.
Батхуягийн Мөнгөнтуул-монголын их мастер. 1987 оны 10 сарын 8-нд төрсөн. ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг Монгол улсаас анхлан хүртсэн (2003) тамирчин юм.
2000 оноос ОХУ-ын Москва хотод бэлтгэл сургуулилтаа хийж буй. 2009 оны 4 сарын байдлаар дэлхийд чансаагаараа 2440 оноотой 43-т бичигддэг.
Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай (2001, 2005) Оюутны ДАШТ-ын аварга /2010 он/
Майя Чибурданизе 1961 оны 1-р сарын 17-нд төрсөн. Тэрээр 8 настайгаасаа эхэлж шатар тоголсон. 13 настайдаа Брасов эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнд тэргүүлсэн юм. Дэлхийн шатрын олимпиадын аваргын есөн алтан медальтай, Дэлхийн залуучуудын хошой аварга.
Антоанета Стефанова 1979 оны 4-р сарын 19-нд төрсөн. Болгар улсын тамирчин дэлхийн аварга асан. 4 настайдаа шатар тоглож эхэлсэн ба 1989 онд дэлхийн аваргын 10 настай охидуудын төрлийн аварга, дараа нь 14 настай охидуудын ангилалд дэлхийн аваргаар болж байв.
Шень Ян 2001 онд өсвөрийн шатарчдын 12 насны ангилалд дэлхийн аварга болж байсан, тэрбээр 2006 онд Дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн байна. Улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд сүүлийн хоёр олимпиадаас хоёр хүрэл медаль зүүжээ.
Чжу Чень 1976 оны 3-р сарын 16-нд төрсөн. Дэлхийн аварга цолыг 2001-2004 онд эзэмшиж байсан, хятад гаралтай эмэгтэй шатарчин. 1988, 1994, 1996 онд өсвөр болон залуучуудын дэлхийн аварга болсон. Өндөр зэрэглэлийн эмэгтэй шатарчдын “Уралын цом” хэмээх нэр хүндтэй тэмцээнд 2007 онд түрүүлсэн.
Татьяна Косинцева 1986 онд Архангельскт төрсөн, зургаан наснаасаа шатар тоглосон. Өсвөрийн шатарчдын Европын АШТ-ээс хоёр мөнгөн медаль коэффициентээр хүртсэн, ОХУ-ын 2002, 2004, 2007 оны аварга. Европын 2007, 2009 оны аварга, Дэлхийн шатрын олимпиадын хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, 2004 онд их мастер цол хүртсэн. ОХУ-ын Нальчикт болсон тэмцээнд түрүүлсэн Т.Косинцьева “Том цом”-ын төлөө өрсөлдөж байгаа, найдвар төрүүлж буй шатарчин.
Хоу Ифань 1994 оны 2-р сарын 87-нд төрсөн. Хятад тамирчин. 6 настай байхдаа шатар тоглож сурсан. Хамгийн залуудаа буюу 14 настайдаа Дэлхийн аварга цолын төлөө өрсөлдсөн эмэгтэй шатарчин, шатрын ертөнцийнхний нэрлэдгээр “Хятадын гайхамшиг” юм. Тэрбээр 12 настайдаа ДАШТ-д оролцох эрх авч Турины шатрын олимпиадад оролцсон.
Себаг Мэри 1986 оны 10-р сарын 15-нд Францын Парис хотноо төржээ. Эмэгтэйчүүдийн францын аварга шалгаруулах тэмцээнд 2000 болон 2002 оны аварга болсон. 1998 онд Себаг европын өсвөр насны 12-оос доош насны охидуудын ангилалд аварга, 2006 онд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Свтэлана Матеевад хожигдож 22-р байранд оржээ.
Сью Юйхуа 1976 онд төрсөн, 2006 оны гуравдугаар сард ОХУ-ын Екатеринбург хотноо “Дэлхийн аварга” цолын төлөө хасагдах системээр явагдсан 64 шилдэг шатарчны тулаанд бүх өрсөлдөгчөө илт давуу ялж аварга цол хүртсэн. 2009 оны 10 сард БНХАУ-ын Нанжинд явагдсан “Том цом”ын тэмцээнд түрүүлсэн
Бетул Илдиз 1989 онд төрсөн. Туркийн эмэгтэй тамирчин. Тэрээр олон улсын эмэгтэйчүүдийн мастер, мөн 2001-2006 оны Туркийн эмэгтэйчүүдийн аварга.
2001 онд дэлхийн өсвөр насны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Туркийн Истанбулд 2009 оны гуравдугаар сард явагдсан “Том цом”ын анхны тэмцээнд түрүүлсэн.
Ли Жао Сьюэ 2002 оноос улсынхаа шигшээ багт тоглож байгаа үндсэн шатарчдын нэг. 2002 онд Хятадын баг алтан медаль зүүхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Турины болон Дрездений олимпиадаас хүрэл медаль хүртэхэд нь хувь нэмрээ оруулжээ. 2008 онд эмэгтэй шатарчдын олон улсын тэмцээнд түрүүлсэн.
Хампи Конеру 1987 оны 3-р сарын 31-нд төрсөн. Энэтхэгийн шатрын их мастер. Тэрээр хамгийн залуу их мастер болж рекорд тогтоож байсан юм. 15 насандаа их мастер болсон. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын чансаанд 10 гаруй жил магнайлж байгаа хүчтэй шатарчин.
Б.Намуун /Шууд.МН.-ээс / |
No comments:
Post a Comment