлтгэн Улсн Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх,
3.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг Улсын Их Хуралд жил бүр мэдээлж байх,
4.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан олгож байгаа төсөв, гадаадын тусламж, хандивын хөрөнгийг төв, орон нутагт хуваарилах, тэдгээрийн зарцуулалтад хяналт тавих,
5.Аймаг, нийслэлд монгол бичгийн сургалтыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах,
6.Үндэсний хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, нийтийн хүртээл болгох, иргэдийн монгол бичиг сурах идэвх, санаачилгыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах,
7.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа төр, олон нийтийн байгууллага, нутгийн захиргааны ба олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
Засгийн газар үндэсний хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулахдаа энэ ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөн оролцуулна.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдах, монгол бичгийн сургалтыг зохион байгуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж өөрийн харьяа мэргэжлийн нэгжээр дамжуулан гүйцэтгэнэ.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь үүрэг хүлээнэ.
1.Монгол бичгийн бүх нийтийн сургалтыг мэргэжил, арга зүйн талаас удирдан зохион байгуулах,
2.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийгэм соёлын бусад арга хэмжээтэй уялдуулан зохицуулах.
3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд оролцогчдыг холбогдох мэдээ, мэдээллээр хангах,
4.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа орон нутгийн байгууллагын ажилд хяналт тавих, зөвлөлгөө өгөх, ажлын ололт туршлага, санаачилгыг судлах, сурталчлах.
5.Монгол бичгийн сургалтыг эрчимжүүлэх, бэрхшээлийг арилгах, хөрөнгө нөөцийг хуваарилах талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
6.Үндэсний хөтөлбөрийн зарим хэсгийг тодорхой төслийн хэлбэрээр төв, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх.
Шинжлэх Ухааны Академийн холбогдох хүрээлэнгүүд, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн төв байгууллага үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад онол арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Б.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт,
зохион байгуулах байгууллага, түүний үүрэг
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутаг аймаг, нийслэл, сум , дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа дараахь үүрэг хүлээнэ.
1.Монгол бичгийн сургалтыг зохион байгуулах, эрчимжүүлэх талаар нутаг дэвсгэрийнхээ түвшинд шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөө боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан мөрдөж ажиллах.
2.Үндэсний хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх арга хэмжээг орон нутагт удирдан зохион байгуулах, хяналт тавих, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал тутам дүгнэх.
3.Үндэсний хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, түүний дагуу санхүүжилт хийх, зарцуулалтад хяналт тавих.
4.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг мэдээ, мэдээллийг бэлтгэж холбогдох байгууллагад хүргэх,
5.Монгол бичгээр хэвлэсэн ном, сурах бичиг, гарын авлага, бусад материалыг нийтэд хүргэх сурталчлах.
Сум, дүүргийн Засаг дарга үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа дараахь үүрэг хүлээнэ.
1.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, улирал тутам дүгнэх.
2.Иргэдийг монгол бичигт сургах судалгаа гаргаж, сургалтанд хамруулах,
3.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн мэдээ гаргаж, холбогдох байгууллагад хүргэх.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндэсний хөтөлбөрийг тухайн орон нутгийн төвшинд хэрэгжүүлэх төлөвлөгөө, шаардагдах төсвийг батлах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээнэ.
Аймаг, нийслэлийн боловсролын төв, бүх шатны сургууль, багш нар орон нутагт Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг онол, арга зүйн талаар болон сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, шаардлагатай мэдээллээр хангах, бие дааж монгол бичиг сурахад нь иргэдэд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ.
Дөрөв. Монгол бичгийн бүх нийтийн сургалт
А.Бүх шатны сургуулийн урагч, оюутныг сургах
Бүх шатны сургуулийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг оруулж, зарим хичээлийн сургалтыг монгол бичгээр явуулна.
1.Ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангид монгол бичгээр хичээллэсэн сурагчдад 1995-1996 оны хичээлийн жилээс эхлэн 5-10 дугаар ангид нийгмийн ухааны зарим хичээлийг монгол бичгээр заана.
2.1995-1996 оны хичээлийн жилээс сургуульд орж, кирилл бичгээр сургалтаа эхэлж байгаа сурагчдад 3 дугаар ангиас суурь боловсролын агуулгад багтаан монгол бичгийг бие даасан хичээл болгон заахын зэрэгцээ 5-10 дугаар ангид нь нийгмийн ухааны зарим хичээлийг монгол бичгээр заана.
3.Техникийн болон мэргэжлийн сургуульд тусгай хөтөлбөрөөр монгол бичгийн хичээл заана.
4.Их, дээд сургууль, коллежид монгол бичгийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд багтаан үргэлжлүүлэн заана.
5.Багш бэлтгэдэг сургуульд судлах монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэн, төгссөний дараа мэргэжлийн хичээлийг заахдаа монгол бичгийг хэрэглэх чадвар эзэмшүүлнэ.
Б.Насанд хүрэгчдийг сургах
Насанд хүрэгчдийг монгол бичигт сургах асуудлыг албан бус сургалтын хүрээнд хамруулж шийдвэрлэнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн аль ч шатны сургууль нь насанд хүрэгчдийг монгол бичигт сургах сургалт, арга зүй, зохион байгуулалтын төв байна.
Монгол бичгийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг радио, телевиз, тогтмол хэвлэлээр явуулна.
Иргэдийг оршин буй нутаг дэвсгэр, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлог байдлыг харгалзан түр сургалт, бүлгэм дугуйлан, шавь сургалтын болон бие дааж суралцах хэлбэрээр зохион байгуулна.
Ажил эрхэлж байгаа хүмүүсийг дараахь дөрвөн бүлэгт хувааж сургана:
1.Төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, төсвийн бусад байгууллагын ажиллагчид,
2.Аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын ажилтан, ажиллагчид,
3.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагчид, малчид, тариаланчид
4.Хугацаат цэргийн албан хаагчид.
Төр, олон нийтийн байгууллагын болон архивын ажилтан, албан хаагч, ажилчдыг сургахдаа албан газар дээр нь түр сургууль, дугуйлангаар шаталсан сургалт зохион байгуулна.
Бичээч, бичиг хэргийн ажилтан бэлтгэх ажлыг төрөлжсөн түр сургуулиар гүйцэтгэнэ.
Малчид тариаланчдыг сургахдаа тухайн орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан ерөнхий боловсролын сургуулийн багш нар, иргэд, оюутан, сурагчдын хүчийг ашиглан бололцоотой бүх арга хэлбэрээр зохион байгуулна.
Цэрэг дайчдын хугацаат алба хааж байгаа үед нь зохион байгуулалттайгаар монгол бичигт сургах арга хэмжээ авна.
Хот, суурин газрын хөдөлмөр эрхэлдэггүй буюу өндөр настан, гэрийн ажилтай хүмүүс, чөлөөт худалдаачдыг сургах ажлыг нутгийн захиргааны байгууллага хариуцаж, тэдний саналыг харгалзан сургалтын бололцоотой бүх хэлбэрээр зохион байгуулна.
В.Багшлах боловсон хүчнийг бэлтгэх
Монгол бичгийн бүх нийтийн сургалтыг зохион байгуулах, түүнийг хэрэгжүүлэх гол хүч нь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн бусад хүрээлэн, институт, тэнхим, сектор, тэдгээрийн эрдэмтэн багш нар, нийслэл, аймгийн боловсролын төвүүд, тэдгээрийн мэргэжилтэн, арга зүйчид, бага, дунд сургууль, тэдгээрийн багш нар байна.
2001 онд багтаан бүх шатны сургуулийн багш нарт монгол бичгийг зохих төвшинд эзэмшүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авна.
1.Дунд сургуулийн багш нарыг 1995 оноос эхлэн тодорхой үе шаттайгаар монгол бичигт гүнзгийрүүлэн сургах,
2.Их, дээд сургууль, коллежийн монгол хэл, түүх, нийгмийн ухааны багш нарыг монгол бичигт сургах.
Г.Монгол бичгийн заах арга зүйг боловсронгуй болгох
Монгол бичгийн сургалтад уламжлалт заах арга зүйг орчин үеийн заах аргаар баяжуулан хэрэглэнэ. Сургалт, арга зүйн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллага, эрдэмтдийэн хүчээр гүйцэтгэн, нийтийн хүртээл болгож, сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хариуцан олон хувилбартайгаар боловсруулж мөрдүүлнэ.
Монгол бичиг заах арга зүйг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлж, энэ ажилд өөрийн орны эрдэмтэд, судлаачид болон дэлхийн монголч эрдэмтэд судлаачдыг өргөн оролцуулна.
Тав. Монгол бичгийн орчин бүрдүүлэх
Монгол бичиг хэрэглэх, орчин бүрдүүлэх асуудлыг дараахь арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.
1.Радио, телевизээр нийт хөдөлмөрчдөд монгол бичгийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалт явуулах,
2.Зарим тогтмол хэвлэлд тэдгээрийн нэр, хаяг, телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааг монгол бичгээр гаргахын хамт монгол бичгийн нүүр, буланг дугаар бүртээ хэвлэх, монгол бичгээр дагнан гарч байгаа аливаа сонинд бүх талын дэмжлэг үзүүлэх.
3.Бүх нийтэд зориулсан ном, сурах бичиг, гарын авлага, толь бичиг, түүх, уран зохиолын номыг монгол бичгээр хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлэх,
4.Ажиллагчдыг монгол бичигт сургах ажлг зохион байгуулж, тодорхой амжилтад хүрсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжиж, урамшуулах, сурталчлах.
Зургаа. Хэвлэх үйлдвэрийн техник технологийг шинэчлэх
Хэвлэх үйлдвэрийг компьютержүүлж, монгол бичгээр хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх ажлыг дараахь арга хэлбэрээр зохион байгуулна.
1.Төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрүүдийг компьютер, цахим бичүүрээр хангаж, монгол бичгээр хэвлэх техник, технологийг нэвтрүүлэх.
2.Монгол бичгээр хэвлэлийн эх бэлтгэх, компьютерийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, дэлгэрүүлэх.
3.Монгол бичгийн редактор, хянагч, бичээч, компьютер, цахим бичүүрийн операторчин, хэвлэлийн үйлдвэрийн бусад мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх.
4.Монгол бичгийн хэвлэх үйлдвэр, монгол бичгээр хэвлэсэн номын төрөлжсөн дэлгүүр зэргийг шинээр байгуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
Долоо. Үндэснй хөтөлбөрийн хэрэгжилтийн
шалгуурууд, үр дүнг гаргах
Ойрын 10 жилд ард иргэдийн монгол бичигт суралцсан байдал, мэдлэг, чадварын төвшингээр үндэсний хөтөлбөрийн үр дүнг тооцно. Ингэж тооцохдоо дараахь шалгуур үзүүлэлтийг хэрэглэнэ. Үүнд:
1.Насанд хүрсэн хүн амын доторхи монгол бичигтэй /чөлөөтэй уншиж, бичдэг/ болон хүний эзлэх хувь,
2.Монгол бичгээр сургалт явуулах төвшинд хүрсэн багшийн хангамж,
3.Монгол бичгээр ном, сурах бичиг, сонин сэтгүүлийн эх бэлтгэх боловсон хүчний болон техникийн нөхцөл бүрдсэн байгууллага, хэвлэлийн газрын эзлэх хувь,
4.Монгол бичгээр хэвлэсэн сурах бичиг, гарын авлага, толь бичиг, сургалтын ном зохиолоор хангагдсан байдал,
5.Монгол бичгээр хэвлэж байгаа сонин хэвлэлийн тоо, чанар.
6.Монгол бичгийн хэрэглээ, орчин бий болгох талаар хийсэн ажил, түүний үр дүн.
Монгол Улсын Засгийн газар “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дээрх шалгуур үзүүлэлтээр нэгтгэн дүгнэж цаашид авах арга хэмжээний тухай саналаа Монгол Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлнэ. Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 2008 оны 12 сарын 29 )
харамсалтай нь энэ ажил хэрэг болсонгүй. Сүүлийн үед гадаад хэл гэлцэх болж дээ
ReplyDelete